Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 142

 

Ц.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Д.Б, хохирогчийн өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар магадлалтай, Ц.Э-т холбогдох 1939002340226 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Э түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум сундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...шүүгдэгч Ц.Э-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Ц.Э-г Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э-г тэнсэгдсэн 5 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-с амь хохирогчийн оршуулгын зардал, бусад хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой гэм хорын хохиролд 13.712.701 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгуулах, 4.975.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-д олгуулах, хохирол, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-т энэ тогтоолын 5 дахь заалтад заасан хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлөхийг даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Э-н эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөө 66-.. тоотод байрлах Ү-18170042.. тоот улсын бүртгэлтэй 64 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг хохирол барагдуулахад ашиглах зорилгоор хэвээр үлдээж...” шийдвэрлэсэн байна. 

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Э болон түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч хууль буруу хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Э-н эзэмшлийн Хэнтий аймгийн хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоол батална гэж үзэж хохирол барагдуулахад ашиглах зорилгоор хэвээр үлдээхээр заан шийдвэрлэсэн нь ирээдүйд хохирлоо төлөх боломжит үндэслэл, нөхцөл байдалд тулгуурласан үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Ц.Э-н хохирол төлөх төлбөрийн чадвартай болохыг Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэгдсэн байгаагаар бүрэн нотолсон. Ц.Э нь авто ослын улмаас одоогийн байдлаар биеийн байдал хүнд, хэвтрийн дэглэмтэй байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл хэлсэн саналдаа “Ц.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн ба Хэнтий аймаг дахь түүний хашаа байшинг прокурорын тогтоолоор битүүмжилсэн. Тухайн эд хөрөнгөөр хохирлыг төлөхөө илэрхийлсэн бөгөөд саяхан 5.000.000 төгрөгийг төлсөн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Ц.Э нь ослын улмаас зүүн хөлний түнх суулгах мэс засалд орох шаардлагатай болсон бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа. Цаашдаа битүүмжилсэн хөрөнгийг хохирогч нарт шилжүүлж өгөх бодолтой байгаа”  гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Чинзориг хэлсэн саналдаа “Ц.Э нь хохирогчийн ар гэрээс нэг ч удаа уучлал гуйгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээгээгүй бөгөөд шүүхийн шатанд нэгэнт гэмт буруутайд тооцсон учир гэх байдлаар буруугаа хүлээсэн. Ц.Мөнхтулга шүүгч “хохирлыг хэзээ төлөх вэ” гэхэд “гурван сарын хугацаанд төлнө” гэснийг цаасан дээр бичүүлж аваад бидэнд танилцуулалгүй зөвлөлдөх тасалгаа руу орсон. Шүүгдэгч өөрийнхөө гэмтлийн талаар ярьдаг болохоос хохирогч нарын эрүүл мэндийг огтхон ч дурддаггүй. Мөн удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулж байсан. Ийм нөхцөл байдал байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. 5.000.000 төгрөгийг өнөөдөр л хохирогчийн дансанд шилжүүлсэн. Өмгөөлөгчөөр нь дамжуулж үлдэгдэл хохирлыг хэзээ төлөхийг асуухад “би мэдэхгүй байна” гэсэн хариу өгсөн. Прокурорын шатанд битүүмжилсэн хөрөнгийг Ц.Э нь өөрийн сайн дураараа бус манай талаас хүсэлт гаргаж битүүмжлүүлсэн. Шийтгэх тогтоолд хохирол төлөх хугаацанд үүрэг хүлээлгэсэн бол эдийн засгийн зөрчигдсөн эрх сэргэх бодит баталгаа болох байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:       

Шүүгдэгч Ц.Э болон түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-г 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг, хөдөө хэсэг “Зөөлөн” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 09-71 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон хэмээн үйл баримтыг зөв тогтоосон боловч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шалгуурыг шүүгдэгч хангасан талаар эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь Ц.Э-н эзэмшлийн хувийн орон сууц битүүмжлэлтэй байгаа нь ирээдүйд хохирол барагдах баталгаа гэж гомдолдоо дурджээ. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж буй хандлага чухал. Энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх зэргээр илэрнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдах албадлагын арга хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн нь шүүгдэгчийн хохирол төлж барагдуулах эрмэлзлэл, гэм буруугаа ухаарч ойлгож буй байдал зэрэгтэй холбоогүйгээс гадна гэр бүлийн дундын өмчлөлд буй /шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүд хамтран өмчлөх эрхтэй/ эд хөрөнгө бүхэлдээ төлбөрийн баталгаа болж чадахгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэсэн ойлголтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тулгуурлан тайлбарлаж буй нь хуулийн заалтын утга агуулгыг тухайн хуулиудын хамаарал, уялдаа, эцсийн нэгдмэл зорилго, мөн чанарт нийцүүлэн тайлбарлах хууль зүйн техник хэрэглэсэн явдал бөгөөд Ц.Э-т холбогдох хэргийг хялбаршуулан шийдвэрлэсэн эсэх асуудалтай огт холбоогүй байна.  

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл, шаардлагууд хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ,                              Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН