Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 00724

 

 

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2016/00724

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Баянхан сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 67-33 тоотод байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9011018143, регистрийн дугаар 2569884/

 

Хариуцагч: Хар үхэрт овогтой, Цэрэнбалтавын Хүдэрянд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө 6А байр, 161 тоотод оршин суух, регистрийн дугаар ХБ69040807/

 

Гэрээнээс учирсан хохиролд 17.961.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5108 дугаартай шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байх явцад Ц.Хүдэрян нь манай “Баянхан сүлжээ” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67-34 тоот орон сууцны анх гэрээгээр тохиролцсон үнэ болох 134.125.000 төгрөгөөс шүүхийн дээрх шийдвэрээр Ц.Хүдэрянд олгогдохоор заагдсан 42.125.000 төгрөгийг хасч 92.000.000 төгрөгийг Ц.Хүдэрян төлөхөөр тохиролцож, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25.000.000 төгрөг, үлдсэн 67.000.000 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамж 828.575 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд хэрэв Ц.Хүдэрян нь энэ гэрээгээр төлөх үнийн дүнг хугацаанд нь төлөхгүйгээр гэрээг  зөрчсөн тохиолдолд дээрх хаяг бүхий орон сууцыг ашиглалтанд орсоноос хойш өдийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүйгээр ашигласны төлбөрт нэг сарын 500.000 төгрөгөөр тооцож хохирлыг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл Ц.Хүдэрян нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд түүнээс авах 92.828.575 төгрөгийн төлбөрт маргаан бүхий байраа авч 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан чөлөөлүүлсэн юм. Ц.Хүдэрян нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд зааснаар орон сууц ашигласны зардлыг төлөх үүрэгтэй ба тэрээр энэ хугацаанд орон сууц ашигласан хугацааны ус, дулаан ашиглалтын зардлаас 140.000 төгрөг, мөн СӨХ-ийн төлбөрт 921.000 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Иймд Эвлэрлийн гэрээнд заасны дагуу Ц.Хүдэрянаас 2013 оны 9 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл дээрх орон сууцыг үнэ төлбөргүй ашигласны төлбөрт 15.500.000 төгрөг, ус, дулаан ашиглалтын зардлын төлөөгүй үлдэгдэл 140.000 төгрөг, мөн орон сууцыг ашиглах хугацаанд СӨХ-ны төлөгдөөгүй төлбөрт 921.000 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсний ажлын хөлсөнд 1.400.000 төгрөг, нийт 17.961.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

            Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67-34 тоот орон сууцыг 2014 оноос 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл гэснийг 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 31 сар гэж өөрчилж, үнэ төлбөргүй ашигласны төлбөрт 13.500.000 төгрөг гаргуулах гэснийг 15.500.000 төгрөг гэж өөрчилж, тус байрны ус, дулаан ашиглалтын зардалд 140.000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 921.000 төгрөг, Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээр учирсан хохиролд өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 1.400.000 төгрөг гэсэн нь хэвээр байх ба нийт 17.961.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж өөрчлөлт оруулж залруулж байна гэв.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхан сүлжээ” ХХК, Ц.Хүдэрян нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 010980 дугаартай гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө Ц.Хүдэрян төлж, нийт 42.125.000 төгрөгийг “Баянхан сүлжээ” ХХК-д тушааж, үлдэгдэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дагуу 8 хувийн хүүтэй банкны зээлээр төлөхөөр болж, тохиролцсон байдаг байна. Гэтэл улс оронд эдийн засгийн хямрал хүндэрсэнээр банкнаас олгох зээл хязгаарлалт хийгдэж, үлдэгдэл төлбөрөө төлөх нөхцөл нь хугацааны хувьд хойшилсоор “Баянхан сүлжээ” ХХК шүүхэд хандсанаар шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэснээр энэ маргаан эцэс болсон байдаг ба шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжээрээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллаж, шийдвэрийг бүрэн биелүүлсэн болно. Гэтэл “Баянхан сүлжээ” ХХК нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүйгээр шүүхэд Ц.Хүдэряныг хариуцагчаар дахин татаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг үнэ төлбөргүй ашигласны төлбөрт 13.500.000 төгрөг, орон сууцны ус дулаан ашиглалтын зардалд 140.000 төгрөг хэмээн тодорхойлж нэхэмжилжээ. Худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдад худалдсан эд хөрөнгөө бусдад түрээслүүлсэн мэтээр түрээсийн төлбөр нэхэмжлэх, орон сууцны ашиглалтын зардал болон СӨХ-ны үйлчилгээний төлбөрийг тухайн СӨХ нь нэхээгүй байхад бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэх, хууль зүйн зөвлөгөөг өмгөөлөгчөөс авсныхаа төлбөрийг бусдаас нэхэмжлэх эрхгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Ц.Хүдэрянгийн хувьд нэгэнт тухайн байранд ороод тохижсон, тухайн байранд нь зориулаад гал тогоо, тавилгын өрөөний ком тавилга захиалаад хийлгэчихсэн, тухайн байрыг өгөөд нүүлээ ч гэсэн өөр орон сууц худалдаж аваад дахиж төвхнөж амьдрахад хүндрэлтэй зэрэг байдлаа бодоод Эвлэрлийн гэрээ хийх байдлаар тухайн орон сууцных нь үлдэгдэл төлбөрийг нь төлөөд асуудлыг дуусгавар болох зорилготой байсныг ийм байдлаар ашиглаж, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд дахин өчнөөн чирэгдэл учруулах хэмжээнд аваачиж байгаад гомдолтой байгаа ба өөрт учирч байгаа хохирлоо сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүхээр нэг мөсөн шийдвэрлүүлэхэд ч болохгүй гэх газаргүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд “Баянхан сүлжээ” ХХК-ийн гаргасан ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй, бусдын нэрийн өмнөөс үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн зорилготой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Баянхан сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Хүдэрянд холбогдох, гэрээнээс учирсан хохиролд 17.961.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5108 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 68 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 165 дугаар тогтоолоор “...хуульд заасан журмын дагуу Баянхан сүлжээ ХХК нь Ц.Хүдэрянтай 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67 дугаар байр, 34 тоот орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон гэрээнээс татгалзсан тул уг орон сууцыг Ц.Хүдэр-Янын эзэмшлээс чөлөөлж, орон сууцны төлбөрт төлсөн 42.125.000 төгрөгийг Баянхан сүлжээ ХХК-иас гаргуулан Ц.Хүдэр-Янд олгох”-оор шийдвэрлэжээ.

 

Талууд уг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр “...Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67 дугаар байр, 34 тоот орон сууцны гэрээгээр тохиролцсон үнэ 134.125.000 төгрөгөөс Ц.Хүдэр-Янд олгохоор шийдвэрлэсэн 42.125.000 төгрөгийг хасаж, үлдэх 92.000.000 төгрөгийг Ц.Хүдэр-Ян 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Баянхан сүлжээ ХХК-д төлж барагдуулах, хэрэв Ц.Хүдэр-Ян энэ гэрээгээр төлөх үнийн дүнг хугацаандаа төлөөгүй бол уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш өдийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашигласны төлбөрт 1 сарын 500.000 төгрөг тооцож хохирлыг төлнө” гэж тохиролцжээ.

 

Уг эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Хүдэр-Ян нь үүргээ гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5108 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар мөн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”-д заасны дагуу нэхэмжлэгч “Баянхан сүлжээ” ХХК нь хариуцагч Ц.Хүдэр-Янаас 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Захиалгаар зохиомжлогдсон байр барих, байгуулах тухай гэрээ”-ээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч талын “...Ц.Хүдэр-Ян нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67 дугаар байр, 34 тоот орон сууцны түлхүүрийг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулах үедээ аваад, нүүж орсон” гэсэн тайлбар гаргасныг хариуцагч тал үгүйсгэдэггүй ба хариуцагч Ц.Хүдэр-Яныг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр уг орон сууцыг чөлөөлж өгсөн талаар талууд маргадаггүй тул 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны “30 сарыг талуудын тохиролцон гэрээний дагуу 500.000 төгрөгөөр тооцож, 15.000.000 төгрөг”-ийг хариуцагч Ц.Хүдэр-Янаас гаргуулан нэхэмжлэгч “Баянхан сүлжээ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Мөн “Чандмана” СӨХ-ны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0/2 дугаар албан бичгээр “Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 67 дугаар байр, 34 тоот орон сууцны СӨХ-ны төлбөр болох 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт 921.000 төгрөг төлөөгүй байна. Баянхан сүлжээ ХХК-ийг төлж барагдуулна уу” гэсэн албан, “Баянхан сүлжээ” ХХК-ийн уг орон сууцны СӨХ-ны төлбөрт 430.000 төгрөг төлсөн гэсэн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Орлогын ордер, тасалбарыг үндэслэн нэхэмжлэгчээс төлсөн 430.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй болно.

 

Харин нэхэмжлэгчийн “...ус, дулаан ашиглалтын зардал 140.000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 1.400.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь “уг орон сууцны дээрх хугацааны ус, дулаан ашиглалтын зардалд 140.000 төгрөг” талаарх холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн өмгөөлөгч М.Цэрэндэжид нь энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, дээрх өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 1.400.000 төгрөгийг төлсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгөний орлогын баримтаар нотлогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Хүдэр-Янаас гэрээнээс учирсан хохиролд 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 15.000.000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 430.000 төгрөг, нийт 15.430.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Баянхан сүлжээ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.531.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Хүдэр-Янаас 15.430.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Баянхан сүлжээ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.531.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Баянхан сүлжээ” ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 247.755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хүдэр-Янаас 235.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Баянхан сүлжээ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.СЭМЖИД