Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1424

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/01424

Улаанбаатар хот


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны 13 тоотод оршин суух Гэгээнтэн овогт Ганбаатарын Тын нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон бюлдинг-ийн 404 тоотод байрлах ИИК ББСБ ХХК

 

            Хариуцагч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол-ын 69-А байрны 37 тоотод оршин суух Ядамсүрэн овогтой Бид холбогдох гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинноров, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд, хариуцагч “ИИК ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Я.Б н.Баттулга нар “ИИК ББСБ”-ХХК-иас зээл авахын тулд миний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, зээл авсан.

            Банк бус санхүүгийн байгууллага уг зээлийг надад өгөөгүй, Я.Бийн зааж өгсөн данс руу шилжүүлсэн гэх боловч хэдэн төгрөг шилжүүлснийг би мэдэхгүй.

            Ингээд зээлийн хүүг Я.Б, н.Баттулга нар төлж чадахаа байж биднийг шүүхэд өгч, шүүхийг дуудахаар нь очиход эвлэрүүлэгч, Я.Б, “ИИК ББСБ” ХХК-ийн хүмүүс хамт байж гэрээ бичээд, гарын үсэг зурахыг шаардсан.

            Намайг эргэлзэхэд, Я.Б “санаа зоволтгүй, би төлнө”, банк бус санхүүгийн байгууллагын хүн болохоор одоо гарын үсэг зурахгүй бол хүү яваад байдаг. Гарын үсэг зурвал хүү зогсоно. Танай байрыг бид авахгүй гэж хэлсэн тул гарын үсэг зурсан. Би ойлгохдоо хүү зогсоод төлбөрийг Я.Б, н.Баттулга нар хариуцна гэж бодтол банк бус санхүүгийн байгууллагынхан манай байрыг авна” гэлээ.

         Хэлцэлд төлбөрийг өмнөөс нь хариуцна гэсэн батлан даагчийг оролцуулаагүй, хүү зогсоно, байрыг авахгүй гэсэнд ноцтой төөрөлдсөн байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах саналаа бичгээр банк бус санхүүгийн байгууллагад гаргахад “тайлбар өгөх үүрэггүй” гэсэн хариу өгсөн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцлийг хүчингүйд тооцож өгнө үү, гэжээ.

 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Бидний шүүхэд гаргасан гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзсэн нэхэмжлэл Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8 дахь хэсэгт заасан эрх хязгаарласан хэлцэл, ноцтой төөрөлдсөн хэлцэл, хууран мэхэлсэн хэлцэл гэж үзэн татгалзсан.

        Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлүүдэд зуучлагч оролцсон хэлцлээс татгалзаж болохгүй гэсэн заалт байхгүй байна.

       “ИИК ББСБ” ХХК, Я.Бид холбогдуулан гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан боловч Я.Б хаягтаа байхгүй үндэслэлээр өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. 

        Хавтас хэрэгт байгаа Хан-Уул дүүргийн Эрэн сурвалжлах албаны удирдлагуудын өгсөн албан бичигт Д.Ичинноров, Г.Т нарын 2017 оноос эхлэн хайж олсон хаяг болох Я.Бямбадржтой хамтарч ажилладаг Д.Батгэрэлийн гэрийн хаяг, Я.Бийн ээжийн хаяг, Я.Бийн газар, орон сууц, оффисийн хаяг, Д.Батгэрэлийн аав н.Дашдамбын хаяг, Д.Батгэрэлийн дүү н. Ганхуягийн хаяг зэрэг бүх хаягийг өгсөн.

       Г.Т Хан-Уул дүүргийн Эрэн сурвалжлахын цагдаа н.Түмэнбат, н.Баттулга нартай хамтран зээлдэгч Ц.Баттулгын 11 дүгээр хороололын 3 өрөө байрны хаяг, аав ээжийнх нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны хаягийг зааж өгсөн.

       Хариуцагч Я.Б 5 шарын урд газартай, том объект түрээслүүлдэг. 2018 онд хороололд алт ухаж байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн өөдөөс харсан хуушуур, буузны 2 том вагончик зэрэг бүхий л газруудын хаягийг зааж өгсөн.

       Г.Т, цагдаа н.Түмэнбат, н.Баттулга нартай хамт явж байгаад байрыг нь зааж өгсөн. Түүнд хилийн хорио тавиагүй байна. Хорио тавьбал барина. Баригдвал зээлээ төлнө шүү дээ. Иргэний хуульд гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран дундын өмч байна гэж заасан байдаг.

       Гэтэл гэр бүл гэх ойлголтод ээж, хүү, миний асран хамгаалагчаар тогтоогдон өсгөсөн бүтэн өнчин дүү нар, ач зээ орно. Нэг хүн тусдаа бие дааж гэр бүл болж чадахгүй. Бид хамтдаа амьдардаг. Г.Т гэр бүлээс гараад тусдаа гэр бүл болоогүй.

      Дундын өмчтэй холбоотой асуудал Д.Ичинноров надад болон бусад өрхийн гишүүдэд хамааралтай. Би тэтгэвэрийн хүн. “ИИК ББСБ” ХХК-ийн төлөөлөгч н.Ундрах-Эрдэнэ намайг хэрэгт татан оруулж миний нэр дээр 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

      Намайг банк бус санхүүгийн байгууллагын байранд амьдарсан гээд сарын 500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг нэхэж, дансны зарлагын хөдөлгөөнийг хаалгасан.

      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дансны зарлагын хөдөлгөөнийг хаасан.

      Шүүхийн шийдвэр миний талд гарсан. Хариуцагч талаас шийдвэрийг гардаж авснаас хойш 18 дахь хоног дээрээ давж заалдах нэхэмжлэл гаргаж одоо давж заалдах шатны шүүх дээр явж байгаа. 

      Манай нэхэмжлэл дээр Я.Б, н.Баттулга, н.Батчимэг гурав Г.Тын нэр дээр байсан бидний цорын ганц орон сууцыг барьцаанд тавьж 54.000.000 төгрөг авсан нь тодорхой байгаа юм.

     Эрүүгийн журмаар Я.Бийг шалгуулж байгаа гол асуудал байрыг луйвардлаа гэсэн шалтгаантай. Шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж бүтэн 1 жил болоход ганцхан Г.Тын байрыг авахын төлөө дарамталж сэтгэл санааны хямралд оруулсан хариуцагч тал. Нөгөө хариуцагч Я.Бийг 2 удаа дуудсан байдаг.

    Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 58 дугаар зүйлийн 58.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцлийг хүчингүйд тооцуулахаар гаргаж байгааг хангаж өгнө үү, гэжээ.

 

       Хариуцагч “ИИК ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Тус банк бус санхүүгийн байгууллага, иргэн Г.Т, хамтран зээлдэгч Я.Б нартай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Зээлийн болон Барьцааны гэрээ” байгуулж, 58.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн.

       Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 50-А байрны 13 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү2204030022 дугаартай, 80.7 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалсан.

      Улмаар хариуцагч нар гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан атлаа гэрээний үүргээ ноцтой зөрчиж байсны улмаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гарган, эвлэрүүлэн зуучлагч н.Гандиймаагийн оролцоотойгоор “Эвлэрлийн гэрээ” байгуулсан. 

      “Эвлэрлийн гэрээ”-гээр Г.Т, Я.Б нар 68.289.250 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 36812 дугаартай Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.

       Гэтэл зээлдэгч нар  “Эвлэрлийн гэрээ”-г биелүүлээгүйн улмаас захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, төлбөр төлөгчтэй тохиролцон, барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон, “ИИК ББСБ” ХХК нэр дээрээ шилжүүлж авсан.

       Энэ ажиллагаанд Г.Т, Я.Б нар өөрийн биеэрээ оролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан.

       Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

       Мөн хариуцагчийн эрх ашиг гэж байгаа. Зээл авсан бол түүнийгээ төлөх үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

       Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч банк бус санхүүгийн байгууллага сөрөг нэхэмжлэлээ татан авснаа дэмжиж байгаа гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч Г.Т, хариуцагч “ИИК ББСБ” ХХК, Я.Бид холбогдуулан гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

      Хариуцагч “ИИК ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

      Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

         

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 36812 дугаартай Шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч “ИИК ББСБ” ХХК, уригдагч тал Г.Т, Я.Б нар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож, өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн 68.289.250 төгрөгийг талууд харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрч, дээрх эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэн, эвлэрлийг баталгаажуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

           

       Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 58 дугаар зүйлийн 58.3.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, хэлцлийг хүчингүйд тооцуулах гэж тайлбарлан шаардаж байна.

 

      Иргэний хуулийн 204 дүгээр зүйл гэрээнээс татгалзах заалт байдаг бөгөөд талууд гэрээнээс татгалзах гэдэг нь аль нэг тал гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдэхийг хуульчилж өгсөн.

 

      Гэрээнээс татгалзах нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байдаг ойлголт учраас анхнаасаа гэрээг хүчин төгөлдөр бус эсхүл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хооронд үүсдэг.

         

      Түүнчлэн хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж хэлэх бөгөөд гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг.

 

      Харин тус хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4 дэх хэсгийн тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн заалт нь төөрөгдөлд хөтлөгдөн тухайн хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа уламжилж, мэдээлснийг хүсэл зоригоо илэрхийлэх үйлдэл дээрээ төөрөгдсөнтэй адилтган үзэхийг зохицуулжээ.         

 

      Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ-г шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу ноцтой төөрөгдсөнөө баримтаар нотлоогүй ба дээрх хуулийн зохицуулалт уг хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

      Хариуцагч Я.Бид холбогдох хэргийг, шүүх нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 06326 дугаартай Шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Туул гол”-ын 69-А байрны 37 тоот хаягаар “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлсэн боловч тус хорооны Засаг даргын “Тодорхойлолт”, шүүгчийн туслахын “Утсаар ярьсан тэмдэглэл”, Шуудангийн магадлагаар хариуцагч Я.Б уг хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан “Эрэн сурвалжлуулах” хүсэлтийг хангаж хэргийг түдгэлзүүлжээ.

           

        Түүнчлэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс

            2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/3711

            2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/2806

            2018 оны 2 дугаар сарын 14/1080

            2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1/01908

            2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 30/4814

            2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 30-р/2046 дугаартай албан бичгүүдэд Я.Б Цагдаагийн байгууллагын ASAR санд 5400-0591-7000-670 дугаарт бүртгэлтэй, оршин суух хаяг тодорхойгүй, одоогийн байдлаар олдоогүй байна гэсэн хариуг ирүүлсэн тул хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 12809 дугаартай Шүүгчийн захирамжаар сэргээж, шүүх хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр товлогдсон.

 

       Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг Хил хамгаалах Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2-5/11762 дугаартай албан бичгийг үндэслэн, хариуцагч Я.Бийг “Эрэн сурвалжлуулах” хүсэлт гаргасныг хангаж, хэргийг түдгэлзүүлжээ.

 

       Дээрх шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс

            2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30/7044

            2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1/738

            2019 оны 03 дугаар сарын 20-ны 30/2447

            2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 30/4261

           2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27Ж-1-4/1611

           2020 оны 5 дугаар сарын 04-ний 27Ж-1-4/2550 дугаартай албан бичгүүдээр “хариуцагч Я.Бийг эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн боловч оршин суугаа газар тогтоогдохгүй байна” гэж ирүүлсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй байгаа нь түүнийг шүүхэд дуудан ирүүлэх, хуульд заасан бусад ажиллагааг хийх боломжгүй байдлыг үүсэж байх тул хариуцагч Я.Бид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

       Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч банк бусын санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлээ татан авсныг дурдах нь зүйтэй.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499.500 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.