Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 624

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Үүрцайхад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

                                           

          Прокурор С.Мөнхгэрэл,                                        

          Ялтан Х.Үүрцайх /онлайн/, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

          Иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбат, түүний өмгөөлөгч Ц.Хувцагаан,

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Үүрцайх, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, иргэний нэхэмжлэгч/хариуцагч/ А.Баярбат, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Үүрцайхад холбогдох эрүүгийн 2015 2500 00002 дугаартай хэргийг 2016 оны 9 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тайж овгийн Хадбаатарын Үүрцайх, 1993 оны 8 дугаар сарын 19-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос, ноолуурын үйлдвэр урлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 5 дугаар гудамж, 1271 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 1 дүгээр гудамжны 1889 тоотод оршин суух,

2010 оны 5 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2012 оны 2 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, нийт эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 2 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:НД93081912/,

 

Х.Үүрцайх нь шунахай сэдэлттэй давтан үйлдлээр:

1. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 2-208 тоотод оршин суух Ц.Сандагдоржийн байшинд нэвтэрч зөөврийн компьютер, камер, ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.310.000 төгрөгийн,

2. 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын задгайд байрлах Б.Батцэцэгийн байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн болон гуулин аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг хулгайлж 742.000 төгрөгийн,

3. 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгайд байрлах З.Энхцэцэгийн байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга, савхны тавиур, уур нүдүүр зэрэг эд зүйлийг хулгайлж 3.585.000 төгрөгийн,

4. 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн ам зуслангийн задгайд байрлах Ц.Дөлбадрахын байшинд нэвтэрч мөнгө, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлж 1.047.980 төгрөгийн,

5. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгайд байрлах Ш.Пүрэвсүрэнгийн байшинд нэвтэрч зургийн аппарат хулгайлж 520.000 төгрөгийн,

6. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн ам зуслангийн задгайд байрлах Ш.Ууганбаярын байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга, мөнгөн бүс, алтан ээмэг, ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлийг хулгайлж 3.095.000 төгрөгийн,

7. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 198 тоотод байрлах М.Дамдинсүрэнгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 373.000 төгрөгийн,

8. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 208 тоотод байрлах Б.Галрагчаагийн байшинд нэвтэрч мөнгө, хөөрөг, ээмэг, бөгж, кулон, хавчаар зэрэг эд зүйлийг хулгайлж 24.228.000 төгрөгийн,

9. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн задгайд байрлах В.Алтанцэцэгийн байшинд нэвтэрч алтан бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 1.950.000 төгрөгийн,

10. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн задгайд байрлах Ч.Жүгдэрдэмидийн байшинд нэвтэрч хөөрөг хулгайлж 380.000 төгрөгийн,

11. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн задгайд байрлах Ц.Оюунцэцэгийн байшинд нэвтэрч зөөврийн компьютер, мөнгөн аяга, гар утас, цаг зэрэг эд зүйлийг хулгайлж 480.000 төгрөгийн, 

12. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зуслангийн задгайд байрлах Д.Энхболдын байшинд нэвтэрч зургийн аппарат, I Pad зэрэг эд зүйлийг хулгайлж 1.000.000 төгрөгийн,

13. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 5-123а тоотод оршин суух Д.Цэцгээгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 1.375.000 төгрөгийн,

14. 2014 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 54-330 тоотод оршин суух П.Өлзийсайханы байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 580.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, нийт 40.665.980 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Үүрцайхын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Үүрцайхыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Х.Үүрцайхыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Х.Үүрцайхын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Х.Үүрцайх 565 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн бариултай отвёртка, 1 ширхэг никель төмөр зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Үүрцайхаас нийт 14.880.980 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Сандагдоржид 1.310.000 төгрөг, хохирогч Б.Батцэцэгт 742.000 төгрөг, хохирогч Ч.Дөлбадрахад 1.047.980 төгрөг, хохирогч Ш.Ууганбаярт 3.095.000 төгрөг, хохирогч М.Дамдинсүрэнд 373.000 төгрөг, хохирогч Б.Галрагчаад 2.228.000 төгрөг, хохирогч В.Алтанцэцэгт 1.950.000 төгрөг, хохирогч Ч.Жүгдэрдэмидэд 380.000 төгрөг, хохирогч Д.Цэцгээд 1.375.000 төгрөг, хохирогч Ц.Оюунцэцэгт 480.000 төгрөг, хохирогч Д.Энхболдод 1.000.000 төгрөг, хохирогч П.Өлзийсайханд 580.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Наранбаярт 120.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбатад 200.000 төгрөгийг тус тус олгож, Х.Үүрцайх нь хохирогч З.Энхцэцэг, Ш.Пүрэвдорж нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч (нэхэмжлэгч) А.Баярбатаас нийт 15.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Галрагчаад олгож  тус тус шийдвэрлэжээ.

 

Ялтан Х.Үүрцайх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний хувьд хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Хэрэг үүсгэж шалгагдаад эхэлсэн тэр мөчөөс л үнэнээ хэлж, хэргээ хүлээсэн. Гэтэл хэргээ хүлээсэн бүх үйлдэл нь тогтоогдсон ямар нэг байдлаар хэрэгт хамааралгүй гэх нотлох баримт байхгүй гэж зэргээр прокурор, цагдаагийн байгууллага энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн гэтэл шүүх байгууллага хоёр удаа мөрдөн байцаалтад буцаасан. Учир нь үнэлгээ хэт өндөр гарсан, дахин үнэлгээ хийлгэж хохирлыг бодит, эргэлзээгүй байдлаар гаргаж, хэрэв зүйл анги буурах үндэслэлтэй бол зүйл ангийн өөрчилж ял сонсгох бүрэн үндэслэлтэй мөн зарим нэг үнэт эдлэл хохирогчид байсан гэх, мөн яг шүр мөн гэх нотлох баримт хангалтгүй байна зэргээр шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл прокурор, цагдаагийн байгууллага хэт нэг талыг баримталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан зүйлчлэлээс буурах үед ямар нэг арга саам хэрэглэн буцааж хэвээр нь явуулсан. Яг үнэлгээ үнэн зөвөөр гарч хохирлын хэмжээ буурах үед өөр эд зүйлийн үнэлгээг нэмж буцаан онц хүнд гэмт хэрэгтэн болгодог. Шүүхээс өгсөн үүрэг даалгаврыг бүрэн гүйцэд биелүүлдэггүй. Энэ нь намайг хэт яллах талыг баримталж, өндөр ял оноох гэсэн прокурор, цагдаагийн байгууллагын хүсэл. Гэтэл би хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Надад энэ хэргээс бултах гэсэн санаа огт байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж ухаарч байгаа. Та бүхэн ойлгоорой. Би ялаас зугтах гээгүй хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Одоо би 23 нас хүрсэн. Өмнө нь ингээд явж байвал болох юм байна гэж бодож байсан. Тэр ахархан бодолтой, зөвхөн өөрийгөө бодож явсан 20 настай залуу байхаа нэгэнт больсон. Одоо би аав болсон. Хүүгээ сайн хүн болгож, эцэг хүн ямар байх ёстой тэр бүхнийг ухаарч ойлгож байна. Мөн 2 дүүдээ ах хүний хувиар амьдралд нь тус дэм болж үүргээ ухамсарлаж амьдрах итгэл дүүрэн сайн ах байхыг хүсэж байна. Иймд давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлахгүй үнэн зөв, бодит байдлыг харж хэргийг шийдэж өгнө үү...” гэв.

Ялтан Х.Үүрцайхын өмгөөлөгч Д.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хохирогч Б.Галрагчаагийн хөөргөнд үнэлгээ хийсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 540 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн тавдугаарт “Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 140 дугаартай тушаалын 1.2 дугаар хавсралтыг үндэслэн тооцоог хийв” гэжээ. Энэ тушаал нь нийтээр дагаж мөрдөх шинжтэй бөгөөд захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.5.4 дэх хэсэгт “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр болсон шийдвэрийг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn цахим хуудас/ болон баталсан байгууллагын цахим хуудсанд тус тус байршуулна” гэж заажээ. Гэтэл дээрх тушаал нь www.legalinfo.mn цахим хуудас болон тушаал гаргасан байгууллагын цахим хуудсанд байхгүй байна. Иймд хууль бус журмын дагуу явагдсан хөөрөгний үнэлгээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч/ А.Баярбатын өмгөөлөгч М.Хувцагаан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна. Учир нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаарт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Баярбатаас 15.400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Галрагчаад өгөхөөр заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би уг хөөргийг алтан нуухтай, шүрэн толгойны хамт аваагүй, Х.Үүрцайх нь “бас нэг ийм юм байна” гээд гартаам судалтай манан хөөрөг гаргаж ирээд би толгойнх нь алтыг авах гэж байгаад толгойг нь хагалчихлаа гээд гаргаж ирсэн. Би хөөргийг нь үзэж байгаад “хагархай хөөрөг байна, авахгүй” гэтэл “би ломбардандаа хямдхан авсан юм аа, та авчихгүй юу” гээд байхаар нь 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл 2015 оны 1 дүгээр сарын 10-ны орчим байх нөгөө надад алт, мөнгө, хөөрөг зарсан залуу цагдаагийн хүмүүстэй хамт ирсэн.

Би иргэн Галрагчаагийн манан хөөргийг шүрэн толгойны хамт аваагүй. Харин Х.Үүрцайхад уг толгойг эргүүлээд өгсөн, тэрээр аваад явсан, орхиод явсан эсэхийг санахгүй байна. Шүрэн толгойг лангууны ойр орчим тавьсан эсвэл хуучин сольсон толгойнууд хийдэг аяга зэрэгтээ анзааралгүй хийсэн байж магадгүй “үзэж өгье” гэж Галрагчаад хэлсэн. Тэгээд юмандаа үзсэн чинь уг толгой нь байхгүй байсан. Эхнэрээсээ бас “хөөрөгний толгой лангуу орчмоор байсан, унасан байсан эсэх” зэргийг асууж байснаа Галрагчаад хэлсэн. Би шүр биш гэж ойлгосон учраас нэг их тоолгүй орхисон юм. Хагарсан байсан хөөрөгний толгойг надад хөөрөг зарсан залуу буюу Х.Үүрцайх нь буцаагаад аваад явсан эсэх, надад орхисон эсэхийг сайн санахгүй байна” гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн.

Гэтэл шүүх намайг хохирогч Галрагчаад хөөрөгний шүрэн толгойн оронд “даваа” толгой санал болгож байсан. Мөн олон салаа утгатай үг хэлж байсан. Мөн гэрч П.Бямбаа гэхчид хөөрөгний толгойг шүр мөн эсэхийг таниулахаар үзүүлээд буцаагаад өөрөө авч явсан гэж намайг буруутгалаа. Би анх удаа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө уг толгойг аваагүй, харин Х.ХҮүрцайхад уг толгойг эргүүлээд өгсөн, тэрээр аваад явсан, орхиод явсан эсэхийг санахгүй байна. Орхиод явсан бол эхнэрээсээ хөөрөгний толгой лангуу орчмоор байсан, унасан эсэхийг асуусан болохоос биш уг толгойг би аваагүй. Учир нь хагархай, шүр биш гэж ойлгосон. Даваа толгой хийж өгье гэж хэлсэн нь үнэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэвэл тэр хүнд эр хүний гүндүүгүй сэтгэлээр өөрт байгаа зүйл, өөрийн боломжоороо туслъя гэж бодож хэлсэн үгийг Х.Үүрцайх, мөрдөн байцаагч, прокурор, хохирогч, шүүгч нар зөвхөн нэг талыг барьж архаг давтан хулгайчийн үгийг туйлын үнэн мэтээр дүгнэж өдөр тутмын амьдралаа залгуулж, ар гэрээ авч явдаг жирийн нэг ажилчин хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулж, дааж давашгүй өрөнд орууллаа. Би 20 хэдэн жил ажиллахдаа шүр гэдгийг ялгаж таньдаг гэж боддог боловч Х.Үүрцайхын хагархай толгойг шүр эсэхэд эргэлзсэн учраас Бямбаа гуайд үзүүлэхэд шүр биш уулын марз гэж хэлсэн учраас би аваагүй юм. Намайг уг толгойг авсан гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад ийм шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой. Учир нь шүүх хурал даргалагч шүүгч Х.Үүрцайх үнэн зөв ярьж байна гэж шийтгэх тогтоолын хэсгийг тайлбарлахдаа хэлсэн юм. Х.Үүрцайх үнэнээ хэлдэг юм бол удаа дараа шийтгүүлэхдээ би дахин гэмт хэрэг хийхгүй, гэмшиж байна гэж хэлсэн үг нь хэрэг дотор байхыг би уншсан. Х.Үүрцайх тийм үнэнээ хэлдэг юм бол удаа дараа олон айлд орж эд зүйлийг авч олон хүнийг эд хөрөнгөөр нь, сэтгэл санаагаар нь, цаг заваар нь хохироож гэмгүй хүнийг хэлсээр татуулан өөрийнхөө хохирлыг надаар төлүүлэх арга хэрэглэж байгааг шүүх юу гэж дүгнээд байгаа юм бэ. Би тэр толгойг авсан бол буцаагаад өгнө, бусдад өгсөн бол эргүүлээд аваад өгнө. Үнээхээр аваагүй учраас Галрагчаад ямар нэгэн гэм хор учруулаагүй. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 319 дүгээр зүйлийг зөрчсөн тул уг тогтоолоор оногдуулсан төлбөрийг би төлөх хууль зүйн үндэслэлгүй учир шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч/ А.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөөргийг бодитоор харахад л доргио орсон болох нь мэдэгдэнэ, хөөрөг авч, өгөлцөхөд хажууд хүн байгаагүй. Харин хөөрөгний толгойг Бямбаад үзүүлж уулын марз гэдэг чулуу болохыг нь мэдсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон гэрч нар “ямар ч хагаралгүй өндөр шүрэн толгой байсан” гэдэг. Гэтэл Х.Үүрцайхын надад авч ирсэн толгой нь намхан, голоороо хагараад, наасан байдалтай байсан. Х.Үүрцайх анх надад толгойгүй хөөрөг авч ирсэн. Намайг толгой нь байгаа юм уу гэж асуухад “толгой нь хагархай юм байсан” гэж хэлсэн. Би хөөргийг толгойтой нь авсан бол бүтнээр нь буцаагаад өгөх байсан...” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Үүрцайхын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Х.Үүрцайхын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, гэм буруу, хувийн байдал зэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулж, иргэний хариуцагчаас 15.400.000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Урьд давж заалдах шатны шүүхээс хөөрөгний үнэлгээг дахин хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Гэрч нарын мэдүүлгээр хохирогчид шүрэн толгойтой хөөрөг байсан болох нь тогтоогдсон. Шинжээчид хууль сануулж шинжилгээ хийлгэсэн тул дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Х.Үүрцайх нь шунахай сэдэлтээр давтан үйлдлээр:

1. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 2-208 тоотод оршин суух Ц.Сандагдоржийн байшинд нэвтэрч зөөврийн компьютер, камер, ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.310.000 төгрөгийн,

2. 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын задгайд байрлах Б.Батцэцэгийн байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн болон гуулин аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг хулгайлж 742.000 төгрөгийн,

3. 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгайд байрлах З.Энхцэцэгийн байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга, савхны тавиур, уур нүдүүр зэрэг эд зүйлийг хулгайлж 3.585.000 төгрөгийн,

4. 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн ам зуслангийн задгайд байрлах Ц.Дөлбадрахын байшинд нэвтэрч мөнгө, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлж 1.047.980 төгрөгийн,

5. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгайд байрлах Ш.Пүрэвсүрэнгийн байшинд нэвтэрч зургийн аппарат хулгайлж 520.000 төгрөгийн,

6. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн ам зуслангийн задгайд байрлах Ш.Ууганбаярын байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга, мөнгөн бүс, алтан ээмэг, ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлийг хулгайлж 3.095.000 төгрөгийн,

7. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 198 тоотод байрлах М.Дамдинсүрэнгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 373.000 төгрөгийн,

8. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 208 тоотод байрлах Б.Галрагчаагийн байшинд нэвтэрч мөнгө, хөөрөг, ээмэг, бөгж, кулон, хавчаар зэрэг эд зүйлийг хулгайлж 24.228.000 төгрөгийн,

9. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн задгайд байрлах В.Алтанцэцэгийн байшинд нэвтэрч алтан бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 1.950.000 төгрөгийн,

10. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн задгайд байрлах Ч.Жүгдэрдэмидийн байшинд нэвтэрч хөөрөг хулгайлж 380.000 төгрөгийн,

11. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн задгайд байрлах Ц.Оюунцэцэгийн байшинд нэвтэрч зөөврийн компьютер, мөнгөн аяга, гар утас, цаг зэрэг эд зүйлийг хулгайлж 480.000 төгрөгийн, 

12. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зуслангийн задгайд байрлах Д.Энхболдын байшинд нэвтэрч зургийн аппарат, I Pad зэрэг эд зүйлийг хулгайлж 1.000.000 төгрөгийн,

13. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 5-123а тоотод оршин суух Д.Цэцгээгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 1.375.000 төгрөгийн,

14. 2014 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 54-330 тоотод оршин суух П.Өлзийсайханы байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 580.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 40.665.980 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

           

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 7-13, 75-82, 121-139, 210-215, 3-р хх 26-35/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх 31, 34/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 32-33, 148, 176, 242, 3-р хх 140/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 35-50, 3-р хх 128-132/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх 51, 104, 146, 161, 180, 195, 203, 232, 2-р хх 12, 17, 27, 38, 3-р хх 48, 62 71-72, 79/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх 147, 175, 241, 3-р хх 138/, эд мөрийн баримт /2-р хх 43, 3-р хх 139/, илтгэх хуудас /1-р хх 24, 25, 26, 95, 96, 97, 141, 224, 225/,

 

            Хохирогч Ц.Сандагдоржийн /1-р хх 57-59/, Б.Батцэцэгийн /1-р хх 105-106, 3-р хх 81/, З.Энхцэцэгийн /1-р хх 149-150, 3-р хх 70/, Ц.Дөлбадрахын /1-р хх 163-164/, Ш.Пүрэвсүрэнгийн /1-р хх 181-182/, Ш.Ууганбаярын /1-р хх 196-197, 2-р хх 167, 3-р хх 64/, М.Дамдинсүрэнгийн /1-р хх 204-205/, Б.Галрагчаагийн /1-р хх 243-245, 246, 3-р хх 61, 4-р хх 13-15/, В.Алтанчимэгийн /2-р хх 13-15, 3-р хх 67/, Ч.Жүгдэрдэмидийн /2-р хх 18, 21-22/, Ц.Оюунцэцэгийн /2-р хх 28-30, 3-р хх 74, 4-р хх 16/, Д.Энхболдын /2-р хх 36-38, 3-р хх 85/, Д.Цэцгээгийн /3-р хх 42-46/, П.Өлзийсайханы /3-р хх 77-78/ нарын Х.Үүрцайхад хулгайд эд зүйлээ алдсан тухай тууштай, удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Хишигжаргалын /1-р хх 60/, Б.Батдуламын /1-р хх 107/, Б.Оюунцэцэгийн /1-р хх 108/, Л.Мөнхбатын /1-р хх 151/, Д.Мөнхжаргалын /1-р хх 165/, Б.Бат-Эрдэнийн /3-р хх 84/, П.Бямбаагийн /3-р хх 95-96/, Г.Жамъянсүрэнгийн /3-р хх 98-99/, Г.Чимэддамбаагийн /4-р хх 19/, П.Цэдэндамбын /4-р хх 20/, Ч.Нямгаваагийн /4-р хх 21/, Д.Соёлмаагийн /4-р хх 23/, П.Ванчиндоржийн /4-р хх 24/, иргэний нэхэмжлэгч Р.Наранбаярын /1-р хх 183-184/, иргэний нэхэмжлэгч А.Баярбат /1-р хх 247-249, 3-р хх 92-93/ нарын мэдүүлгүүд,

 

Х.Үүрцайх нь “…сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна, хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна…” гэсэн Шүүх сэтгэц гэм судлалын 422 дугаартай магадлагаа /2-р хх 166/,

 

Хөрөнгийн үнэлгээний төв /ХХК/-ийн гаргасан “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Гартааман судалтай, хүрэн халтар манан, дунд гарын алтан нуухтай, шүрэн толгойтой хөөргийг 22.000.000 төгрөг, хөөрөгний алтан нуухтай, шүрэн толгойг 15.400.000 төгрөг, Samsung NV10 загварын зургийн аппарат 50.000 төгрөг буюу нийт үнэ 22.050.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх 27-33/,  

Ялтан Х.Үүрцайхын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Х.Үүрцайхад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Х.Үүрцайхыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Х.Үүрцайхыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүний эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялтны гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

 

Ялтан Х.Үүрцайх давж заалдах гомдолдоо “...хөөрөгний үнэлгээ хэт өндөр гарсан, дахин үнэлгээ хийлгэж бодит хохирлыг эргэлзээгүйгээр гаргаж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Д.Дашдоржийн  “...хууль бус журмын дагуу явагдсан хөөрөгний үнэлгээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн, Иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбат болон түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын “...манан хөөргийг шүрэн толгойны хамт аваагүй, Х.Үүрцайхад уг толгойг эргүүлээд өгсөн, намайг уг толгойг авсан гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэж тус тус давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь гэрч П.Бямбаагийн “...ягаан өнгийн, дундуураа наасан, 20 мөнгөний хэмжээтэй хөөрөгний намхан толгой үзүүлээд “энэ шүр мөн үү та үзээд өгөөч” гэж надад үзүүлсэн, уг надад үзүүлсэн хөөрөгний толгой нь намхандуу, 1.5 см орчим өндөртэй, дундуураа хагарсан, цавуугаар наасан, доод хэсгийг нь замын хараар наасан хар нь арилаагүй байсан, Баярбатын зарсан манан хөөрөгт багцаагаар таарахаар хэмжээтэй хөөрөгний толгой байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Чимэддамбаа, П.Цэдэндамба, Ч.Нямгаваа, Т.Ванчиндорж нарын “ ...Б.Галрагчаа нь халтар манан, дунд гарын, алтан нуухтай, шүрэн толгойтой хөөрөгтэй байсан, түүнийгээ хулгайд алдсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлгүүдээр дээрх давж заалдах гомдлуудын үндэслэл няцаагдаж байна.

 

Мөн иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбатаас хөөрөгний шүрэн толгойг үнэлсэн 15.400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Галрагчаад олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хөөрөгний үнэлгээтэй холбоотой нотлох баримтуудыг хууль ёсны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

  

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний төв /ХХК/ нь Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 140 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтыг үндэслэн хохирогч Б.Галрагчаагийн гартааман судалтай, хүрэн халтар манан, дунд гарын, алтан нуухтай, шүрэн толгойтой хөөргийг 22.000.000 төгрөгөөр, алтан нуухтай, шүрэн толгойг 15.400.000 төгрөгөөр  үнэлж дүгнэлт гаргасан байна. Энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын шатанд гомдол, санал гаргаж байгаагүй бөгөөд дээрх тушаалыг цахим санд байршуулаагүй гэсэн үндэслэлээр үнэлгээг хууль ёсны бус болсон гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн Х.Үүрцайхын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул ялтан Х.Үүрцайх, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбат, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбат нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

             “Иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбат нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Х.Үүрцайх, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбат, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ГАНСҮХ

 

                                 ШҮҮГЧИД                                           Б.ЗОРИГ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ