Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/00125

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/00125

 

 

Утпала финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06496 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Утпала финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Нэмэхболдод холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, зээлийн хүү 3 839 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 959 995 төгрөг, нотариатын төлбөр 17 000 төгрөг, нийт 44 816 994 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, Б.Гандарь

Хариуцагч О.Нэмэхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.    

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Утпала финанс ББСБ ХХК нь О.Нэмэхболдтой 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр №ЗГ0002/150922 тоот зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Утпала финанс ББСБ ХХК-ийн Голомт банкны 3615100813 тоот данснаас зээлдэгч О.Нэмэхболдын Голомт банкны 1169367760 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож О.Нэмэхболдтой 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр №ЗБГ0002/150922 дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074400 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 66 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай, 65.52 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, зээлийн хүүнд 5 880 000 төгрөгийн төлөлт хийгдсэн юм.

Улмаар зээлдэгч О.Нэмэхболд нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч байгаа тул хүүгийн үлдэгдлийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж дуусган, гэрээний хугацаанаас 6 сараар сунгуулах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, №ЗНГ0002/160322 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан ч гэрээний хугацааг 3 сараар буюу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. Гэвч зээлдэгч нь зээлийн графикт заагдсан хугацаанд төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд төлөгдөөгүй үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 3 839 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 959 995 төгрөг, нотариатын төлбөр 17 000 төгрөг буюу нийт 44 816 994 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгыг худалдан борлуулж, зээлийн өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Нэмэхболдоос зээлийн гэрээний үүрэгт 44 624 998 /дөчин дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Утпала финанс ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 191 996 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О.Нэмэхболд нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 66 дугаар байрны 28 тоот хаягт байршилтай, 65.52 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204074400 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Утпала финанс ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Нэмэхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 381 074 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Утпала финанс ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх тооцооллыг гаргахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг үндэслэх ёстой байтал нэхэмжлэгч байгууллагын тооцооллыг үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч миний бие үндсэн зээлийн төлбөрт 15 466 666 төгрөг төлсөн ба үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 15 466 66 = 24 533 334 төгрөг үлдсэн. Сарын 4 хувийн хүүтэй зээлсэн ба сарын хүү нь 24 533 334 х 4% = 981 333 төгрөг, 981 333 х 12 сар = 11 776 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 хувийг тооцоход 2 355 200 төгрөг болж байна. Нийт үндсэн зээл 24 533 334 төгрөг + зээлийн хүү 11 776 000 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 2 355 200 төгрөг = 38 664 534 төгрөг болж байна. Зөрүү /44 624 998 38 664 534/ = 5 960 463 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Утпала финанс ББСБ ХХК нь хариуцагч О.Нэмэхболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 3 839 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 959 995 төгрөг, хохиролд 17 000 төгрөг, нийт 44 816 994 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч О.Нэмэхболдод 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгсөн байх боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар гаргаагүй байна.

Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 22ы өдөр ЗГ0002/150922 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Утпала финанс ББСБ ХХК нь зээлдэгч О.Нэмэхболдод 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байхаас гадна Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗНГ0002/160322 тоот гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 9 сар болгон өөрчилжээ.

Мөн зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ЗБГ0002/150922 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагч О.Нэмэхболд нь барьцаалагч Утпала финанс ББСБ ХХК-д буюу дээрх 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар дамдинсүрэн гудамж, 66 дугаар байрны 28 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Зээлдэгч О.Нэмэхболд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаах, үгүйсгэх баримт гаргаагүйн зэрэгцээ зээлдүүлэгч Утпала финанс ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн хүүд 15 466 666 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Хэргийн 7 -11, 15 дугаар талд авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 22ы өдрийн ЗГ0002/150922 тоот Зээлийн гэрээ болон 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗНГ0002/160322 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн хавсралтад заасан буюу зээлийн эргэн төлөлтийн хуваариас харахад зээлдэгч О.Нэмэхболд нь зээлийн хүүг тогтоосон хугацаанд тогтмол төлж, зээлийн гэрээний хугацаа дуусах 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон байх тул зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч О.Нэмэхболдын төлсөн нийт 15 466 666 төгрөгийг зээлийн хүүд тооцсон нь зөв байна.

 

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг хамааралгүй бөгөөд талууд гэрээний хавсралтаар сар бүр төлөх үндсэн зээл, зээлийн хүүгийн хэмжээг тохирсон байх тул анхан шатны шүүх гэрээний энэ тохиролцоог үндэслэн зээлдэгчийн төлсөн мөнгийг зээлийн хүүд тооцож, зээлдэгчийн үүргийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг зээлийн төлөгдөөгүй хүү болох 3 839 999 төгрөгийн 20 хувиар тооцож 767 999 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 2.3 болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт нийцжээ.

 

Дээр дурдсанаар О.Нэмэхболд нь гэрээний үүргээ зөрчсөн тул Утпала финанс ББСБ ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын зардалд гарсан 17 000 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07ы өдрийн 101/ШШ2016/06496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Нэмэхболдын төлсөн 110 317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ