Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2020/02209

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/02209

 

 

 

Ж.Я-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн 102/ШШ2020/02395 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Я-ийн хариуцагч М.Г-т холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч М.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Т.З, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2020 оны 1 сарын 29-ний өдөр М.Г-тэй гэрээ байгуулан Siemens Acuson S1000 маркийн 4Д эхо аппаратыг хувилагч, 4 датчикийн хамт 40 000 000 төгрөгөөр түүнд худалдсан ба М.Г- нь тухайн аппаратыг хүлээн авсан. М.Г- нь урьдчилгаа төлбөр 15 000 000 төгрөгийг, мөн 10 000 000 төгрөгийг бэлнээр, нийт 25 000 000 төгрөгийг төлсөн. Харин үлдэх 15 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу 2020 оны 6 сарын 29-ний өдрийн дотор сар бүр 5 000 000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэвч М.Г- аппаратыг ажиллуулж чадахгүй байсан тул түүнтэй уулзаж би эхо аппаратаа буцааж авахаар болж, 2020 оны 3 сарын 20-ны өдөр очиход аппаратыг өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн аппаратын гарын авлага болон холбогдох Сидийг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч тэрээр буцааж өгсөн. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээнд заасан үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгийг төлөөгүй байх тул М.Г-ээс эхо аппаратын үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 1 сарын 29-ний өдөр Ж.Я-ээс Siemens Acuson S1000 маркийн 4Д эхо аппаратыг хувилагч, 4 датчикийн хамт 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, тухайн аппаратыг хүлээн авсан. Гэрээний урьдчилгаа төлбөрт нийт 25 000 000 төгрөг төлсөн. Гэвч тэрээр тухайн аппаратын гарын авлага болох дагалдах техникийн бичиг баримтыг надад хүлээлгэн өгөөгүй. Түүнчлэн уг аппарат нь хуучин, биет байдлын доголдолтой ашиглахад хүндрэлтэй байсан. Иймд 2020 оны 3 сарын 20-ны өдөр бид гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ харилцан буцаахаар тохиролцсон боловч өгч авалцах үед мөнгийг маань өгөөгүй тул зөрчилдөж харилцан буцаагаагүй. Тухайн аппарат 4Д аппаратын шаардлага хангахгүй. Одоо уг аппаратыг 2Д үзүүлэлтээр ашиглаж байгаа. Талууд нэгэнт гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн, авснаа харилцан буцаах үүрэгтэй, харин гэрээний үүргийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч М.Г-ээс 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Я-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Ж.Я-ийн аппаратыг буцаан өгч мөнгөө авахаар гэрээгээ цуцлахаа удаа дараа илэрхийлсэн боловч нэхэмжлэгч нь мөнгө авчирч өгөхгүй, аппарат авна гэснээс болж маргаан үүссэн, харин би өгсөн мөнгөө аваад аппаратыг буцаах нь бодит байдалд нийцнэ үзэж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалцах саналыг анх миний бие гаргасан боловч нөгөө тал буюу Ж.Я- нь харилцан эд зүйлээ буцаан өгөхгүй, зөвхөн аппаратаа аваад намайг залилах гэж байсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу биелүүлээгүй байхад шүүхээс энэ талаар тодорхой арга хэмжээ аваагүй атлаа баримтаар нотлогдоогүй гэж үзсэн. Иймд худалдах худалдан авах дуусгавар болсон, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангагаагүй тул дахин хэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх

хуулийн шаардлагад нийцээгүй шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Я- нь хариуцагч М.Г-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч талууд гэрээнээс татгалзсан гэж маргажээ. /хх 15,16/

 

Зохигчид 2020 оны 1 дүгээр сарын 29-нд эхо аппарат 40 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж М.Г- нь Ж.Я-т 25 000 000 төгрөгийг төлж, 15 000 000 төгрөг төлөгдөөгүй байгаа үйл баримт тогтоогдсон. /хх 4,6,7/

 

Мөн талуудын хэн аль нь гэрээнээс татгалзаж, 2020 оны 3 дугаар сарын 20-нд өгсөн авснаа харилцан буцаахаар уулзахад Ж.Я- нь өмчлөлдөө шилжүүлэн авсан 25 000 000 төгрөгийг М.Г-т буцаан төлөөгүй шалтгааны улмаас талууд харилцан маргаж , аппаратыг буцаан өгөөгүй байгаа талаар тайлбарлаж байна. /хх 25/ Хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Сидид хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ч уг нөхцөл байдал давхар нотлогдож байна. /хх 42/

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс иргэний эрх зүйн харилцаа үүсэх юм. Талууд гэрээнээс татгалзсан байх тул гэрээний үндсэн үүрэг худалдах-худалдан авах гэрээний дагуу үнийг шаардах эрхгүй юм.

 

Хариуцагчийн Талууд гэрээнээс татгалзсан. Гэрээгээр шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг буцааж өгөхгүй байгаа тул 4Д аппаратыг саатуулан барьж байгаа гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүхэд бичгээр болон амаар гаргасан талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна. Талуудын тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсанаар гэрээний үүрэг шаардах эрх дуусгавар болж харин мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлэн өгсөн зүйлээ харилцан буцаахыг шаардах эрх үүсчээ. Иймд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар гэрээний үүрэг буюу 4Д аппаратын үнийн үлдэгдэл 15 000 000 төгрөг шаардах эрх нэхэмжлэгчийн хувьд, уг 15 000 000 төгрөгийг төлөх үүрэг хариуцагчийн хувьд дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дах хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 4Д аппаратыг буцаан өгөхгүй саатуулан барьж байгаа нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг төлөх үндэслэл биш юм.

Иймд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн тогтоов.

 

Талууд гэрээнээс татгалзсантай холбоотой бусад үр дагавраа харилцан шаардахад энэхүү магадлал саад болохгүй болно. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26ы өдрийн 102/ШШ2020/02395 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул М.Г-т холбогдох, 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Я-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД