Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00306

 

“Утпала финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06496 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 125 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Нэмэхболдод холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, зээлийн хүү 3 839 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 959 995 төгрөг, нотариатын төлбөр 17 000 төгрөг, нийт 44 816 994 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандарь, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Утпала финанс ББСБ” ХХК нь О.Нэмэхболдтой 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр №ЗГ0002/150922 тоот зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Утпала финанс ББСБ” ХХК-ийн Голомт банкны 3615100813 тоот данснаас зээлдэгч О.Нэмэхболдын Голомт банкны 1169367760 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож О.Нэмэхболдтой 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр №ЗБГ0002/150922 дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074400 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 66 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай, 65.52 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан.Зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, зээлийн хүүнд 5 880 000 төгрөгийн төлөлт хийгдсэн юм. Улмаар зээлдэгч О.Нэмэхболд нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч байгаа тул хүүгийн үлдэгдлийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж дуусган, гэрээний хугацаанаас 6 сараар сунгуулах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, №ЗНГ0002/160322 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, гэрээний хугацааг 3 сараар буюу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. Гэвч зээлдэгч нь зээлийн графикт заагдсан хугацаанд төлөлгүй өнөөдрийг хүрч байна.Иймд төлөгдөөгүй үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 3 839 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 959 995 төгрөг, нотариатын төлбөр 17 000 төгрөг буюу нийт 44 816 994 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06496 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Нэмэхболдоос зээлийн гэрээний үүрэгт 44 624 998 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Утпала финанс” ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 191 996 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О.Нэмэхболд нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 66 дугаар байрны 28 тоот хаягт байршилтай, 65.52 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204074400 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Утпала финанс ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Нэмэхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 381 074 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Утпала финанс ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 125 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Нэмэхболдын төлсөн 110 317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүх тооцооллыг гаргахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 хэсгийг үндэслэх ёстой байтал нэхэмжлэгч байгууллагын тооцооллыг үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч миний бие үндсэн зээлийн төлбөрт 15 466 666 төгрөг төлсөн ба үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000-15 466 666=24 533 334 төгрөг үлдсэн. Сарын 4 хувийн хүүтэй зээлсэн ба сарын хүү нь 24 533 334*4%=981 333 төгрөг, 981 333*12 ашигласан сар=11 776 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 хувийг тооцоход 2 355 200 төгрөг болж байна. Нийт Үндсэн зээл 24 533 334 төгрөг+зээлийн хүү 11 776 000 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 2 355 200 төгрөг = 38 664 534 төгрөг болж байна. Зөрүү /44,624,998 - 38,664,534/ = 5 960 463 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй болно.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж өгнө үү гэжээ.

                                                                                        ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй  хянан шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Утпала финанс” ХХК хариуцагч О.Нэмэхболдод холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байх ба хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд өөрөө болон төлөөлөгч нь хүрэлцэн ирээгүй, оролцох боломжгүй шалтгаанаа тайлбарлаагүй тул шүүх хэргийг нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч   нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд  хэргийг шийдвэрлэдэг бөгөөд хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасны дагуу шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэдэг байна.              

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн талаар тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй тул зээлийн төлөлтийн тооцоог буруу гаргасан гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх зохицуулалт нь зөвхөн гүйцэтгэх хугацаа нь болсон үүрэгт хамааралтай ба хариуцагчийн гомдолд дурдагдаж буй 15 466 666 төгрөгийг тэрээр хэзээ, хэрхэн төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул зээлийн тооцооллын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06496 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 125 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН