Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0999/З |
Дугаар | 221/МА2018/0330 |
Огноо | 2018-06-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2018/0330
“Х-А” СӨХ, М.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Г.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0142 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц-ийн давж заалдах гомдлоор, “Х-А” СӨХ, М.Б нарын нэхэмжлэлтэй, ХСУХАТАҮЗЗд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0142 дугаар шийдвэрээр: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 12 дугаар зүйлийн 12.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х-А” СӨХ, М.Б нарын “Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “С Э” ХХК-д ус хангамж, ариутгах ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай 22 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0142 тоот шийдвэрээр “А” СӨХ, М.Б нарын “Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “С Э" ХХК-д ус хангамж, ариутгах ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай 22 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт: “С Э” ХХК нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл болон тус зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай” тогтоолд заасан бүрдүүлвэл зохих бичиг баримтыг бүрдүүлж өргөдлөө гаргасан болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн материал, “Сод эгшиг” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/26 дугаар албан бичгийн хавсралтуудаар нотлогдож байна” гэсэн нь үндэслэлгүй байна. “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 2.1.4-т “Холбогдох байгууллагын ус ашиглах тухай дүгнэлт, зөвшөөрөл”-ийг тусгай зөвшөөрөл хүсэж буй албан бичигт хавсаргахаар тусгасан байна. Гэтэл хэрэгт авагдсан “С Э” ХХК-ийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн материалд огт байхгүй болно. Өөрөөр хэлбэл “Сод эгшиг” ХХК нь бүрдүүлвэл зохих бичиг баримтыг бүрэн бүрдүүлээгүй болно. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ “....”С Э” ХХК нь өөр компанид ажиллаж байсан ажилтнуудын материалыг өгсөн гэх боловч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага дээр орон тооны ажилчин байна гэж нарийвчлан заагаагүй байх бөгөөд “С Э” ХХК-иас давхар ажиллаж байсан ажилчдыг чөлөөлж, шинээр сонгон шалгаруулж авсан ажилчдын материалыг зөвлөлд хүргүүлсэн, мөн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар тухайн үед дээрх ажилчид нь “С Э” ХХК-д ажиллаж байсан зэргээс үзвэл өөр газар ажиллаж байсан ажилчдаа халсан гэдэг хариуцагчийн тайлбар нотлогдож байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нийгмийн даатгалын ерөнхий газраас “С Э” ХХК-д ажиллаж буй нэр бүхий 15 иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг авах хүсэлтийн дагуу ирүүлсэн хариу албан бичигт “...хүсэлтэд ирүүлсэн 15 иргэнээс 2 иргэний мэдээлэл нийгмийн даатгалын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэж 13 иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг шүүхэд хүргүүлсэн. Тухайн албан бичгээс харахад нэр бүхий 13 иргэнээс Ж.А, М.Ц, Ц.А, Л.Б, Б.Д, Э.Б, О.Ц гэсэн 7 иргэн “С Э” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох үед “С Э" ХХК-д ажиллахын хамт өөр байгууллагад давхар ажиллаж , сар сараар ээлжлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна. Хот, суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2016 оны 10 сарын 17-нд “С Э” ХХК-д шалгалт хийж “С Э” ХХК-ний ажилчид, ОСНААУГ-ын ажилчид байна, өөр байгууллагад давхар ажиллаж байгаа нь тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй гэж материалыг буцааж байсан ба, энэ албан бичиг нь хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл зөвлөлөөс өөр байгууллагад давхар ажиллаж буй, орон тооны бус ажилчидтай байгууллагад тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гаргаж байсан. Улмаар “С Э” ХХК давхар ажиллаж байсан ажилчдыг халж, шинээр ажилчид аван материалаа дахин өгсөн ба зөвлөлөөс "С Э" ХХК-ний шинээр авсан ажилчид нь орон тооны ажилчид мөн эсэхийг шалгалгүй тусгай зөвшөөрлийг олгосон байна. Гэтэл шинээр авсан ажилчид нь мөн өөр байгууллагын ажилчид байсан гэдэг нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна. Түүнчлэн нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт “...2 иргэний мэдээлэл нийгмийн даатгалын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй байна ” гэсэн нь “Сод эгшиг” ХХК нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн буюу өөрийн байгууллагад ажилладаггүй 2 иргэний мэдээллийг хавсаргасан гэдэг нь нотлогдож байгаа болно. Гэтэл шүүх үүнийг үнэлээгүй, шүүхийн шийдвэрт дурдаагүй буюу нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2016 оны 12 сарын 21-ны өдөр "С Э" ХХК-д хандан “Танай компанийн хувьд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилт 54% буюу шаардлага хангаагүй дүн гарсан. Түүнчлэн танай компани тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон байна ’’ гэсэн албан бичгийг явуулсан. Үүнээс хойш "С Э" ХХК-аас зөвлөлд ахин материал өгөөгүй, 2016 оны 11 сарын 02-ны өдөр сүүлчийн материалаа зөвлөлд өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл Зөвлөл тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй гэсэн хариу өгсөн байгууллагадаа 1 сарын дараа буюу 2017 оны 01 сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл олгосон. Энэ нь тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй байгууллагад зөвлөл тусгай зөвшөөрөл олгосон гэдгийг нотолдог. Гэтэл шүүх үүнийг харгалзаж үзээгүй, Зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн албан бичгийг үнэн зөв талаас нь үнэлээгүй болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 128/ШШ2018/0142 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. ХЯНАВАЛ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. ХСУХАТАҮЗЗийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “С Э” ХХК-д Нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгожээ. Нэхэмжлэгч нараас уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах үндэслэлээ “С Э” ХХК нь тусгай зөвшөөрөл авахаар өгсөн материалдаа өөр компанийн ажилчдын баримт бичгийг өгсөн, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буйг мэдсээр байж тусгай зөвшөөрөл олгосон нь нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг зөрчсөн, хэрэглээний халуун усыг доголдуудлаг, халаалт дулааныг бүрэн хангаж чаддаггүй” хэмээн тайлбарласан байна. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд “С Э” ХХК нь анх 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ХСУХАТАҮЗЗд тусгай зөвшөөрөл хүсч холбогдох баримтуудыг хүргүүлж байсныг зөвлөлөөс материалуудыг хянаж үзээд шаардлага хангахгүй байна хэмээн удаа дараа буцааж байсан үйл баримт тогтоогдож байна. Улмаар дахин холбогдох баримтуудыг шаардлага хангуулан хүргүүлсэн нь ХСУХАТАҮЗЗийн 2016 оны “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай” 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 2-т заасантай нийцсэн гэж үзэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс “С Э” ХХК-ийн үйл ажиллагааны талаар хэрэглээний халуун усыг доголдуулдаг, халаалт дулааныг бүрэн хангаж чаддаггүй, дулааныг алдагдалтай дамжуулдаг хэмээн дурьдах боловч энэ нь “С Э” ХХК-аас шалтгаалдаггүй болох нь хэрэгт авагдсан “УБС” ТӨХК-ийн 15/711, 13/220 дугаартай албан бичгүүдээр нотлогдсон байна. Мөн гуравдагч этгээд “С Э” ХХК-ийн шинээр авсан ажилчдаас 2 хүний мэдээлэл нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэлгүй болох нь нотлогдсон байхад тусгай зөвшөөрөл олгосон гэж давж заалдах гомдолдоо дурдаж байгаа боловч энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд л Захиргааны хэргийн шүүх нь уг захиргааны актыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус акт гэж үзэн хууль бус болохыг тогтоох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой. Харин энэ маргааны тухайд нэхэмжлэгч “Х-А” СӨХ болон иргэн М.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон тогтоолын улмаас зөрчигдсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүйгээс гадна нэхэмжлэгч нараас тусгай зөвшөөрөл анх олгогдсон процесс, тавигдах шаардлага нь хууль, журамд нийцээгүй нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна хэмээн маргаж байгаа нь үндэслэлтэй биш байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
|