Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 183/2019/00096/И |
Дугаар | 210/МА2019/00623 |
Огноо | 2019-04-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2019/00623
2019 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2019/00623 |
Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00432 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Г-т холбогдох
Баталгааны гэрээний дагуу 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б-ын аавынхан ахын охины нөхөр болох Д.Дорждэрэм нь түүнтэй уулзаж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд жилийн дөрвөн улиралд амьдрах зориулалтай таун-хаус барьж байгаа ажил зогсох гээд байна, санхүүжилт хэрэгтэй байгаа тул 120 000 000 төгрөгийг богино хугацаанд зээлээч, эхний байруудаа ашиглалтанд оруулангуутаа зээлсэн мөнгөө, хүүтэй хамт өгнө гэж хүсэлт тавьсан. Миний хувьд тухай үед ураг төрлийн хамаатан садан байсан тул итгээд өгөхөөр болж 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 120 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулан мөнгийг өгсөн. Удалгүй хугацаа өнгөрч мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, барилга арай ашиглалтанд ороогүй байна гэсэн. Гэтэл нэг хэсэг холбогдох боломжгүй болж, сураглатал МИАТ ХХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерээр ажилд томилогдон явсан байсан. Гэтэл сүүлдээ тухайн барилгад иргэд орон сууц өмчлөөд эхэлсэн, зарагдаад дууссан байгааг бид мэдсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Дорждэрэмд холбогдуулан гомдол гаргасан боловч Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй, иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой, иргэний хэрэг маргаан байх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард Д.Дорждэрэмийн барилгыг тухайн үөдээ хариуцан бариулж байсан түүний найз, бизнесийн хамтрагч Л.Г- нь Д.Б-тай холбогдон, ярилцсаны үндсэн дээр Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Л.Г-тай Баталгааны гэрээ байгуулсан. Уг баталгааны гэрээний дагуу Л.Г- нь 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч буюу Д.Дорждэрэмийн хүлээсэн үүргийн биелэлтийг бүрэн хангуулах үүрэг хүлээх, үүрэг гүйцэтгэгч нь үүгээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч нь өөрийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, Д.Дорждэрэм зээлдэгчтэй Д.Б- зээлдүүлэгчтэй 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 200 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор үүрэг гүйцэтгэгч буюу Д.Б-д төлөхөөр тохиролцож байгуулсан. Гэвч одоог хүртэл баталгааны гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй байгаа нь намайг эдийн засгийн асар их хохиролд оруулаад байгаа учраас эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Л.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Г- нь Д.Дорждэрэмтэй найзууд юм. Д.Дорждэрэм эрүүгийн хэрэгт шалгагдаад байна чи баталгаа гаргаад өгчих гэж гуйсан тул гаргаж өгсөн. Иймд баталгааны гэрээний дагуу шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ганхуягаас 124.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэпг зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.163.740 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 781.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагадаа бид 2016 оны 09 сарын 06-ны өдрийн Баталгааны гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 200.000.000 төгрөгийг Л.Г-аар гаргуулахаар тодорхойлсон. Шүүх хуралдааны явцад хариуцагч Л.Г- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн боловч үүнийгээ нотолж чадаагүй. Мөн бидний бүрдүүлсэн нотлох баримтыг шүүх хянаж үзээд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Баталгааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан явдал нь нэхэмжлэгчийн эдийн засгийн байдалд асар их хохирол учруулж байгааг харуулж байна. Хэрэв нэхэмжлэгч тухайн үед 120.000.000 төгрөгийг хүнд зээлдүүлэхгүйгээр банкинд жилийн 13.9 хувийн хүүтэйгээр хугацаатайгаар хадгалуулсан бол өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн дансанд 253.440.000 төгрөгийн мөнгөн хөрөнгө байх байсан. Иймд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын 124.800.000 төгрөгийг гаргуулж, үлдсэн хэсэг болох 75.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШШ2019/00432 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрчилж, хэрэгсэхгүй болгосон 75.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Д.Ганхуягт холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 200 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Д.Б- нь Д.Дорждэрэмтэй 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Б- нь зээлдэгч Д.Дорждэрэмд 120 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай түүнд зээлдүүлэхээр тохиролцжээ.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч Д.Б-д хариуцагч Л.Г- 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 200 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөхөөр баталгаа гаргаж, баталгааны гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээ, баталгааны гэрээ /хх-ийн 6, 11/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогджээ.
Талуудын хооронд хийгдсэн баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байх бөгөөд хариуцагч тал баталгааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар болон уг гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээний талаар эсэргүүцсэн тайлбар, нотлох баримт гаргаж ирүүлээгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч баталгаа гаргагч Л.Г-аас шаардах эрхтэй болохыг зөв дүгнэсэн боловч Д.Дорждэрэм, Д.Б- нарын хооронд хийгдсэн 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 124 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Хариуцагч Л.Г- баталгааны гэрээгээр 200 000 000 төгрөгийн үүрэг хүлээсэн байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлэх үүргээ биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлзэх зарчимд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Д.Ганхуягаас 200 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00432 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Ганхуягаас 200 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай гэж, 2 дах заалтын 781 950 гэснийг 1 157 950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Н.БАТЗОРИГ