Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01474

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01094 дугаар шийдвэртэй

Ж.Ггийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө газарт холбогдох гэм хорын хохиролд 65 184 676 төгрөг гаргуулах, 2018 оны 12 сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилсон 2019 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэлх нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, түүний өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Б.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их хурлын 2014 оны 75 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлахдаа Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Тахарын ерөнхий газар хэрэгжүүлэгч агентлаг шинээр байгуулагдсан. Ж.Г нь Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан болно. Улсын их хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэж, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар Тахарын алба татан буугдаж, чиг үүргийг Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлсэн. Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Тахарын Ерөнхий газрын эрэн сурвалжлах мөрдөн шалгах газрын даргын албан үүргийн гүйцэтгэж байсан Ж.Гг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүилиин 40.1.1, 42 дугаар зүйлд заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн. Ж.Г тушаалыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0096 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор Ж.Гг Ө газрын, Эрүүгийн цагдаагийн албаны, Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг Ө газарт үүрэг болгосон. Ө газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/635 тушаалаар Ж.Гг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд томилсон болно. Ө газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасаг байгуулагдсан бөгөөд, уг тасгийн даргын албан тушаалд Ж.Гг шилжүүлэн томилох бодит боломж байсан атал тухайн албан тушаалд томилоогүй Ө газрын даргын эс үйлдэхүйг Захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон болно. Хэрэв Ө газрын дарга тухайн үед нь тухайн албан тушаалд шилжүүлэн томилсон бол Ж.Г нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 3 жил 23 хоног /37 сар/ ажилгүй байхгүй байсан бөгөөд одоогийн ажиллаж байгаа албан тушаалын авч байгаа цалингийн хэмжээгээр бодоход энэ хугацаанд 65 184 676 төгрөгийн цалин авах байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 зүйлийн 498.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 23 хоног /37 сар/-т ажиллаж авах байсан цалингийн орлогоороо хохирсон гэж үзэж 65 184 676 төгрөгийг Ө газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Цалин хөлсийг бодохдоо Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ТТ-ийн 13/5 шатлалын дагуу нэг сарын цалин 1 761 748 төгрөгөөр бодсон болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 51 034 121 төгрөг болгосон. Энэ мөнгийг Ө газраас гаргаж нэхэмжлэгчид олгоно уу. Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр гарснаас хойш Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилсон өдөр болох 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Ө газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө газрын төлөөлөгч Ж.Болд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Б.Онон нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд томилохгүй байгаа Ө газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх гэж тодорхойлж байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилж, харин ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид ажил санал болгож байсан боловч өөрөө даргын ажлаа хийнэ гэж зөвшөөрөөгүй. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 109 дүгээр тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Дээрх тогтоолоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ж.Ггийн 65 184 676 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;" бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахаар зохицуулсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-ийг тус тус баримтлан Ө газраас 10 036 970 төгрөгийг гаргуулж Ж.Гд олгож, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн 55 147 706 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ө гзараас улсын тэмдэгтийн хураамжинд 175 541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 483 874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч Ж.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг буруу тайлбарласан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж дараах гомдлыг гаргаж байна. Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Тахарын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан орон тооны чиг үүрэг нь 2 салж, Ө газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хуваагдаж шилжсэн байдаг. Ж.Г Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан, тухайн орон тоо, төсөв, чиг үүрэг Ө газарт бүрэн шилжсэн байхад ажлын байраар хангаагүй Ө газрын даргын буруутай эс үйлдэхүйг Захиргааны гурван шатны шүүх тогтоосон. Гэтэл Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажлын байраар хангах үүрэг хариуцагч Ө газарт үүсээгүй” гэж хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан Захиргааны гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үнэлээгүй. Захиргааны гурван шатны шүүхээр тогтоочихсон үйл баримтыг үгүйсгэж, Ө газар нэхэмжлэгчийг ажлаар хангах үүрэг үүсээгүй, ажлаар хангах байсан үүргээ биелүүлээгүй буруутай байна гэж үзэх боломжгүй байна гэж иргэн надад учирсан хохирлыг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Миний бие Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш 3 жилийн хугацаанд шүүхийн шатанд хянагдаж Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж дууссан байдаг. Шүүхийн шатанд захиргааны хэргийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн нь надаас хамааралгүй байхад дээрх хугацаанд Ө газар ажлаар хангах үүрэг үүсээгүй, үүргээ биелүүлээгүй буруутай байна гэж үзэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болно. Шүүх Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш ажилд томилогдон орсон 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ж.Гг ажлаар хангаагүй, цалин хөлсгүй байлгасан нь Цагдаагийн газрын үйл ажиллагаатай холбоотой тул энэ хугацааны цалинтай тэнцэх 1 хэмжээний хохирлыг Ө газар нэхэмжлэгчид учруулсан гэж үзэх 1 үндэслэлтэй байна гэж дүгнэсэн мөртлөө хохирлын хэмжээг буруу тооцоолон гаргасан байна. Хохирлын хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн цалингийн дунджийг 2016 оны 5, 6, 7 сарын дундаж 1 180 820 төгрөгт тооцон 8 сар 15 хоногоор бодож 10 036 970 төгрөг гэж бодсон нь ойлгомжгүй байна. Хавтас хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалын цалингийн тодорхойлолт нотлох баримтаар авагдсан байдаг.Уг тодорхойлолтод 2016 оны 8 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэлх цалинг нэг сарын 1 510 562 төгрөг гэж тодорхойлсон шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзэж бодиттой хандаж үнэн зөв үнэлээгүй байна. Хэрэв шүүх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд орсон 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын байраар хангаагүй цалин хөлсгүй байлгасан нь Ө газрын буруутай үйл ажиллагаа гэж дүгнэлт гаргасан мөртлөө хавтас хэрэгт авагдсан эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалын цалингаар хохирлын хэмжээг бодох ёстой атал миний эрх зүйн байдлыг дордуулж Тахарын албаны 2016 оны 5, 6, 7 дугаар сарын цалингийн дунджаар бодсон үндэслэлгүй юм. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд орсон өдөр хүртэлх хугацааны цалинг тооцож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01094 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Болд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гарсан үеэс хойш 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Ж.Гг ажлаар хангаагүй цалин хөлсгүй байлгасан нь Ө газартай холбоотой бөгөөд энэ хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг нэхэмжлэгчид учруулсан” гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ. Иргэний хуулийн 497.1, 497.2 дахь хэсэгт заасан гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд анхан шатны шүүхийн нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэл нь “хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй"-г шаардаж байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас тухайн хэрэг маргаан давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хугацааг хууль бус үйлдэл гэж үзэх боломжгүй юм. “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн оролцогч нараас давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд дээрх маргаан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд оролцогч талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлснийг “хууль бус үйлдэл” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Гу нь Ө газрын даргын эс үйлдэхүйгийн улмаас учирсан хохирол 3 жил 23 хоног ажилгүй байсан хугацааны 65 000 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ/2018/0802 дугаар шийдвэр гарснаас хойш 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 51 034 121 төгрөг болгон багасгасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Тахарын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гарч, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/247 дугаар тушаалаар өөрийн ажилтнуудын заримыг Цагдаагийн байгууллагад, заримыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, заримыг ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүилиин 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлсөн хүмүүсийн дотор Тахарын Ерөнхий газрын Эрэн сурвалжлах мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан Ж.Г багтжээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэрээр  Ж.Гг Ө газарт Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг Ө газарт даалгаж шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна. /хх.6-38/

 Ө газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/635 тушаалаар Ж.Гг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд томилжээ./хх.54/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Гг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гарснаас хойш 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажлаар хангаагүй, цалин хөлсгүй байлгасан нь Ө газрын үйл ажиллагаатай холбоотой тул энэ хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг нэхэмжлэгчид учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн цалингийн дунджийг 2016 оны 5-7 дугаар сарын цалингийн дундаж 1 180 820 төгрөгөөр тооцон, ажлаар хангаагүй 8 сар 15 хоногоор бодож 10 036 970 төгрөг гэж тооцон, нэхэмжлэгчийн нээхмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоогдсон тул Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс Ө газрын ажилд авсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433 689 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Ө газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

            Ц.ИЧИНХОРЛОО