Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2018/02268

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Алтанбаганын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02044 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Алтанбаганын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Цозгор ХХК-д холбогдох,

 

99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, Цозгор ХХК, Ц.Батбаяр нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Алтанбаганын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.Алтанбагана өөрийн дүү н.Өсөхбаярын хүсэлтээр Цозгор ХХК-тай барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 99113319 дугаарыг барьцаалан 6 000 000 төгрөг зээлдэн авахдаа уг дугаарыг Цозгор ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл үүрэн телефоны дугаарыг барьцаалахдаа нэрийг шилжүүлнэ гэсэн заалт байдаггүй ба гэрээнд ч энэ тухай дурдаагүй болно. Иймд 99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож дугаарыг Д.Алтанбаганын нэр дээр шилжүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Цозгор ХХК болон Ц.Батбаяр нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр тус дугаарыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан байдаг тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсч байна. Хариуцагч нь дээрх дугаарыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид худалдан борлуулах талаар мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний талууд нь Д.Алтанбагана, Цозгор ХХК учраас мэдэгдэх хуудсыг Д.Алтанбаганад өөрт нь гардуулах ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч Цозгор ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал өмнө нь гаргасан нэхэмжлэлээ 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр татан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэлийг татан авсныг баталсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад дахин нэхэмжлэл гаргах эрхээ алддаг. Энэ нэхэмжлэлийг шүүх дахин хүлээн аваад энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн дугаарыг мөнгө зээлэх хүсэл зоригийн үндсэн дээр барьцаалсан. Цозгор ХХК дугаарын эрхийг манай компанийн нэр дээр шилжүүл гэсэн шаардлага тавьсныг Д.Алтанбагана зөвшөөрсөн. Зохигчид Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ байгуулсан. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Цозгор ХХК-ийн албан бичгээр Д.Алтанбаганад үндсэн зээлийн төлбөр хүү, алданги нийлээд 11 000 000 төгрөгийг өгөхгүй бол 99113319 дугаарыг худалдан борлуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн дагуу худалдан борлуулсан. Д.Алтанбагана төлөх ёстой мөнгөө төлөөгүй учраас ийм асуудал үүссэн. Талууд тохиролцсоны үндсэн дээр дугаарыг 6 000 000 төгрөгөөр зарсан. Д.Алтанбагана 99113319 дугаарыг энэ үйл явц болохоос өмнө 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Алаг уул интертрейд ХХК руу шилжүүлчихсэн байна. Өөрөөр хэлбэл түүний эзэмшил нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болчихсон. Энэ дугаарын хууль ёсны өмчлөгч нь Мобиком корпораци бөгөөд Д.Алтанбагана биш учраас Цозгор ХХК, Батбаяр нарын хоорондох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрх Д.Алтанбаганад үүсэхгүй. Энэ нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.1.4-т заасныг зөрчиж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нь хууль ёсны эзэмшигчид хадгалагдана, хууль ёсны эзэмшигч нь хууль ёсны эзэмшигч гэдгээ батлах, хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг нотлох шаардлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Батбаяр нь дугаарыг хуулийн дагуу худалдан авсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4 дэх хэсэгт заасныг баримтлан 99113319 дугаарын шударга эзэмшигч Д.Алтанбагана мөн болохыг тогтоож, Д.Алтанбаганын нэр дээр шилжүүлэхийг Цозгор ХХК-д даалган, Цозгор ХХК болон Ц.Батбаяр нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 150 төгрөгөөс 251 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 40 800 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Алтанбаганад олгон, хариуцагч Цозгор ХХК-иас 251 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Алтанбаганад олгож тус тус шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Алтанбаганын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд өмнө гаргасан бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу татан авсан. Түүнийг шүүх баталж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамж гаргасан болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн нэгэнт татан авсан нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд дахин гаргах боломжгүй юм. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хариуцагчийн төлөөлөгч миний бие тайлбарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байсан боловч уг хүсэлтийг хэрэгсэлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг шүүх барьцааны гэрээ гэж дүгнээд шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Д.Алтанбаганад 6 000 000 төгрөг шаардлагатай байсан ба уг мөнгөө зээлэхдээ өөрийн эзэмшлийн 99113319 Мобиком корпораци ХХК-ийн дугаарыг барьцаа болгон зээлдүүлэгч талд өгөхийг хүсч байсан. Харин Цозгор ХХК нь мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх боломжтойн дээр Д.Алтанбаганын барьцаагаар үүргийн гүйцэтгэлээ хангах зорилготойгоор 99113319 дугаарыг зөвхөн өөрийн нэр дээр шилжүүлсэнээр мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх боломжтой байсан. Хэлцэл хийгч 2 талын хүсэл зорилго нь яг энэ үйлдэл дээр нэгдсэн байгаа нь энэ хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байх байсан бөгөөд нэхэмжлэгчийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагын үндэслэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Д.Алтанбагана бол анх удаа өөрийн үүрэн утасны дугаараа бусдад барьцаа, баталгаа аль ч хэлбэрээр үүргийн гүйцэтгэлээ хангах хэрэгсэл болгон өгч байгаа этгээд биш болох нь Алаг-Уул трейд ХХК-тай хийсэн яг энэ хэлбэрийн хэлцэл, Мобиком ХХК-ийн лавлагаа, тодорхойлолтууд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотолгоо баримтуудаар бүрэн тогтоогддог. Нэхэмжлэгч нь барьцааны журмаар буюу өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхээ шилжүүлэлгүйгээр мөнгөн хөрөнгө бусдаас зээлэх боломжгүй гэдгийг мэдэж байсан, энэ иргэний хэргийн маргаанд маргааны зүйл болох үүрэн холбооны дугаарын эрх зээлдэгчид шилжсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. 

Хариуцагч Цозгор ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Д.Алтанбагана 99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цозгор ХХК, Ц.Батбаяр нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15/50 дугаартай Барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч 6 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 6 000 000 төгрөгийг, бизнесийн үйл ажиллагаанд зориулалтаар хариуцагчаас зээлж авсан ба зээлийн гэрээнд заасан графикийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл зээл хүүгийн хамт, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мобикомын дараа төлбөрт 99113319 дугаар эзэмших эрхийг барьцаалахаар тохиролцжээ. /хх 3-4/ 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ барьцаалан зээлдүүлэх гэрээнд дараа төлбөрт 99113319 дугаарыг барьцаалан 6 000 000 төгрөг зээлж, тухайн дугаарын эзэмших эрхийг Цозгор ХХК-ийн нэр дээр компанийн дотоод журмын 1.3-т ...дараа төлбөрт дугаар барьцаалах бол Цозгор ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ... гэж заасны дагуу шилжүүлсэн, фидуцын гэрээг бичгээр байгуулна гэж хуульд заасан гэж, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ маргаан бүхий дугаар нь Мобиком корпораци ХХК-ийн өмч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул дугаарыг үл маргах журмаар худалдан борлуулсан гэж тус тус тайлбарлажээ.  

Нэхэмжлэгч нь Мобиком корпораци ХХК-ийн 99113319 дугаарыг эзэмших эрхээ хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

Мөн Д.Алтанбагана 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүсэлт болон Алаг-Уул интертрейд ХХК-ийн хүсэлт/албан бичиг/-ээр 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Алаг-Уул интертрейд ХХК-иас өөрийн эзэмшлийн 99113319 дугаарыг барьцаалан 7 000 000 төгрөгийн зээл авсан байсныг хугацаанаас нь өмнө төлж дуусган тус дугаар буюу үүрэн телефон холбооны үйлчилгээний 304339610 дугаартай гэрээг Цозгор ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх 23, 32, 36-40, 44-45, 195-200/

Шүүх зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан Мобиком корпораци ХХК-ийн хэрэглэгчийн дугаарлалт буюу эрхийг барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна. /хх 194/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус зээлийн гэрээний үүрэгт дансаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үйлдлээр 2.600.000 төгрөг, бэлнээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр 1.640.000 төгрөгийг Д.Алтанбагана төлсөн болох нь тогтоогдож байна.

Цозгор ХХК-ийн 17/24 дугаартай хүсэлт/албан бичиг/-ийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн нэр дээрх 99113319 дугаарыг барьцааны хамт Ц.Батбаяр/гуравдагч этгээд/-ын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Мобиком корпораци ХХК-д гаргасны дагуу 99113319 дугаар эзэмших эрх Ц.Батбаярт шилжсэн, Ц.Батбаяр нь дугаарын үнэ 6 000 000 төгрөгийг Цозгор ХХК-д төлсөний үндсэн дээр Ц.Батбаярт дугаар эзэмших эрх шилжсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна./ хх 44-47/

Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нь энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хугацааг дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа барьцааны зүйлийг зарж хохирлоо барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Гэвч хариуцагч Цозгор ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан барьцаалагдсан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор үүргээ биелүүлээгүй бол комисс буюу дуудлага худалдааны журмаар хангуулж, үлдэгдлийг буцаан олгох журмыг баримтлаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаартай мэдэгдлийг Д.Алтанбаганад мэдэгдсэн гэх боловч уг мэдэгдлийг Д.Алтанбаганад хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, арын хуудсанд М.Өсөхбаяр 99113319 дугаарыг хураалгахад татгалзахгүй талаар тайлбар бичсэн /хх 107/, түүнчлэн мэдэгдэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн үүрэг гүйцэтгэх 10 хоногийн хугацаа олгосон эсэх нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх Цозгор ХХК болон гуравдагч этгээд Ц.Батбаяр нарын хооронд хийгдсэн дугаар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэж тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин шүүх 99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож байгаа тохиолдолд үр дагаврыг шийдвэрлэх учиртай боловч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгтэй салашгүй хэрэгжих барьцааны эрх хэвээр байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж заажээ.

Цозгор ХХК болон Д.Алтанбагана нарын хоорондын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15/50 дугаартай Барьцаалан зээлдүүлэх гэрээ-ний үүрэгт нэхэмжлэгч Д.Алтанбаганаас дансаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үйлдлээр 2 600 000 төгрөг, бэлнээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр 1 640 000 төгрөгийг хариуцагч Цозгор ХХК-д төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй, барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт түүнийг шударга эзэмшигчээр тогтоох боломжгүй юм.

Иймд Д.Алтанбаганыг 99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, түүний нэр дээр 99113319 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг Цозгор ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02044 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Цозгор ХХК болон Ц.Батбаяр нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 99113319 дугаарын шударга эзэмшигч Д.Алтанбагана мөн болохыг тогтоох, Д.Алтанбаганын нэр дээр 99113319 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг Цозгор ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...251 350 төгрөг... гэснийг ...110 950 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН