Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01020

 

Д.Хүслэнгийн нэхэмжлэлтэй

               иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02117 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2142 дугаар магадлалтай, 

Д.Хүслэнгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Д.Хүслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10579 дүгээр захирамжаар миний эцэг Д.Даваажаваас 50,256,408 төгрөг гаргуулж, Мөнгөн буудай ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, миний хамтран өмчлөх дундын өмч болох Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 45-17 тоотод байрлах 41 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 75,000,000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулах болсон байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өмчлөгчөөс үнийн санал авах ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан үндэслэлээр явуулах байтал уг ажиллагааг хийхгүйгээр 75,000,000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулсан байна. Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээг хүчингүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10759 тоот шийдвэрээр 6045 тоот төлбөр төлөгч Д.Даваажаваас 50,256,408 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу, 45 дугаар байр, 17 тоот, 41 мкв талбайтай хувийн орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Д.Даваажавд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Даваажавын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу, 45 дугаар байр, 17 тоот, 41 мкв талбайтай хувийн орон сууцыг битүүмжилж, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 153/17281122 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Даваажаваас үнийн саналыг авахад 150,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4/10984 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн. Талуудын харилцан тохиролцсон үнэ болох 150,000,000 төгрөгийн 70 хувь 105,000,000 төгрөгөөр 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирүүлээгүй тул харилцан тохиролцсон үнэ болох 150,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 75,000,000 төгрөгөөр 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 75,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Д.Хүслэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02117 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Хүслэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Хүслэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2142 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Хүслэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02117 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2142 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх СБД-ийн 8 дугаар хороо, бага тойруу 45 дугаар байр, 12 тоот хаягт байрлах 41 м.кв нь талбай бүхий 3 өрөө орон сууцыг Д.Даваажав дангаар эзэмшдэг болох нь Улсын бүртгэлийн газраас олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Д.Хүслэнгийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна гэжээ. Миний бие гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон үл хөдлөх хөрөнгө гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын өмч байна гэсэн шаардлагыг үндэслэн өөрийн эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн. Гэтэл намайг шүүх хамтран өмчлөгч биш хэмээн тооцсонд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ 

Д.Хүслэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан орон сууцны үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ. 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.Даваажаваас 50,256,408 төгрөгийг гаргуулж Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, 45 дугаар байр, 17 тоотын 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.08.08-ны өдрийн 10759 дүгээр захирамж, 2017.09.05-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.  

Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжилж, хураасан, улмаар үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч 3 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрсөн байна /хэргийн 39-64 дүгээр тал/.  

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно..., 177.4-т хоёр дах дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасан.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төлбөрт хураагдсан орон сууц гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч тул хамтран өмчлөгчөөс үнийн санал аваагүй гэж тодорхойлсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түүний эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байна.  

Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2142 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ 

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ