Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00224

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00224

 

 

 

Д.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05661 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Батболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ази фарма ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 166 014 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд 214 650 төгрөг төлүүлэн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 210 000 төгрөг, гэм хорын хохиролд 1 181 934 төгрөг, нийтээр амрах баярын өдөр, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан нэмэгдэл хөлс 5 871 643 төгрөг, хууль бусаар суутгасан суутгалын 1 146 610.71 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвэгмид

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.  

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батболд нь Азифарма ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсон бөгөөд 2015 оны ээлжийн амралтаар яваад ирэхэд нь өөр хүн ажилд авсан байсны улмаас ажилд оруулаагүй. Ингээд шүүхэд хандаж шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгосон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байж байгаад 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилсон тул шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааг 81 хоногоор тооцож, энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 166 014 төгрөг гаргуулна.

Азифарма ХХК-ийн захирлын 2014 оны 14/403 тоот тушаалд Д.Батболдын цалинг 588 300 төгрөг гэж бичсэн байхад хариуцагч нь 530 000 төгрөгөөс шимтгэл төлж байсан тул 2014 оны 5 дугаар сараас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны шимтгэлийн зөрүүг төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлыг шүүхэд гаргахад нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр ирээгүй байсан учир эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд 214 650 төгрөг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Хариуцагч Азифарма ХХК нь хуримтлалын санд сар бүр цалингаас 15 000 төгрөг суутгаж авдаг ба хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаны дараа буцаан олгохоор тохиролцсон байсан. Д.Батболд нь ажлаас чөлөөлсөн тушаалаа аваагүй байсны улмаас уг мөнгийг нэхэмжлэх боломжгүй байсан. Иймд хариуцагчаас хуримтлалын санд суутгасан 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Батболдод ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар ажилд нь томилсон боловч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй. Ажил олгогч нь ажилд орсон болон ажлаас гарсан тушаалыг өгөөгүй, ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлж, бичилт хийх үүргээ биелүүлээгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа өнгөрсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан цалингийн дунджаар тооцон, 76 хоногт үржүүлсэн бөгөөд хариуцагчаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн хохиролд 1 181 934 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Д.Батболд нь Азифарма ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр орсон цагаасаа хойших бүх хугацаанд бямба гариг болон зарим баярын өдрүүдэд ажилла гэсэн тушаалын дагуу ажилладаг байсан боловч хуулийн дагуу цалин олгож байгаагүй. Хуулиар уг цалин хөлсөө 2 дахин нэмэгдүүлж авах ёстой тул нэмэгдэл хөлсөнд 2 838 652 төгрөг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилж байна. Нэгэнт баярын болон амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Д.Батболдын 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны энгийн өдрүүдэд илүү цаг ажилласан хөлс болох 3 032 991 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаанд цалин хөлснөөс нь үндэслэлгүй суутгал авч байсан төдийгүй цалин хөлсийг дутуу олгож байсан тул дутуу олгосон цалин хөлс, түүний алдангид 1 146 610.71 төгрөг тус тус гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 671 дүгээр магадлалаар Д.Батболдыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 2 316 000 төгрөг олгох үүрэг болгосон. Манай компанийн зүгээс эгүүлэн томилох үүргээ 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б-219 тоот тушаалаар биелүүлж, Д.Батболдод тушаалыг түүний хүсэлтийн дагуу [email protected] мэйл хаягаар явуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилдаа орохыг мэдэгдсэн. Д.Батболд нь тушаалын дагуу ирж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилдаа ороогүй. Улмаар 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирсэн 144/01 тоот мэдэгдлийн дагуу 2 376 099 төгрөгийг тус газрын Улаанбаатар хотын банкны дансанд шилжүүлэн, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажилд томилсон байхад 17-ны өдөр гэхэд ажилдаа ирээгүй учир 2016 оны 5 дугаар сарын 18-нд сахилгын шийтгэл ногдуулан, мөн сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүд 214,650 төгрөг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь жор баригчийн үндсэн цалин 530 000 төгрөг бөгөөд уг цалингаас хуулийн дагуу тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн.

Д.Батболдын хуримтлалын санд хуримтлуулж байсан 210 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа эрсдэлийн санд нийт 210 000 төгрөг цуглуулсан. Д.Батболд нь өөрийн эрсдэлийн санд байршсан мөнгийг авах хүсэлтийг хөдөлмөрийн дотоод журмад заасны дагуу байгууллагад гаргаагүй. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа тооллогын актаар 72 979 төгрөгийн зөрчил гаргасан учир уг мөнгийг суутгаад үлдэх 137 021 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй.

Манай компани давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу Д.Батболдыг ажилд нь эгүүлэн тогтоож, нөхөх олговор олгосон учир 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацааны шимтгэлийг ажилтан өөрөө хариуцан төлөх ёстой. Нэхэмжлэгч нь манай компанид 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байгаад мөн оны 8 дугаар сараас хойш Мөнх-Орлого ХХК-д ажиллаж, уг компаниас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь нийгмийн даатгалын лавлагаагаар харагддаг.

Нэхэмжлэгчийн ажилд орсноос хойш бүх хугацаанд бямба гараг болон зарим баярын өдрүүдэд ажилла гэсэн тушаал ирдэг тул ажиллаж байсан боловч цалинг хуулийн дагуу олгож байгаагүй... гэсэн тайлбар нь нотлох баримтгүй байна. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1, 6.2-т ажлын цагийг Даваагаас Баасан гарагуудад 09 цагаас 18 цаг гэж тодорхой заасан бөгөөд тухайн өдөр ажлынхаа цагт багтаан ажлаа гүйцэтгэх боломжтой байсан. Хувийн зохион байгуулалттайгаар холбоотойгоор 18 цагт ажлаасаа тардаггүй байсан асуудал нь илүү цагаар ажилласан зохицуулалтад хамаарахгүй бөгөөд Д.Батболдыг илүү цагаар ажиллуулах тухай тушаал гарч байгаагүй тул илүү цагаар ажилласан гэх хөлсийг тооцож олгох үндэслэлгүй. Өмнө нь 2015 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргахдаа энэ талаар маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч Д.Батболдын цалин хөлснөөс нийт 5 удаа суутгал хийсэн бөгөөд 2014 оны 7 дугаар сард суутгасан гэх 125 550 төгрөг нь үндэслэлгүй. Шүүхэд гаргаж өгсөн цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлд тухайн сарын цалингаас суутгал хийгээгүй байна. Мөн нэхэмжлэгч нь суутгасан гэх мөнгөн дүнгүүдэд 0.3 хувийн алданги тооцон, үндсэн үнийн дүнгээс их мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх ба уг суутгал үндэслэл бүхий болох нь цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлээр нотлогдоно. Энэ шаардлага нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Азифарма ХХК-иас 2 286 220 /хоёр сая хоёр зуун наян зургаан мянга хоёр зуун хорин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батболдод олгож, мөн хариуцагч Азифарма ХХК-д Д.Батболдын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нөхөн төлж, дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 290 042 /найман сая хоёр зуун ерэн мянга дөчин хоёр/ төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 214 650 төгрөг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл цалин хөлс, суутгалын мөнгийг эгүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169 793 төгрөгөөс 37 221 төгрөгийг үлдээж, илүү төлсөн 132 572 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Азифарма ХХК-иас 23 966 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Батболдод буцаан олгож, мөн хариуцагчаас 38 585 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Батболд миний бие Ази-фарма ХХК-аас нийт 10 576 201 төгрөг гаргуулах 5 зүйл нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэрийн зарим хангахгүй орхисон хэсэг буюу дутуу хангасан, нэхэмжлэлийн 4, 5-р шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн 1-р шаардлагын хувьд: Миний бие шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 1 сарын 20-ноос хойшхи ажилд томилсон 2016 оны 5 сарын 13-ныг дуустал хугацаанд НДШ-ийг 2014 оны 11 сарын 1-ний № 14/403 тоот тушаалын хавсралтын дагуу 1 сарын 58 300 төгрөгөөр тооцон ажилгүй байсан 81 хоногийн хугацаанд 214 650 төгрөг төлүүлж НДД, ЭМД-н дэвтэрт нөхөн бичилт хийлгэх ... гэснийг шүүгч ажилд орсон 2014 оны 5 сарын 5-наас хойшхи бүх хугацаанд ... гэж буруу ойлгосноос хангахгүй үлдээснийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн 3-р шаардлагын хувьд: Миний бие улсад 15-аас дээш жил ажилласан бөгөөд ажилгүйдлийн тэтгэмжийг 70%-иар тооцон нэхэмжлэхэд 45% болгон бууруулж олгох шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн 4-р шаардлагын хувьд: Ази-фарма ХХК нь анх ажилд ороход борлуулалтын урамшууллаар үйл ажиллагааны зардал олгоно гэж тохиролцон ажлын байрны ширээ, сандал, компьютер, принтер, дохиолол хамгаалалт, ажлын байрны засвар, эм хураах төмөр тавиур авах зэрэг 5.5 сая төгрөгийн зардал биднээс гаргуулж үйл ажиллагаагаа эхлээд гаргасан зардлын хэсгийг ч нөхөж амжаагүй байхад бидэнтэй зөвлөлдөлгүй өөрсдийн санаагаа тулган дотоод бэлдмэлийн борлуулалтад 2%, импортын бэлдмэлийн борлуулалтад 5% болгон 1, 1% бууруулж үйл ажиллагааны зардал олгож байгаад 1 жил гарны дараа мөн л буцаж цалинд шилжих болсон юм. Цалинд шилжвэл хагас сайнд ажилласан хөдөлмөрийн хөлсөө хөдөлмөрийн хуулийн дaгyy тооцуулна гэсэн саналаа хөдөө орон нутгийн эрхлэгчид бид бичгээр болон амаар удаа дараа тавихад шийдэж өгнө, удирдлагын зөвлөлөөр ярилцаж байгаа гэдэг байсан. Иргэн Д. Батболд би ажилд орсон 2014 оны 5 сарын 5-наас хойшхи хугацаанд ажилласан илүү цагийн цалингаа хөдөлмөрийн хуулийн дагуу нэхэмжилж байгаа бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй , хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр хугацаа 2016 оны 5 сарын 24-нд дуусгавар болсон бөгөөд цалин мөнгөтэй холбоотой асуудлыг 1-3 сарын дотор шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлнэ гэсний дагуу хуулийн хугацаандаа нэхэмжилж байгаа болно.

Ази-фарма ХХК-нь илүү цагаар ажиллавал урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах тухай ямар ч тушаал шийдвэр амаар болон бичгээр өгч байгаагүй, хэргийн материалд нотлох баримтаар өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулинд ...ажилчин илүү цаг ажилласан бол биеэр нөхөж амруулаагүй бол хөдөлмөрийн хөлсийг 2 дахин, томилолтын үеийн илүү цагийн хөлсийг 1.5 дахин бодож олгоно..." гэсний дагуу тооцсон болно. Нөхөн амраагүй нь хаалт нээлтийн тайлангаар нотлогдоно.

Мөн хэрэгт авагдсан № 14/451, №15/224 тоот тушаалаар баяр ёслол, нийтийн амралтын өдөр ажилла гэсэн тушаал ирж байсныг нотолж байгааг хайхарч үзэлгүйгээр хариуцагчийн "... нийтийн амралт баярын өдөр ажилла гэсэн тушаал гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан..." гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзлээ..." гэж шийдвэрлэснийг нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Иймд 5 871 642.36 төгрөг олгуулах шаардлагыг магадлан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэлийн 5-р шаардлагын хувьд: Энэ хэргийн явцад Ази-фарма ХХК-аас нотлох баримт гаргуулах явцад цалингаас суутгал хийгдсэн , цалингаа дутуу авч байснаа мэдэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлээр нэхэмжилсэн. Бид алслагдсан хөдөө орон нутагт байдаг тул цалингийн дэлгэрэнгүй бүртгэлтэй танилцаж гарын үсэг зурж цалингаа авдаггүй, зарим сард цалингийн дэлгэрэнгүй бүртгэл нь мэйлээр ирдэггүй учир цалингаа бүрэн, дутуу авч байгаагаа мэдэх боломжгүй байсан. Энэ тухайгаа шүүгчид тайлбарласаар байхад цалинг ямар тушаал үндэслэн юунд суутгасныг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй байхад хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч үндэслэлгүй суутгагдсан цалин, түүний алданги 1 146 610,71 төгрөгт холбогдох шаардлагыг магадлан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондох маргаантай харилцаанд Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Батболд нь хариуцагч Азифарма ХХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 166 014 төгрөг, хуримтлалын санд суутгасан 210 000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн хохиролд 1 181 934 төгрөг, амралтын болон баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсөнд 2 838 652 төгрөг, цаг ажилласан хөлс болох 3 032 991 төгрөг, дутуу олгосон цалин хөлс, түүний алдангид 1 146 610.71 төгрөг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд 214 650 төгрөг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 137 021 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Батболд Азифарма ХХК-ийн Дархан салбарын эм найруулагчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/00741 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 621 дүгээр магадлалаар түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 316 099 төгрөгийг хариуцагчаас гаргуулж түүнд олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Дээрх хугацаанаас хойш 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгч Д.Батболдыг урьд эрхэлж байсан эм найруулагчийн ажилд томилсон тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 1 477 197 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй гэж үзэн, ажилгүйдлийн тэтгэмж 599 023 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар, хуульд заасан үндэслэлгүйгээр нэхэмжлэгчээс суутгасан 210 000 төгрөгийг мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас тус тус гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь энэ талаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргаагүй байв.

 

Нэхэмжлэгч нь улсад 15-аас дээш жил ажилласан байдлаа нотлоогүй тул ажилгүйдлийн тэтгэмжийг 70%-иар тооцох байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн шүүх амралтын болон баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлс, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 5 871 643 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан ба нэхэмжлэгч нь цалин хөлс дутуу авч байснаа мэдэх боломжгүй байх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг тухайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт гомдол гаргах хугацааны зохицуулалт байгаа тул ...Иргэний хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3-4 жил, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй... гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин шүүх нэхэмжлэгч 81 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх талаар шаардлага гаргасан байхад 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарыг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

 

Мөн шүүх нэхэмжлэгч нийт 220 402 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхад 169 793 төгрөг төлсөн гэж шийдвэрт тусгасан алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05661 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын 169 793 гэснийг 220 400 гэж, 132 572 гэснийг 183 179 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул шүүгчийн захирамжаар 146 153 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ