Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00438

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00438

 

 

 

Г.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02747 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэргэлт СӨХ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ичинхорлоо, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ичинхорлоо нь 2015 оноос эхлэн Сэргэлт СӨХ-ны даргаар ажиллаж, ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хариуцсан ажилдаа үнэнч шударга байж, оршин суугчдын тав тухтай амьдрах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байсан. Сэргэлт СӨХ нь цахилгаан түгээх газар 5 000 000 төгрөг, цалингийн 2 000 000 төгрөг, конторт 700 000 төгрөгийн тус тус өртэй байсан ба Г.Ичинхорлоо ажиллаж байх хугацаандаа энэ өр төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр СӨХ-ны Удирдах зөвлөл нь оршин суугч нартай хурал хийж, энэ хурлаар Г.Ичинхорлоог үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь хууль бус үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна. Тиймээс Г.Ичинхорлоог Сэргэлт СӨХ-ны даргаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандах, түүний өмгөөлөгч С.Түвшинбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сэргэлт СӨХ-ны бүх гишүүдийн хурал болсон. Г.Ичинхорлоо нь тайлангийн хурал хийх зорилготой энэ хурлыг зохион байгуулсан боловч тухайн хурал дээр иргэд үндэслэлгүй, учир дутагдалтай байна гэж маш их дуулиан шуугиан болсон, Г.Ичинхорлоо нь өөрөө баримтаар бичлэг хийж баримтжуулсан.

Энэ хурлаас ямар нэг шийдвэр гараагүй байдаг боловч тухайн өдөр нь удирдах зөвлөлийн хурал хийж Г.Мандахыг удирдах зөвлөлийн даргаар сонгосон. Г.Ичинхорлоог ажил үүргээ сайн гүйцэтгэх талаар маш олон ажлыг шахаж, шаардсан. Г.Ичинхорлоо оршин суугч нартай маш бүдүүлэг харьцдаг, удирдах зөвлөлийн зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй учраас хамтран ажиллах боломжгүй гэж үзэж, ажлаас нь халсан.

Анх ажилд ороход нь хөдөлмөрийн гэрээгээ хийхийг шаардсан боловч хийж байгаагүй. Сэргэлт СӨХ-ны эзэмшлийн данс Төрийн банк ХХК-д байдаг. Тухайн данснаас Сэргэлт СӨХ-ны дарга, нягтлан хоёрын гарын үсгээр мөнгө гаргадаг боловч энэ эрх, үүргийг Г.Ичинхорлоо нь ноцтойгоор зөрчиж, банкнаас өөрийнхөө мэдлээр ганцхан гарын үсгээр мөнгө авч ашигладаг. Сэргэлт СӨХ-ны даргаар ажилласан хугацаанд нягтлан авч ажлуулаагүй. Манай СӨХ-д 40 000 000 төгрөг хуримтлагдсан байх ёстой байхад энэ талаар тайланг удирдах зөвлөлд огт гаргаж өгдөггүй. Гэртээ бичиг баримтаа хадгалж, СӨХ-ны байрыг өөр аж ахуйн нэгжид түрээсэлж, тогтсон байргүй ажиллаж байгаа болохоор Г.Ичинхорлоотой хамтран ажиллах хүсэлгүй байгаа талаар илэрхийлж, Сэргэлт СӨХ-ны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ..

Шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасныг баримтлан хариуцагч Сэргэлт СӨХ-ны Удирдах зөвлөлд холбогдох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт .... Улмаар зохигчдийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан боловч энэ харилцаа үүсэх өөрчлөгдөх дуусгавар болох үндэслэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан байна... гэж шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байхад хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан байна гэж дүгнэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Хэдийгээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулиар Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг сонгох чөлөөлөх эрх байгаа хэдий ч удирдах зөвлөлөөс гарч байгаа тогтоол, шийдвэр, тушаал нь хөдөлмөрийн тухай хуулинд нийцэх ёстой юм. Өөрөөр хэлбэл СӨХ-ын гүйцэтгэх захирлын ажлын байр нь байнгын үргэлжилсэн шинжтэй, тодорхой ажлын цагийн хуваарьтай гэх мэт хөдөлмөрийн гэрээний үндсэн шинжийг агуулсан байхад шүүхээс хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Ичинхорлоо нь хариуцагч Сэргэлт СӨХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлд хариуцагчийг тодорхойлсны дагуу Сэргэлт СӨХ-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад нэхэмжлэгч нь СӨХ, Удирдах зөвлөл хоёуланд нь эсхүл аль нэгт нь холбогдуулж шаардлага гаргаж байгаа болохыг тодруулаагүй, өөрөө санаачилгаар Сэргэлт СӨХ-ны Удирдах зөвлөлд холбогдуулан хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дах хэсэгт заасныг зөрчжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч ньСэргэлт СӨХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж маргаж байгаа тохиолдолд холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээг тодорхойлсон дүрэм ач холбогдолтой байхаас гадна Сэргэлт СӨХ-ны эрх зүйн байдлыг тодорхойлсон бичиг баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ