Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/00124

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/00124

 

 

 Баянхан сүлжээ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 19ий өдрийн 183/ШШ2016/00724 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Баянхан сүлжээ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Хүдэрянд холбогдох

 

Гэрээнээс учирсан хохиролд 17 961 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.  

  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5108 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад Ц.Хүдэрян нь манай Баянхан сүлжээ ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67-34 тоот орон сууцны анх гэрээгээр тохиролцсон үнэ болох 134 125 000 төгрөгөөс шүүхийн дээрх шийдвэрээр Ц.Хүдэрянд олгогдохоор заагдсан 42 125 000 төгрөгийг хасч 92 000 000 төгрөгийг Ц.Хүдэрян төлөхөөр болсон бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25 000 000 төгрөг, үлдсэн 67 000 000 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамж 828 575 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах бөгөөд хэрэв гэрээг  зөрчсөн тохиолдолд дээрх хаяг бүхий орон сууцыг ашиглалтанд орсоноос хойш өдийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүйгээр ашигласны төлбөрт нэг сарын 500 000 төгрөгөөр тооцож хохирлыг төлөхөөр гэрээ байгуулсан. Ц.Хүдэрян нь Эвлэрлийн гэрээнд зааснаар орон сууц ашигласны зардлыг төлөх үүрэгтэй ба тэрээр энэ хугацаанд орон сууц ашигласан хугацааны ус, дулаан ашиглалтын зардлаас 140 000 төгрөг, мөн СӨХ-ийн төлбөрт 921 000 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Иймд  Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67-34 тоот орон сууцыг 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 31 сар үнэ төлбөргүй ашигласны төлбөрт 15 500 000 төгрөг, тус байрны ус, дулаан ашиглалтын зардалд 140 000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 921 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 1 400 000 төгрөг нийт 17 961 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхан сүлжээ ХХК, Ц.Хүдэрян нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 010980 дугаартай гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө Ц.Хүдэрян төлж, нийт 42 125 000 төгрөгийг Баянхан сүлжээ ХХК-д тушааж, үлдэгдэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дагуу 8 хувийн хүүтэй банкны зээлээр төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл улс оронд эдийн засгийн хямрал хүндэрсэнээр банкнаас олгох зээл хязгаарлалт хийгдэж, үлдэгдэл төлбөрөө төлөх нөхцөл нь хугацааны хувьд хойшилсоор Баянхан сүлжээ ХХК шүүхэд хандсанаар шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэснээр энэ маргаан эцэс болсон байдаг ба шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжээрээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллаж, шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдад худалдсан эд хөрөнгөө бусдад түрээслүүлсэн мэтээр түрээсийн төлбөр нэхэмжлэх, орон сууцны ашиглалтын зардал болон СӨХ-ны үйлчилгээний төлбөрийг тухайн СӨХ нь нэхээгүй байхад бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэх, хууль зүйн зөвлөгөөг өмгөөлөгчөөс авсныхаа төлбөрийг бусдаас нэхэмжлэх эрхгүй. Ц.Хүдэрянгийн хувьд нэгэнт тухайн байранд ороод тохижсон, өөр орон сууц худалдаж аваад дахиж төвхнөж амьдрахад хүндрэлтэй зэрэг байдлаа бодоод Эвлэрлийн гэрээ хийх байдлаар тухайн орон сууцных нь үлдэгдэл төлбөрийг төлөөд асуудлыг дуусгавар болох зорилготой байсныг ашиглаж, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, чирэгдэл учруулах хэмжээнд аваачиж байгаад гомдолтой байна. Иймд Баянхан сүлжээ ХХК-ийн гаргасан ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй, бусдын нэрийн өмнөөс үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн зорилготой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Хүдэр-Янаас 15 430 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баянхан сүлжээ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 531 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Баянхан сүлжээ ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 247 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хүдэр-Янаас 235 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баянхан сүлжээ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон зардлууд нь эдгээрийн алинд нь ч хамаарахгүй байгааг шүүх анхаараагүй болно. Орон сууцыг үнэ төлбөргүйгээр ашигласны төлбөр 13 500 000 төгрөгийн шаардлага нь нэхэмжлэгчийн нэгэнт биелэгдсэн шүүхийн шийдвэр болох 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №010980 дугаартай гэрээнээс татгалзсантай холбогдуулан нэхэмжлэх эрхийг Иргэний хуулийн дээрх зохицуулалт зохицуулж байгаа болохоос шүүхийн шийдвэр гараад биелэгдэх шатанд талуудын хооронд хийгдсэн Эвлэрлийн гэрээ"-ний дагуу хариуцагчаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь анх Баянхан сүлжээ ХХК орон сууцаа бусдад худалдаад гэрээний дийлэнх хэсэг биелэгдэхгүй байгаа үндэслэлээр гэрээнээс татгалзсан ба уг асуудал нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 5108 дугаартай шийдвэрээр бүрэн шийдвэрлэгдэж дуусгавар болсон ба уг шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа хийгдэж биелэгдсэн. "Эвлэрлийн гэрээ"-г байгуулсан байдаг ч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн учраас банкууд зээлийг нь шийдвэрлэж өгөөгүй байна. Энэ мэт шалтгааны улмаас эвлэрлийн гэрээ нь хэрэгжээгүй. Үүнийг нэхэмжлэгч Баянхан сүлжээ ХХК-ийн М.Цэрэнбат захирал маш сайн мэдэж байгаа ба ийм байдлаар нэхэмжлэл гаргах зорилготойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эвлэрсэн нэр төдий зүйл хийсэн байна. Гэхдээ давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхнээс хүсэхэд гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ уг татгалзсан гэрээтэй холбоотой асуудлыг анхааран үзэхийг, өөрөөр хэлбэл орон сууц худалдан авах гэрээнээс Баянхан сүлжээ ХХК анх татгалзсаныг, уг татгалзалтай холбоотой хохиролд тооцогдох хохирлыг хууль зохицуулж байгааг тус тус анхааран үзэхийг хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5108 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 68 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 165 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67 дугаар байр, 34 тоот орон сууцыг Ц.Хүдэр-Янын эзэмшлээс чөлөөлж, орон сууцны төлбөрт төлсөн 42 125 000 төгрөгийг Баянхан сүлжээ ХХК-иас гаргуулан Ц.Хүдэр-Янд олгохоор шийдвэрлэсэн боловч эдгээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад буюу зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67 дугаар байр, 34 тоот орон сууцны гэрээгээр тохиролцсон үнэ 134 125 000 төгрөгөөс Ц.Хүдэр-Янд олгохоор шийдвэрлэсэн 42 125 000 төгрөгийг хасаж, үлдэх 92 000 000 төгрөгийг Ц.Хүдэр-Ян 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Баянхан сүлжээ ХХК-д төлж барагдуулах, хэрэв Ц.Хүдэр-Ян энэ гэрээгээр төлөх үнийн дүнг хугацаандаа төлөөгүй бол уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш өдийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашигласны төлбөрт 1 сарын 500 000 төгрөг тооцож хохирлыг төлөхөөр тохиролцжээ.

Талууд дээрх байдлаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хоёр тал гэрээндээ хэн алиныхаа биелүүлбэл зохих үндсэн үүргийг тусгахаас гадна нөгөө талын буруутай ажиллагаа, үүргээ зөрчсөн байдлаас шалтгаалж гэрээг цуцлагдсан тохиолдолд нөгөө талд төлөх хохирлын хэмжээний талаар тохиролцсоныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Хариуцагч Ц.Хүдэр-Ян нь эвлэрлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр орон сууцыг буцаан авсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон ба ийнхүү гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Баянхан Сүлжээ ХХК нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй Ц.Хүдэр-Янаас гэрээнд заасан хохирлыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ц.Хүдэр-Ян нь орон сууцыг анхны гэрээ байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр уг орон сууцыг чөлөөлж өгөх хүртэл 30 сарын хугацаанд эзэмшилдээ байлгасныг гэрээнд заасны дагуу сар бүр 500 000 төгрөгөөр тооцож, 15 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Хүдэр-Янаас гаргуулан нэхэмжлэгч Баянхан сүлжээ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д тус тус нийцсэн байна.

Мөн шүүх Чандмана СӨХ-ны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0/2 дугаар албан бичиг, тус СӨХ-ны орлогын ордерийн тасалбар зэргийг үндэслэн 430 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ус, дулаан ашиглалтын зардал 140 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 1 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19ий өдрийн 183/ШШ2016/00724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ