Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2016/00874

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Ди эйч эл ХХК-ийн байр, 3 давхар, /РД:5426006/, “Би Эн Би Ди” ХХК,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам-д байрлах, /РД:2665557/, “БТТ-Импекс” ХХК,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-04 тоотод байрлах, /РД:5233739/, “Улиастай Чулуу” ХХК,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Континентал ХХК-ийн 510 тоотод байрлах, /РД:5093848/, “Хо Хо” ХХК-иудын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ажилчны гудамж, өөрийн байр, /РД:2555913/, “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Ц.Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр, Хангарди ордон, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг ашиглаж буй газраар дайран өнгөрүүлэхээр хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барилгын ажлыг таслан зогсоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал, нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нэр бүхий компаниуд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутгийн Зайсангийн аманд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж, ашигласны төлбөрөө тухай бүр төлж, газар ашиглах эрх, хууль ёсны хүчин төгөлдөр байгаа. Тухайн газар, бүс нутаг нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын хилийн бүсэд багтдаг тул тусгай хамгаалалтын дэглэм үйлчилнэ. Тиймээс газар ашиглагч компаниуд нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36.1, 36.3-д заасны дагуу зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулахаар тодорхой барилгын ажлууд хийж эхэлсэн, зарим байгууллагууд нь хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Манай компаниудын ашиглаж буй газрыг дайруулан “Их тойрог 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийн хүрээнд 110/220 кв-ын цахилгаан дамжуулах шугам барихаар гүйцэтгэгч компаниар нэхэмжлэгч байгууллагын газарт тулган ЦДАШ-ын тулгуурт цамхаг бариулсан, цаашлаад нэхэмжлэгч байгууллагын газар дээр барилгын ажил эхлүүлэхээр машин механизмаа байршуулан барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэхэмжлэгч газар ашиглагч манай байгууллагуудад өөрийн албан бичгээр болон Нийслэлийн цагдаагийн газрын албан бичгээр мэдэгдэл хүргүүлж газар чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлэх талаар дарамт шахалт үзүүлж байна. Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “барилга байгууламж” гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг” гэж заасны дагуу тус газарт баригдахаар төлөвлөж буй 110 квт-ын агаарын цахилгаан дамжуулах шугам нь барилга байгууламжид хамаарч байна. Барилгын тухай хуулийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ” Үүнд: 22.1-д зааснаар “техникийн нөхцөл”, 23, 25дугаар зүйлд зааснаар “магадлан дүгнэлт хийгдсэн зураг төсөл”, 26.1, 28.5-д зааснаар “барилга байгууламжийг шинээр барих эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг баримт бичиг байхгүй тохиолдолд Барилгын тухай хуулийн 16.2 заалт барилгын угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан. Мөн Дархан цаазат газарт Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа явуулж болно.” Үүнд: 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж зааснаас өөр “барилга байгууламж” барьж байгуулахаар оролдож байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.5-д ”энэ хуулийн 11.7-д зааснаас өөр барилга байгууламж барих”-ыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамыг холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон барилга барих зөвшөөрөл, газар эзэмшиж ашиглах зөвшөөрөлгүйгээр өөрийн дур зоргоор барилгын ажил гүйцэтгэх эхэлж байгаа захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын ОНӨҮГ болон гүйцэтгэгч “Эрчим хүчний барилга угсралтын  трест” ХХК-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас хуульд заасан хэлбэр, журмын дагуу ашиглаж буй манай компаниудын тухайн газар дээр зориулалтын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй болгож газар ашиглагчийн Газрын тухай хуулийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Иймд захиалагч, хөрөнгө оруулагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ, гүйцэтгэгч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-ийн “Их тойрог 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийн хүрээнд цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг нэхэмжлэгч байгууллагуудын хууль ёсоор ашиглаж байгаа газраар дайран өнгөрүүлэхээр хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барилгын ажлыг таслан зогсоож, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оноос эхлэн “Эс Девелопмент” ХХК-ийн “ЭХБУТрест” ХХК-д холбогдуулан бүх шатны шүүхэд, тус компанийн Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газрын захиалгаар хийж буй Улаанбаатар хотын 220 кв-ын Сонгино дэд станцаас 110кв-ын Зайсан дэд станц хүртлэх 50 км 2 хэлхээт ЦДАШ-ын ажлын барилга угсралтын ажлыг зогсоох тухай нэхэмжпэл гаргаж өнөөдрийг хүрсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 00194 тоот тогтоолоор уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа. Гэтэл дахин энэ асуудлаар “Би Эн Би Ди” ХХК, “БТТ-Импекс” ХХК, “Улиастай тулуу” ХХК, “Хо Хо” ХХК-иуд уг ажлыг зогсоолгох тухай нэхэмжлэх шүүхэд гаргажээ. Иймд одоо болох, анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэх тус компанийн Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар хийж буй Улаанбаатар хотын 220кв-ын Сонгино дэд станцаас 110 кв-ын Зайсан дэд станц хүртлэх 110кв-ын 50 км 2 хэлхээт ЦДАШ-ын ажлын барилга угсралтын ажлыг зогсоох тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ямар ч нэмэлт баримт нотолгоо гаргасан байсан ч бид дараахи үндэслэлүүдээр оролцох сонирхолгүйгээ илэрхийлж байна. Үүнд: ЭХБУТ нь уг төслийн Гүйцэтгэгч бөгөөд Захиалагчтай хийсэн гэрээний дагуу л ажиллаж буй тул Захиалагчийн өмнөөс ямар нэгэн шийдвэр гаргах, уг төслийн ажлын ямар нэгэн шатны ажиллагаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэн батлагдсан зураг, трассыг өөрчлөх, энэ талаар шийдвэр гаргах, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхгүй. Өмнөх бүх шатны шүүх дээр хангалттай гаргаж өгснөөс илүү тайлбар нэмэлт нотлох баримтууд бид гаргахгүй. ЭХБУТ ХХК нь Гүйцэтгэгч бөгөөд зөвхөн Захиалагчтай хийсэн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа тул Монгол Улсын Барилгын тухай хуулийн 15-р зүйл барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн эрх, үүрэгт заасны дагуу холбогдох эрх зүйн актуудын хүрээнд уг ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх газрын болон бусад зөвшөөрөл авах үүрэг хүлээх, хариуцлага хүлээх субъект нь биш тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орлцохгүй гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламжийн ажилд барилгын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Их тойрог 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам төслийн ажил нь гэр хорооллын нийт 124 900 айл өрхийн 40% буюу 49 960 айл өрхийг халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45% буюу 56 205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах, шинээр баригдах Ү цахилгаан станцын эрчим хүчийг түгээх гол шугам зэрэг ач холбогдолтой. Манай газар нь тухайн төсөл арга хэмжээнд зөвхөн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй оролцож байгаа ба Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь гүйцэтгэгчээр оролцож байна. Нэхэмжлэлд дурдсан ЦДАШ-ын ажил нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэж байгаа нэхэмжлэгч компаниудын энэ мэт үйлдлээс болж уг ажил дуусч, байнгын ашиглалтад өгөх боломжгүй болоод байгаа юм. Дээрх маргаан бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан 2016 оны 03 дугаар сарын 24-ний 2490 тоот захирамжаар болон давж заалдах шатны шүүх 0264 тоот тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нар нь газар ашиглах гэрээг ХУД-ийн ЗДТГ, БОНХАЖЯ-ны Богд Хан-Уулын Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай байгуулсан бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа нь дууссан байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл үйл ажиллагааг явуулаагүй ба нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь ИХШХШТХ-ийн 12.1.4, 65.1.3, 65.1.6-д заасныг зөрчиж гаргасан тул мөн хуулийн 117.1-д заасны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Би Эн Би Ди” ХХК, “БТТ-Импекс” ХХК, “Улиастай Чулуу” ХХК, “Хо Хо” ХХК-иудын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг ашиглаж буй газраар дайран өнгөрүүлэхээр хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барилгын ажлыг таслан зогсоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

 

Шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал нь эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Иргэний хуулийн 9.4.2, 92.1-д заасны дагуу хамгаалуулж, хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барилгын ажлыг таслан зогсоолгоно гэж тайлбарлав.

 

Хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь төслийн Гүйцэтгэгч бөгөөд Захиалагчтай хийсэн гэрээний дагуу  ажиллаж буй тул Захиалагчийн өмнөөс ямар нэгэн шийдвэр гаргах, уг төслийн ажлын ямар нэгэн шатны ажиллагаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэн батлагдсан зураг, трассыг өөрчлөх, энэ талаар шийдвэр гаргах эрхгүй гэж маргаж байна.

 

Харин хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламжийн ажилд барилгын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй оролцож байгаа, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл үйл ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэл нь ИХШХШТХ-ийн 12.1.4, 65.1.3, 65.1.6-д заасныг зөрчиж гаргасан тул 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж мэтгэлцэв.

 

Улаанбаатар хотын ерөнхий цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “Их тойрог” төслийн хүрээнд 220/110/35 кв-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 квт-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын Зайсангийн ам орчмын хэсгийн трассын ажлыг гүйцэтгэх хувилбар төслийг “ЭлекторСеть проект” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 40/16 тоот албан бичгээр хүргүүлжээ.

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/3918 дугаар албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Зайсан орчмын трасст 9 цэгийн байршлыг тодорхойлж эцэслэн хүргүүлсэн байна.

 

Энэхүү 9 цэгийн байршлын дагуу захиалагч, хөрөнгө оруулагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ, гүйцэтгэгч “Эрчим хүчний барилга угсралтын тресст” ХК нь барилгын ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээн тогтоосноор иргэний эрхийг хамгаалагдах талаар 9.4.2-т зохицуулжээ.

 

Их тойрог 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийн хүрээнд гүйцэтгэгч компаниар нэхэмжлэгч байгууллагын газарт тулган ЦДАШ-ын тулгуурт цамхаг бариулсан, нэхэмжлэгч байгууллагын газар дээр барилгын ажил эхлүүлэхээр машин механизм байршуулан барилгын ажил эхлэхэд бэлэн болсон, “Хо Хо” ХХК-ийн эзэмшил газар дээр тулгуурт цамхагаа барилгын зөвшөөрөлгүй, зураггүйгээр цамхаг байрлуулахаар нүх ухсан нь эрх зөрчсөн үйлдэл гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр уг газарт үзлэг хийхэд хариуцагч байгууллагын машин механизм байршуулсан байдал тогтоогдохгүй, “Хо Хо” ХХК-ийн эзэмшил газарт тулгуурт баганын 2015 онд ухагдсан нүх байв.

 

Тухайн трассыг нэхэмжлэгч компаниудын газраар дайран өнгөрүүлэхээр хийж гүйцэтгэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/3918 тоот албан бичгийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ирүүлсэн байх бөгөөд дээрх “Хо Хо” ХХК-ийн газарт нүхийг анхны батлагдсан зургийн дагуу ухсаныг энэхүү албан бичгийн дагуу нэхэмжлэгч нарын эзэмшил газраар хэрэгжүүлж, эрхийг зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Түүнчлэн төслийн захиалагч, гүйцэтгэгч байгуулагууд нь эрх бүхий байгууллагын өгсөн чиглэлийн дагуу төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дээрх 9 цэгийн байршлаар гүйцэтгэнэ гэж тайлбарлаж байгаа нь хариуцагч нар нь энэхүү эрхийг олгосон захиргааны акт нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд төслийн ажлыг тухайн олгогдсон цэгийн байршлаар гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хуулийн энэхүү заалтаар эрх зөрчигдсөн байхыг шаардах бөгөөд зөрчигдсөн тохиолдолд зөрчихөөс өмнөх байдлыг сэргээн тогтоолгох юм.

 

Гэтэл эрх бүхий этгээдээс олгосон байршлын дагуу нэхэмжлэгч нарын газраар дайран өнгөрүүлэхээр хийгдэх гэж байгаа төслийн 4 тулгуурт цамхагийн ажлыг эрх зөрчсөн үндэслэлээр захиалагч, гүйцэтгэгч байгууллагаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрхээ хамгаалуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “шударга эзэмшигчдийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Энэхүү хуулийн заалтын зохицуулалт нь газар эзэмшигч, ашиглагч нь хууль ёсных байх, эрх зөрчигч нь газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байх нөхцөл зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой буюу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн зохицуулалт юм.

 

Тухайн тохиолдолд хариуцагч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ нь төслийн ажлыг гүйцэтгэх, хэрэгжиж буй барилгын ажилд барилгын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үүргийг гэрээний дагуу гүйцэтгэж байгааг хууль бус гэж үзэхгүй тул нэхэмжлэгч байгууллагууд нь дээрх хуулийн зохицуулалтаар шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Би Эн Би Ди” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар батлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч 4 компаниас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.800 төгрөгийг /тус бүр 70.200 төгрөг/ улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг ашиглаж буй газраар дайран өнгөрүүлэхээр хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барилгын ажлыг таслан зогсоолгохыг хүссэн “БТТ-Импекс” ХХК, “Улиастай Чулуу” ХХК, “Хо Хо” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Би Эн Би Ди” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ