Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 164 дүгээр цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох 1831003410126 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн сум дундын 1  дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, С овогт Б-ийн Б.

Б.Б нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Э” ХХК-ийн захирал Д.З-тай Фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулах нэрээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөг тус тус бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж  шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Фидуцийн харилцаа нь үүргийн харилцаанд үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хүрээнд зохицуулагдах ба зөвхөн Иргэний хуулиар зохицуулагдах, үүргийн харилцаагаар тодорхойлогдох үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм. Иргэний эрх зүйн харилцааны гэрээнээс залилангийн гэмт хэргийн ялгагдах гол шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, бусдаас авсан эд зүйл, мөнгийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхитэй үйлдэл байна. “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулах нэрээр халхавчлах гэдэг нь өнгөн дээрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, байхгүй зүйлийг бий болгож тухайн гэрээг шинээр үйлдэх санаа зорилгыг анхнаасаа илэрхийлж, итгэл үнэмшил төрүүлсний үндсэн дээр тухайн гэрээг байгуулснаар бодит байдалд байхгүй байхад үйлдэгдэхийн бол цаашаа гэрээгээр халхавчлах буюу гэрээ хийх замаар нөхцөл байдал бий болно. Ийм гэрээгээр халхавчилсан гэмт хэргийн санаачлагч, гэрээ байгуулах саналыг гаргагч нь зээл авагч байна. Гэтэл хохирогч гэх “Э” ХХК нь гэрээ байгуулах саналыг нийтэд зар түгээх сурталчилгааны замаар зөвхөн Б.Б гэж онцлолгүйгээр нийтэд түгээн дэлгэрүүлснээр гэрээ байгуулах саналыг гаргасан байдаг. Хууль болон гэрээгээр үүрэг хүлээсэн Б.Б нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө буюу автомашинаа унаж явахаар барьцаалан үүрэг гүйцэтгүүлэгч “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлснээс үзэхэд зөвхөн өмчлөх эрхийг барьцаалсан ба Иргэний хуулийн 157 дугаар зүйлд заасан “Барьцааны зүйлийн талаар талуудын эдлэх эрх, үүргийн асуудал яригдаж байна. Миний үйлчлүүлэгч Б.Б-ын үйлдэлд бусдаас авсан мөнгийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхитэй үйлдэл байхгүй болох нь Стима маркийн автомашин барьцаалан 3 сая төгрөгийг зээлж, түүний 5 сарын хүү болох 931.000 төгрөг, Альфард маркийн автомашин барьцаалан 4 сая төгрөг зээлж, түүний 1 сарын хүүнд 243.500 төгрөгийг, мөн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 1 сая төгрөгийн үндсэн мөнгө хүүнд тус тус төлж барагдуулсан нь баримтаар тогтоогдоно. Түүнчлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэл үзүүлэх нь хохирогч ирээдүйд эд зүйл, өмч хөрөнгөөрөө хохирохыг үл ухааран тэдгээрийг гэмт хэрэгтэнд сайн дураараа шилжүүлсэн байдаг онцлогтой. Гэтэл гэрээний талууд харилцан тохиролцож, ирээдүйд гарах эрсдлийг тооцоолон гэрээ байгуулсан ба гэрээний харилцаа нь иргэний хууль тоггоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэсний эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг өөрөөр хэлбэл гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй юм. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс онцгой анхаарч, шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэнд дурдсан үйлдлүүд зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээс чухам аль хэсгийг нь зөрчсөн талаар магадлалд дурдаагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь давж заалдах шатны шүүх өөрөө хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж болохоор байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б нь “Э” ХХК-ийн захирал Д.З-тай фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулах нэрээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна. Хэдийгээр фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулах гэж хоёр автомашиныг барьцаалж мөнгө авсан боловч барьцаалагдсан автомашинуудыг бусдад зарсан асуудал байна. Мөн автомашин худалдаж авсан хоёр иргэн залилуулсан байж болзошгүй асуудал шалгагдахгүй орхигдсон. “Э” ХХК-д барьцаалсан автомашиныг зарсан нь завшсан гэмт хэргийн шинжтэй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Иймд магадлал үндэслэлтэйгээс гадна дээрх автомашин худалдаж авсан хоёр иргэнийг залилсан байж болзошгүй асуудлыг шалгасны эцэс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. Иймд хэргийг прокурорт буцаах нь хууль зүйн үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь “Э” ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбараас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота эстима” загварын 30-20 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 3.000.000 төгрөг,

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Тоёота альфард” загварын 55-52 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 4.000.000 төгрөгийг тус тус зээлж, зээлийн гэрээний дагуу дээрх тээврийн хэрэгслүүдийг “Э” ХХК-ийн эзэмшилд улсын бүртгэлд бүртгүүлэх замаар шилжүүлсэн атлаа “мотор цохьсон” гэх шалтгаанаар “Тоёота эстима” загварын тээврийн хэрэгслийн арлын болон улсын бүртгэлийн дугаарыг өөрчлөн иргэн Д.Ш-д 1.200.000 төгрөгөөр зарсан, “онхолдсон” гэх шалтгаанаар “Тоёота альфард” загварын тээврийг хэрэгслийг өөрийнх нь мэдүүлснээр “хотын танихгүй хүнд зарсан” үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Прокурор шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн үйлдэл нь фидуцийн гэрээг үндэслэн хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн давж заалдах шатны шүүх “...Б.Б-ыг барьцаанд тавьсан тээврийн хэрэгслүүдийг завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг прокурор “зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан” гэж өөрчлөн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэснийг буруутган няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын энэ талаар гаргасан санал, дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нэг мөр шалгаж тогтоогоогүй гэж үзсэн тул цагаатгах тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлээгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН