Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00150

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00150

 

 

З.Наранцацралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/01180 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Наранцацралын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Бадмаад холбогдох

 

11 820 870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр М.Бадмаатай зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч М.Бадмаа зээлийн гэрээний үүргээ зөрчиж сар бүр төлөх 1 120 000 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлөөгүй. Гэрээгээр тохирсны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон төлүүлэх эрхтэй тул үндсэн зээлээс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хугацаанд тооцсон алданги 3 500 000 төгрөг болж байна. Иймд гэрээнд заасны дагуу үндсэн зээл 7 000 000 төгрөг болон зээлийн хүү 1 120 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг, нийт 11 820 870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Гурвалжин-2 барилгын материалын захад Б-58 дугаартай лангууг ажиллуулж  байсан. Гэтэл Наранцацрал нь 7 000 000 төгрөгөөр худалдаж авъя гэснээр бид 2 худалдах, худалдан авах гэрээ хийе гэж ярилцсан боловч Наранцацрал нь надад ...лангуу зарсан гэдгийг Гурвалжин-2 захын захиргаа мэдвэл миний нэр лүү шилжүүлж өгөхгүй тиймээс зээлийн гэрээ хийе гэж хэлэхээр нь зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү үйл явдлыг Д.Амаржаргал гэрчилнэ. Би лангуугаа зараад 7 000 000 төгрөгийг авсан. Лангуу түрээслэх эрхээ худалдана гэсэн сургаар Наранцацрал Бадмаатай ирж уулзаад лангууг авахаар болж, 2013 оны 3 дугаар сарын 26-нд лангууг аваад сарын дараа буюу албан ёсны гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 26-нд хийсэн. Гэрээ хийхэд нэр шилжүүлж өгөхгүй учраас мөнгөө өгсөнөө баталгаажуулах зорилгоор гэрээг хийсэн. Тиймээс зээлийн гэрээ биш өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ юм. Наранцацрал ажиллуулж байхдаа 2, 3 хүнд түрээслүүлсэн байдаг. Сүүлийн түрээслүүлж байсан хүн болох Жамъяансүрэнд лангуугаа түрээслэж байгаад лангуугаа хураалгасан. 2014 оны 12 дугаар сарын 30-нд түрээсийн гэрээ шинэчлэх байсан. Түрээсийн гэрээгээр олгогдсон эрхийн дагуу захын удирдлагаас зөвшөөрөл авагдсан нь харагддаг. Түрээсийн гэрээндээ цааш нь худалдаж борлуулах эрхгүй гэсэн байгаа. Харин тухайн байгууллагаас зөвшөөрөл авах эрхтэй гэж заасан байдаг. Зөвшөөрөл авсан учраас нэхэмжлээд мөнгө өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч М.Бадмаагаас 11 620 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Наранцацралд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204 190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бадмаагаас 204 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Наранцацралд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуралд гэрч Д.Амаржаргал оролцсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Гэрч Д.Амаржаргал нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ Наранцацрал, Бадмаа хоёрыг хооронд нь холбож өгсөн. Тэгээд энэ 2-ын хооронд лангуу түрээслэх эрхээ 7 сая төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийхээр тохиролцсоныг болон Наранцацрал нь тухайн үед лангууг авч ажиллуулахдаа дахиад цааш нь 2-3 хүнд түрээслэж байгаад хамгийн сүүлд Жамъянсүрэнд түрээслэн ажиллуулах үедээ маргаан үүсгэн лангуугаа хураалгасан байсныг гэрчлэн мэдүүлдэг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай заасан. Шүүх миний өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтыг үнэлж үзээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болохыг хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа мэдүүлсэн. Бид хоёр хоорондоо хуурамч зээлийн байгуулсан. Шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаан болсон өдрөөс хойш 1 сарын дараа буюу 2016 оны 11 сарын 18-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд энэ өдрийг хүртэл шүүх хуралдааны тэмдэглэл нь огт гараагүй, хэрэгт байхгүй байсан. Энэ нь дээрх хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д зааснаар оролцогчийн хэн нэгний санал болгосноор засвар оруулах эрхээ эдэлж чадаагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл нь гараагүй байхад шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн 11 820 870 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчилж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 190 төгрөгийг нэхэмжлэгч Наранцацралаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч З.Наранцацрал нь хариуцагч М.Бадмаад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 11 620 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулагдаагүй, лангуу түрээслэх эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэхдээ гэрч Д.Амаржаргалын мэдүүлгийг үнэлэхгүй байгаа үндэслэлээ заагаагүй нь учир дутагдалтай болсноос гадна хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээ байгуулсан үндэслэлийн талаар маргаж байгаа тохиолдолд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд шүүгчийн 58 дугаар лангууг өгсөн авсан талаар тодруулсан асуултад ...7 000 000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн. Одоохондоо лангуу худалдах боломжгүй байна. 7 000 000 төгрөгөө өгчих, зээлийн гэрээ байгуулна, давхар түрээсийн асуудал шийдсэний дараа нэрийг шилжүүлж өгнө гэж хариулсан болон гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд З.Наранцацрал нь 58 дугаар лангууг бусдад түрээслүүлж байсан эсэх, уг лангууны түрээсийн төлбөрийг Ийли ХХК-д хэн төлж байсан, Ийли ХХК нь хариуцагч М.Бадмаатай байгуулсан түрээсийн гэрээг цуцалсан эсэх, цуцлагдсан бол ямар үндэслэлээр цуцалсан зэрэг нөхцөл байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Дээрх нөхцөл байдал, үйл баримтыг бүрэн тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв дүгнэх шаардлагатай тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/01180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч М.Бадмаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ