Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00136

 

Д.Цэндийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05904 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1931 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Цэндийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Баясгаланд холбогдох,

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байрны 32 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг сууцыг иргэн Д.Цэндэд өмчлүүлсэн бүртгэл хийхийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, Ж.Ариунаа, хариуцагч Д.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 оны 11 дүгээр сард Д.Баясгалангаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 32 тоот 1 өрөө сууцыг 3 400 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед байр хувьчлагдаагүй Батлан хамгаалах яамны мэдэлд байсан. Д.Баясгалан нь мөнгөний чухал хэрэгцээ гараад зарж байна, байр хувьчлагдмагц 7 хоногийн дотор манай хүүгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гээд түлхүүрийг өгөөд явсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл бид байрандаа амьдарч байна. Тухайн үед байрыг зуучилж зарсан С.Шинэцогт гэдэг хүнд мөнгийг бэлнээр өгсөн. Тэрээр санаа зоволтгүй, байрандаа амьдарч бай, бичиг баримтыг хүүгийн чинь нэр дээр гаргаад өгчихнө гэж хэлсэн. Д.Баясгалан нь миний хүүгийн иргэний үнэмлэхийг 2 жил гаран авч явсан. Гэтэл Баясгалан намайг байрнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, маргаан жил гаруй хугацаанд үргэлжилж, Улсын Дээд шүүхээс энэ байрыг Д.Цэнд худалдаж авсан байна гэж тогтоож өгснөөр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үеийн ханшаар байрыг худалдан авч, мөнгөө төлж үүргээ биелүүлсэн боловч Д.Баясгалан нь мөнгийг авсан хэрнээ байрыг өөрөө өмчилж аваад, байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй 15 жил хохироож байна. Тэр үед байр хувьчлагдаагүй байсан учир бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдээгүй.Иймд Д.Цэнд намайг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 32 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Цэндийн худалдаж авсан гэх байр нь тухайн үед Батлан хамгаалах яамны мэдлийнх байсан. Уг байранд миний бие 1978 оноос хойш тасралтгүй амьдарч байсан, улсаас надад өмчлүүлсэн. Д.Цэндийн нэхэмжлэлээр Нийслэлийн захиргааны шүүх энэ асуудлыг хэлэлцэж 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 482 тоот шийдвэрээр маргаж буй орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож иргэн Д.Цэндийн өмчлөл тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Байрны мөнгийг дамжуулан өгсөн гэх н.Шинэцогт гэдэг хүнийг танихгүй бөгөөд надаас орон сууцыг худалдаж авсан гэх үед орон сууцыг н.Шагдарсүрэнд түрээслэж байсан. Намайг байрандаа амьдарч байх цаг хугацаанд Д.Цэнд нь байрыг бусдаар дамжуулан худалдаж авсан гэдгийг зөвшөөрөхгүй.Тухайн үед дээрх орон сууцыг хэн нэгэн өмчлөх эрх байгаагүй, уг орон сууц төрийн өмч байсан. Улс надад 2000 онд хувьчилж өгснөөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэ орон сууцыг бусдад худалдах шаардлага надад ерөөсөө байгаагүй. Учир нь тэрээр мөнгийг бөөнд нь өгсөн, эсхүл мөнгийг хувааж өгсөн гээд өөр өөрөөр тайлбарлаад байдаг. Гэвч байр худалдаж авсан юм бол надад мөнгө өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Д.Цэнд худалдаж авсан юм бол үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Д.Цэндийг худалдаж авсан гэдгийг тогтоосон гэх Улсын Дээд шүүхийн 2014 оны 131 тоот тогтоолд уг байрыг Д.Цэнд нь 1999 онд худалдаж авахдаа 2001 оны ханшаар худалдаж авсан байна гээд дурдсан байгааг анхаарах хэрэгтэй. Улсын Дээд Шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 93 тоот тогтоолоор миний байрыг н.Шагдарсүрэн гэдэг хүн хөлслөн амьдарч байсан болохыг тогтоож өгсөн. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалан “Хөх тугч” ХЗХ-оос зээл авахдаа өгсөн бөгөөд тус холбогдох хүмүүс нь хаана байгаа нь тогтоогдохгүй гээд мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн. Д.Цэндийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны 32 тоот орон сууцыг Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор иргэн Д.Баясгалан /ЦВ50091764/-д хувьчилсныг үндэслэн 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2204011377 дугаарт бүртгэсэн байх бөгөөд ЦЕГ-ын Улсын Мөрдөн байцаах газрын 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10/5-933 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Уг байрны анхны өмчлөх эрхийн бүртгэл нь холбогдох нотлох баримтыг үндэслэн хууль, дүрэм, журмын дагуу хийгдсэн.Нэхэмжлэлийг хангахгүй орхино уу гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05904 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Д.Цэндийг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байр, 32 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Д.Цэнд нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байр 32 тоот 1 өрөө орон сууцыг өмчлүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах шаардлага болон уг газрыг хамтран хариуцагчаар татсанаас татгалзсаныг баталж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар/-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэндээс улсын тэмдэгтийн хураамжид 337 750 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулан, хариуцагч Д.Баясгалангаас 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэндэд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1931 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр дугаар 20-ны өдрийн 101/ШШ2016/05904 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Баясгалангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Цэнд нь Бүртгэл Статистикийн Ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хүсэлт болон, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Үүнтэй холбоотойгоор Бүртгэл Статистикийн Ерөнхий газар энэ хэргийн оролцогч биш болж байгаа юм. Хэдийгээр Бүртгэл Статистикийн Ерөнхий газар хариуцагчаар татагдсан ч Төрийн захиргааны байгууллага учраас тухайн байгууллагаас ирүүлсэн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёстой гэж үзэж байна. Энэ хэрэгт Бүртгэл Статистикийн Ерөнхий газар нь ямар нэгэн ашиг сонирхол байхгүй учраас хуурамч болон, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт өгөх боломжгүй юм. Түүнчлэн хариуцагч Д.Баясгалан нь анхан шатны шүүх хуралдаан дээр маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ надад байхгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Энэ нь угаасаа уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байсныг харуулж байгаа бөгөөд Бүртгэл Статистикийн Ерөнхий газраас өөр ямар ч газраас уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар болон мэдээллийг авах боломжгүй юм. Бүрттэл Статистикийн Ерөнхий газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн хуулийг шаардлагыг хангасан баримт гаргаж өгсөн, энэ хэргийн оролцогч биш этгээд учраас хэргийн 202 талд байгаа баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг тодруулахаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус байгууллага нь шүүгчийн захирамжид дурдсан нотлох баримтыг ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулна гэсэн шаардлагыг хангуулаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс гаргуулсан нотлох баримтыг нэхэмжлэгч талын хүсэлтээр гаргуулсан ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримт биш бөгөөд дээрхи баримтыг анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй юм.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, хэрэгт авагдсан зарим баримт хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5., 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөхөөр зохицуулжээ.

Хэргийн оролцогчийн гаргаж өгсөн, эсхүл тэдгээрийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй бол эдгээр баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйгээс гадна зохигчдын маргааны зүйлийн талаарх мэтгэлцээн тэгш бөгөөд үндэслэлтэй явагдсан гэж үзэх боломжгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй нөхцөлд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, зохигчдын маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3.-т заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай холбоотой урьд өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн хүчин төгөлдөр шийдвэрийг нягтлан үзэж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны үйл баримт зэрэг асуудлаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1931 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН