Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 241

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003810325 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяг шагналгүй, ял шийтгэлгүй Б.Х,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 14 дүгээр гудамж 32 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн ээж Д.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр би найз нөхдийн хамт жаахан юм уучихсан байсан юм тэгээд Баянхонгор сумын 5 дугаар баг 12-10 тоотод байх гэртээ ирэхэд ээж Д.Б байсан. Тэгээд би гэрээс гарлаа гэхэд ээж гаргахгүй гэсэн би гэрээс гарах гэж дайрч ээж Бг түлхэж унагаасан тэгтэл ээж хажуу хашааны хүн рүү орж намайг зодлоо гэж хэлсэн байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би нэлээд согтуу байсан ухаантай байсан, Би гэмт хэрэг үйлдсэндээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: Би ээждээ болчимгүй зан авир гаргасанд харамсаж уучлалт гуйж байна гэв.

3. Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Гэртээ байж байхад манай хүү Х орж ирээд гал түлсэнгүй, хоол хийсэнгүй гэж хэлээд миний хажууд сууж байснаа миний баруун гар орчимд 2 удаа цохисон тэр үед би гэрээс гараад хүргэнийд очсон тэнд манай охин 3 ихэр хүүтэйгээ байсан тэгээд тэндээ хүүхэд хэрж байгаад гэртээ орой 17 цагийн орчимд очиход гэрт хүн байгаагүй хашааны гадна машин дотор Х сууж байсан тэгээд би гэртээ орж мах татаж хоол хийх гэж байхад Х араас гэрт орж ирээд надтай юм яриад өдөөд байх шиг байсан би тухайн үед хүүдээ юу ч хэлээгүй гэтэл мах хөшиглөж байсан хутга булааж, хоол хийх гэж байсан махыг тарааж хаясан энэ үед би гэрээс гарсан тэгтэл миний араас Х гарч ирээд миний баруун нүд орчимд нэг удаа цохисон тэгээд зүүн гараараа толгойгоо дараад гараа хартал цус болчихсон байсан. Тэгээд би сандарч цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд гомдоллож нэхэмжпэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /

4. Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Баянхонгор сумын 5-12-10 тоотод манай ээж Д.Б ирсэн ирээд ах Х чинь миний дургүйг хүргэсэн гэж хэлсэн. Ээжийн нүд нь улайчихсан байсан би бодохдоо ээжийн даралт ихэссэн байна гэж бодсон тэгээд даралтын эм тухайн үед өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

5. Гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Д.Б манай гэрт үдэш 18 цагийн үед байх гэрт орж ирээд манай хүү Х агсан тавиад гэж хэлсэн тэгээд манай гэрт байж байх үед нь араас нь Х нэлээн согтуу орж ирээд толгой орчим цохиод авах шиг болсон би чи яагаад ээжийгээ цохиж авч байгаа юм бэ гэж хэлэхэд би цохиогүй гэж хэлээд байж байсан. Х нэлээд согтуу байх шиг байсан тийм зүйл болсон. Нэг удаа толгойны баруун дух орчим цохиж байгаа харагдсан тэгээд тэр хэсэг нь шалбарч цус гарчихсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай шинжээчийн:

1. Д.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, чамархай, духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 09-10/ болон хавтаст хэргийн 50-55 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Хийн эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 14 дүгээр гудамж 32 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн ээж Д.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Б, гэрч Б.Н, Ж.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 289 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Хийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Хийн эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Б.Хд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Х нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Хийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Хийг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Б.Хд гурван зуун / 300 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Х нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Хийн эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Б.Хд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ