| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2019/01607/И |
| Дугаар | 210/МА2020/00753 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2020/00753
| 2020 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2020/00753 |
С.Ц, Э.Б нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул , Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00139 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Ц, Э.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ц, Ц.Б, Ц.Ц нарт холбогдох
И ХК-д учруулсан гэм хорын хохирол 115 900 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Цийн 123 иргэний 8 610 ширхэг хувьцааг И ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Ц нарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ц.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, С.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагч Ц.Ц, хариуцагч Д.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч Э.Б, С.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б болон С.Ц бид И ХК-ийн нийт 27.29 хувийн хувьцааг эзэмшдэг юм. И ХК нь 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Эм Жи Эл Би ХХК-тай 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, 3 380 м.кв талбайг түрээслүүлсэн бөгөөд 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 887 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Эм Жи Эл Би ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээ нь Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчил бүхий хэлцэл юм. Учир нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Компанийн энгийн хувьцааны 20 хувь буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурьдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт Дор дурьдсан этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон хувьцааны хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой гэж үзнэ хэмээн заасан бөгөөд 89 дүгээр зүйлийн 89.2.2-т тэдгээрийн эцэг, эх, хүүхэд, ач, зээ болон ах, эгч, дүү гэж тус тус заасан. Тус гэрээг байгуулсан И ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч Ц.Ц болон Эм Жи Эл Би ХХК-ийн захирал Ц.Б /Ц.Б нь И ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хувьцаа эзэмшигч болно/ нар нь төрсөн ах дүү 2 бөгөөд Ц.Ц, Д.Ц болон Ц.Б нар нь дээрх байдлаар сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийсэн. Мөн И ХК-ийн зүгээс Эм Жи Эл Би ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, түрээсийн төлбөрийг тогтоохдоо жишиг үнээс 1143 төгрөгөөр багаар тогтоож нийт 115 900 000 төгрөгийн хохирлыг компанийн хувьцаа эзэмшигчдэд учруулсан. И ХК-ийн эрх бүхий албан тушаалтан /Ц.Ц, Д.Ц, Ц.Б/-ууд нь хохирол учруулсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба тус гомдлын дагуу Ц.Ц, Д.Ц, Ц.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Ц, Д.Ц болон Ц.Б нар нь дээрхи байдлаар нийт 115 900 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Монголиан бизнес рейтинг аудит ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02/81 тоот дүгнэлт, мөн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 02/069 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Гэвч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ц.Ц, Ц.Б, Д.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ дээрх этгээдүүд нь 115 900 000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь тогтоогдсон. Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу И ХК-ийн 27.29 хувийн хувьцааг эзэмшигч Э.Б, С.Ц нар нь нэхэмжлэл гаргасан. Мөн Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө, мөн хуулийн 90.2 дахь хэсэгт Компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан. Иймд И ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115 900 000 төгрөгийг Ц.Ц, Ц.Б, Д.Ц нараас гаргуулж өгнө үү. Компанийн тухай хуульд заасны дагуу И ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХК-ийн түрээслэгчтэй байгуулах гэрээний метр квадратын үнийн дүнг захирал бие дааж шийддэггүй хуультай. Өдөр тутамд хийгдэх ажил гүйцэтгэх бол төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж ажилладаг. Уг нэхэмжлэлд дурьдагдсан түрээсийн метр квадратын үнийг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосны дагуу гэрээ байгуулсан. Өөрөө дур мэдэн гэрээ байгуулах эрхгүй гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Б, С.Ц нарын И ХК-д учруулсан хохирол 115 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115 900 000 төгрөгийг Ц.Ц, Ц.Б, Д.Ц нараас гаргуулах тухай Э.Б, С.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ийм ч учраас сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХК-ийг хувьчлах үед тус компанийн 1000 гаруй ажилчдаас санал авахад ажилчид бүгд байгууллагынхаа хувьцаа эзэмшигч болохыг хүсч бичгэн хэлбэрээр саналаа гаргасан байдаг. 1992 оны 3 дугаар сард хувьчлагдах тогтоол гарч 122 754 ширхэг хувьцаагаар 100 хувь их хувьчлалын цэнхэр тасалбараар хувьчилсан. Тухайн үед цэнхэр тасалбараа брокерийн пүүст бүртгүүлэх хэлбэрээр хувьцаа эзэмшигч болдог байсан ба улмаар бүртгүүлж хувьцаа эзэмшигч болсон ажилчид байгууллагадаа уг хувьцааны эрхээ бүртгүүлэн цэнхэр тасалбараа тушааж өмчлөх эрхээ компанидаа өгч нэгтгэгдсэн байсан. Бид компанийн архиваас хувьцаагаа компанидаа нэгтгэсэн иргэдийн 123 ширхэг цэнхэр тасалбарыг олж авсан бөгөөд эдгээр 123 ширхэг цэнхэр тасалбарын 8610 ширхэг хувьцааг Э.Б, С.Ц нар нь биржээс гадуурхи худалдан авалтаар бүртгүүлсэн байна. Эдгээр 123 ширхэг цэнхэр тасалбар И ХК-д эхээрээ хадгалагдаж байгаа нь Компанийн тухай хуульд зааснаар И ХК-ийн халаасны хувьцаа юм. Иймд И ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг хууль бусаар Э.Б, С.Ц нар эзэмшиж байсан учир 123 хүний 8610 ширхэг хувьцааг И ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Ц нарын өмчлөлөөс хасалт хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Д.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: И ХК-ийг хувьчлах үед компанийн 1000 гаруй ажилчдаас санал авахад ажилчид бүгд байгууллагынхаа хувьцаа эзэмшигч болохыг хүсч бичгэн хэлбэрээр саналаа гаргасан ба 1992 оны 3 дугаар сард хувьчлагдах тогтоол гарч 122 754 ширхэг хувьцаагаар 100 хувь их хувьчлалын цэнхэр тасалбараар хувьчилсан. Компанийн архиваас хувьцаагаа компанидаа нэгтгэсэн иргэдийн 123 ширхэг цэнхэр тасалбарыг олж авсан бөгөөд эдгээр 8610 ширхэг хувьцааг Э.Б, С.Ц нар нь биржээс гадуурхи худалдан авалтаар бүртгүүлсэн бөгөөд И ХК-д эхээрээ хадгалагдаж байгаа нь Компанийн тухай хуульд зааснаар И ХК-ийн халаасны хувьцаа. Иймд И ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг хууль бусаар Э.Б, С.Ц нар эзэмшиж байсан учир уг 123 хүний 8610 ширхэг хувьцааг И ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Ц нарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгч Э.Б, С.Ц нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 1992 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 34 дүгээр тогтоолоор И ХК-ийн хувьцаа гаргах хөрөнгийн хэмжээг 122 754 төгрөгөөр үнэлж хувьчилсан. Уг тогтоолын 4-т хувьчилж буй Мод боловсруулах үйлдвэрийн ажилтан нар БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуульд заасан давуу эрхийнхээ дагуу авах хувьцааны хэмжээг тогтоож, үлдэх хэсгийг нийтэд худалдахыг Монголын хөрөнгийн бирж, н.Золжаргалд зөвшөөрсүгэй гэж заасан. 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Өмч хувьчлах тухай хуулийн 19 дүгээр зүйлд үйлдвэрийн газрын хувьцааг зөвхөн биржээр дамжуулан худалдана гэж заасан тул сөрөг нэхэмжлэлд дурьдагдсан 123 тасалбарын 8 610 ширхэг хувьцааг Э.Б, С.Ц нар нь биржээс гадуурх худалдан авалтаар бүртгүүлсэн байна гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд байх боломжгүй юм. Мөн хуулийн 20 дугаар зүйлд хувьчилж байгаа үйлдвэрийн газрын ажилтан үйлдвэрийн газрынхаа хувьцааг нэрлэсэн үнээр нь тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ гэж заасан. И ХК-иас Өмч хувьчлалын комиссын 34 дүгээр тогтоол болон 20 дугаар зүйлд зааснаар давуу эрхийн хувьцаа авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, И ХК-ийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 онд хийсэн шалгалтын тайланд давуу эрхийн хувьцаа болон үнэт цаас гаргаагүй ба халаасны хувьцаа байхгүй гэж тодорхойлсон байгаа. Иймд нэхэмжлэлд дурьдагдсан 123 хүний цэнхэр тасалбар И ХК-ийн халаасны хувьцаа юм гэж дурьдсан нь бодит байдалд нийцээгүй, хууль бус нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Шүүхэд нотлох баримт болгон гаргаж байгаа 123 ширхэг цэнхэр тасалбар гэгч нь үйлдвэрийн газрыг хувьчилж хувьцаа худалдан авах эрхийн бичиг болохоос хувьцаа биш. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн албан тоотод И ХК-ийн 122754 ширхэг хувьцаа 37 брокерийн пүүс дээр 244 хүн бүртгэлтэй байна гэж тодорхойлсон. Иймд И ХК-ийн анх хувьчлагдсан 122754 ширхэг хувьцаа бүгд брокерийн пүүст бүртгэгдэж 90 гаруй хувь нь арилжаалагдаж үлдсэн хувь нь дансаа нээлгэж бүртгүүлээд арилжаалагдаагүй, бүртгүүлсэн эздийнхээ дансанд хэвээрээ байна гэдгийг нотолж байна. Энэ 123 хүн 27 жилийн хугацаанд шүүхэд болон Санхүүгийн зохицуулах хороонд ямар нэгэн гомдол гаргаагүй, эдгээр хүмүүс шүүхэд өөрсдийгөө төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад Ц.Ц нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэс байхгүй. Иймд И ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг хууль бусаар Э.Б, С.Ц нар эзэмшиж байсан учир 123 хүний 8610 ширхэг хувьцааг И ХК-ийн халаасны хувьцаа болохыг нотолж, Э.Б, С.Ц нарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ц, Д.Ц, Ц.Б нараас нийт 115 900 000 төгрөг гаргуулан И ХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Цийн 123 иргэний 8 610 ширхэг хувьцааг И ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Ц нарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар дээрхи нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Ц.Цийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц, Д.Ц, Ц.Б нараас нийт 737 450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ц.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 102 тоот тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1339 тоот хариу мэдэгдэх хуудсыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1339 тоот гомдол гаргах эрхтэй албан тоот байсан учир Ц.Ц нь хуулийн хугацаандаа гомдол гаргаснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 02 тоот тогтоол, 1339 хариу мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон Ерөнхий Прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1/250 тоот тогтоол гарч мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Нэгэнт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тогтоол нь хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд манай нэхэмжлэл нь биржийн гадуурх хэлцлээр авсан хувьцааг компани халаасны хувьцааг тооцуулах тухай шаардлага гаргасан 1997 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Х-79 хэлцэлтэй Анж овогтой Замандаагийн 70 ширхэг хувьцааны мөнгө С.Цгийн дансанд 7 дугаар сарын 29-ний өдөр орсон байна. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тогтоол нь хүчингүй болсон, С.Ц, Э.Б нар нь И ХК-ийн мөнгөөр биржээс гадуур худалдан авсан хувьцааг өөрөө өөртөө худалдах арилжаа хийгдсэн нь харагдаж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Э.Б, С.Ц нар нь Ц.Ц, Д.Ц, Ц.Б нарт холбогдуулан И ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг , хариуцагч нар эс зөвшөөрөн маргаж,
Ц.Ц нь 123 иргэний 8610 ширхэг хувьцааг И ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Ц нарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар болон Эм Жи Эл Би ХХК-ийн хооронд 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцлийн улмаас байгууллагад 115 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ маргаантай байгаа үйл баримтыг хэрхэн тогтоосон, энэ талаар талуудыг хэрхэн мэтгэлцүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Компанийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1-д Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ болон аудиторт дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг хуулийн этгээдийн болон түүний хараат болон охин компанийн талаар мэдээлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд И ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Ц.Ц, И ХК-ийн удирдах зөвлөлийн гишүүн, хувьцаа эзэмшигч Эм Жи Эл Би ХХК-ийн захирал Ц.Б нар 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээг байгуулахдаа хуульд заасан журмыг баримталсан эсэх, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Мөн хэрэгт И хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот тогтоол авагдсан байх бөгөөд уг тогтоолоор 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Эм Жи Эл Би ХХК-д 3000 мкв талбайг нэг мкв-ийг 1000 төгрөгөөр тооцож түрээслүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх баримт нь И ХХК-ийн Эм Жи Эл Би ХХК -тай 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд хамааралтай эсэх, хариуцагч нарын буруутай үйлдлийг тогтоохдоо хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн болох нөхцөл байдлыг заавал тодруулах шаардлагатай.
Хэрэгт нотлох баримтаар Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Монголиан бизнес рейтинг аудит ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02/81, 02/069 тоот дүгнэлтүүдээр авагдсан байна.
Иймээс анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан хуулийн урьдчилсан нөхцөлийг шүүх шалгалгүйгээр холбогдох энэ талаарх үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.
Дээрх ажиллагааг давж заалдах нөхөж гүйцээх гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00139 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Цийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ц.ИЧИНХОРЛОО