Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2018/02088

 

 

 

 

 

 

 

 

 

Ньюком майнинг сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01481 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдох,

 

141 000 402 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 22 147 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Өлзийцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Их мандах үйлст ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13/0910-1 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний дагуу BF09B5249 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг 6 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн. Техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг, нэг бүрийн 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 6 500 000 төгрөг /НӨАТ ороод 7 150 000/ гэж гэрээний 7 дугаар зүйлийн 2-т харилцан тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд илүү мото цагаар ажиллуулсан бол 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагаас илүү гарах мото цаг болгонд 18 750 төгрөг бодогдохоор гэрээний 7 дугаар зүйлийн 4-т заасан байдаг. Түрээсийн төлбөрийг түрээслэгч нь түрээслүүлэгчид банкны дансанд техник хэрэгслийг хүлээлцэхээс өмнө шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан энэхүү үүргээ 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зохих ёсоор биелүүлээгүйн улмаас манай байгууллагад 35 630 000 төгрөг, алданги 17 815 000 төгрөг, нийт 53 445 000 төгрөгийн хохирол учруулаад байна.

Эхний гэрээний хугацаа дуусахад хариуцагч талаас доргиурт индүү машин түрээслэх хүсэлт гаргасан тул 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөн 14/0313 тоот Түрээсийн гэрээг 2 компанийн хооронд байгуулж, SLBTLOKOEC4NU1711 серийн дугаар бүхий TEREX TV800 доргиурт индүү машиныг 6 сарын хугацаанд түрээслүүлээд, цаашид худалдахаар тохиролцсон. Гэрээний 7 дугаар зүйлийн 2-т техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг, нэг бүрийн 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 2 700 000 төгрөг /НӨАТ ороод 2 970 000/ гэж гэрээний 7 дугаар зүйлийн 2-т харилцан тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд илүү мото цагаар ажиллуулсан бол 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагаас илүү гарах мото цаг болгонд 9 000 төгрөг бодогдохоор гэрээний 7 дугаар зүйлийн 4-т заасан байдаг. Дээрх TEREX TV800 доргиурт индүү машины түрээсийн төлбөрийг түрээслэгч тал бүрэн төлж барагдуулсан.

2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14/0313 тоот тоног төхөөрөмж түрээсийн гэрээгээр TEREX TV 1300 доргиурт индүү машиныг Их мандах үйлст ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан үүргээ 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас 11 880 000 төгрөг, алданги 2 744 280 төгрөг, нийт 14 624 280 төгрөгийн хохирол учруулсан.

2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14/0331 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний /TEREX TLB840/ төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлөгдөөгүй 5 390 000 алданги 1 374 450 төгрөг, нийт 6 764 450 төгрөгийн хохирол, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/0910-2 тоот FIORI DB250 BF09B5250 тоног төхөөрөмж түрээсийн гэрээний дагуу төлөгдөх 28 600 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш төлөөгүй, алданги 7 235 800 төгрөг нийт 35 835 800 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд бид өмнө нь 2014 оны 12 сарын байдлаар алданги нэхэмжилсэн байсан бол одоо 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх алдангийг нэхэмжилж байна. Мөн түрээслүүлж байх хугацаанд болон түрээслүүлсний дараа дээрхи тоног төхөөрөмжийг засварласны хөлс 31 078 872 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн нэхэмжлэл дээр алданги 18 343 150 төгрөг нэмэгдсэн. Иймд Их мандах үйлст ХХК нь манай байгууллагатай байгуулсан тоног төхөөрөмж түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн дагуу төлөгдөх 81 500 000 төгрөг, алданги 29 169 530 төгрөг, бүгд 110 669 530 төгрөг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулсан хөлс 31 078 872 төгрөг, нийт 141 000 402 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээ нь өөр худалдах худалдан авах гэрээний хэлбэрийг агуулсан бөгөөд Их мандах үйлст ХХК нь бүхий л тоног төхөөрөмжийг буцаан авч гэрээнээс татгалзаж улмаар Их мандах үйлст ХХК их хэмжээний хохиролд орсон. Хоёр талын хоорондох түрээслэх гэсэн үг өгүүлбэрийн цаад утга нь тоног төхөөрөмжийн үнийг төлөх хугацаа тогтоосон юм. Биднээс тогтоосон хугацаанаасаа өмнө тоног төхөөрөмжийг авчихаад өөр компанид худалдаж тэд ашиг олж бид авсан тоног төхөөрөмжгүй хохирч үлдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээ 13/0910-1 тоот, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээ 13/0910-2, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээнүүдээр тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авахаар тохирч үнийг төлөх хугацааг түрээслэх гэсэн агуулгаар оруулан хийсэн бөгөөд манай компани нь анхнаасаа дээрх тоног төхөөрөмжүүдийг худалдан авах зорилготой байсан учраас гэрээ бүрийн 1 дэх хэсэгт цаашид хугацаа дуусмагц худалдана гэсэн нөхцлийг тусгаж өгч байсан бөгөөд, бид урьдчилгаанд 22 147 500 төгрөгийг төлсөн байгааг Ньюком майнинг сервис ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тухайн хоёр компани нь анхнаасаа тоног төхөөрөмжийг түрээслэх гэрээ байгуулсан. Энэхүү байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Иймээс манайх хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлээ гаргасан боловч хэрэг материал эцэслэн шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ хугацаанд хариуцагч манайд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаагүй. Хариуцагч компани 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр хандахдаа байгуулсан түрээсийн гэрээгээ хүлээн зөвшөөрч, хүсэлтээ тавьж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн талуудын хооронд тоног төхөөрөмж түрээсийн гэрээ байгуулагдаж, улмаар хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу төлбөрүүдийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн тухай бичгийн нотлох баримтаар тогтоогддог юм. Иймээс хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Их мандах үйлст ХХК-аас 141 000 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-д олгож, хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-иас 22 147 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 866 000 төгрөгийн 862 952 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 048 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Их мандах үйлст ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 862 952 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 687 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар оролцогч болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа би өвчтэй тухайгаа шүүхэд өөрийн албан бичигтээ дурдсан, дүүргийн эмчийн магадлагааны хамтаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хурлыг хойшлуулж, хүндэтгэн үзэх шалтгаанаа албан ёсоор хүргүүлсэн болно. Хариуцагч Их мандах үйлст ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ талаар шүүгчийн туслахаас хариу ирсэн талаар өвчтэй болох хугацаанд асууж сурагласан боловч ирээгүй гэсэн. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартай огт танилцаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар гаргах боломжоор хангаагүй, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийг гаргаснаас хойш нэхэмжлэгч хариу тайлбартаа хэрхэн ирүүлсэн эсэх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг өвчтэй болох хүртэлх хугацаанд нарийн бичгийн даргаас асууусан нөгөө талаас хариу ирээгүй гээд байсан болно. Их мандах үйлст ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралд оролцох боломжоор хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, алданги болон засвар үйлчилгээний зардал нийт 141 000 402 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, урьдчилгаанд төлсөн 22 147 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Талуудын хооронд Тоног төхөөрөмжийн түрээсийн нийт 5 гэрээ байгуулагдаж, уг гэрээнүүдэд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр BF09B5249 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг гэрээгээр SLBTL0K0EC4NU1711 серийн дугаар бүхий TEREX TV800 доргиурт индүүмашиныг, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр SLBTLPKOEC5CH1732 серийн дугаар бүхий TEREX TV1300 доргиурт индүүмашиныг, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр BF09B5250 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр SMFJB4AC0CHKM1516 серийн дугаар бүхий TEREX TLB840 универсал тракторыг тус тус 6 сарын хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаа дуусахад түрээсийн төлбөрийг эцсийн худалдах үнээс хасаж гэрээний зүйлийг худалдахаар тохиролцсон баримт хэрэгт авагдсан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хэргийн 8-13, 15-20, 21-26, 27-32, 33-38/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13/0910-1 дугаар гэрээний түрээсийн төлбөрт 35 630 000 төгрөг, алданги 17 815 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14/0313 дугаар гэрээний түрээсийн төлбөрт 11 880 000 төгрөг, алдангид 2 744 280 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13/0910-2 дугаар гэрээний түрээсийн төлбөрт 28 600 000 төгрөг, алдангид 7 235 800 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14/0331 дугаар гэрээний түрээсийн төлбөрт 5 390 000 төгрөг, алданги 1 374 450 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 31 078 872 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь дээрх тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээнүүдийн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний зүйлийг буцаан авсан гэх үйл баримт тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор тохиролцсон байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар, мөн нэхэмжлэгч нь түрээсийн зүйлсийн эвдрэл гэмтлийг засварлахтай холбоотой гарсан зардал 31 078 872 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар тус тус шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийн эвдрэл гэмтлийг өөрөө засварласан болох нь хэрэгт авагдсан засвар үйлчилгээний ажлын тайлангаар тогтоогдож байна. /хх 52-55/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүх хангаж 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. /хх 196, 219/

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01481 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862 952 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Д.ЦОГТСАЙХАН