Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00315

 

“Ж М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02622 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2086 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ж М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 10 959 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дашнямын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

““Ж М” ХХК нь “Э” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЖМ-15/626 дугаар техникийн ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЖМ-15/771 дүгээр нэмэлт гэрээгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Байгалийн гозгор ууланд сайтын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу “Э” ХХК-нд нийт 11 000 000 төгрөг төлсөн. Гэвч “Э” ХХК нь ЖМ-15/626 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, техникийн даалгаврын дагуу ажлаа хийгээгүй, барилгын стандарт, норм дүрмийг баримтлаагүйн улмаас 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2 бүлэг нарны толины 1 бүлэг нь унаж суурилагдсан байсан нийт 18 ширхэг нарын толины 8 ширхэг нь хагарч, суурь цутгаж, рак шинээр хийсэн угсралтын ажлын хөлс 4 859 000 төгрөг нийт 10 959 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар “Э” ХХК 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч, хохирлыг төлөөгүй байна.

Иймд “Э” ХХК-иас ЖМ-15/626 дугаар Техникийн ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу 10 959 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн ба талууд актаар хүлээж авсан боловч барилгын ажлыг өвөл цастай үед гүйцэтгэсэн, байгалийн хүчтэй салхи гарч, бидний зүгээс үл хамаарах буюу давагдашгүй хүчин зүйл гарсны улмаас хохирол учирсан.

Бидний зүгээс санхүүгийн бололцоо тааруу байгаа хэдий ч цаашдын хамтын ажиллагааг харгалзан үзэж, дараах бололцоогоор төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгч талтай ярилцаж тохиролцсон болно. Үүнд: эвдэрсэн арван ширхэг нарны толийг нарны толиор нь төлж барагдуулах, үлдсэн төлбөр дээр хамтын ажиллагааны гэрээ байгуулан угсралтын ажил гүйцэтгэж өгөх замаар харилцан тохиролцож, хохирлыг барагдуулах” гэсэн боловч шүүх хуралдаанд:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани тус ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгээд “Ж М” ХХК-д хүлээлгэж өгснөөс хойш нэг жилийн баталгаат хугацаа дууссан. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болон гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг хүлээлгэж өгснөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу ажил гүйцэтгэх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болоод хохирол учирсан. Манай байгууллагыг стандарт зөрчсөнийг юугаар нотолж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02622 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-иас 10 959 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2086 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 199 500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Манай компани 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЖМ17/751 тоот гэрээний хавсралт 1-д тусгасан ажлын даалгаврын дагуу ажил гүйцэтгээгүй талаар “Э” ХХК-д удаа дараа мэдэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаандаа гомдол гаргасан бөгөөд хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан, хариуцагч хохирлын талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн шүүхийн шийдвэрт хариуцагч төлбөрийг хүлээн авснаа үгүйсгээгүй, хэргийн оролцогчид төлбөр төлсөн эсэх дээр маргаагүй байхад 6 456 700 төгрөг хэрхэн шилжүүлсэн болохыг нэхэмжлэлээр нотлоогүй гэсэн нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна гэсэн гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02622 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2086 дугаар магадлалыг хянан үзэж анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ж М” ХХК нь “Э” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 10 959 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан боловч шүүх хуралдаанд татгалзсан тайлбар гаргажээ.

Зохигч нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЖМ-15/626 дугаар техникийн ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЖМ-15/771 дүгээр нэмэлт гэрээ байгуулж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Байгалийн гозгор ууланд “сайтын ажил гүйцэтгүүлэх” гэрээ байгуулж, нэхэмжлэгч  “Ж М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-нд нийт 11 000 000 төгрөг төлжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, техникийн даалгаврын дагуу ажлаа хийгээгүй, барилгын стандарт, норм дүрмийг баримтлаагүйн улмаас 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2 бүлэг нарны толины 1 бүлэг нь унаж суурилагдсан байсан нийт 18 ширхэг нарны толины 8 ширхэг нь хагарч, суурь цутгаж, рак шинээр хийсэн угсралтын ажлын хөлс 4 859 000 төгрөг нийт 10 959 000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлд заажээ.

Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа шаардлагыг татгалзаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлт гаргаж байсан, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүй, нэхэмжлэлийн зүйлийн талаар мэтгэлцэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, мэтгэлцээгүй байна. 

Харин анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн тайлбар гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн мэтгэлцээгүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй бол шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Харин зохигчийн хоорондох эрх зүйн харилцааны талаар шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлтүүд нь, тухайлбал, ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг хүлээн авсан байдал, ажлын үр дүн доголдолтой байсан эсэх, доголдлын талаар захиалагч ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн эсэх, захиалагч шаардлага гаргах эрхээ алдсан эсэх зэрэг асуудал нь гэрээний талуудын мэтгэлцээнгүйгээр бодит гэж тооцогдох боломжгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн тул энэхүү ажиллагааны үндсэн дээр гарсан шийдвэр, магадлалыг өөрчлөх журмаар алдааг залруулах, шүүхийн хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02622 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2086 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 190 294 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН