Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2018/02086

 

 

 

 

 

 

 

 

 

Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02622 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Элитворлд ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 10 959 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Балжинням

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жи Мобайл ХХК нь Элитворлд ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЖМ-15/626 дугаар техникийн ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЖМ-15/771 дүгээр нэмэлт гэрээгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Байгалийн гозгор ууланд сайтын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу Элитворлд ХХК-нд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5 390 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 225 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 385 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөг төлсөн. Гэвч Элитворлд ХХК нь ЖМ-15/626 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, техникийн даалгаврын дагуу ажлаа хийгээгүй, барилгын стандарт, норм дүрмийг баримтлаагүйн улмаас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2 бүлэг нарны тольны 1 бүлэг нь унаж суурилагдсан байсан нийт 18 ширхэг нарын тольны 8 ширхэг нь хагарч, суурь цутгаж, рак шинээр хийсэн угсралтын ажлын хөлс 4 859 000 төгрөг нийт 10 959 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар Элитворлд ХХК 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч, хохирлыг төлөөгүй байна. Иймд Элитворлд ХХК-иас ЖМ-15/626 дугаар Техникийн ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу 10 959 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани тус ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгээд Жи мобайл ХХК-д хүлээлгэж өгснөөс хойш нэг жилийн баталгаат хугацаа дууссан. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болон гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг хүлээлгэж өгснөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу ажил гүйцэтгэх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болоод хохирол учирсан. Манай байгууллагыг стандарт зөрчсөнийг юугаар нотолж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Элитворлд ХХК-иас 10 959 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЖМ17/751 тоот гэрээний хавсралт 1-д тусгасан ажлын даалгаврын дагуу ажил гүйцэтгээгүй талаар Элитворлд ХХК-д удаа дараа мэдэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаандаа гомдол гаргасан бөгөөд хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй талаар хэрэгт нотлох баримтаар авагдсан, хариуцагч хохирлын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагч төлбөрийг хүлээн авснаа үгүйсгээгүй, хэргийн оролцогчид төлбөр төлсөн эсэх дээр маргаагүй байхад 6 456 700 төгрөг хэрхэн шилжүүлсэн болохыг нэхэмжлэлээр нотлоогүй гэсэн нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Элитворлд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлын улмаас учирсан хохирол 10 959 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр техникийн ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр техникийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу Элитворлд ХХК нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Байгалийн гозгор ууланд 18 ширхэг нарны толины суурь бэлдэх, сууринд рак угсрах, 12 ширхэг толинуудыг сууринд угсрах болон холболт, ажиллагаанд бэлэн болгох, байрны дээвэр засварлах, толины суурь цутгах ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээж, захиалагч буюу Жи мобайл ХХК нь ажлын хөлсөнд 11 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь дээрх гэрээнүүд, Жи мобайл ХХК-ийн шаардах хуудас болон төлбөрийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. Ийм анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулга, түүний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид гүйцэтгэсэн ажлын хөлсөнд захиалагч 11 000 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, харин ажлын үр дүн доголдолтой эсэх талаар маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн техникийн ажил гүйцэтгэх гэрээний 1.4 дэх хэсэгт ажил гүйцэтгэх хугацааг 10 хоногоор тохиролцож, мөн 2.5 дахь хэсэгт гэрээт ажлыг хүлээн авах комисс байгуулж, гүйцэтгэгчээс актаар хүлээн авахаар тохиролцсон байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн ажлыг гүйцэтгэсэн хугацааны талаар маргаагүй, ажлын үр дүн хэзээ, хэрхэн хүлээж авснаа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хариуцагчийг ажлын гүйцэтгэлийг 2015 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК буюу захиалагч нь ажлын үр дүнг комисс томилж хүлээж авахдаа доголдлын талаар мэдэх боломжтой байсан тул тэрээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчийн хариуцагчаар гүйцэтгүүлсэн ажлын үр дүн болох нарны толины рак хийх, суурь гэх зүйлийг өөрийн мэргэжлийн үйл ажиллагаанд байнга хэрэглэдэг зүйл байна. Уг суурь нь гэрээнд заасан шаардлага хангасан эсэх буюу түүний хэмжээ, хэлбэр зэрэг гадаад шинж байдал нь хүлээн авах үед шалгах боломжтой зүйл юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, мөн зүйлийн 349.2 дахь хэсэгт зааснаар талууд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн үеэс буюу гомдлын шаардлага гаргах эрх үүссэн үеэс 1 жилийн дотор гаргах байтал захиалагч Жи мобайл ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэгч Элитворлд ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх 29 дэх тал/ хүргүүлсэн нь ажлын үр дүнг хүлээж авснаас хойш тоологдох гомдлын шаардлага хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь хохирлын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа доголдолтой ажил гүйцэтгэсэн гэх агуулгаар биш, харин цаашдын хамтын ажиллагааг харгалзан үзэж хохирлыг барагдуулах боломжтой гэсэн тайлбар гаргасан байгааг хариуцагч Элитворлд ХХК нь хохирлын талаар огт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцэхгүй.

 

Түүнчлэн Жи мобайл ХХК болон Бат холбоос цамхаг ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн техникийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 6 456 700 төгрөгийг шилжүүлсэн болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь доголдолтой холбоотой учирсан хохиролд шууд холбоотой дүгнэлт биш байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 199 500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Д.ЦОГТСАЙХАН