Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00391

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00391

 

 

 

Ц.Баясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03547 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Баясгалангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Сүхбатад холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 111 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянт, Б.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл болон өмгөөлөгч Т.Цэрэндагва нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Баясгалан нь 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 99110880 дугаар утаснаас Б.Сүхбат гэх хүн залгаснаар Тайгын булаг-авто ХХК-ийн Сайн авто ломбардад барьцаанд байсан Ланд круйзер 200 маркийн 08-80 УБЯ улсын дугаартай автомашиныг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 111 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Худалдагч тал болох Б.Сүхбатын зүгээс хэлэхдээ дээрх 08-80 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн ах болох Б.Чинбатын нэр дээр байгаа, захиран зарцуулах эрх нь өөрт нь байдаг. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулах эрх нь ах Б.Чинбатад байдаг хэмээн итгэмжлэл үзүүлсэн. Улмаар 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б.Баясгалан нь өөрийн эзэмшлийн 5018128947 тоот Хаан банк ХХК-ийн данснаас 60 000 000 төгрөг бэлнээр гаргаж авч Б.Сүхбатад өгч, хамт Сайн авто ломбардад очиж зээлийн төлбөрийг барагдуулан машиныг чөлөөлж авсан төдийгүй 3, 4 дүгээр хороололд байх нотариатын газраар орж худалдах, худалдан авах гэрээ хийн 08-80 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн аваад үлдэгдэл 51 000 000 төгрөгийг Б.Сүхбатын төрсөн ах Б.Чинбатын эхнэр С.Уранчимэгийн 5028361968 тоот Хаан банк ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш уг тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн дүү Ц.Баянжаргалд мөнгөн төлбөрт бодож өрөндөө өгсөн. Уг тээврийн хэрэгслийг дүү Ц.Баянжаргал нь иргэн Ш.Батмөнхөд 2014 оны 09 дүгээр сард 148 000 000 төгрөгөөр зарсан байсан. Энэ үйл явдал болсноос хойш тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан Ш.Батмөнх нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-руу Алтанбулаг, Хиагтын боомтоор хил гарах гэж байгаад 08-80 УБЯ улсын дугаартай автомашин нь хулгайн тээврийн хэрэгсэл гэдэг нь илэрч тухайн тээврийн хэрэгслийг ОХУ-ын цагдаагийн байгууллагад хураалгасан байна. Дээрх 08-80 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдуулан гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон тус дүүргийн Прокурорын газраас ОХУ-ын иргэн Арсалан Суваров Батмункуевичий, МУ-н иргэн Ц.Батболд нарт холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хулгайн тээврийн хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, бусдыг залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа боловч хохирогч гэх Ш.Батмөнх нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Баянжаргалд холбогдуулан нэхэмжлэл гарган хариуцагчаар татсан. Ц.Баясгалан нь 08-80 УБЯ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг хууль бус, хулгайн тээврийн хэрэгсэл гэдгийг мэдээгүй худалдан авсан. Цаашид Ш.Батмөнхийн дээрх төлбөрийг барагдуулахын тулд Б.Сүхбатаас хулгайн тээврийн хэрэгсэл худалдан авахдаа төлсөн 111 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн, харилцан үүрэг хүлээж, худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Худалдсан эд хөрөнгө нь эрхийн доголдолтой байснаас нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ ямар нэгэн байдлаар хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийн үнэ болох 111 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгчийн эрхийн доголдолтой гэдгийг тогтоосон баримтгүй, талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээ болон, машины үнэ 111 000 000 төгрөгийг Б.Сүхбатын данс руу шилжүүлээгүй. Нэхэмжлэлийг Б.Сүхбатад холбогдуулан гаргаж байгаа боловч Б.Сүхбатад хамааралтай зүйл хэрэгт байдаггүй. Сайн авто ломбардад автомашин байсан гэдэг, гэтэл Сайн авто ломбард нь Тайгын булаг-авто ХХК гэсэн нэртэй компани байдаг. Тайгын булаг-авто ХХК-иас бичсэн тодорхойлолтоос харахад энэ компанийг төлөөлж н.Баярхүү гэдэг хүнтэй н.Чинбат гэрээ байгуулж байсан албан бичиг байдаг бөгөөд гэрээ байхгүй. Н.Баярхүү, н.Чинбат нар нь автомашиныг ломбардад тавиад зээл авсан. н.Чинбат 60 000 000 төгрөгийг Тайгын булаг авто ХХК-д төлсөн баримт байдаг, 51 000 000 төгрөгийг С.Уранчимэг гэж хүний дансанд шилжүүлсэн. Автомашиныг ломбард гэж яриад байгаа Тайгын булаг авто ХХК-иас авсан, шилжихдээ н.Баярхүү гэж хүний нэрнээс н.Баясгаланд шилжсэн. Эндээс харахад нэхэмжлэгч, хариуцагч нарт хамааралгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэх нэг ч гэрээ байхгүй. Эрхийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэж яриад байгаа боловч эрхийн доголдолтой гэдгийг нотлох баримтгүй.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс харахад эрхийн доголдолтой гэдэг байдал харагдахгүй байна. Эрхийн доголдолтой гэдгийг нэхэмжлэгч тал ярьдаг хэдий ч түүнийг нотолсон хил дээр баригдсан, цагдаагийн байгууллага хэнд хамааруулаад хэрэг үүсгээд, автомашин хилээр орж гарсан тухай нэг ч баримт хэрэгт байхгүй. Энэ бүгдээс харахад нэхэмжлээд байгаа Ц.Баясгалан нь нэхэмжлэгч мөн эсэх нь тодорхойгүй. Жинхэнэ нэхэмжлэгч, хариуцагч мөн үү гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй, зохигчийн нэр дээр мөнгө ч ороогүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний тухайд нэхэмжлэгч нь ч худалдагч, хариуцагч нь ч худалдан авагч гэдэг нь харагдахгүй. Худалдан авсан хөрөнгийг иргэний өмчлөлд шилжүүлэх ажиллагаа хуульд заасны дагуу хийгдээгүй. Хөрөнгө шилжүүлэх бүртгэл нь автомашины бүртгэлийн газраас гаргасан баримт дээр харагддаг. Хэрэгт н.Баянжаргал, н.Батмөнх нарын эзэмших эрхийн талаар нэг ч баримт байхгүй, ОХУ-аас хулгайд алдагдсан гэдгийг нотлох баримт байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Сүхбатаас 111 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баясгаланд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн төлсөн 712 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сүхбатаас улсын тэмдэгтийн хураамж 712 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр илүү төлсөн 712 950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Баясгаланд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нар давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах хуулийн заалтыг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгөхгүй хариуцагчаас автомашины үнийг гаргуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн хариуцагчийг зөв тодорхойлоогүйн дээр маргаан бүхий зүйл болох Ланд круйзер 200 маркийн 08-80 УБЯ улсын дугаар бүхий автомашинтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа, хэргийг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх талуудын хүсэлтийг үл ойшоон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Түүнчлэн хариуцагч нь өөрөө уг автомашины анхны эзэн биш бөгөөд маргаан бүхий автомашиныг Монгол газар ХХК-иас өр төлбөртөө авсан, Монгол газар ХХК-д уг автомашиныг өөр этгээдээс авсан талаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарласан, нэхэмжлэгч өөрөө бусдад уг автомашиныг шилжүүлж худалдсан, нэхэмжлэгч жинхэнэ нэхэмжлэгч биш талаарх нотлох баримтуудад огт үнэлэлт өгөхгүйгээр шууд хариуцагчаас автомашины төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Мөн шүүх маргаан бүхий автомашин нь одоо хариуцагчийн өмчлөл эзэмшилд байхгүй байгааг анхаарч үзсэнгүй төлбөр хариуцуулсан нь үндэслэлгүй юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Баясгалан нь хариуцагч Б.Сүхбатад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 111 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт С.Баярхүү, Ц.Баясгалан нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээ, С.Баярхүүгээс Б.Чинбатад 2014 оны 08 сарын 08-ны өдөр олгогдсон Ланд круйзер 200 маркийн, 08-80 УБЯ улсын дугаартай автомашиныг бусдад худалдах, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурах, нэр шилжүүлэхэд төлөөлөх бүрэн эрхийг олгосон итгэмжлэл, Тайгын булаг-авто ХХК-ийн Сайн авто ломбардтай С.Баярхүүгийн байгуулсан зээлийн гэрээ, мөнгө төлсөн тухай албан бичиг, С.Баярхүүгийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг авагджээ. /хх-83-85, 109, 110/

Мөн хэрэгт нэхэмжлэгч Ц.Баясгалангийн Хаан банкны депозит данснаас 2014 оны 9 сарын 24-ний өдөр 111 000 000 /60 000 000 + 51 000 000/ төгрөгийн зарлага гарсан нь уг дансны хуулга нотлох баримтаар авагдсан боловч худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг хэнд хүлээлгэн өгсөн баримтгүй байна. /хх-16/

Хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Чинбат уг автомашиныг н.Отгон-Очир гэгчээс Б. Сүхбат өрөндөө авч, Сайн авто ломбардад 60 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг Ц.Баясгалангаас 60 000 000 төгрөг авч хаагаад Ц.Баясгалан нь 51 000 000 төгрөгийг эхнэр С.Уранчимэгийн дансанд шилжүүлсэнийг авч Б.Сүхбатад өгсөн гэж тайлбарлажээ.

Эдгээрээс болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.Баясгалан, Б.Чинбат нарын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь нотлогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал зөрүүтэй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь алдаатай болсон.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй гэж үзнэ.

Зохигчид Ланд круйзер 200 маркийн, 08-80 УБЯ улсын дугаартай автомашиныг хулгайн эд зүйл болох талаар болон эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа талаар тайлбар, гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүссэнийг нотлосон холбогдох байгууллагаас ирүүлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03547 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 712 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ