Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02141

 

 

 

 

 

 

 

 

 

Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01424 дугаар шийдвэртэй,

 

Т-ын нэхэмжлэлтэй, Их-Ирээдүй капитал ББСБ ХХК, Я.Бямбадорж нарт холбогдох гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Их-Ирээдүй капитал ББСБ ХХК-ийн Т-т холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ичинноров, хариуцагч Их-Ирээдүй капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Бямбадорж н.Баттулга нар Их ирээдүй капитал ББСБ-ХХК-иас зээл авахын тулд миний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, зээл авсан. Банк бус санхүүгийн байгууллага уг зээлийг надад өгөөгүй, Я.Бямбадоржийн зааж өгсөн данс руу шилжүүлсэн гэх боловч хэдэн төгрөг шилжүүлснийг би мэдэхгүй. Ингээд зээлийн хүүг Я.Бямбадорж, н.Баттулга нар төлж чадахаа байж биднийг шүүхэд өгч, шүүхийг дуудахаар нь очиход эвлэрүүлэгч, Я.Бямбадорж, Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн хүмүүс хамт байж гэрээ бичээд, гарын үсэг зурахыг шаардсан.

Намайг эргэлзэхэд, Я.Бямбадорж санаа зоволтгүй, би төлнө, банк бус санхүүгийн байгууллагын хүн болохоор одоо гарын үсэг зурахгүй бол хүү яваад байдаг. Гарын үсэг зурвал хүү зогсоно. Танай байрыг бид авахгүй гэж хэлсэн тул гарын үсэг зурсан. Би ойлгохдоо хүү зогсоод төлбөрийг Я.Бямбадорж, н.Баттулга нар хариуцна гэж бодтол банк бус санхүүгийн байгууллагынхан манай байрыг авна гэлээ.

Хэлцэлд төлбөрийг өмнөөс нь хариуцна гэсэн батлан даагчийг оролцуулаагүй, хүү зогсоно, байрыг авахгүй гэсэнд ноцтой төөрөлдсөн байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах саналаа бичгээр банк бус санхүүгийн байгууллагад гаргахад тайлбар өгөх үүрэггүй гэсэн хариу өгсөн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцлийг хүчингүйд тооцож өгнө үү.

Гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзсэн нэхэмжлэл Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-т заасан эрх хязгаарласан хэлцэл, ноцтой төөрөлдсөн хэлцэл, хууран мэхэлсэн хэлцэл гэж үзэн татгалзсан.

Иргэний хуульд гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран дундын өмч байна гэж заасан байдаг. Гэтэл гэр бүл гэх ойлголтод ээж, хүү, миний асран хамгаалагчаар тогтоогдон өсгөсөн бүтэн өнчин дүү нар, ач зээ орно. Нэг хүн тусдаа бие дааж гэр бүл болж чадахгүй. Бид хамтдаа амьдардаг. Т- гэр бүлээс гараад тусдаа гэр бүл болоогүй. Дундын өмчтэй холбоотой асуудал Д.Ичинноров надад болон бусад өрхийн гишүүдэд хамааралтай. Би тэтгэвэрийн хүн. Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн төлөөлөгч н.Ундрах-Эрдэнэ намайг хэрэгт татан оруулж миний нэр дээр 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 58 дугаар зүйлийн 58.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцлийг хүчингүйд тооцуулахаар гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллага, иргэн Т-, хамтран зээлдэгч Я.Бямбадорж нартай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 58 000. 00 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 50-А байрны 13 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү2204030022 дугаартай, 80.7 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалсан.

Улмаар хариуцагч нар гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан атлаа гэрээний үүргээ ноцтой зөрчиж байсны улмаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гарган, эвлэрлийн гэрээ байгуулсан.

Эвлэрлийн гэрээгээр Т-, Я.Бямбадорж нар 68 289 250 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцож, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.

Гэтэл зээлдэгч нар Эвлэрлийн гэрээ-г биелүүлээгүйн улмаас захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, төлбөр төлөгчтэй тохиролцон, барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон, Их ирээдүй капитал ББСБ ХХК нэр дээрээ шилжүүлж авсан.

Энэ ажиллагаанд Т-, Я.Бямбадорж нар өөрийн биеэрээ оролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Их ирээдүй капитал ББСБ ХХК-д холбогдох нэхэжмлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Их ирээдүй капитал ББСБ ХХК сөрөг нэхэмжлэлээ татан авсныг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499 500 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

н.Баттулга, н.Бямбадорж нар нь зээл авахын тулд миний байрыг барьцаанд тавьсан. Зээлдэгч нар зээлийн хүүг төлдөг байсан ба зээлээ төлж чадахаа байгаад зээлдүүлэгч шүүхэд хандаж шүүхэд дуудагдаад очиход эвлэрүүлэн зуучлагч, н.Бямбадорж, Их Ирээдүй капитал ББСБ ХХК-аас нэг хүн байсан. Гэрээ бичээд гарын үсэг зурахыг эвлэрүүлэн зуучлагч шаардсан.

Намайг гарын үсэг зураагүй байхад н.Бямбадорж санаа зоволтгүй би төлнө гэсэн. ББСБ-ын хүн одоо гарын үсэг зурахгүй бол хүү нь яваад байдаг. Танай байрыг манайх авахгүй гэсэн учир гарын үсэг зурсан. Би ойлгохдоо хүү нь зогсоод төлбөрийг н.Баттулга, н.Бямбадорж нар хариуцна гэж бодсон.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах саналаа бичгээр ББСБ-д гаргасан боловч ББСБ-ын Т- тайлбар өгөх үүрэггүй гэсэн хариу өгсөн. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-д заасныг үндэслэн хэлцэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг гардуулах гэхэд н.Батчимэг өөрөө нэхэмжлэлээ авчихаад н.Бямбадорж найзыгаа зугтаалгасан. Нэхэмжлэлийг гардуулуулахгүй оргуулж байгаа.

Эвлэрлийн гэрээ хууль бус, шударга бус явагдсан. Хууран мэхэлсэн, ноцтой төөрөгдсөн хэлцэл. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д заасан эрх хягзаарласан гэж үзэн татгалзал гаргасан. Мөн хуулийн 204, 205-р зүйлд зуучлагч оролцсон хэлцэлээс татгалзаж болохгүй гэсэн заалт байхгүй.

Хэлцлээс татгалзах эсэхийг хязгаарлаж, нэхэмжлэлийг нотлох баримтад тулгуурлан үнэн зөв дүгнэлт өгөөгүй шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Т-т нэг ч төгрөг өгөөгүй. Хэрэгт 2014 онд хаан бакны дансаар Түмэнбаярт мөнгө орж ирээгүй гэдгийг нотлох баримт гаргаж өгсөн байдаг. н.Баттулга 2017 оны 04 дүгээр сарын 22-нд Түмэнбаяр 58 000 000 төгрөг аваагүй Кредит монгол ББСБ ХХК-руу шилжүүлж өгсөн гэсэн тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Үүнийг хэрэгт нотлох баримт болгож өгсөн.

Шүүх нэхэмжлэгч талын нотлох баримт, шүүхэд гаргасан тайлбарын талаар дүгнэлт хийлгүйгээр буруу шийдвэрлэсэн. Эвлэрлийг баталгаажуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна гэдгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Хууль зөрчсөн эвлэрлийн гэрээ нь шүүх дээр зуучлах ажиллагаа явагдаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Т- 200 000 000 төгрөгийн үнэлгээний санал өгсөн. Хуулийн бичиг баримтад энэ бүх албан тушаалтангуудтай нийлж хуйвалдаж хийсэн гэмт хэрэг мөнөөс мөн учир анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтуудад дүн шинжилгээ огтхон ч хийгээгүй, хийхийг хүсээгүй эвлэрлийн гэрээ хууль бус хууран мэхэлсэн, төөрөгдөлд оруулсан, эрхийг хязгаарласан эвлэрүүлэн зуучлахын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна.

2017 оны 04 дүгээр сарын 27-нд гаргасан нэхэмжлэл өнөөдөр яагаад шийдэгдээгүй байгаа гэхээр Я.Бямбадорж олдохгүй, хаягандаа байдаггүй гэсэн үндэслэлээр түүнд холдбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Я.Бямбадоржийн хаягийг тодруулах гэж захирамж гарсан нь хангалтгүй байсан. Иймд хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т-, хариуцагч Их ирээдүй капитал ББСБ ХХК, Я.Бямбадорж нарт холбогдуулан гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч Их ирээдүй капитал ББСБ ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Их ирээдүй капитал ББСБ ХХК, Я.Бямбадорж, Т- нар нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 466 тоот эвлэрлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Т-, Я.Бямбадорж нар нь 68 289 250 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Их ирээдүй капитал ББСБ ХХК-д төлөх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаар үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байх бөгөөд уг эвлэрлийн гэрээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 36812 дугаар захирамжаар баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг захирамж хүчин төгөлдөр байна. /1хх 16, 1хх19-20/

 

Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Т-ыг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоот хаягт байрлах 80.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон, улмаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Их ирээдүй капитал ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосноор Т-ын өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болжээ. /1хх74, 2хх4/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл хоорондоо зөрүүтэй, эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тоцуулахаар шаардаж буй тохиолдолд хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах шаардлагыг, мөн эсрэгээрээ хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж буй тохиолдолд хэлцэлийг шүүхийн журмаар хүчин төгөлдөр бусад тооцуулах агуулгаар нэгэн зэрэг нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох боломжгүй гэх агуулгаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан эсэхийг дурдаагүй, гэрээнээс татгалзсны үр дагаварыг шаардаагүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-т зааснаар гэрээ байгуулах сэдэлтийн талаар төөрөгдсөн талаарх татгазлалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01424 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохын дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА