Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/05661

 

2016 оны 11 сарын 08 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05661

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, 8 дугаар баг, Дэвшил хотхоны 17 дугаар байрны 20 тоотод оршин суух, эрэгтэй, Авир овогт Дашренчингийн Батболд /РД-ИЭ66082074/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плазагийн 11 давхрын 1105 тоотод оршин байгаа Азифарма ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,166,014 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд 214,650 төгрөг төлүүлэн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 210,000 төгрөг, гэм хорын хохиролд 1,181,934 төгрөг, нийтээр амрах баярын өдөр, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 5,871,643 төгрөг, хууль бусаар суутгасан суутгалын 1,146,610.71 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвэгмид, Азифарма ХХК-ийн 뺺 Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвэгмид нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Батболд нь Азифарма ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсон бөгөөд 2015 оны ээлжийн амралтаар яваад ирэхэд нь өөр хүн ажилд авсан байсны улмаас ажилд оруулаагүй. Ингээд шүүхэд хандаж шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгосон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байж байгаад 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилсон.

Иймээс хариуцагчаас, шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааг 81 хоногоор тооцож, энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,166,014 төгрөг гаргуулна.

Азифарма ХХК-ийн захирлын 2014 оны 14/403 тоот тушаалд Д.Батболдын цалинг 588,300 төгрөг гэж бичсэн байхад хариуцагч нь 530,000 төгрөгөөс шимтгэл төлж байсан тул 2014 оны 5 дугаар сараас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны шимтгэлийн зөрүүг төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлыг шүүхэд гаргахад нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр ирээгүй байсан учир мэдээгүй тул эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд 214,650 төгрөг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

2.Хариуцагч Азифарма ХХК нь хуримтлалын санд сар бүр цалингаас 15,000 төгрөг суутгаж авдаг ба хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаны дараа буцаан олгохоор тохиролцсон байсан. Д.Батболд нь ажлаас чөлөөлсөн тушаалаа аваагүй байсны улмаас уг мөнгийг нэхэмжлэх боломжгүй байсан.

Иймд хариуцагчаас хуримтлалын санд суутгасан 210,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Батболдод ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар ажилд нь томилсон боловч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй. Ингээд ажил тасалсан гэх үндэслэлээр мөн сарын 24-ний өдрийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгч Д.Батболд хүсэлтээ өгсөн учир ажлаас чөлөөлсөн дээрх тушаалын хувьд маргаагүй.

Харин ажил олгогч нь ажилд орсон болон ажлаас гарсан тушаалыг өгөөгүй, ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлж, бичилт хийх үүргээ биелүүлээгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа өнгөрсөн тул уг хохирлыг арилгах ёстой гэж үзэж байгаа.

Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан цалингийн дунджаар тооцон, 76 хоногт үржүүлсэн бөгөөд хариуцагчаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн хохиролд 1,181,934 төгрөгийг гаргуулна.

4.Нэхэмжлэгч Д.Батболд нь Азифарма ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр орсон цагаасаа хойших бүх хугацаанд бямба гариг болон зарим баярын өдрүүдэд ажилла гэсэн тушаалын дагуу ажилладаг байсан боловч хуулийн дагуу цалин олгож байгаагүй болно. Хуулиар уг цалин хөлсөө 2 дахин нэмэгдүүлж авах ёстой тул нэмэгдэл хөлсөнд 2,838,652 төгрөг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилж байна.

Нэгэнт баярын болон амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Д.Батболдын 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны энгийн өдрүүдэд илүү цаг ажилласан хөлс болох 3,032,991 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Би Д.Батболдын илүү цагийн тооцоог цагийн бүртгэл болон нээлт хаалтын тайлангийн дагуу тооцон, нягтлан бодогчоор хянуулж гаргасан.

5.Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаанд цалин хөлснөөс нь үндэслэлгүй суутгал авч байсан төдийгүй цалин хөлсийг дутуу олгож байсан тул дутуу олгосон цалин хөлс, түүний алдангид 1,146,610.71 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Азифарма ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 671 дүгээр магадлалаар Д.Батболдыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 2,316,000 төгрөг олгох үүрэг болгосон.

Манай компанийн зүгээс эгүүлэн томилох үүргээ 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б-219 тоот тушаалаар биелүүлж, Д.Батболдод тушаалыг түүний хүсэлтийн дагуу [email protected] мэйл хаягаар явуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилдаа орохыг мэдэгдсэн. Мөн Б-219 тушаалд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан баталгаажуулсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор багтааж давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөх олговор олгохыг санхүү, эдийн засгийн албаны даргад үүрэг болгосон. Д.Батболд нь тушаалын дагуу ирж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилдаа ороогүй тул уг үүргээ биелүүлэх боломж бүрдээгүй.

Улмаар 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирсэн 144/01 тоот мэдэгдлийн дагуу 2,376,099 төгрөгийг тус газрын Улаанбаатар хотын банкны дансанд шилжүүлэн, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажилд томилсон байхад 17-ны өдөр гэхэд ажилдаа ирээгүй учир 2016 оны 5 дугаар сарын 18-нд сахилгын шийтгэл ногдуулан, мөн сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүд 214,650 төгрөг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь манай компанийн жор баригчийн үндсэн цалин 530,000 төгрөг бөгөөд уг цалингаас хуулийн дагуу тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн.

2.Д.Батболдын хуримтлалын санд хуримтлуулж байсан 210,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухай.

Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаанд эрсдэлийн санд нийт 210,000 төгрөг цуглуулсан. Эрсдэлийн сан нь ажилтан эрхэлж буй ажил, албан тушаалаас хамааран ажлын хариуцлага, хөдөлмөрийн сахилга батыг баталгаажуулах зорилгоор сайн дурын үндсэн дээр байгууллагад өөрийн нэр дээр хуримтлал үүсгэсэн мөнгөн сан юм.

Энэхүү мөнгөн санг зөвхөн тухайн ажилтан захиран зарцуулах эрхтэй бөгөөд түүний хүсэлтийг үндэслэн олгодог. Д.Батболд нь өөрийн эрсдэлийн санд байршсан мөнгийг авах хүсэлтийг хөдөлмөрийн дотоод журманд заасны дагуу байгууллагад гаргаагүй.

Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа тооллогын актаар 72,979 төгрөгийн зөрчил гаргасан учир уг мөнгийг суутгаад үлдэх 137,021 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй.

3.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар даатгуулагч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсдэг.

Манай компани давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу Д.Батболдыг ажилд нь эгүүлэн тогтоож, нөхөх олговор олгосон учир 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацааны шимтгэлийг ажилтан өөрөө хариуцан төлөх ёстой. Нэхэмжлэгч нь манай компанид 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байгаад мөн оны 8 дугаар сараас хойш Мөнх-Орлого ХХК-д ажиллаж, уг компаниас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь нийгмийн даатгалын лавлагаагаар харагддаг тул шүүх үүнийг анхаарна уу.

4.Нэхэмжлэгчийн ... 2014 оны 5 дугаар сарын 05-нд ажилд орсноос хойш бүх хугацаанд бямба гараг болон зарим баярын өдрүүдэд ажилла гэсэн тушаал ирдэг тул ажиллаж байсан боловч цалинг хуулийн дагуу олгож байгаагүй... гэсэн тайлбар нь нотлох баримтгүй байна.

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1, 6.2-т ажлын цагийг Даваагаас Баасан гарагуудад 09 цагаас 18 цаг гэж тодорхой заасан бөгөөд тухайн өдөр ажлынхаа цагт багтаан ажлаа гүйцэтгэх боломжтой байсан. Харин ажилтны хувийн зохион байгуулалттайгаар холбоотойгоор 18 цагт ажлаасаа тардаггүй байсан асуудал нь илүү цагаар ажилласан зохицуулалтад хамаарахгүй болно.

Компанийн хэмжээнд ажилтныг илүү цагаар ажиллуулах тохиолдолд тухайн ажилтнаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэн, хүний нөөцийн менежерт өгч, түүнийг гүйцэтгэх захирал хянаж баталгаажуулан зөвшөөрөл олгох тушаал гардаг. Дархан салбарын жор баригчаар ажиллаж байсан Д.Батболдыг илүү цагаар ажиллуулах тухай тушаал гарч байгаагүй тул түүнд илүү цагаар ажилласан гэх хөлсийг тооцож олгох үндэслэлгүй болно.

Компанийн зүгээс нэхэмжлэгчид амралтын өдрөөр ажиллах тушаал өгч байгаагүй бөгөөд тухайн салбарын хувьд төлөвлөсөн борлуулалтын орлогодоо хүрэхийн тулд сайн дураар ажилладаг байсан байж болно. Өмнө нь 2015 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргахдаа энэ талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар энэ талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

5.Нэхэмжлэгч Д.Батболдын цалин хөлснөөс нийт 5 удаа суутгал хийсэн. Үүнд:

1.2014 оны 12 дугаар сард суутгасан 10,000 төгрөг нь орон нутаг хариуцсан менежер С.Наранцэцэгийн ар гэрт гачигдал гарсан тул тухайн үед байгууллагын бүх ажилчид буцалтгүй тусламж олгохоор болсон.

2.2015 оны 1, 2 дугаар сард тус бүр 20,000 төгрөг цалингаас суутгасан нь байгууллагын шинэ жилийн арга хэмжээний нэг хүний төлбөр 80,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн дүнг ажилчид төлөх шийдвэр гарсантай холбоотойгоор суутгасан суутгал юм.

3.2015 оны 4 дүгээр сард 63,579 төгрөг, 5 дугаар сард 152,371 төгрөг суутгасан нь тооллогын актаар тавигдсан суутгалын дүн болно. Харин 2014 оны 7 дугаар сард суутгасан гэх 125,550 төгрөг гэдэг нь үндэслэлгүй бөгөөд тус шүүхэд гаргаж өгсөн цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлд тухайн сарын цалингаас суутгал хийгээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь цалин хөлснөөс хууль бусаар суутгасан гэх мөнгөн дүнгүүдэд 0.3 хувийн алданги тооцон, үндсэн үнийн дүнгээс их мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх ба уг суутгал үндэслэл бүхий болох нь цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлээр нотлогдоно.

Энэ шаардлага нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд Д.Батболдын нэхэмжлэлээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батболд нь Азифарма ХХК-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,166,014 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 214,650 төгрөг төлүүлэн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 210,000 төгрөг, гэм хорын хохиролд 1,181,934 төгрөг, нийтээр амрах баярын өдөр, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 5,871,643 төгрөг, цалин, хөлснөөс үндэслэлгүй суутгасан 1,146,610.71 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

1 дэх шаардлагын тухайд:

Д.Батболд нь Азифарма ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөх олговорт 2,166,014 төгрөг гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүд 214,650 төгрөг төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгахыг хүсч байна.

Хариуцагч тал уг шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу нөхөх олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлж, нөхөн бичилт хийсэн, ... шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон өдрөөс хойшх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө төлөх ёстой, ... жор баригчийн үндсэн цалин 530,000 төгрөг тул үүнээс шимтгэл тооцон төлсөн ... гэж мэтгэлцдэг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Батболдыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/00741 дүгээр шийдвэрээр Азифарма ХХК-ийн Дархан салбарын эм найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,316,099 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч компанид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 621 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн байх ба уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-10-16 дугаар тал/

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Азифарма ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б-219 дүгээр тушаалаар Д.Батболдыг урд эрхэлж байсан эм найруулагчийн ажилд нь эгүүлэн томилсон байна. /хх-6 дугаар тал/

Иймээс шүүх, хариуцагч Азифарма ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ажилтныг ажлаар хангах, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, нийт ажлын 85 өдөр ажилгүй байсан гэж, мөн Д.Батболдыг уг хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.

Гэхдээ нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааг 81 хоногоор тооцсон учир цалин хөлстэй тэнцэх олговрыг уг хугацаагаар, дундаж цалин хөлсийг шүүхийн 2016 оны 00741 дүгээр шийдвэрээр тогтоосон хэмжээгээр тооцон, хариуцагч Азифарма ХХК-иас 1,477,197 төгрөг /81 өдөр х 18,237 төгрөг/ гаргуулан Д.Батболдод олгож, үлдэх 688,817 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч компаниар 2014 оны 5 дугаар сараас шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00741 дүгээр шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 214,650 төгрөг төлүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг шаардаж, үндэслэлээ ... Д.Батболдын үндсэн цалин 588,300 төгрөг байхад 530,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож дутуу төлж байсныг мэдсэн ... гэж тайлбарлан, Азифарма ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 14/403 дугаар тушаалын хавсралтыг нотолгооны үндэслэлээ болгодог. /хх-53 дугаар тал/

Уг баримтаас харахад жор баригч, эрхлэгч, туслах ажилтны нарын цалингийн санг тодорхойлсон тушаалын хавсралт байх тул нэхэмжлэгч Д.Батболдын үндсэн цалинг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийг 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч компани түүний эрхийг зөрчин, нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж байсан гэдгээ мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй учир уг асуудлаар гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэн, хариуцагчаар нийгмийн даатгалын шимтгэлд 214,650 төгрөг нөхөн төлүүлэх шаардлагыг хангахгүй орхив.

Харин Азифарма ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үүргийнхээ дагуу Д.Батболдын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг түүний цалин, хөлс болох 530,000 төгрөгөөс тооцон, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нөхөн төлж, дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

2 дахь шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Азифарма ХХК-иас хуримтлалын санд суутгасан 210,000 төгрөгийг буцаан авахаар шаардсан бөгөөд хариуцагч тал нь ... актаар тогтоосон төлбөрийг хасч тооцон 137,021 төгрөг өгөхөд татгалзахгүй гэж мэтгэлцдэг.

Зохигчид ажилтны цалин, хөлснөөс сар бүр 15,000 төгрөг суутгадаг, одоо 210,000 төгрөг хуримтлагдсан талаар маргаагүй.

Харин хариуцагч нь Д.Батболдыг тооллогоор байгууллагад 72,979 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтаа баримтаар нотолж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус компанид ажиллаж байх хугацаандаа 72,979 төгрөгийн эд хөрөнгийг дутаасан гэх зөрчилд тогтоосон акт, уг зөрчилд хариуцлага тооцсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Азифарма ХХК-иас 210,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

3 дахь шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруугаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй гэж үзэн Азифарма ХХК-иас 1,181,934 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, үндэслэлээ ... шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой, ... хуулиар тогтоосон шимтгэл төлсөн хугацаа хүрэхгүй учраас тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж тайлбарладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүү мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00741 дүгээр шийдвэрээр хариуцагч Азифарма ХХК-ийг, нэхэмжлэгч Д.Батболдыг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэн түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасан байдаг ба уг шийдвэрийг хариуцагч тал биелүүлсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосноор талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үргэлжлэх тул хариуцагчийн ... нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой гэх тайлбарыг хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн хариуцагч тал, нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас ажил хүлээлцэж, тооцоо дуусгаагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах .... эрх анх үүсэх-ээр заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Батболд нь хариуцагч компанид 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажилд орж, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг ба нэхэмжлэгч тал ажлаас халсан үйл баримтын талаар маргаагүй учир талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа уг өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчид Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан эрх үүссэн байна.

Шүүх, хариуцагч Азифарма ХХК-ийн буруутай эс үйлдлээс буюу ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Д.Батболд нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн даатгалын байгууллагад өгч чадаагүй байх тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал тэтгэмжийн хэмжээг шаардахдаа үндсэн цалинг 588,300 төгрөгөөс тооцсон байгаа ч ийм хэмжээний цалин, хөлс авч байсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн шүүхийн 00741 дүгээр шийдвэрээр тогтоогдсон хөдөлмөрийн хөлсний дунджаас хувь хэмжээгээр тооцох нь зүйтэй байна.

Ажилгүйдлийн тэтгэмжийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д даатгуулагч нь ... бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгох-оор заасан боловч нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сараас эхлэн Мөнх-Орлого ХХК-д хөдөлмөр эрхэлж, тус компаниас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогддог.

Иймд шүүх 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэмжийн хэмжээг тооцон /530,000 төгрөг х 45 %=238,000 төгрөг : 21,5 хоног=11,093 төгрөг х 54 хоног/ 599,023 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Азифарма ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 582,911 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

4, 5 дахь шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Батболд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1-д заасан үндэслэлээр Азифарма ХХК-иас долоо хоногийн амралтын болон баярын өдрүүдэд ажилласан нэмэгдэл хөлс 2,838,652 төгрөг, илүү цаг ажилласан цалин,хөлс 3,032,991 төгрөг, нийт 5,871,643 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... баяр ёслолын болон амралтын өдрүүдэд ажиллуулах тушаал гаргаагүй ..., ... үндэслэлгүй суутгал хийгээгүй, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... гэж тайлбарлан мэтгэлцэж буй үндэслэлтэй гэж үзлээ. /хх-8-9, 152 дугаар хуудас/

Учир нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ .... 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр орсон цагаасаа хойших бүх хугацаанд бямба гариг болон зарим баярын өдрүүдэд ажилла гэсэн тушаалын дагуу ажилладаг байсан боловч хуулийн дагуу цалинг олгож байгаагүй, .... 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны энгийн өдөр илүү цагаар ажилласан ... гэж тайлбарладаг бөгөөд уг тайлбараас харахад нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүсгэн ажиллаж эхэлснээс хойших хугацаанд түүний эрх нь зөрчигдөн, цалин хөлсөө дутуу авч байснаа мэдээгүй гэж үзэх боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь заалтаас харахад ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргахаар байх ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг гомдлоо эрхээ зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байжээ.

Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүйн гадна Д.Батболд ажиллаж байх хугацаандаа цалин, хөлснөөс нь хууль бусаар суутгал хийж байсан гэдгийг мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхээс дүгнэхэд Д.Батболд нь Азифарма ХХК-иас долоо хоногийн амралтын болон баярын өдрүүд, илүү цаг ажилласан нэмэгдэл хөлс 5,871,643 төгрөг, мөн хууль бусаар суутгасан мөнгийг эгүүлэн олгохыг шаардах эрхгүй болсон байх тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймээс шүүх, нэхэмжлэгчийн 4, 5 дахь шаардлагатай холбогдуулан шүүхэд цуглуулж өгсөн нотлох баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн ба мөн хэргийн 31-38, 43-47, 147-149 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт давхардаж авагдсан учир шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хх-62-81, 85, 101-116, 140-142 дугаар хуудас/

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл цалин хөлс, суутгалын мөнгийг эгүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,793 төгрөгөөс гэм хорын болон үндэслэлгүй хөрөнгөжсөн шаардлагад ногдох 37,221 төгрөгийг үлдээж, илүү төлсөн 132,572 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Азифарма ХХК-иас 23,966 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Батболдод буцаан олгож, мөн хариуцагчаас 38,585 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Азифарма ХХК-иас 2,286,220 /хоёр сая хоёр зуун наян зургаан мянга хоёр зуун хорин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батболдод олгож, мөн хариуцагч Азифарма ХХК-д Д.Батболдын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нөхөн төлж, дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,290,042 /найман сая хоёр зуун ерэн мянга дөчин хоёр/ төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 214,650 төгрөг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл цалин хөлс, суутгалын мөнгийг эгүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,793 төгрөгөөс 37,221 төгрөгийг үлдээж, илүү төлсөн 132,572 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Азифарма ХХК-иас 23,966 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Батболдод буцаан олгож, мөн хариуцагчаас 38,585 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

З.ДОРЖНАМЖИН