Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2020/02395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  2020             08             26

                                  102/ШШ2020/02395

                 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Я-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Г холбогдох,

 

15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Яшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М.Гэй харилцан тохиролцож гэрээ байгуулан “Siemens Acuson S1000” маркийн 4D эхо аппаратыг хувилагч, 4 датчикийн хамт 40 000 000 төгрөгөөр түүнд худалдсан ба М.Гнь тухайн аппаратыг хүлээн авсан. М.Гнь урьдчилгаа төлбөр 15 000 000 төгрөгийг, мөн 10 000 000 төгрөгийг бэлнээр, нийт 25 000 000 төгрөгийг төлсөн. Харин үлдэх 15 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дотор сар бүр 5 000 000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэвч М.Гнь дээрх аппаратыг ажиллуулж чадахгүй байсан тул түүнтэй уулзаж би эхо аппаратаа буцааж авахаар болж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр очиход аппаратыг өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн аппаратын гарын авлага болон холбогдох СД-ийг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч тэрээр авахгүй буцааж өгсөн.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгийг төлөөгүй байх тул М.Ганцэцэгээс эхо аппаратын үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Гшүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Я харилцан тохиролцож “Siemens Acuson S1000” маркийн 4D эхо аппаратыг хувилагч, 4 датчикийн хамт 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, тухайн аппаратыг хүлээн авсан. Гэрээний урьдчилгаа төлбөрт нийт 25 000 000 төгрөг төлсөн. Гэвч тэрээр тухайн аппаратын гарын авлага болох дагалдах техникийн бичиг баримтыг надад хүлээлгэн өгөөгүй. Түүнчлэн, уг аппарат нь хуучин, бие байдлын доголдолтой ашиглахад хүндрэлтэй байсан. Иймд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бид гэрээнээс татгалзаж, өгч авалцсан зүйлээ харилцан буцаахаар тохиролцсон боловч өгч авалцах дээрээ зөрчилдөж харилцан буцаагаагүй. Тухайн аппарат нь 4D аппаратын шаардлага хангахгүй байгаа. Одоо уг аппаратыг 2D үзүүлэлтээр ашиглаж байгаа. Талууд нэгэнт гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн, авснаа харилцан буцаах үүрэгтэй, харин гэрээний үүргийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Янь хариуцагч М.Г холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр” гэж тодорхойлсон бол хариуцагч нь уг үндэслэлийг “...нэхэмжлэгч нь 4D ЭХО аппаратын дагалдах бичиг баримт, зааварчилгааг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй тул хариуцагч ашиглах боломжгүй болж, талууд гэрээнээс татгалзсан. Иймд нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-ээр нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй “Siemens Acuson S1000”  маркийн 4D эхо аппаратыг хариуцагчид 40 000 000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь урьдчилгаа 15 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэх 25 000 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дотор сар бүр 5 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь гэрээний төлбөрт нийт 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлөөгүй, мөн гэрээ байгуулагдснаас хойш тухайн тоног төхөөрөмжийг хариуцагч хүлээн авсан, түүний эзэмшилд байгаа үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Өөрөө хэлбэл, гэрээний 1, 2 дугаар зүйл болон талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид “Siemens Acuson S1000”  маркийн 4D эхо аппаратыг шилжүүлэх, хариуцагч нь төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.  

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан дээрх эхо аппаратыг хариуцагчид шилжүүлэн өгсөн боловч дагалдах бичиг баримт болон ашиглах зааврыг шилжүүлэн өгөөгүйгээс хариуцагч нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж талууд гэрээнээс татгалзсан эсэх нь маргааны зүйл болжээ.  

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний 1.1, 4.1, 4.2 болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан эд хөрөнгийг холбогдох бичиг баримтын хамт  хариуцагчид шилжүүлэн өгөхөөс гадна түүнийг зориулалтын дагуу ашиглахад шаардагдах үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...дараа нь эхо аппаратны дагалдах эд зүйлийг аваад ирэхэд нь юу аваад ирснийг чинь мэдэхгүй тул аваагүй” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хөрөнгийг түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид 4D эхо аппараттай холбоотой баримт бичгийг хариуцагчид хүлээлгэн өгөх гэсэн боловч тэрээр хүлээн аваагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна хүлээн аваагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн “...нэхэмжлэгч нь 4D эхо аппараттай холбоотой баримт бичиг болон ашиглахтай холбоотой зааврыг хүлээлгэн өгөөгүй, ...ашиглах боломжгүй хөрөнгийг шилжүүлсэн” гэх тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ашиглах боломжгүй хөрөнгө байсан талаарх татгалзалаа баримтаар нотолж чадахгүй байна.

 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар гэрээний талууд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаахаар тохирсон боловч энэ нь хэрэгжээгүй үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь гэрээнээс татгалзсан боловч уг татгалзал хэрэгжээгүй нь нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн “...нэхэмжлэгч гэрээний үүргийг бус харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 4D эхо аппаратыг буцаан авах эрхэй” гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа “...4D эхо аппаратыг биет байдлын доголдолтой” гэх агуулагаар татгалзсан боловч уг татгалзалаа баримтаар нотлоогүй байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн  251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд хэргийн хувьд 4D эхо аппаратыг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар төлбөр төлөх гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй, харин нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч М.Г-ээс 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Я-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН