Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/00182

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/00182

 

 

 Б.Бадамхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21ий өдрийн 513 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бадамхандын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Пүрэвсүрэнд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 64 005 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн

Хариуцагч Н.Пүрэвсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Пүрэвсүрэнтэй 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 13 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2208002571 дугаартай, Н.Пүрэвсүрэн, Б.Амарсайхан, Х.Оюунбаяр нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Уг гэрээнээс хойш дахин 4 удаа нэмж зээл авсан бөгөөд тухай бүрт нь зээлийн гэрээг байгуулсан.

2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3 сарын сунгалттай, нийт 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд тус гэрээний үндсэн төлбөр 6 000 000 төгрөг, 6 сарын хүү 2 880 000 төгрөг, алданги 4 440 000 төгрөг, нийт 13 320 000 төгрөг,

2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 800 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 6 сарын сунгалттай, нийт 9 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн ба үндсэн зээл 2 800 000 төгрөг, 9 сарын хүү 2 520 000 төгрөг, алданги 2 660 000 төгрөг нийт 7 980 000 төгрөг,

2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 6 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 сарын сунгалттай, нийт 11 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж үндсэн зээл 6 500 000 төгрөг, 11 сарын хүү 7 150 000 төгрөг, алданги 6 825 000 төгрөг нийт 20 475 000 төгрөг,

 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 300 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 сарын сунгалттай, нийт 9 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлээд үндсэн зээл 2 300 000 төгрөг, 9 сарын хүү 2 070 000 төгрөг, алданги 2 185 000 төгрөг, нийт 6 555 000 төгрөг,

 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 сарын сунгалттай нийт 9 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд үндсэн зээл 5 500 000 төгрөг, 9 сарын хүү 4 950 000 төгрөг, алданги 5 225 000 төгрөг, нийт 15 675 000 төгрөг болсон байна. Иймд 5 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 64 005 000 төгрөгийг Н.Пүрэвсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би дээрх зээлүүдийг авсан нь үнэн. Пүрэвсүрэн гэдэг хүүхэнтэй хамт яваад авсан. Миний авсан мөнгөнөөс Пүрэвсүрэн 14 500 000 төгрөгийг нь авч Солонгос яваад зээл, хүүг бүгдийг төлнө гэхээр нь итгээд өгсөн. Пүрэвсүрэн, Бадамханд нар хоорондоо ярилцаж байгаад алданги тооцохоор тохиролцсон байсан, би одоо алданги төлж чадахгүй надад ийм их мөнгө төлнө гэдэг үнэхээр хэцүү байна. Пүрэвсүрэн намайг Бадамханд дээр дагуулж очоод энэ зээлийн гэрээнүүд дээр гарын үсэг зуруулж мөнгийг нь хувааж авч байсан. Иймээс зээлийн хүүг багасгаж, алданги тооцохгүйгээр 34 500 000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Их тугч овогт Нямаагийн Пүрэвсүрэнгээс 49 867 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Балдандаваагийн Бадамхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 137 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бадамхандаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Пүрэвсүрэнгээс 49 867 500 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 407 287 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамхандад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн гэрээний хүүг шүүх буруу тооцоолсон байна. Талуудын хооронд нийт 5 зээлийн гэрээ байгуулсан ба зээл тус бүрийн үүргийг үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг тооцож гаргавал нийт 5 гэрээний үүрэгт 41 080 000 төгрөгийн үүрэг үүсч байна. Гэтэл шүүхийн 49 867 500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг баримтлан 5 хувиар тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд дээрх 5 гэрээний хүүгийн нийлбэрийг 10 хувиар тооцвол 6 930 000 төгрөг болж байгаа. Хэрэв зээлийн хүүг 5 хувиар тооцвол 3 465 000 төгрөг болно. Өөрөө хэлбэл, зээлийн гэрээний нийт үүрэг 41 080 000 төгрөгөөс багасгасан хүү 3 465 000 төгрөг хасагдаж, 37 615 000 төгрөгийг үүрэг үүснэ.

Иргэд хоорондын зээлийн гэрээний хүү зээлийн гэрээнд заасан хугацаагаар тооцогдох бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ хугацаа 3 cap байхад 6, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний хүү 3 cap байхад 9, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээний хүү 3 cap байхад 11, 2014 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний хүү 3 cap байхад 9, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээний хүү 3 cap байхад 9 сараар тус тус тооцсон нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний арын тэмдэглэгээ нь миний хүсэл зоригийн илэрхийлэл биш, гэрээг сунгаагүй бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь 2 талын гарын үсгээр баталгаажсан, хүсэл зоригийн илэрхийлэл байж хүчин төгөлдөр байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нь нэхэмжлэгчид 2 222 000 төгрөгийг дансаар төлсөн нь баримтаар тогтоогддог ба шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн зээлийн хүүнд төлсөн 2 222 000 төгрөгийг хасаагүй болохыг дурдаж..." гэж дүгнэсэн байна. Миний бие нэхэмжлэгчид хандив өгөөгүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зориулж 2 222 000 төгрөгийг төлсөн. Миний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн мөнгийг яагаад хасаагүй шалтгааныг дурдаагүй нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д "Хүүгээс анз тооцохгүй" гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрт хүүгээс анз тооцсон нь үндэслэлгүй байна. Тухайлбал, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 6 000 000 байхад алданги 3 900 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг 2 800 000 байхад алданги 2 030 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ үндсэн зээл 6 500 000 байхад алданги 5 037 500 төгрөг, 2014 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг 2 300 000 байхад алданги 1 667 500 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг 5 500 000 төгрөг байхад алданги 3 987 500 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, уг зээлсэн мөнгийг П.Пүрэвсүрэнд өгснийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Миний бие П.Пүрэвсүрэнд залилуулж, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж бөгөөд зээлийн маргаантай шууд холбоотой ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид зээлийн гэрээний хүүг багасгасан шүүхийн шийдвэрт маргаагүй, харин зээлийн гэрээний хугацааг сунгаж хүүг тооцож, мөн хүүгээс алданги тооцсон нь үндэслэлгүй гэж маргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бадамханд нь хариуцагч Н.Пүрэвсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 64 005 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 34 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 5 удаагийн Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Бадамханд нь зээлдэгч Н.Пүрэвсүрэнд нийт 23 100 000 төгрөгийг зээлдүүлж, гэрээ тус бүрээр зээлийг эргэн төлөх хугацаа, хүү, алдангийг тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Зээлдэгч Н.Пүрэвсүрэн зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлдүүлэгч Б.Бадамхандаас 5 удаагийн зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлж авсан үйл баримтын талаар маргаагүй зэргээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд зээлдүүлэгч Б.Бадамханд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч Н.Пүрэвсүрэнгээс шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний нөхцөл, зээлдэгчийн хувийн байдал, зээл эргэн төлөгдөх боломж, нөхцлийг харгалзан зээлийн хүүг 5 хувиар багасгаж тооцсон нь хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт нийцсэн байх бөгөөд Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний дагуу хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн төлөх алдангийн хэмжээг хэргийн дээр дурьдсан нөхцөл байдлыг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тооцсон 16 622 500 төгрөгийн 50 хувиар тооцох нь зээлдүүлэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохирол учруулахгүй гэж үзлээ. Иймд шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн ард тухайн гэрээг сунгасан талаар тэмдэглэгдсэн, талуудын гарын үсэг зурагдсан байх тул зээлийн гэрээг сунгаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Харин зээлийн хүүд 2 222 000 төгрөг төлсөн гэх тайлбар нь баримтаар /хэргийн 86-89 дүгээр тал/ нотлогдож байхад анхан шатны шүүх 2 222 000 төгрөгийг хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн зээлийн гэрээний дагуу төлөх үүргээс хасч тооцоогүй нь буруу байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэртээ хуулийн нэрийг Тэмдэгтийн хураамжийн хууль гэж буруу тусгасныг зөвтгөх нь зүйтэй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх боловч нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Пүрэвсүрэнгээс 5 удаагийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд нийт 23 100 000 төгрөг, зээлийн хүүд 10 145 000 төгрөг, алдангид нийт 8 311 250 төгрөг нийт 41 556 250 төгрөг төлөхөөс төлсөн 2 222 000 төгрөгийг хасч хариуцагчаас 39 334 250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бадамхандад олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 232.4 гэсний дараа 232.8 гэж нэмж, 49 867 500 гэснийг 39 334 250 гэж, 14 137 500 гэснийг 10 533 250 гэж,

2 дах заалтад Тэмдэгтийн гэсний өмнө Улсын гэж нэмж, 407 287 гэснийг 354 621 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн төлсөн 407 287 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ