Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 111

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Ганзориг даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1914004620290 дугаартай эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 3 сар 4 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, Ц овогт Б-гийн Б.

Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг, 47-А3 тоот хашаанаас иргэн Н.Д-ын эзэмшлийн “Мустанг 5” загварын мотоциклийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор С.Болорзул бичсэн эсэргүүцэлдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн нь буруу бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байна гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд мөрдөн байцаалтын ямар нэмэлт ажиллагаа хийх, хэргийн зүйлчлэлийг хэрхэн зөвтгөх талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Яллагдагч Б.Б уг айлд анх орохдоо гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилгогүй орсон бөгөөд урьд уг айлаар байнга орж гардаг, уг хашаанд орсны дараагаар мотоциклийг хулгайлах сэдэл санаа төрсөн болох нь бүрэн тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт орон байр гэдгийг “хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж заасан бөгөөд уг тайлбараас үзэхэд хашаа нь орон байранд тооцогдохгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Б нь уг айлд орохдоо гэмт хэрэг үйлдэх зорилгогүй байсан бөгөөд нэвтэрсэн хойно хулгайлах санаа төрсөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 47-А3 тоот хашаанаас иргэн Н.Д-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, хүрэн өнгийн “Мустанг 5” загварын мотоциклийг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн үйл баримтын болон хууль хэрэглээний дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-гийн гэм бурууг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад тулгуурлан “хулгайлах” гэмт хэргийг “хүндрүүлэх шинж”-гүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, заалтыг буруу ойлгон тайлбарлаж, “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан “Орон байр” гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан бүх төрлийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгодог бөгөөд шүүгдэгч Б.Б-гийн айлын хашаанаас мотоцикль хулгайлсан үйлдлийг “бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Айлын хашаа нь орон байр гэдэг ойлголтод хамаарахгүй тул шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаар магадлалыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН