Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00447

 

                                                         Голомт банкны нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр  даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01198 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 223 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Голомт банк

Хариуцагч : Ирмүүнмальти медиа ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 458.726.115,53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд  хөрөнгөөр хангуулах тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нь  Голомт банктай 2013.11.07-ны өдөр ЗГ/2205044430 дугаар  Зээлийн гэрээ байгуулан 410 сая төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Мөн ЗБ/2205044430 дугаар Ипотекийн гэрээ  байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 дугаар байрны 127 тоот, 189 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч  үндсэн зээлийн төлбөрт 60.891.025 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 134.312.868 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 5.440.895 төгрөг нийт 200.644.789,2 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин төлбөрийн хоцрогдол бий болгосон, улмаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 349.108.974,88 төгрөг, үндсэн хүү 89.307.336,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.309.804,26 төгрөг, нийт 458.726.115,53 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний явцад нэхэмжлэгч Голомт банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Бидний зүгээс Япон Улсын Засгийн газраас олгодог хүү багатай, урт хугацаатай зээл рүү Голомт банкнаас авсан зээлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд уг зээлд хамрагдахаар Голомт банкны ажилтнаас ирүүлсэн баримтыг зохих журмын дагуу бүрдүүлсэн. Гэтэл 2015.7.31-ний өдөр Голомт банкнаас гэнэт зээлийн хүү, алдангийг төлөхгүй байгаа учир зээлийг өөр зээл рүү шилжүүлэхгүй болсон тул хүү, алданги төлөхийг үндэслэлгүйгээр шаардсан. Учир нь Япон Улсын Засгийн газраас олгодог бага хүүтэй, урт хугацаат зээлд хамрагдахад шаардлагатай бүхий л баримтыг бүрдүүлэн өгсөн байсан ба тус банкны зээлийн эдийн засагч н.Үүрдмандахаас асууж байгаад хүү, алдангийг төлж барагдуулсан боловч өөрийн байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас манай байгууллагыг зээлийн төлөлт хийгээгүй хэмээн зээл шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээс санаатайгаар татгалзсан. Голомт банкны зүгээс манай байгууллагатай байгуулсан гэрээний 3.5.1 болон бусад холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд төлөх ёсгүй хүү, алдангийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд манай  компанийн  тамга дарагдаагүй нь энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч 410 сая төгрөгийг  хүлээлгэж өгснөө баримтаар нотлоогүй. Мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог тул мөнгө хүлээлгэн өгөөгүй учраас зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох ёсгүй. Иргэний хуулийн 196.1.1, 451 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4, 22.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь 410 сая төгрөгийг шилжүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу 410 сая зээлдүүлсэн болохоо нотолж чадаагүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 12.107.099,3 төгрөгөөр ихэсгэсэн ба улсын тэмдэгтийн хураамжид 60.536 төгрөг төлсөн, 2016.10.07-ны өдөр 51.042.984,10 төгрөгөөр ихэсгэсэн ба улсын тэмдэгтийн хураамжид 255.215 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэвэл энэ талаар шүүхэд мэдэгдэж, уг шаардлагад нийцүүлсэн тэмдэгтийн хураамжийг нөхөн төлсөн баримтыг хавсаргах ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01198 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагчаас 458.726.115,53 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлдэгч төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун Олимп гудамж 116 дугаар байрны 127 тоот 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Голомт банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.451.581 төгрөгийг улсын орлогод үлдээж,хариуцагчаас  2.451.581 төгрөг гаргуулж Голомт банкинд олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 223 дугаар магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 200.1 дэх хэсэгт  стандарт нөхцөлийн талаар  заасан ба  талууд уг нөхцөл байдалд маргаагүй. Харин Иргэний хуулийн 202.1 дэх хэсгийн заалт нь  зөвхөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнд хамааралтай заалт биш юм. Уг заалт нь гэрээний стандарт нөхцлийг хүлээн авч буй хэн бүхэнд хамааралтай, талуудын диспозитив эрхийг хангах зорилготой ерөнхий заалт байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 202.1 дэх заалтыг 202.2 дахь заалтаас ялгаж салгалгүйгээр нийтэд нь аж ахуй үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнд хамааралтай заалт хэмээн тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Нөгөөтэйгүүр гэрээний стандарт нөхцлийг хуулийн этгээдэд хэрэглэхгүй талаар нарийвчилсан зохицуулалт хуульд байхгүй байтал шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлах замаар агуулгыг гажуудуулан шинээр тодорхойлж хууль тогтоогчийн байр сууринд очсон байна. 2013.11.07-ны өдрийн  зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төлбөр авна гэж заасан  нь Иргэний хуулийн 202.1г зөрчсөн байдаг. Иргэний хуулийн 202.1-д  уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна  гэж заасан. 2013 оны  зээлийн гэрээний 2.1.7-н заалт нь стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангадаггүй. Эрх зүйн зохих мэдлэггүй жирийн дундаж үйлчлүүлэгчийн хувьд "зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэл" гэж чухам юуг ойлгох болоод яагаад зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байдаг. Тиймдээ ч Иргэний хуулийн 201.1-д заасанд нийцүүлэн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүд нэг удаадаа хатуу тогтоосон дүнгээр шимтгэл авахыг зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгчээс зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд зээлийн үнийн дүнгийн тодорхой хувиар суутгал хийж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад "зээлийн гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд зээлийн хяналт, эрсдлийн менежментийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайлбар хийх, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж ирсэн. Нэхэмжлэгч зээлийн хяналт, эрсдлийн менежмент гэх зүйлийг огт хийж хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон гэж үзэхээр байдаг. Ийнхүү нэхэмжлэгч  хуулийн холбогдох заалтыг зөрчсөн  стандарт нөхцлөөр  шимтгэлд  4.100.000 төгрөг авсан бөгөөд энэ суутгасан үнээсээ хүү болоод нэмэгдүүлсэн хүү тооцон авч байгаа нь  хохиролтой  байна. Гэтэл  шүүх энэ үнийн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасалгүй нь үндэслэлгүй. Гэрээний 2.5, 3.1.3-т зааснаас үзэхэд гэрээний 2.1 2-т заасан гэрээний хугацаа дууссан үеэс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцсон байтал нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг гэрээ байгуулсан үеэс эхлэн тооцож, суутган авсан нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байдаг.  Иймд, шимтгэлд 4.100.000 төгрөг, 2015.5.07-ны өдрөөс өмнөх хугацаанд хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 4.537.054,69 төгрөг нийт 8.637.054,69 төгрөг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Голомт банк нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 349.108.974,88 төгрөг, хүү 89.307.336,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.309.804,26 төгрөг, нийт 458.726.115,53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах /хх1, 21, 50,188/ шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд “...банк зээл олгохдоо шимтгэл авсан нь буруу тул 4.100.000 төгрөг... 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх хугацаанд  нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй учир 4.537.054,69 төгрөг нийт 8.637.054,69 төгрөгийг  хасаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрч, гэрээ байгуулсан байна.

Голомт банкны гүйцэтгэх захирал 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 дүгээр тушаал гаргаж, банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаярт 3 жилийн хугацаагаар эрх олгосон /хх-2ийн 25/, А.Дэлгэржаргал нь Ирмүүнмальти медиа ХХК-ийг /хх 71/ итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд байх тул 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзлээ.  

Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-нд “...1./ Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч Голомт банк, нөгөө талаас хариуцагч Ирмүүн Мальтимедиа ХХК ИХШХШТХ-ийн 26, 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсгийг тус тус үндэслэн харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

2./ Улсын Дээд шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Голомт банкны нэхэмжлэлтэй, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №3Г/2205044430 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 458.726.115 төгрөгийг Ирмүүн Мальтимедиа ХХК-иас гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нар нь дараах нөхцлөөр харилцан тохиролцож, эвлэрэв.

2.1.1 Төлбөр төлөгч нь Төлбөр авагчид Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 349.108.974 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах,

2.1.2 Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөр болох 109.617.141 төгрөгийг Голомт банкны Маркетингийн Хэлтэстэй 2017 оны 4 сарын 17 өдөр байгуулсан   "Ажил гүйцэтгэх гэрээ"-д заасан нөхцөлийн дагуу зохих ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэн олох орлогоос болон бусад орлогоос 2017 оны 12 сарьн 31 дотор бүрэн төлж барагдуулах,

2.1.3 Гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусгавар болох хүртэл хугацаанд Төлбөр төлөгч нь ЗБ/2205044430 дугаартай Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, маршал таун Олимп гудамж, 116-р байрны 127 тоот 189 м.кв бүхий 3 өрөө орон сууц /УБД: Ү-2206028321, ГД:-000276450/ ыг Зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг шаардах эрхгүй.

3./ Дурьдсан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй нөхцөлд ЗБ/2205044430 дугаартай Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, маршал таун Олимп гудамж, 116-р байрны 127 тоот 189 м.кв бүхий 3 өрөө орон сууц /УБД: Ү-2206028321, ГД:-000276450/ буюу зээлийн барьцаа хөрөнгөөс үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

4./ Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

5./ Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй болохоо талууд хүлээн зөвшөөрсөн болно.” гэсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г баталж, Голомт банкны нэхэмжлэлтэй, Ирмүүнмальти медиа ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4- т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ : 

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 223 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Голомт банк, Ирмүүнмальти медиа ХХК нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан “Эвлэрлийн гэрээг” –г баталж,  Ирмүүнмальти медиа ХХК-д холбогдох “...үндсэн зээл 349.108.974,88 төгрөг, хүү 89.307.336,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.309.804,26 төгрөг, нийт 458.726.115,53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11-р хороо, маршал таун Олимп гудамж, 116-р байрны 127 тоот 3 өрөө орон сууцаар хангуулах...” тухай Голомт банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-ний заалтыг эс биелүүлвэл тогтоол шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 3. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 153.145  төгрөг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ