Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00184

 

Б.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Д.Цолмон. Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06259 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2014 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Батболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Нямсүрэнд холбогдох,

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ дөл цогцолборын 99в байрны 15-1503 тоот орон сууц, зоорийн В2 давхар, 31 тоот гараашийг Л.Нямсүрэнгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ дөл цогцолборын 99в байрны 15-1503 тоот орон сууц, зоорийн В2 давхар, 31 тоот гараашийн хууль ёсны өмчлөгч нь Л.Нямсүрэн болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, Б.Сарнай, хариуцагч Л.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Батболд нь Шинэ дөл цогцолборыг захиалан бариулсан “Шинэ дөл констракшн” ХХК-тай барилга захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ дөл цогцолборын 99в байрны 15-1503 тоот орон сууц, зоорийн В2 давхар, 31 тоотын автозогсоол зэргийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ү-2204076860 дугаарт бүртгүүлж, 1503 тоот орон сууцны 000473725 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ү-2204076841 дугаарт бүртгүүлж, 000473718 тоот гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус авсан. 2007 оноос эхэлж Л.Нямсүрэн “Шинэ дөл констракшн” ХХК, одоогийн маргаж буй орон сууц, автозогсоол байрлаж буй Шинэ дөл хотхоны барилгын ажлын зургийг хийж хамтарч ажиллах харилцаатай байсан. Архитектор Л.Нямсүрэн нь Б.Батболдод хандаж манай байр засварт орчихсон, би байраа засаж дуустал танай байранд сууя гэсэн санал тавьж тухайн орон сууцанд амьдарсан байдаг. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэ орон сууц болон автозогсоолыг чөлөөлж өгөхийг мэдэгдэж байсан нь харагддаг. Тухайн үед Б.Батболдын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан учир компанийн нэрээр Л.Нямсүрэнд хандаж орон сууцны төлбөрийг төлж орон сууцыг худалдаж авах гэрээг байгуулна уу гэсэн агуулгатай мэдэгдлийг өгч байсан. Үүний хариуд хариуцагч ямар нэг тайлбар өгөөгүй.“Шинэ дөл констракшн” ХХК-ийн хөрөнгө оруулалт, зээлийн оронд орон сууцыг авах болж, холбогдох баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр Б.Батболдод өмчлөх эрх нь үүссэн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Батболд нь 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц бариулах хүсэлт тавьсан. Миний бие барилгын зургийг зурсны хариу төлбөрт орон сууц авна гэдгээ хэлсэн. Тэгээд барилгын зургыг зурсны төлбөрт орон сууц, гараашийн хамт авахаар харилцан тохиролцсон. Барилгын зургийн зах зээлийн үнэ ханш 500 000 000 төгрөг болдог. Ажлын гүйцэтгэлийн хөлсөнд надад орон сууцыг өгөөд эвлэрэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06259 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Батболдын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 99в байрны 15-1503 тоот орон сууц болон зоорийн В2 давхар, 31 тоотын автозогсоолыг хариуцагч Л.Нямсүрэнгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот дансаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2 932 981 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1 376 820 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Л.Нямсүрэнд тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Нямсүрэнгээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2014 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “Эрүүгийн, иргэний, захиргааны хянан шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө энэ хэлэлцэх гэж буй хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” байх тул хэргийг түдгэлзүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Иргэн Б.Батболдын гаргасан тайлбартай холбогдуулан гэрчээр “Шинэ дөл констракшн” ХХК-д ажиллаж байсан Ч.Сумьяабазар, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг бүртгэсэн улсын бүртгэгч Д.Баярсайханыг уг гэрчилгээ авахдаа бүрдүүлж өгсөн баримтын талаар гэрчээр байцаалгах, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст иргэн Б.Батболд бүрдүүлж өгсөн орон сууцны план зургийг, уг орон сууцны жинхэнэ план зурагтай харьцуулан шинжилгээ хийлгэх” хүсэлтүүдийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм.Ингэснээр гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон хуурамч материал бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан асуудлыг шалгуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан иргэний хариуцагч, түүний өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн юм. Нэхэмжлэгч талын хүсэлтээр 3 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж байцаалт аваад хариуцагч талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.Хариуцагч Л.Нямсүрэн нь дээрхи сууц, автозогсоолыг “Шинэ дөл констракшн” XXК-д барилгын зураг төсөл хийж, барилга баригдах явцад өдөр тутмын хяналт тавьж бариулж улсын комисст хүлээлгэн өгсөн ажлын хөлсөндөө авч тухайн компани нь 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийж өгөөд та үл хөдлөхийн гэрчилгээ гартал эзэмшиж бай гэсний дагуу иргэний үнэмлэхний хаягаа шилжүүлэн очиж 6 жил гаран байрны болон СӨХ-ны мөнгийг төлж, дээрхи орон сууц, автозогсоолыг хууль ёсоор эзэмшин амьдарч байгаа шударга эзэмшигч юм. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тус компанийн иргэдэд орон сууц борлуулсан гэрээний хуулбар болон шүүх хуралдаан дээр гэрчээр асуугдсан гэрч нарын мэдүүлгээр Л.Нямсүрэнд хийж өгсөн 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь гэрээний дугаар давхардсан байсан нь тогтоогдсон. Энэ нь Л.Нямсүрэн ажлын хөлсөнд авсан орон сууц, автозогсоолын үл хөдлөхийн гэрчилгээ, бичиг баримтыг гаргаж өгөхийг компаниас шаардахад нь түүнийг хуурч, хуурамч гэрээ хийж өгсөн болох нь нотлогдсон юм....Компанийн захирал Б.Батболд нь Л.Нямсүрэнг залилан мэхэлсэн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байна. Энэ үйлдэлд нь Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 201625014003 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.4-т заасан эрх ноцтой зөрчигдсөн, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн юм.Давж заалдах шатны шүүх дээрхи байдлыг анхааралдаа авалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж магадлал гаргасан гэж үзэж байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Л.Нямсүрэнд холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууц, автозогсоолыг бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч Л.Нямсүрэн нь уг эд хөрөнгийг нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд авсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс  шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Батболд нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамжны 99в байрны 1503 тоот 216,57 мкв талбай бүхий 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, мөн хаяг дахь в2 давхрын 31 тоот, 13 мкв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ \хх-ийн 3, 4 дүгээр тал\.

Хариуцагч Л.Нямсүрэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оноос хойш эзэмшиж ирсэн боловч өмчлөгч эд хөрөнгөө шаардсан үеэс эхлэн түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Хариуцагч уг орон сууц болон автозогсоолыг эзэмших эрхтэй, ажлын хөлсөнд авсан гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй байна. Шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагч Л.Нямсүрэн нь хуульд заасан журмын дагуу ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс шаардах, мөн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд эдгээр эрхээ хэрэгжүүлэхэд энэ хэргийн шийдвэрлэлт саад болохгүй.  Түүнчлэн, Л.Нямсүрэн нь нэхэмжлэгч Б.Батболдод холбогдуулан Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан явдал нь тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаалгах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06259 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2014 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН