Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00223

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00223

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01198 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ирмүүн мальт медиа ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 458 726 115.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.  

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ирмүүн мальт медиа ХХК нь Голомт банктай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/2205044430 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 410 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авсан. Мөн ЗБ/2205044430 дугаартай Ипотекийн гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 дугаар байрны 127 тоот, 189 м.кв бүхий 3 өрөө орон сууц /УБД:Ү-2206028321, ГД:000276450/-ыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Ирмүүн мальт медиа ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 60 891 025.12 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 134 312 868.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 440 895.44 төгрөгийг буюу нийт 200 644 789.2 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин төлбөрийн хоцрогдол бий болгосон, улмаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд Ирмүүн мальи медиа ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 349 108 974.88 төгрөг, үндсэн хүү 89 307 336.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 309 804.26 төгрөг, нийт 458 726 115.53 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний явцад нэхэмжлэгч Голомт банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Бидний зүгээс Япон Улсын Засгийн газраас олгодог хүү багатай, урт хугацаатай зээл рүү Голомт банкнаас авсан зээлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд уг зээлд хамрагдахаар Голомт банкны ажилтнаас ирүүлсэн баримтыг зохих журмын дагуу бүрдүүлсэн. Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр /гэрээний хугацаа дууссан байсан/ Голомт банкнаас гэнэт зээлийн хүү, алдангийг төлөхгүй байгаа учир зээлийг өөр зээл рүү шилжүүлэхгүй болсон тул хүү, алданги төлөхийг үндэслэлгүйгээр шаардсан. Учир нь Япон Улсын Засгийн газраас олгодог бага хүүтэй, урт хугацаат зээлд хамрагдахад шаардлагатай бүхий л баримтыг бүрдүүлэн өгсөн байсан ба тус банкны зээлийн эдийн засагч н.Үүрдмандахаас асууж байгаад хүү, алдангийг төлж барагдуулсан боловч өөрийн байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас манай байгууллагыг зээлийн төлөлт хийгээгүй хэмээн зээл шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээс санаатайгаар татгалзсан. Өөрөөр хэлбэл Голомт банкны зүгээс манай байгууллагатай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.1 болон бусад холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд төлөх ёсгүй хүү, алдангийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Ирмүүн мальти медиа ХХК-ийн тамга дарагдаагүй нь энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Нэхэмжлэгч нь 410 000 000 төгрөгийг Ирмүүн мальтимедиа ХХК-д хүлээлгэж өгснөө баримтаар нотлоогүй. Мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог тул мөнгө хүлээлгэн өгөөгүй учраас зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох ёсгүй. Иргэний хуулийн 196.1.1, 451 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь 410 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу 410 000 000 зээлдүүлсэн болохоо нотолж чадаагүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 12 107 099.3 төгрөгөөр ихэсгэсэн ба улсын тэмдэгтийн хураамжид 60 536 төгрөг төлсөн, 2016.10.07-ны өдөр 51 042 984.10 төгрөгөөр ихэсгэсэн ба улсын тэмдэгтийн хураамжид 255 215 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэвэл энэ талаар шүүхэд мэдэгдэж, уг шаардлагад нийцүүлсэн тэмдэгтийн хураамжийг нөхөн төлсөн баримтыг хавсаргах ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ирмүүн мальт медиа ХХК-иас 458 726 115,53 /дөрвөн зуун тавин найман сая долоон зуун хорин зургаан мянга нэг зуун арван таван төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ирмүүн мальт медиа ХХК төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун Олимп гудамж 116 дугаар байрны 127 тоот, 189 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206028321 дугаартай, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 451 581 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ирмүүн мальтимедиа ХХК-иас 2 451 581 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн 67 250 083,1 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хурал дахин 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болсон. Шүүхээс явуулж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны тухайд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явуулж байх тул үүнээс үүдэн хэргийн оролцогч аливаа хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Нэгэнт үүссэн хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх үүднээс хариуцагч болон нэхэмжлэгч талууд хуульд зааснаар харилцан маргах процесст нэхэмжлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг удаа дараа нэмэгдүүлэн нэхэмжилж, шүүх энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016.03.02-ны өдөр 12 107 099,3 төгрөгөөр нэмэгдүүлж улсын тэмдэгтийн хураамжид 60 536 төгрөг, 2016.10.07-ны өдөр 51 042 984,10 төгрөгөөр нэмэгдүүлж улсын тэмдэгтийн хураамжид 255 215 төгрөг төлөхдөө хуульд заасан хэмжээнээс дутуу төлсөн байдаг. Гэтэл шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Үүнийг нэмэгдүүлж байгаа шаардлагын үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлнө гэж ойлгохгүй бөгөөд нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр буюу нэхэмжлэл + ихэсгэсэн хэмжээ = нийлбэрээс тэмдэгтийн хураамж төлөхөөр зохицуулсан гэж ойлгоно " гэсэн нь ИХШХШтХ-ийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасанд нийцэхгүй байна.

Мөн ЗГ/2205040030 дугаартай зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төлбөр авна гэж заасан 2.1.7 дугаар заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх заалт, 202 дугаар зүйлийн 202.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч нь иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэлбэр бүхий стандарт нөхцөлөөр зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд өндөр дүнгээр суутгал хийж 4 100 000 төгрөг авсан бөгөөд энэ суутгасан үнээсээ хүү болоод нэмэгдүүлсэн хүү тооцон авч байгаа нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш гэж үзэхээр байна. Гэтэл шүүх зээлийн гэрээний дээрх хууль зөрчсөн заалтад дүгнэлт хийж нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасалгүй шийдсэн нь мөн л хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд ИХШХШТХ-ийн 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01198 дугаар шийдвэрийн 67 250 083,1 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, Иргэний хуулийн болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зохигчдын хооронд үүссэн зээлийн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Голомт банк нь Ирмүүн мальтимедиа ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ2205044430 тоот зээлийн гэрээ байгуулж, 410 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байх ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А.Дэлгэржаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 116 дугаар байрны 127 тоотод орших 189 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан ЗБ2205044430 тоот Ипотекийн гэрээ байгуулж, ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт тус тус заасан гэрээг бичгээр байгуулах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг тус тус хангажээ.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу Голомт банк нь Ирмүүн мальтимедиа ХХК-ийн дансанд 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 60 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 13ы өдөр 350 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Хариуцагч Ирмүүн мальтимедиа ХХК нь үндсэн зээлд 60 891 025.12 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 134 312 868.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 440 895.44 төгрөгийг буюу нийт 200 644 789.2 төгрөгийн эргэн төлөлтийг гэрээнд заасны дагуу төлж байсан боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан болон зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зөрчиж, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч Голомт банк Ирмүүн мальтимедиа ХХК-д холбогдуулан ЗГ2205044430 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 458 726 115 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, зээлийн болон барьцааны гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар шүүх нотлох баримтад тулгуурласан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийжээ. 

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс бүрдсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцооллыг Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Голомт банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргах эрхтэй ба нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний 2.1.7 дугаар заалт нь хүчин төгөлдөр байх эсэх талаар шаардлага гаргаагүйгээс гадна хариуцагч нь аж ахуй эрхлэгч хуулийн этгээд тул Иргэний хуулийн 202 дугаар зүйл түүнд хамааралгүй байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ирмүүн мальтимедиа ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ирмүүн мальтимедиа ХХК-ийн төлсөн 494 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ