Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/00183

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/00183

 

 

БТТ-Импекс ХХК-иудын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00874 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч БТТ-Импекс, Улиастай чулуу ХХК, ХоХо ХХК, Би Эн Би ди ХХК-иудын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдох

 

Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг ашиглаж буй газраар дайран өнгөрүүлэхээр хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барилгын ажлыг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.    

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниуд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутгийн Зайсангийн аманд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж, ашигласны төлбөрөө тухай бүр төлж, газар ашиглах эрх, хууль ёсны хүчин төгөлдөр байгаа. Манай компаниудын ашиглаж буй газрыг дайруулан "Их тойрог 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийн хүрээнд 110/220 кв-ын цахилгаан дамжуулах шугам барихаар гүйцэтгэгч компаниар нэхэмжлэгч байгууллагын газарт тулган ЦДАШ-ын тулгуурт цамхаг бариулсан, цаашлаад нэхэмжлэгч байгууллагын газэр дээр барилгын ажил эхлүүлэхээр машин механизмаа байршуулан барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэхэмжлэгч газар ашиглагч манай байгууллагуудад өөрийн албан бичгээр болон Нийслэлийн цагдаагийн газрын албан бичгээр мэдэгдэл хүргүүлж газар чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлэх талаар дарамт шахалт үзүүлж байна.

Барилгын тухай хуулийн 3 дугаар гүйлийн 3.1.4-т заасны дагуу тус газарт баригдахаар төлөвлөж буй 110 квт-ын агаарын цахилгаан дамжуулах шугам нь барилга байгууламжид хамаарч байна. Мөн хуулийн 18.1-д "Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ" Үүнд: 22.1-д зааснаар "техникийн нөхцөл", 23, 25 дугаар зүйлд зааснаар "магадлан дүгнэлт хийгдсэн зураг төсөл", 26.1, 28.5-д зааснаар "барилга байгууламжийг шинээр барих эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг баримт бичиг байхгүй тохиолдолд Барилгын тухай хуулийн 16.2 заалт барилгын угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан. Мөн Дархан цаазат газарт Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д зааснаас өөр "барилга байгууламж" барьж байгуулахаар оролдож байгаа нь мөн хуулийн 12.5-д заасныг зөрчсөн. Дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамыг холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон барилга барих зөвшөөрөл, газар эзэмшиж ашиглах зөвшөөрөлгүйгээр өөрийн дур зоргоор барилгын ажил гүйцэтгэх эхэлж байгаа захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын ОНӨҮГ болон гүйцэтгэгч "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-ийн хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас хуульд заасан хэлбэр, журмын дагуу ашиглаж буй манай компаниудын тухайн газар дээр зориулалтын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй болгож газар ашиглагчийн Газрын тухай хуулийн 35.1.1-д заасан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Иймд захиалагч, хөрөнгө оруулагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ, гүйцэтгэгч "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-ийн "Их тойрог 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийн хүрээнд цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг нэхэмжлэгч байгууллагуудын хууль ёсоор ашиглаж байгаа газраар дайран өнгөрүүлэхээр хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барилгын ажлыг таслан зогсоож, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагч "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...ЭХБУТ нь уг төслийн гүйцэтгэгч бөгөөд захиалагчтай хийсэн гэрээний дагуу л ажиллаж буй тул Захиалагчийн өмнөөс ямар нэгэн шийдвэр гаргах, уг төслийн ажлын ямар нэгэн шатны ажиллагаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэн батлагдсан зураг, трассыг өөрчлөх, энэ талаар шийдвэр гаргах, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхгүй. Өмнөх бүх шатны шүүх дээр хангалттай гаргаж өгснөөс илүү тайлбар нэмэлт нотлох баримтууд бид гаргахгүй. ЭХБУТ ХХК нь гүйцэтгэгч бөгөөд зөвхөн захиалагчтай хийсэн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж, холбогдох эрх зүйн актуудын хүрээнд уг ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх газрын болон бусад зөвшөөрөл авах үүрэг хүлээх, хариуцлага хүлээх субъект нь биш тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай газар нь тухайн төсөл арга хэмжээнд зөвхөн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй оролцож байгаа ба Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь гүйцэтгэгчээр оролцож байна. Нэхэмжлэлд дурдсан ЦДАШ-ын ажил нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэж байгаа нэхэмжлэгч компаниудын энэ мэт үйлдлээс болж уг ажил дуусч, байнгын ашиглалтад өгөх боломжгүй болоод байгаа юм. Дээрх маргаан бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан 2016 оны 03 дугаар сарын 24-ний 2490 тоот захирамжаар болон давж заалдах шатны шүүх 0264 тоот тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нар нь газар ашиглах гэрээг ХУД-ийн ЗДТГ, БОНХАЖЯ-ны Богд Хан-Уулын Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай байгуулсан бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа нь дууссан байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл үйл ажиллагааг явуулаагүй ба нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь ИХШХШТХ-ийн 12.1.4, 65.1.3, 65.1.6-д заасныг зөрчиж гаргасан тул мөн хуулийн 117.1-д заасны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг ашиглаж буй газраар дайран өнгөрүүлэхээр хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барилгын ажлыг таслан зогсоолгохыг хүссэн БТТ-Импекс" ХХК, "Улиастай Чулуу" ХХК, "Хо Хо" ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч "Би Эн Би Ди" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсныг баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Шүүхийн шийдвэрт "...төслийн захиалагч, гүйцэтгэгч байгуулагууд нь эрх бүхий байгууллагуудын өгсөн чиглэлийн дагуу төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дээрх 9 цэгийн байршлаар гүйцэтгэнэ гэж тайлбарлаж байгаа нь хариуцагч нар нь энэхүү эрхийг олгосон захиргааны акт нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд төслийн ажлыг тухайн олгогдсон цэгийн байршлаар гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй юм" гэжээ. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ" 16 дугаар зүйлийн 16.2 заалт барилгын угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгчид хариуцагч нар барилгын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж "эрх бүхий байгууллагийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлээд байна гэж маргаж байгаа.

Барилгын тухай хуулийн 4.1.11-д "барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан. Үзлэгээр "Хо Хо" ХХК-ийн газарт "цахилгааны тулгуурт цамхгийн нүх ухсан байсан" нөхцөл нь тогтоогдсон. Иймд тус нүх ухсан нь барилгын ажил гүйцэтгэсэн гэж үзнэ. Харин шүүх түүнийг үнэлэхдээ "Хо Хо" ХХК-ийн газарт 2015 онд нүх ухсан байв ...үүнийг анхны батлагдсан зургийн дагуу ухсан" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Үзлэгээр "Хо Хо" ХХК-ийн газарт ухагдсан нүхний ертөнцийн зүгээр урд хэсэгт тулгуурт цамхаг баригдсан байсан нөхцөл гэрэл зургаар тогтоогдоно. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар "хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар"-аас гаргаж өгсөн "110 кв-ын Их тойрог ЦДАШ-ын 2 дугаар хэсэг Зуунмодны авто замаас "Зайсан" дэд станц хүртэлх хэсэг" гэсэн зураг дээр "Хуучин буюу батлагдсан зургийн цамхаг байрлуулах цэг нь өмнө хэсэгт харин хариуцагч нарийн дээрх зургаа зөрчиж цамхаг барих талбай бэлтгэн нүх ухсан сүүлд "БОАЖЯ"-ны төрийн нарийн бичгийн даргын албан бичигт тусгуулсан цэг нь "хуучин цэгийн" ертөнцийн зүгээр хойд хэсэгт байгаагаар тодорхойлогдоно. Иймд "Хо Хо" ХХК-ийн газарт ухагдсан нүх хуучин зургийн дагуу" гэх дүгнэлт үндэслэлгүй юм.

...Барилгын хуульд зааснаар "Их тойрог" 110 кВт-ын ЦДАШ-ын зураг төслийг тус зургийг зохиогч "Электропроект сеть" ХХК зөвшөөрч өөрлөлт оруулж гүйцэтгэлийн зураг хийгдэж, үүнийг Барилгын хөгжлийн төв магадлан дүгнэлт хийж түүний дагуу Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг "Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар" Барилгын ажил эхлэх, үргэлжүүлэх" зөвшөөрөл олгосны үед "эрх бүхий байгууллагаас ааргасан хүчин төгөлдер шийдвэр" гэж үзнэ. Харин БОАЖЯ-ын төрийн нарийн бичгийн даргын Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргад хандсан "чиглэл" "албан бичиг" нь барилгын хуульд зааснаар барилгын гүйцэтгэгч буюу хариуцагч нарын шууд хэрэгжүүлэх үүрэг бүхий баримт бичиг биш юм. Иймд Барилгын хуулийн дээрх заалтуудыг хэрэглэлгүйгээр "гүйцэтгэгч нарын үйлдэл"-ийг хууль ёсны гэж дүгнэж нэхэмжлэгчдийг Иргэний хуулийн 92.1-д зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Би Эн Би Ди ХХК, Улиастай чулуу ХХК, ХоХо ХХК, БТТ-Импекс ХХК-иуд нь Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-д болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2016/01453 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд БТТ-Импекс ХХК-ийн төлөөлөгчийг огт оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтыг болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

 

Анхан шатны шүүх БТТ-Импекс ХХК-ийн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалыг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлж болно гэж заасан бөгөөд БТТ-Импекс ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн төлөөлөх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХоХо ХХК, Улиастай чулуу ХХК, БТТ-Импекс ХХК-иуд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ