Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                     Хэргийн индекс: 180/2019/0194/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                           Э.Мичидмаа,

Улсын яллагч                                          Б.Бямбасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч    Б.А,

Хохирогчийн өмгөөлөгч                         Д.Ч,

Иргэний нэхэмжлэгч                               Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Х.Б,

Шүүгдэгч                                                   Ц.Э нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 1939... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц.Э

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Ц.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг, хөдөө хэсэг “Зөөлөн” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 09-71 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын  замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлийг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Лхагвасүрэнгийн жолоодож явсан 67-44 УУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гарган 67-44 УУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ч.Н-ын амь нас хохирч, иргэн М.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, .Г.Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Д.Б-ын “Тоёота ‘’ESTIMA” маркийн тээврийн хэрэгсэлд 4.705.000 төгрөгийн хохирол, “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны эзэмшлийн “DAEWOO” REZZO маркийн тээврийн хэрэгсэлд 4.705.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч  Ц.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг хөдөө хэсэг “Зөөлөн” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 09-71 ХЭА улсын дугаартай Daewoo Rezzo маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын  замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй,эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлийг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчидог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Лхагвасүрэнгийн жолоодож явсан 67-44 УУН улсын дугаартай Toyota Estima тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган 67-44 УУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ч.Н-ын амь нас хохирч, иргэн М.Бн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Д.Б-ын “Тоёота ‘’ESTIMA” маркийн тээврийн хэрэгсэлд 4.705.000 төгрөгийн хохирол, “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны эзэмшлийн “DAEWOO” REZZO маркийн тээврийн хэрэгсэлд 2.095.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 67-44 УУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажил явдалд оролцоод буцах замдаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж ээж Ч.Н- маань нас барсан хэрэг гарсан. Тухайн үед  09-71 ХЭҮ дугаартай автомашин урсгал сөрж орж ирээд манай өөдөөс мөргөж зам тээврийн осол гарсан. Манай 67-44 УУН автомашиныг нөхрийн ах Д.Лхагвасүрэн жолоодож явсан, харин жолоочийн хажуугийн суудалд аав М.Б арын суудалд манай эгч Г.Энхцэцэг зээ хүүгийн хамт,  аав Баярмагнайгийн арын суудалд  талийгаач ээж Ч.Н, хамгийн арын суудал дээр нь би хүү Тэнгисийн хамт сууж явсан ...манай ээжийн бие хаа тийм муу байгаагүй ингэж нас барсан явдалд гомдолтой байна  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26  тал/,

 

Хохирогч М.Б н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд манай хүргэний аав нь нас бараад оршуулгын ажил явдалд оролцоод буцаад Улаанбаатар хот руу явж байсан юм. Тухайн үед манай эмгэн Ч.Н- манай хүргэний хамаатны эмэгтэй болох Энхцэцэг, манай охин Ариунаа, зээ хүү Тэнгис бид нар нэг машинд сууж машиныг манай хүргэний хамаатны хүн болох Лхагвасүрэн гэх залуу жолоодож явсан. Бид нар 67-44 улсын дугаартай истима маркийн машинаар Жаргалтхаан сум өнгөрөөд төв засмал замаар явж байсан. Тухайн үед би жолоочийн эсрэг талд манай нөгөө хэд машины хойд хэсэгт сууцгааж явсан.Тэгсэн чинь Замын эсрэг урсгалаас нэг бор сааралдуу өнгийн яг ямар машин байсныг сайн мэдэхгүй байна. Нэг машин маш хурдтай урсгал сөрж гараад ирсэн.Тэгээд би жолоочдоо наад чинь ямар хурдтай гарч ирж байна. Машинаа цааш дар гэж хэлтэл яах ийхийн зуургүй тухайн машин ирээд манай машины урдаас мөргөсөн. Манай машиныг мөргөсөн машин хурдтай явж байсан. Тэгээд юу болсонийг мэдэхгүй би хэсэг зуур ухаан алдсан байсан ... Миний нурууны хоёр сэртэн яс хугаралтай мөн зүүн талын олон хавирганы  хугаралтай, уушиг дотуур цус алдсан гэсэн оноштойгоор өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа ...би маш гомдолтой байна бид нар зүв зүгээр дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож явах үед тухайн машин урсгал сөрж гарж ирээд манай машиныг мөргөсөн. Энэ ослын улмаас манай эхнэр нас барж, би өөрөө эрүүл мэндээрээ ноцтой хохироод явж байна.. миний биеийн байдал муу хол явж чадахгүй учраас энэ хэрэгт өөрийнхөө охин Ариунааг өөрийгөө төлөөлүүлэн оролцуулах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28  тал/,

 

 Иргэний нэхэмжлэгч Д.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...ээжийн төрсөн дүү нагац ах Д.Лхагвасүрэн нь манай эхнэр, хүүхэд, хадам аав, ээжийг Өмнөдэлгэр сумаас Улаанбаатар хот хүргэж өгөхөөр жолоодож явсан. Тэднийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сум өнгөрөөд явж байхад өөдөөс нь явсан тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас машинд сууж явсан хадам ээж нас барсан, мөн хадам аав  Баярмагнай, жолоодож явсан Лхагвасүрэн ах, Энхцэцэг гээд манай эгч нар хүнд, хөнгөн гэмтсэн.... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дугааргүй орж ирсэн машиныг 8 сая төгрөгөөр анх худалдан авч байсан. Дээрх машинаа авсан үнээр нь 8 сая төгрөгөөр нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бүдхоролын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Банзрагч овогтой Эрдэнэбаатар нь 1 сая төгрөгний зээлийн барьцаанд тавьсан юм. Тээврийн хэрэгсэлийг барьцаанд тавих үед гэрчилгээ Б.Эрдэнэбаатарын нэр дээр байсан бөгөөд зээл олгоод манай байгуулгын нэр дээр шилжүүлсэн юм. Одоо манай байгуулгад үлдсэн 918.878 төгрөгийг сар болгоны 5-ны өдөр төлөх хүүгийн хамт нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

 

Гэрч Д.Лхагвасүрэнгйин мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд буяны ажилд оролцоод өнөөдөр 15 цагийн үед Улаанбаатар хот руу явсан юм. Шороон замаас төв замтай нийлээд явж байтал өөдөөс ногоон өнгийн жижиг машин зам голлоод яваад байхаар нь би яагаад ингэж яваад байгаа юм болдоо гээд замаа чөлөөлөх гээд явж байтал нөгөө ногоон машин урсгал сөрөөд урдаас ирж мөргөлдсөн. Харин миний унаж явсан машин 1-2 удаа замыг хажуу руу эргээд 4-н дугуйн дээрээ тогтсон байсан. Харин машинд сууж явсан дүү Баатарцогтын хадам ээж гэх настай эмэгтэй газарт хэвтэж байсан ...103 яаралтай тусламж дуудсаныг мэдэхгүй эмнэлэг ирсэн харин эмч хадам ээжийг нас барсан талаар хэлсан... би 40-50 метр цагийн хурдтай явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

 

Гэрч Г.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажил явдалд оролцоод Улаанбаатар хот руу буцаж явсан би улсын дугаарын санахгүй байна. Саарал өнгийн “stima” маркийн автомашинд жолооны ар талд зээ хүүгээ тэврээд сууж явсан Замдаа 5-6 минут болсон байх, бид өсгүүр газар удаан явж байсан би  жолоочийн ард сууж яваад зам руу хараад явж байтал эсрэг урсгалаас 1 машин ирж байгаа нь харагдсан тэр машин нилээн хурдтай дайвалзаад явж байсан. Манай машины жолооч хурдаа хасаад замаа тавиж өгөх гэж байгаа юм шиг сандараад далбилзаад байх шиг байсан.  Тэгтэл жолоочийн эсрэг талаас урдаас мөргөх шиг болсон тэгээд бидний сууж явсан машин 2 удаа өнхөрч байхыг би мэдсэн тэгээд 4 дугуйн дээрээ зогссон. Тэгтэл ард талын суудал дээр зорчиж явсан талийгаач цонхоор шидэгдээд гарсан байсан. Энэ үед нас барсан хүний охин нь түргэн дуудаач гээд уйлаад байсан. Удалгүй түргэн ирж бидэнд анхан тусламж үзүүлсэн. Миний биед баруун гарын бугалга, тохойн орчмоор зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж эмч хэлсэн ..” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

 

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би машин мөргөлдөх үеийг хараагүй манай машины урд талын суудал дээр сууж явсан манай аав Баярмагнай хурдтай ирээд мөргөчихлөө гэж байсан. Мөн машин бариж явсан жолооч маань урдаас нь хурдтай явж байсан машиныг хараад замаас гарж зогсох үйлдэл хийх гэж байх үед ирээд мөргөчихлөө гэж ярисан... 67-44 УНН улсын дугаартай истима маркийн авто машинд сууж явсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/

 

Гэрч Г.Гандуламын  мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би тэр өдөр Сүхбаатар аймгаас Улаанбаатар орхоор “тоёото приус” 20 маркийн мөнгөлөг өнгийн  3028 УНЯ улсын дугаартай автомашинтай явсан юм .Ингээд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дөхөж явтал миний урд явж байсан ногоон өнгийн жижиг тэрэг өөдөөс нь ирж явсан мөнгөлөг өнгөтэй Естима маркийн машиныг урсгал сөрж очоод мөргөчихсөн асуудал гарсан юм. Тухайн үед би 99287219 дугаарын утсаар түргэн тусламжийн 103 утас руу залгаж дуудлага өгсөн юм. 103-аас Жаргалтхаан сумын эмнэлэгийн дугаарыг өгөхөөр нь би дугаарааар нь залгаж дуудлага өгсөн... Миний урд явж байгаад гэнэт л замын эсрэг урсгал руу яваад орчихсон .... гэх мэдүүлэг / хх-ийн 58 тал/

 

Гэрч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай эхнэр тэр өдөр зам тээврийн осол гаргасан асуудлыг мэдэж байгаа, харин эхнэр маань бие муутай даралт ихэсдэг тухайн үед  даралт нь ихсээд ухаан балартсан байж магадгүй гэж би ойлгосон ...осол гарахаас өмнө Улаанбаатарт эмчилгээ хийлгэхээр явж байсан юм. Эхнэр маань 2019 оны 02 дугаар сард ажил дээрээ шатан дээрээс унаад баруун хөлөө хугалсан юм. Ингээд эмнэлэгт үзүүлэх гээд Улаанбаатарт явж байгаад Хэнтий аймагт яаралтай ир ажил гарсан гээд дуудахаар нь Улаанбаатараас Хэнтий аймаг орхоор яаруу гарч яваад ийм асуудал орсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/

 

Гэрч Г.Болдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би  2019 оны 04 дүгээр сарын 26 ны өглөө ажил цуглахад түүнрүү залгахад та санаа зоволтгүй би ажил тарахааас өмнө очно гэж хэлэхээр нь би төрийн сангийнхантай холбогдоорой гэж хэлсэн өөр дахин залгасан асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/

 

Гэрчээр Ц.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу өдөр 13 цаг өнгөрч байхад хөдөлсөн юм. Манай ЗДТГ-ын дарга 17 цагаас өмнө дансанд байгаа байгууллгын захиалсан мөнгийг гаргаж өг гэхээр нь би Улаанбаатар эмнэлэгээр эмчилгээ хийлгэж байгаад орхиод Хэнтий аймаг руу хөдөлсөн юм. Ингээд замдаа Жаргалтхаан дөхөж яваад гэнэт нүд харанхуй оргиод л явчихсан. Тэгээд хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Сэрсэн чинь гар хөндүүрлээд машиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдсан байсан. Өөр юу ч санахгүй байна гэх мэдүүлэг... /хх-ийн 47-48 тал /

 

Хэнтий аймгийн замын Цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэнд:

 1. 09-71 ХЭА улсын дугаартай  “REZZO VI” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон Ц.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлийг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тэврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Ц.Э нь “В” ангиллын №666118 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй байснаа 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ЗТХ-ийн 7.3.1-д заасан зөрчил гаргаж цагдаагийн дэслэгч Э.Будсүрэнд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна...   гэх дүгнэлт /хх-ийн 83-84 тал/,

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 20 –ны өдрийн 40 дугаар шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн:

1. Талийгаачийн цогцост гавлын суурь ясны үйрч бяцарсан хугарал, дух ясны цууралт, нүдний ухархайн гадна дээд ханын цөмөрсөн хугарал, баруун уушигны эдийн няцралт, урагдал, цээжний зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,12–р хавиргануудын шууд хугарал, сээр нурууны 3 дугаар нугалам болон  хүзүүний 6,7-р нугаламуудын их биеийн хугарал, нугасны бүрэн бус тасралт, толгой хуйхны хэсэг болон баруун чамархай булчингйин цус хуралт, духны баруун дээд хэсэг, духны дунд хэсгүүдийн гүн зулгарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний дунд дотор хэсгийн хамарсан гүн язарсан шарх, доод уруулын зүүн хэсгийн язарсан шарх, духны баруун, зүүн хэсэг, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн нүдний доод хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, зүүн шанаа хэсэг, зүүн гарын сарвууны ар дээд хэсгүүүдийн зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гавлын суурь үйрч бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн гадна дээд ханын цөмөрсөн хугарал, баруун уушигны эдийн няцрал, урагдал цээжний зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,12 –р хавирганууд шууд хугарал, сээр нурууны 3-р нугаламын болон хүзүүний 6,7-р нугаламуудын их биеийн хугарал, нугасны бүрэн бус тасрал бүхий гэмтэлүүд нь учрах үедээ амь насанд  аюултай тул хүнд зэргийн, бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 5. Талийгаачийн шинжилгээгээр үхэлд нөлөөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач  нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт /хх-ийн 70-71 тал /

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 30–ны өдрийн 6274 дугаартай: ...1. Г.Энхцэцэгийн биед баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүхийн эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 90 тал/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 796 дугаартай: ... 1.М.Б н биед  цээжний хөндий дэх шингэн хуралтанд /1000 мл/ бүсэлхий нурууны 3-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 11-р хавирга, зүүн 9,11 дүгээр хавирганы далд хугарал, зүүн хавирганы нумаар зүс заслын  шарх, сугны арын шугамаар шарх, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12–т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна .... гэх  дүгнэлт /хх-ийн 96-97 тал/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7739 дугаартай .... 1.Ц.Э-ийн биед зүүн дунд чөмөгт яс, зүүн шуу богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3 Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1 –т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 101-102 тал/

Жолоочийн согтуурах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 147 тал /

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн  бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-11 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн өгсөн: Осол гарах үед хадам аав нас бараад ойрын төрөл садан нийлээд манай нөхрийн машиныг унаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Улаанбаатар хотруу явж байсан би жаахан ядраад, бөөлжөөд, унтаад сэрэхэд осол болсон машин өнхрөөд энэ хүний унаж явсан ногоон машин хөндлөн зогссон, манай ээж газар хэвтсэн байсан, аавыгаа гүйж очоод харахад аав чихэгдчихсэн дуу нь гарахгүй байсан.... ээжрүүгээ гүйж очиход ээж нас барсан байсан. Түргэн тусламж ирээд ээжийг шууд аваад явсан, аав маань ухаантай байсан сумын эмнэлэг дээр ирээд бие нь муудахад өвчтэй 2 хүнээ яаралтай хот  явуулах ёстой гэсэн, энэ хүнийг машинаас нь салгаж авах гэж удсан, энэ хүний талаас хүн ирээд тохиролцоод түргэний тэргээр тээвэрлэсэн... Ээжийн  буяны ажил аавын эмчилгээний зардалд нийт 13.866.505 /арван гурван сая найман зуун жаран зургаан мянга таван зуун таван / төгрөг нэхэмжилсэн, аавын олдог байсан орлого болох 6.500.000 / зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжилж байна. Сүүлд гаргаж өгсөн 110.712 /нэг зуун арван мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг нэмээд нийт 21 сая орчим төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. 

 

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Д.Б-ын өгсөн: Миний эзэмшлийн 6744 УНН улсын дугаартай “toyoto estima” маркийн авто машиныг унаад явах замд  осол аваарт орсон. Тэр өдөр өөрийн төрсөн эцгээ оршуулчихаад явах замдаа  хадам ээжийгээ алдсандаа харамсалтай байна. Миний бие машины үнэ  4 975 000 / дөрвөн сая есөн зуун далан таван мянган/ төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг.

 

Ц.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Миний бие Ц.Э- нь  2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах үедээ осол гаргасан тухайн ослын үеийг санадаггүй. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Осолд орсон цагаасаа тэргэнцэр дээр ч сууж чадаагүй тэргэнцэр дээр сууж байсан бол хохирогчоос уучлалт гуйх байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Э-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, ... үедээ тэврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрахийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Э-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Ц.Э-ээс амь хохирогчийн оршуулгын зардал, бусад хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой гэм хорын хохиролд 13.712.701,04 /арван гурван сая долоон зуун арван хоёр мянга долоон зуун нэг төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, 4.975.000 /дөрвөн сая есэн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад зарим баримтууд давхардсан, тухайлбал и-баримт нь байхад банкны карт уншуулахад хамт гардаг баримт болон падаан буюу тооцооны хуудсыг давхар гаргаж өгсөн тохиолдлууд байна. Үүнээс гадна 21, 49 хоног хураахад гарсан зардлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд зардал гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн. Мөн хохирогч М.Бгийн хувиараа хөдөлмөрийн эрхлээд олж болох байсан боломжит орлого 6.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ял оногдуулах, уг оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасан, хохирогч тал хорих ялыг биеэр эдлүүлэх санал хэлсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хүнд гэмтсэн хэвтэрт байгаа, 9-12 ангийн 2 хүүхэдтэй зэрэг хувийн байдал болон гэм буруугаа хүлээсэн, хохирол барагдуулахаа илэрхийлж байгааг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Э-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндийн хувьд өвчтэй байгаа хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Э-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөө 6б-11 тоотод байрлах 64 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг шүүгдэгч Ц.Э-ийн бусдад учруулсан хохиролыг барагдуулах зорилгоор битүүмжлэлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Э- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Э-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний амь нас хохироох буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч  Ц.Э-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э-г тэнсэгдсэн 5 /тав/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-с амь хохирогчийн оршуулгын зардал, бусад хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой гэм хорын хохиролд 13.712.701,04 /арван гурван сая долоон зуун арван хоёр мянга долоон зуун нэг төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгуулах, 4.975.000 /дөрвөн сая есэн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-д олгуулах, хохирол, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-т энэ тогтоолын 5 дахь заалтад заасан хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлөхийг даалгасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Э-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөө 6б-11 тоотод байрлах Ү-1817004252 тоот улсын бүртгэлтэй 64 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг хохирол барагдуулахад ашиглах зорилгоор хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ц.МӨНХТУЛГА