Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00152

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00152

 

 

Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00957 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, Ц.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.    

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Эрдэнэчимэг нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 тоот захирамжаар Т.Эрдэнэчимэгийг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байдаг. Ажилтан нь анх ажил олгогчтой тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл хугацаанд тус ажлыг эрхлэхээр байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаанд заасан нөхцөл шалтгаан арилаагүй өөрөөр хэлбэл тус сургуулийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж ялагч тодроогүй байхад хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн Т.Эрдэнэчимэгт холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл юм. Мөн ажлаас чөлөөлж, ажилд томилж байгаа тушаал нь бие даасан актууд тул тус тусдаа гарах ёстой гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, Т.Эрдэнэчимэгийг Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/149 дүгээр захирамжаар Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын сул орон тоог нөхөн хүртэлх хугацаанд тус сургуулийн сургалтын ерөнхий менежер З.Болормааг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн захирлын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь төрийн албыг тасралтгүй явуулах үүднээс ажил үүргийг түр хавсран гүйцэтгэгч томилсон бөгөөд жинхлэн томилоогүй болно. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны Б/96 дугаар тушаалаар Т.Эрдэнэчимэгийг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийг Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 447 680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Нийслэлийн засаг даргад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 38.112 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Т.Эрдэнэчимэг нь Монгени цогцолбор сургуульд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл байнгын ажлын байранд ажиллаж, тогтмол цалин хөлс авч байгаа талаараа шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хамааралгүй ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үндэслэлгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/96 дугаар тушаалаар Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл хугацаагаар байгуулжээ.

Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 дүгээр захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2 дах заалтыг удирдлага болгон Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн сургалтын ерөнхий менежер З.Болормааг захирлын албан үүргийг түр хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь дээрх Б/149 дүгээр захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус нийцээгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцсон хугацаа дуусгавар болсон үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, туршилтын хугацааны талаар гэрээгээр тохиролцоогүй тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хуулийн үндэслэлгүй болох нь тогтоогдож, хууль бус шийдвэр гаргасан ажил олгогч нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилтанд олгох үүрэгтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байхаас гадна Нийслэлийн Боловсролын газрын даргад Нийслэлийн Засаг дарга эрхээ шилжүүлсэн эсэх талаар анхан шатны шүүхэд хариуцагч тал мэтгэлцээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч цуцлаагүй байна

Шүүхийн шийдвэр нь биелэгдэж боломжтой байх ёстой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт зааснаар шүүх нь шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заах үүрэгтэй.

Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар төрийн сан, Засаг даргын ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байх тул олговрыг уг тамгын газраас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00957 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагчаас гэснийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ