Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2020/01094

 

2020 05 14

182/ШШ2020/01094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч И.Амартөгс, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б овогт Ж.Г /РД:ХП67/, Баянзүрх дүүрэг,

Хариуцагч: ЦЕГ , Чингэлтэй дүүрэг

 

гэм хорын хохиролд 65,184,676 төгрөг гаргуулах, 2018 оны 12 сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилсон 2019 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэлх нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын Их хурлын 2014 оны 75 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлахдаа Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Тахарын ерөнхий газар хэрэгжүүлэгч агентлаг шинээр байгуулагдсан. Ж.Г нь Тахарын ерөнхий газар-ын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан болно. Улсын их хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэж, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар Тахарын алба татан буугдаж, чиг үүргийг Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлсэн. Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Тахарын Ерөнхий газрын эрэн сурвалжлах мөрдөн шалгах газрын даргын албан үүргийн гүйцэтгэж байсан Ж.Г г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүилиин 40.1.1, 42 дугаар зүйлд заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн. Ж.Г тушаалыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0096 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор Ж.Г г Цагдаагийн Ерөнхий газрын, Эрүүгийн цагдаагийн албаны, Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг ЦЕГ т үүрэг болгосон. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/635 тушаалаар Ж.Г г 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд томилсон болно. Угтаа бол Засгийн газрын тогтоолоор татан буугдсан Тахарын ерөнхий газрын зарим чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасаг байгуулагдсан бөгөөд, уг тасгийн даргын албан тушаалд Ж.Г г шилжүүлэн томилох бодит боломж байсан атал тухайн албан тушаалд томилоогүй Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг Захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон болно.

Хэрэв Цагдаагийн Ерөнхий газрын дарга тухайн үед нь тухайн албан тушаалд шилжүүлэн томилсон бол Ж.Г нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 3 жил 23 хоног /37 сар/ ажилгүй байхгүй байсан бөгөөд одоогийн ажиллаж байгаа албан тушаалын авч байгаа цалингийн хэмжээгээр бодоход энэ хугацаанд 65,184,676 төгрөгийн цалин авах байсан. Энэ бол Ж.Г гийн зөвхөн цалин биш мөнгөөр үнэлэмгүй их хохирол амсаж, иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ хугацаанд зөрчигдөж хохирлоо. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 зүйлийн 498.2-т тус тус зааснаар 3 жил 23 хоног /37 сар/-т ажиллаж авах байсан цалингийн орлогоороо хохирсон гэж үзэж 65,184,676 төгрөгийг Цагдаагийн Ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Цалин хөлсийг бодохдоо Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ТТ-ийн 13/5 шатлалын дагуу нэг сарын цалин 1,761,748 төгрөгөөр бодсон болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 51,034,121 төгрөг болгосон. Энэ мөнгийг Цагдаагийн Ерөнхий газраас гаргаж нэхэмжлэгчид олгоно уу.

Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр гарснаас хойш Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилсон өдөр болох 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг ЦЕГ т даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ЦЕГ  шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Г нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Цагдаагийн ерөнхий газрын эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 65,184,676 төгрөг гаргуулах, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилсон 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг ЦЕГ т даалгуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2016 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд томилохгүй байгаа цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх гэж тодорхойлж байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилж, харин ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид ажил санал болгож байсан боловч өөрөө даргын ажлаа хийнэ гэж зөвшөөрөөгүй. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 109 дүгээр тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Дээрх тогтоолоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ж.Г гийн 65,184,676 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтад нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;" бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахаар зохицуулсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0096 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 сарын 09-ний Б/635, албан тушаалын цалингийн тодорхойлолт, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаал, Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Сангийн сайдын хамтарсан тушаал, Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн яамнаас ЦЕГ т ирүүлсэн албан бичиг, Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын ЦЕГ т ирүүлсэн өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх ба түүнийг шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон, мөн тухайн цаг үед өөр ажилд шилжүүлэн томилох бодит боломж байсан атал тухайн албан тушаалд томилоогүй Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан гэж 3 жил 23 хоног /37 сар/-т ажиллаж авах байсан цалингийн орлого 65,184,676 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр гарснаас хойш 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч хохирол нэхэмжилсэн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 51,034,121 төгрөг болгосон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын ЦЕГ т ирүүлсэн албан бичгийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын дарга тухайн үед нь тухайн албан тушаалд шилжүүлэн томилсон бол Ж.Г нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 3 жил 23 хоног /37 сар/ ажилгүй байсан бөгөөд одоогийн ажиллаж байгаа албан тушаалын авч байгаа цалингийн хэмжээгээр бодоход энэ хугацаанд 65,184,676 төгрөгийн цалин авах байсан, улмаар цалингаа авч чадаагүйн дээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадалгүй гэм хор учирсан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Тахарын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гарч, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 сарын 02-ны өдрийн Б/247 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар өөрийн ажилтнуудын заримыг Цагдаагийн байгууллагад, заримыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, заримыг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүилиин 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлсөн хүмүүсийн дотор Тахарын Ерөнхий газрын Эрэн сурвалжлах мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан Ж.Г орсон байна.

 

Ж.Г нь ажлаар хангуулах талаар Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн сайдад хандсан ба Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ЦЕГ т ирүүлсэн өргөдөл шилжүүлэх тухай албан бичигт Тахарын албанаас ЦЕГ т шилжиж байгаа 402 орон тоо, 373 алба хаагчийг чиг үүргийнх нь дагуу бүтцийн нэгж байгуулан, зохих албан тушаалд томилох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллуулах талаар чиглэл хүргүүлж, мөн Ж.Г гийн хүсэлтийг харгалзан, зохих ажилд томилох асуудлыг судалж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэхийг мэдэгдэж байжээ.

 

Ж.Г гийн асуудал шийдвэрлэгдэхгүй байсан тул тэрээр шүүхэд хандсан ба Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0096 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор Ж.Г г ЦЕГ т Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилж, харин ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг ЦЕГ т даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/635 тушаалаар Ж.Г г 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд томилсон байна.

 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гарсан үе хүртэл ЦЕГ т Ж.Г г ажлаар хангах үүрэг үүсээгүй байсан ба Цагдаагийн Ерөнхий газрыг дээрх үе хүртэл Ж.Г г ажлаар хангах байсан үүргээ биелүүлээгүй буруутай байна гэж үзэх боломжгүй байна. Харин анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ж.Г г ажлаар хангаагүй, цалин хөлсгүй байлгасан нь Цагдаагийн Ерөнхий газрын үйл ажиллагаатай холбоотой тул энэ хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг ЦЕГ  нэхэмжлэгчид учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирлын хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн цалингийн дунджийг 2016 оны 5-7 дугаар сарын цалингийн дундаж 1,180,820 төгрөгөөр тооцон, ажлаар хангаагүй 8 сар 15 хоногоор бодож 10,036,970 төгрөг гэж тооцлоо. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирлын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс Цагдаагийн Ерөнхий газрын ажилд авсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг ЦЕГ т даалгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоогдсон тул хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-ийг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 10,036,970 төгрөгийг гаргуулж Ж.Г д олгож, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн 55,147,706 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Цагдаагийн ерөнхий гзараас улсын тэмдэгтийн хураамжинд 175,541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 483,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД

ШҮҮГЧИД И.АМАРТӨГС

Ч.ДАВААСҮРЭН