Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1578

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 1-р хороо, наран хороолол, 23-р байр, 24 тоотод оршин суух, Хэрээд овогт Төмөрбаатарын Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордоны 2 давхарт байрлах /оршин байгаа/ Нийслэлийн засаг даргад холбогдох,

 

Нийслэлийн засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож Т.Эрдэнэчимэгийг Гүн галуутай цогцолбор сургуулийн захиралын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг оролцов.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд бичгээр өгсөн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Эрдэнэчимэг Монгол Улсын зөвлөх багш зэрэгтэй шинжлэх ухааны магистр, Монгол Улсын боловсролын их сургуулийн клиник процессор бөгөөд 2000-2004 онд Боловсрол цогцолбор сургуульд монгол хэл, уран зохиолын багш, 2004-2010 онд тус сургуулийн сургалтын менежер, 2015 оны 9 сараас Багануур дүүргийн боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Гүн галуутай цогцолбор сургуулийн захирал нь тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж гарсан сул орон тоонд Т.Эрдэнэчимэг нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 07 сарын 04-ны өдрийн тушаалаар Гүн галуутай цогцолбор сургуулийн захиралаар томилогдсон.

Т.Эрдэнэчимэг нь боловсролын салбарт 16 жилийн турш ажилласан туршлага бүхий мэргэжилтэн бөгөөд тус сургуулийн захиралаар томилогдож ажил хүлээн авснаас хойш ажилдаа хариуцлагатай хандан ажлын цагийг баримтлаж ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, сургуулийн сурагчдын сурах орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургуулийн хана таазны замаск, будаг, хаалга, 00-н өрөөний засвар, сургуулийн гадна хаяг, спорт заалны шал, хаалга зэргийн засвар тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн.

Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн Б/149 тоот захирамжаар Т.Эрдэнэчимэгийг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байдаг. Ажилтан нь анх ажил олгогчтой тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаанд тус ажлыг эрхлэхээр байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаанд заасан нөхцөл шалтгаан арилаагүй, өөрөөр хэлбэл тус сургуулийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж ялагч тодроогүй байхад хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр Т.Эрдэнэчимэгийг ажлаас чөлөөлсөн.

Уг тушаалыг хууль зүйн үндэслэлийн хувьд хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж Т.Эрдэнэчимэгийг ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн Т.Эрдэнэчимэгт холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл юм. Мөн ажлаас чөлөөлж, ажилд томилж байгаа тушаал нь биеэ даасан актууд тул тус тусдаа гаргах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлж байгаа тушаал нь акт болохын хувьд эрх зүйн үр дагавар шууд өөртөө бий болгодог тул агуулгын хувьд илэрхий алдаатай, ойлгомжгүй мөн ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж хууль бус тушаал гарсан гэж үзэж байна. Иймээс шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн захирамжыг хүчингүй болгож Т.Эрдэнэчимэгийг Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/149 дүгээр захирамжаар Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тус сургуулийн сургалтын ерөнхий менежер З.Болормааг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн захирлын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь төрийн албыг тасралтгүй явуулах үүднээс ажил үүргийг түр хавсран гүйцэтгэгч томилсон бөгөөд жинхлэн томилоогүй болно.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны Б/96 дугаар тушаалаар Т.Эрдэнэчимэгийг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн.

Иймд Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гүн галуутай цогцолбор сургуулийн захиралаар З.Болормаа нь сонгон шалгаруулалтаар тэнцэн томилогдсон байгаа. Т.Эрдэнэчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 30-аас Монген сургуульд менежерээр томилогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэж байгааг үндэслэгүй гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн Дээд шүүхийн 001/ХТ2017/00350 дугаартай тогтоолын Хянавал хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд: "Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь Гүн галуутай дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан, энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн байхад шүүх түүнийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосон нь ИХШХШтХ-ийн 115.2-т заасныг зөрчжээ. Гүн галуутай сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаагүй, зөвхөн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байсан Т.Эрдэнэчимэг захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардлага гаргасан үндэслэл нь тодорхой бус байна гэжээ. Үүний дагуу Т.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 05 дугаар сарын 17-нд өөрчилж, Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох болгон өөрчилсөн байна.

Мөн Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт: Сонгон шалгаруулалт явагдаж, сургуулийн захирал томилогдсон бол захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох нь эрх зүйн ач холбогдолгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болно гэжээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн захирамжыг хүчингүй болгож, Т.Эрдэнэчимэгийг Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч болон гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж өөрчилж, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 08 дугаар сарын 05-аас 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа 12 сар, нэг өдрийн дундаж цалин 22600 төгрөг, сарын дундаж цалин 497650 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин нийт 5858700 төгрөг гаргуулах гэж тодруулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.Уранчимэгийг Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн №Б/96 тоот тушаалаар Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйтэтгэгчээр 2016 оны 07 дугаар сарын 4-ны өдөр томилж, улмаар Нийслэлийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 тоот З.Болормааг түр хавсран гүйцэтгэгчээр томилох тухай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтыг үндэслэн Боловсролын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/96 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсоноор ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Б/96 тоот Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 тоот Нийслэлийн засаг даргын захирамж, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №1603/С3018 тоот Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 3, 4, 5-6, 7-8 дахь тал/

 

Ажил олгогчын нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссаж, цаашид хугацааг сунгаж, үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон байна. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хугацааг тогтоохдоо сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацааагаар гэжээ. Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж, ялагч тодорч, захирлаар З.Болормаа томилогдсон нь хэрэгт авагдсан баримт, зохигчидын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 69-72, 78, 132/ Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах нөхцөл бий болсоноор захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлын байр байхгүй болсон байна. Иймд нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй байна. Мөн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох нь эрх зүйн ач холбогдолгүй, биелэгдэхгүй нөхцөл бүрдэж байна.

 

2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/117 тоот Нийслэлийн засаг даргын Нийслэлийн засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамжаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг ээлжийн амралттай байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг нийслэлийн засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Нямаагийн Батаад даалгажээ. Улмаар Н.Батаа 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/313 тоот эрх шилжүүлэх тухай захирамжаар зарим эрх болох нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх, халахаас бусад хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад шилжүүлсэн байна. Үүний дагуу Нийслэлийн боловсролын газрын дарга 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Т.Эрдэнчимэгийг сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалыг шилжүүлэн өгсөн эрхийн хүрээнд гаргажээ./хх-ийн 3,130,131/

Улмаар 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 тоот захирамжаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч эрх хэмжээнийхээ хүрээнд З.Болормааг түр хавсран гүйцэтгэгчээр томилж, Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Т.Эрдэнчимэгийг сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б/167 тоот захирамжаар З.Болормааг Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлаар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн томилжээ.

Иймд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 тоот захирамжыг хүчингүй болгох үндэсгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгэр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ. Үүнээс үзвэл зөвхөн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох боломжтой байна. Иймд Т.Эрдэнчимэгийг Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох үндэслэлгүй байх тул түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үндэсгүй.

 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн захирамжыг хүчингүй болгож, Т.Эрдэнэчимэгийг Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, Т.Эрдэнэчимэгийг Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.НАРАНЦОГТ