Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00804

 

С.Т гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02117 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 437 дугаар магадлалтай,

С.Тгийн нэхэмжлэлтэй

ТЕГт холбогдох

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 3 сарын үндсэн цалингийн 20 хувийг буцаан олгуулах, улирал бүрд олгодог урамшууллыг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т миний талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсангүй. Урьдчилан шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргахад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар албан бичгээр сахилгын шийтгэл ногдуулснаа зөвтгөсөн байдлаар хариу ирүүлсэн. Төв аймгийн Дэлгэрхаан сумын удирдлагууд Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан сумын Засаг даргад гаргасан гомдолыг харьяаллын дагуу аймгийн Татварын хэлтэс рүү 3 хоногийн дотор шилжүүлэх ёстой боловч шилжүүлээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харьяаллын дагуу шилжүүлэхийг сануулахад сумын удирдлагууд эхлээд Сумын ёс зүйн хорооны хурлаар, дараа нь сумын Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэх гэж удаа дараа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Төв аймгийн Татварын хэлтсийн Дотоод хяналтын ажлын хэсгийнхэн хэсгийн төлөөлөгчийн болон хууль эрх зүйн ажилтны өгсөн зүйлс нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн хуулийн 14.2 дах хэсэгт заасны дагуу хянан үзэхгүй байх үндэслэлтэй байхад нотлох баримтаар авч үзсэн. Татварын ерөнхий хуулийн 72.1.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гомдлуудыг шалгаж шийдвэрлэсэн. Гаргасан гомдлуудтай танилцаж холбогдох тайлбар, нотлох баримт гаргах боломж олгоогүй. Ажлын хэсгийнхэн сумын Засаг дарга, Тамгын газрын даргатай уулзсан. Надаас тэр талаар ямар ч тайлбар аваагүй.Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2.4, мөн Ёс зүйн хорооны ажиллах журмын 3.1.5, 4.1.3-т заасныг тус тус зөрчсөн. Ёс зүйн хороо журмынхаа дагуу ажиллаж чадаагүй бөгөөд түүний гаргасан шийдвэр, дүгнэлтийг үндэслэлтэй гэхэд учир дутагдалтай байна. Намайг ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлаар гомдол гаргасан иргэд, албан хаагчид гомдлоо анх удаагаа гаргасан, надад Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дугаар тушаалаар ногдуулснаас өөр сахилгын шийтгэл өмнө нь ногдуулж байгаагүй, бусдыг хэл амаар доромжилсон гэх зөрчлийг ажлаас халах зөрчилд хамруулахаар Хөдөлмөрийн дотоод журмын 10.17.5-д тусгайлан заасан байтал албан үүргээ гүйцэтгэхдээ татвар төлөгчийг хэл амаар доромжилсон, үл хүндэтгэсэн, зохисгүй харьцсан гээд Татварын ерөнхий газрын даргын А/41 дугаар тушаалаар сарын цалинг 3 сар 20 хувиар бууруулах сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 10.13-д сануулах сахилгын шийтгэлд хамаарах зөрчилд энэ талаар тусгаагүй. Харин журмын 10.13.1-д Татвар төлөгчдөөс албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар 2 болон түүнээс дээш удаа гомдол гарсан нь үндэслэл бүхий тохиолдолд сануулах сахилгын шийтгэлд хамаарах зөрчил болох бөгөөд мөн журмын 10.14-д уг зөрчлийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хугацаанд 2 дахь удаа гаргасан тохиолдолд албан тушаалтны сарын цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан тул сануулах сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан гэж үзэж байна. Мөн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг тал бүрээс нь шалгаж үндэслэлтэй шийдвэрлэж чадсангүй. Өргөдөл гомдлыг хугацаанд нь багтаан барагдуулах гэж хагас дутуу шалгасан болж шийдвэрлэсэн. Гомдол гаргасан Ч.Сүрэнхор гэдэг хүн суманд байдаггүй, охин нь байдаг ч тэр үед хот явсан байгаагүй болно.Аливаа төрийн байгууллага албан хаагчидтай холбоотой иргэдийн гомдлыг үнэн зөв эсэхийг нягталж шалган тогтоож, шийдвэрлэх үүрэгтэй, гэтэл Төв аймгийн Татварын хэлтсийн Дотоод хяналтын ажлын хэсэг, Ёс зүйн салбар хороо нь энэ үүргээ биелүүлэлгүй ажилтан миний эрхийг ноцтой зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Иймд Татварын Ерөнхий Газрын дарга Л.Зоригийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн А/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 3 сарын үндсэн цалингийн 20 хувийг буцаан олгуулах, улирал бүрд олгодог урамшууллыг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундармаа, Б.Билгүүн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т нь Төв аймгийн татварын хэлтэст хөдөлмөрийн гэрээ байгуулан, Дэлгэрхаан суманд татвар хураагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд С.Ттэй холбоотой гомдлууд сумын Засаг даргаар дамжин Төв аймгийн татварын хэлтэст ирсэн. Үүний дагуу Төв аймгийн татварын хэлтсээс дотоод хяналтын ажлын хэсэг байгуулагдан Дэлгэрхаан суманд ажилласан. Татварын ерөнхий газрын даргын 2014 онд А/200 дугаар тушаалаар баталсан Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2.2-т Татварын албаны ажилтан нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд биелүүлж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах үндсэн зарчмыг баримтлан ажиллана, 2.2.6-т нэр хүндтэй, харьцааны соёлтой байх гэж заасныг зөрчсөн гэх ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Иймд С.Тн асуудлыг ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэн, сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлт гарч, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 тушаалаар 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Татварын ерөнхий газрын даргын тушаал 2017 оны 02 дугаар сарын 15-нд гарсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй гэж заасан. С.Т нь гомдлоо Төрийн албаны салбар зөвлөлд бус шүүхэд гаргах ёстой байсан. Шүүхэд 2017 оны 08 сард гомдол гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02117 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч ТЕГт холбогдох Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 3 сарын үндсэн цангийн 20 хувийг буцаан олгуулах, улирал бүрд олгодог урамшууллыг нөхөн олгуулах тухай нэхэмжлэгч С.Тн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 437 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 126.1-д шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрлэх маргаан болохгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг Төрийн албаны зөвлөлийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн 2017.07.06-ны өдрийн 15 дугаар албан бичгийг 2017.07.24-ний өдөр гардаж аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу шүүхэд гомдлоо 10 хоногийн дотор гаргаагүй, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзсэн. Эндээс шүүх Төрийн албаны зөвлөлийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийг хөдөлмөрийн маргаан таслах комисс гэж үзсэн нь тодорхой байна. Гэтэл хөдөлмөрийн маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм”-ээр, Төрийн албаны зөвлөлийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны салбар зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-аар зохицуулагддаг хоёр өөр байгууллага билээ. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэмд шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссоор хянан шийдвэрлэхэд энэ дүрмийг мөрдөх бөгөөд МУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан аж ахуйн нэгж байгууллагын дэргэд хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулж ажиллана, комисс нь ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн Үйлдвэрчний эвлэлийн, Үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ гэсэн байна. Тэгвэл Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журамд Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдсон Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд ажиллах Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн салбар нэгж мөн болох талаар заасан байна. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөл нь хөдөлмөрийн маргаан таслах комисс биш, харин хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага учир ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн шийдвэрийг 2017.07.24 нд гардаж аваад түүнийг эс зөвшөөрч шүүхэд 2017.08.24-нд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхэд гомдлоо шууданд 2017.08.24-ний өдөр өгсөн, шүүх 2017.08.31-нд хүлээж авсныг шүүх 2017 08.31-нээр ирсэн гэж үзсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны зөвлөл ажиллах журмын 3.3.2-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах, төрийн мэргэшлийн шалгалт авах, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөнтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалган зааварлах зэрэг Салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах ажлын чиглэлээр ажлыг хэсэг, комиссыг ахлах, бүрэлдэхүүнд орж ажиллах” гэж заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөнтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх асуудал хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагч буюу ТУБ-ийн хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй Төрийн албаны зөвлөлийн салбар нэгж юм гэжээ. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 3 дахь хэсэгт Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүний эрх, үүргийг тусгайлан заасан бөгөөд 3.3.2 дахь заалт нь салбар зөвлөлийн гишүүний эрх, үүрэгт хамаарах заалт байна. Харин журмын 2 дахь хэсэгт Салбар зөвлөлийн эрх, үүргийг тодорхой заасан байх ба Салбар зөвлөл нь журмын 2.1.5-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангах, 2.1.9-д зааснаар Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдож гарсан маргааныг хянан шийдвэрлэх, 2.1.10-т зааснаар Ёс зүйн зөрчлийн болон өргөдөл, гомдол маргааны мэдээг хагас болон бүтэн жилээр гаргаж, мөн оны 7 дугаар сар болон дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэх үүрэгтэй гэсэн байна. Шүүх Төрийн албаны салбар зөвлөлийн эрх, үүргийг авч үзэлгүй салбар зөвлөлийн гишүүний эрх, үүргийг Төрийн албаны салбар зөвлөлийн эрх үүрэг мэтээр авч үзсэн нь хуультай нийцэхгүй байна. ТЕГ-ын даргын 2017.02.15-ны өдрийн А/41 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд гомдол 2017 оны 5 дугаар сарын 20-ноос өмнө гаргасан. Салбар зөвлөл гомдлыг өөрийн бүрэн эрх хэмжээнд хамаарах өргөдөл гомдол гэж үзэн хүлээн авч судлан шийдвэрлэж хариуг 2017.07.06-ний өдрийн 15 дугаар албан бичгээр өгсөн. Хэрэв ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөл өөрийн бүрэн эрх хэмжээнд хамаарахгүй өргөдөл гомдол гэж үзсэн бол хуульд заасан хугацаанд буюу 3 хоногийн дотор гомдол гаргагч руу буцаах ёстой байсан. Гэвч салбар зөвлөл гомдлыг буцаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно гэсэн байна. Харин Төрийн албаны зөвлөлийн 2013.06.24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 2 дахь хэсэгт 2.1.5-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангах, 2.1.9-д зааснаар Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдож гарсан маргааныг хянан шийдвэрлэх, 2.1.10-т зааснаар Ёс зүйн зөрчлийн болон өргөдөл, гомдол, маргааны мэдээг хагас болон бүтэн жилээр гаргаж, мөн оны 7 дугаар сар болон дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэх үүрэгтэй гэж заасан байх тул ТЕГ-ын даргын 2017.02.15-ны өдрийн А/41 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэхдээ ёс зүйн зөрчил гаргасан гэдэг асуудлаар гаргасан өргөдөл гомдлуудыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй. Эхлээд 2017.01.06-нд суманд Сумын ёс зүйн хороо, Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж хуулиар өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлыг хууль тогтоомж зөрчиж шийдвэрлэх гэж оролдсон. Дараа нь 2017.02.01-ний өдөр Төв аймгийн Татварын хэлтсээс ирж ажилласан дотоод хяналтын ажлын хэсгийнхэн гомдол гаргахгүй гээд хэсгийн төлөөлөгчийн үзүүлсэн гар утасны мессежийг, мөн хууль эрх зүйн ажилтны өгсөн гар утасны бичлэгийг ямар ч тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулалгүйгээр нотлох баримт болгон авсан, гомдол гаргасан иргэнээс амаар тайлбар аваад тэмдэглэл дээр гарын үсгийн зуруулаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн, нэхэмжлэгчид баримт материалтай танилцах, нэмж тайлбар, нотлох баримт гаргаж өгөх шаардлагатай байсан ч тийм боломж олгоогүй дүгнэлтээ гаргасан. Сүүлд нь 2017.02.03-ний өдөр Ёс зүйн хорооны хурал ТЕГ-ын даргын 2014.06.25-ны өдрийн А/200 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны Ёс зүйн хорооны ажиллах журмын дагуу болоогүй. Ёс зүйн хорооны 2-с доошгүй гишүүн нь банк санхүүгийн чиглэлээр Төрийн бус байгууллагын төлөөлөл байна гэсэн байхад Ёс зүйн хорооны 5 гишүүн бүгдээрээ Аймгийн Татварын хэлтсийн албан хаагчид байсан. Дотоод хяналтын ажлын хэсэг 2017.02.01-ний өдөр суманд ирж ажиллаад нэхэмжлэгчийг аймагт авчир гэсэн гээд шөнө хамт аймагт очсон байна. 2017.02.02-ны өдөр дотоод хяналтын ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байх. Ёс зүйн хорооны ажиллах журмын 4.1.3-т заасны дагуу хорооны нарийн бичгийн дарга хурлаар хэлэлцэх асуудал болон холбогдох материалыг олшруулан битүүмжилж, уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө гишүүдэд танилцуулахаар хүргүүлсэн байх ёстой байтал 2017.02.02-ны өдөр гарсан дотоод хяналтын ажлын хэсгийн дүгнэлт гарангуут журамд заасан хугацааг баримтлалгүй 2017.02.03-ны өдрийн өглөө 10 цагт Ёс зүйн хороо хуралдсан. Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2016.10 01-ний өдрийн А/23 дугаар тушаалаар батлагдсан Төв аймгийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 10.13.1, 10.14 заалтуудыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулах саналаа Ёс зүйн хороо холбогдох газар руу явуулсан. Мөн татвар төлөгчдөөс албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар 2 болон түүнээс дээш удаа гомдол гарсан нь үндэслэл бүхий тохиолдолд албан тушаалын сануулах сахилгын шийтгэлд хамаарна гэж заасан байдаг бол нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар 2 болон түүнээс дээш удаа гомдол гараад үндэслэлтэй нь тогтоогдсон удаа байхгүй. 2017 оны эхээр өргөдөл гомдол гаргасан иргэд, албан хаагчид анх удаагаа өргөдөл гомдол гаргаж байхад сануулах сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан. Журмын 10.14-т энэ журмын 10.13-д заасныг заасан зөрчлийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хугацаанд 2 дахь удаа гаргасан тохиолдолд албан тушаалтны сарын цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байхад өмнө нь ямар нэг сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй байхад нэхэмжлэгчийн үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн дотоод журамд заасантай нийцэхгүй байна. Тэгэхээр ТЕГ-ын дарга удирдлагууд хууль тогтоомж зөрчин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж надад сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан тул Салбар зөвлөлийн ажиллах журмын 2.1.9-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргасан болно. Дээрхи хууль хэрэглээний асуудлаас гадна давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулахаар гаргасан хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан бөгөөд 2018.02.08-нд цасан шуурга болж, цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас зам хаагдаж сумаас Улаанбаатар хотруу ямар ч унаа яваагүй байдаг. Нэхэмжлэгчийн хурал хойшлуулахаар гаргасан хүсэлтийн гол үндэслэл нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдсэн тул 2-р сарын сүүлээр дахин УБ явах хэрэгтэй болсон байдаг. Иймд төв аймгийн Дэлгэрхаан сум нийслэлээс 320 км-т оршдог, замын зардал талдаа 20,0 мянган төгрөг, ирж очихын нийтдээ 70,0-80,0 мянган төгрөгний зардал гардаг тул ойр ойрхон УБ явах санхүүгийн боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байдаг юм. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас зам хаагдсан зэрэг асуудал нь шүүх хуралдааныг хойшлуулах, хүндэтгэн үзэх нөхцөл байдал байх боломжтой юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч С.Т нь сахилгын шийтгэл ногдуулах тухай Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 3 сарын үндсэн цалингийн 20 хувийг буцаан олгуулах, улирал бүрд олгодог урамшууллыг нөхөн олгуулах нэхэмжлэлийг хариуцагч ТЕГт холбогдуулан гаргажээ.

Ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дүгээр тушаалд Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1.2-т заасныг баримталж, ажилтан албан үүргээ биелүүлэхдээ татвар төлөгчийг хэл амаар доромжилсон, үл хүндэтгэсэн, зохисгүй харьцсан зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж, сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

Дээрх тушаалын талаар нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэсэн хуулиар тогтоосон тусгай хугацааг хэтрүүлсэн байх ба шүүх тушаалыг мэдсэн үе, ажилтны эрх зөрчигдсөн байдал, гомдол гаргах хугацааг тоолох журам, хөдөлмөрийн маргаан таслах байгууллага зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02117 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 437 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА