Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02142

 

 

 

 

 

 

 

 

 

Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02117 дугаар шийдвэртэй,

 

Х-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10579 дүгээр захирамжаар Д.Даваажаваас 50 256 408 төгрөг гаргуулж Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, миний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 45-17 тоотод байрлах 41 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 75 000 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулах болжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжилж, хураан авсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахын өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгчөөс үнийн санал авах ажиллагааг явуулах байтал уг ажиллагааг хийхгүйгээр 75 000 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнийн санал авахгүйгээр хөндлөнгийн шинжээч томилохгүйгээр өөрсдийн үзэмжээр үнэлгээ хийх эрхгүй юм. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10759 дугаар захирамжаар Д.Даваажаваас 50 256 408 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, 45 дугаар байр, 17 тоот, 41 м.кв талбайтай хувийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 047 961 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Д.Даваажавт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Даваажавын өмчлөлийн, уг орон сууцыг битүүмжилж, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 153/17281122 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Д.Даваажаваас үнийн санал авахад 150 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Д.Даваажавт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4/010181 тоот үнэлгээний мэдэгдлийг гардуулж өгсөн. Мөн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр албадан дуудлага худалдаа болох тухай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4/10984 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн. Талуудын харилцан тохиролцсон үнэ болох 150 000 000 төгрөгийн 70 хувь 105 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул харилцан тохиролцсон үнэ болох 150 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 75 000 000 төгрөгөөр 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 75 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Х- намайг Сүхбаатар дүүргийн Бага тойруу 45-17 тоотын орон сууцны амьдарч биш мөн иргэний шийдвэр гүйцэтгэх ажилгааны талууд биш гэсэн дүгнэлт өгсөн байна. Миний бие нь тус орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгч болохоо нотолсон.

Мөн миний бие шийдвэр гүйцэтгэх ажилагааны талуудад хамаарахгүй боловч бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувьд иргэний шийдвэр гүйцэтгэх ажилагаанд гомдол гаргах эрхтэй этгээд юм.

Гэтэл анхан шатны шүүх дээр байдлыг үл харгалзан буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10759 дугаар захирамжаар Д.Даваажаваас 50 256 408 төгрөгийг гаргуулан Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Даваажавын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байр, 17 тоот хаягт байрших, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Д.Даваажав биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 39-43/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.Даваажавын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байр, 17 тоот хаягт байрших, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хураан авах ажиллагаа явуулжээ. /хх 47,60/

 

Төлбөр төлөгч Д.Даваажав нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг 150 000 000 төгрөг гэж санал гаргасан ба төлбөр авагч 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/47 тоот албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн хүсэлт гаргасаныг үндэслэж хариуцагч байгууллага нь харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцон 105 000 000 төгрөгөөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хуульд нийцжээ. /хх63-66/

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байр 17 тоот хаягт байрших, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Д.Даваажав нь дангаар өмчилдөг болох нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээгээр тогтоогдож байна. Улсын бүртгэл, барьцааны гэрээ, шүүхийн шийдвэрийг үндэслэж явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Х-гийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА