Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00437

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00437

 

 

 

С.Түмэн-Өлзийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02117 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Түмэн-Өлзийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Татварын ерөнхий газарт холбогдох

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 3 сарын үндсэн цалингийн 20 хувийг буцаан олгуулах, улирал бүрд олгодог урамшууллыг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: С.Түмэн-Өлзий миний талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсангүй. Урьдчилан шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргахад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар албан бичгээр сахилгын шийтгэл ногдуулснаа зөвтгөсөн байдлаар хариу ирүүлсэн. Төв аймгийн Дэлгэрхаан сумын удирдлагууд Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан сумын Засаг даргад гаргасан гомдолыг харьяаллын дагуу аймгийн Татварын хэлтэс рүү 3 хоногийн дотор шилжүүлэх ёстой боловч шилжүүлээгүй.

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харьяаллын дагуу шилжүүлэхийг сануулахад сумын удирдлагууд эхлээд Сумын ёс зүйн хорооны хурлаар, дараа нь сумын Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэх гэж удаа дараа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Төв аймгийн Татварын хэлтсийн Дотоод хяналтын ажлын хэсгийнхэн хэсгийн төлөөлөгчийн болон хууль эрх зүйн ажилтны өгсөн зүйлс нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн хуулийн 14.2 дах хэсэгт заасны дагуу хянан үзэхгүй байх үндэслэлтэй байхад нотлох баримтаар авч үзсэн. Татварын ерөнхий хуулийн 72.1.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гомдлуудыг шалгаж шийдвэрлэсэн. Гаргасан гомдлуудтай танилцаж холбогдох тайлбар, нотлох баримт гаргах боломж олгоогүй.

Ажлын хэсгийнхэн сумын Засаг дарга, Тамгын газрын даргатай уулзсан. Надаас тэр талаар ямар ч тайлбар аваагүй. Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2.4, мөн Ёс зүйн хорооны ажиллах журмын 3.1.5, 4.1.3-т заасныг тус тус зөрчсөн. Ёс зүйн хороо журмынхаа дагуу ажиллаж чадаагүй бөгөөд түүний гаргасан шийдвэр, дүгнэлтийг үндэслэлтэй гэхэд учир дутагдалтай байна.

Намайг ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлаар гомдол гаргасан иргэд, албан хаагчид гомдлоо анх удаагаа гаргасан, надад Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дугаар тушаалаар ногдуулснаас өөр сахилгын шийтгэл өмнө нь ногдуулж байгаагүй, бусдыг хэл амаар доромжилсон гэх зөрчлийг ажлаас халах зөрчилд хамруулахаар Хөдөлмөрийн дотоод журмын 10.17.5-д тусгайлан заасан байтал албан үүргээ гүйцэтгэхдээ татвар төлөгчийг хэл амаар доромжилсон, үл хүндэтгэсэн, зохисгүй харьцсан гээд Татварын ерөнхий газрын даргын А/41 дугаар тушаалаар сарын цалинг 3 сар 20 хувиар бууруулах сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 10.13-д сануулах сахилгын шийтгэлд хамаарах зөрчилд энэ талаар тусгаагүй. Харин журмын 10.13.1-д Татвар төлөгчдөөс албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар 2 болон түүнээс дээш удаа гомдол гарсан нь үндэслэл бүхий тохиолдолд сануулах сахилгын шийтгэлд хамаарах зөрчил болох бөгөөд мөн журмын 10.14-д уг зөрчлийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хугацаанд 2 дахь удаа гаргасан тохиолдолд албан тушаалтны сарын цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан тул сануулах сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан гэж үзэж байна.

Мөн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг тал бүрээс нь шалгаж үндэслэлтэй шийдвэрлэж чадсангүй. Өргөдөл гомдлыг хугацаанд нь багтаан барагдуулах гэж хагас дутуу шалгасан болж шийдвэрлэсэн. Гомдол гаргасан Ч.Сүрэнхор гэдэг хүн суманд байдаггүй, охин нь байдаг ч тэр үед хот явсан байгаагүй болно. Аливаа төрийн байгууллага албан хаагчидтай холбоотой иргэдийн гомдлыг үнэн зөв эсэхийг нягталж шалган тогтоож, шийдвэрлэх үүрэгтэй, гэтэл Төв аймгийн Татварын хэлтсийн Дотоод хяналтын ажлын хэсэг, Ёс зүйн салбар хороо нь энэ үүргээ биелүүлэлгүй ажилтан миний эрхийг ноцтой зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

Иймд Татварын Ерөнхий Газрын дарга Л.Зоригийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн А/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 3 сарын үндсэн цалингийн 20 хувийг буцаан олгуулах, улирал бүрд олгодог урамшууллыг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундармаа, Б.Билгүүн нар шүүхэд гаргасан тайлбартаа: С.Түмэн-Өлзий нь Төв аймгийн татварын хэлтэст хөдөлмөрийн гэрээ байгуулан, Дэлгэрхаан суманд татвар хураагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд С.Түмэн-Өлзийтэй холбоотой гомдлууд сумын Засаг даргаар дамжин Төв аймгийн татварын хэлтэст ирсэн. Үүний дагуу Төв аймгийн татварын хэлтсээс дотоод хяналтын ажлын хэсэг байгуулагдан Дэлгэрхаан суманд ажилласан. Татварын ерөнхий газрын даргын 2014 онд А/200 дугаар тушаалаар баталсан Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2.2-т Татварын албаны ажилтан нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд биелүүлж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах үндсэн зарчмыг баримтлан ажиллана, 2.2.6-т нэр хүндтэй, харьцааны соёлтой байх гэж заасныг зөрчсөн гэх ажлын хэсгийн дүгнэлт гарсан.

Иймд С.Түмэн-Өлзийн асуудлыг ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэн, сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлт гарч, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 тушаалаар 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Татварын ерөнхий газрын даргын тушаал 2017 оны 02 дугаар сарын 15-нд гарсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй гэж заасан. С.Түмэн-Өлзий нь гомдлоо Төрийн албаны салбар зөвлөлд бус шүүхэд гаргах ёстой байсан. Шүүхэд 2017 оны 08 сард гомдол гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч Татварын ерөнхий газарт холбогдох Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 3 сарын үндсэн цангийн 20 хувийг буцаан олгуулах, улирал бүрд олгодог урамшууллыг нөхөн олгуулах тухай нэхэмжлэгч С.Түмэн-Өлзийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Түмэн-Өлзий давж заалдах гомдолдоо: Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн АУ41 дугаартай тушаалаар надад сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ тушаал хуульд нийцээгүй гэж үзэж Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан. Төрийн албаны салбар зөвлөл нь надад 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр надад хариу өгсөн. Уг хариуг хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан .

Шүүх хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж үзсэн. Төрийн албаны салбар зөвлөлийн хариуг авч нэг сарын дотор гомдол гаргасан байхад гомдол гаргах хугацааг өнгөрсөн гэж үзсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Түмэн-Өлзий нь хариуцагч Татварын ерөнхий газарт холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 3 сарын үндсэн цалингийн 20 хувийг буцаан олгуулах, улирал бүрд олгодог урамшууллыг нөхөн олгуулах тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

С.Түмэн-Өлзий нь Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/167 дугаар тушаал, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн Дэлгэрхаан сум хариуцсан татвар хураагчаар түр томилогдон ажиллаж байсан бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан үйл баримт тогтоогдсон байна./хх-25,26,79/

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1.2-т заасныг үндэслэсэн ба ажилтан албан үүргээ биелүүлэхдээ татвар төлөгчийг хэл амаар доромжилсон, үл хүндэтгэсэн, зохисгүй харьцсан зэрэг зөрчил гаргасан гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдолтой холбоотой маргааныг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, ажилтны дээрх гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заагаагүй болно.

Ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг С.Түмэн-Өлзий нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр и-мэйл хаягаар хүлээн авсан гэж тайлбарласнаас үзвэл түүнийг энэ өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэрээр 2017 оны 08 сарын 31-ны өдөр шүүхэд гомдлоо гаргажээ. /хх-1-5,117/

Хэрэгт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухай баримт байхгүйгээс гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй болно.

Нэхэмжлэгч гомдлоо гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар шүүх зөв дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Дээрх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн нөхцөл байдал, үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ