Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2014

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг  даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06259 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХХХХХХХХХХХХХ тоот орон сууц, зоорийн В2 давхар, ХХ тоот гараашийг ХХХХ-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХХХХХХХХХХХХХ тоот орон сууц, зоорийн В2 давхар, ХХ тоот гараашийн хууль ёсны өмчлөгч нь ХХХХ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагч ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХ нь Шинэ дөл цогцолборыг захиалан бариулсан “ХХХХ” ХХК-тай барилга захиалгын гэрээ байгуулж, ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХХХХХХХХХ тоот орон сууц, зоорийн В2 давхар, ХХ тоотын автозогсоол зэргийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХХХХХХХХХХХ дугаарт бүртүүлж, ХХХХ тоот орон сууцны ХХХХХХХХХХХ тоот өмчлөх эрхийн гэрчилгээг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ХХХХХХХХХХ дугаарт бүртгүүлж, ХХХХХХХХХХ тоот гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус авсан.

2007 оноос эхэлж ХХХХ “ХХХХ” ХХК, одоогийн маргаж буй орон сууц, автозогсоол байрлаж буй ХХХХХ хотхоны барилгын ажлын зургийг хийж хамтарч ажиллах харилцаатай байсан. Архитектор ХХХХ нь ХХХод хандаж манай байр засварт орчихсон, би байраа засаж дуустал танай байранд сууя гэсэн санал тавьж тухайн орон сууцанд амьдарсан байдаг. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэ орон сууц болон автозогсоолыг чөлөөлж өгөхийг мэдэгдэж байсан нь харагддаг. Тухайн үед ХХХ-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан учир компанийн нэрээр ХХХХ-д хандаж орон сууцны төлбөрийг төлж орон сууцыг худалдаж авах гэрээг байгуулна уу гэсэн агуулгатай мэдэгдлийг өгч байсан. Үүний хариуд хариуцагч ямар нэг тайлбар өгөөгүй.

“ХХХХ” ХХК-ийн хөрөнгө оруулалт, зээлийн оронд орон сууцыг авах болж, холбогдох баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр ХХХод өмчлөх эрх нь үүссэн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХ нь 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц бариулах хүсэлт тавьсан. Миний бие барилгын зургыг зурсны хариу төлбөрт орон сууц авна гэдгээ хэлсэн. Тэгээд барилгын зургыг зурсны төлбөрт орон сууц, гараашийн хамт авахаар харилцан тохиролцсон. Барилгын зургын зах зээлийн үнэ ханш 500 000 000 төгрөг болдог. Ажлын гүйцэтгэлийн хөлсөнд надад орон сууцыг өгөөд эвлэрэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ХХХ-ын өмчлөлийн ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХХХХХХХХХ тоот орон сууц, зоорийн В2 давхар, ХХ тоотын автозогсоолыг хариуцагч ХХХХ-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн татварын хэлстийн 2609006167 тоот дансаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2 932 981 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ХХХод, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1 376 820 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч ХХХХ-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХХХгээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэргийг түдгэлзүүлэх болон гэрч асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг гаргахад шүүх хүлээж аваагүй. Ингэснээр гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон хуурамч материал бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан асуудлыг шалгуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн юм.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 3 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж байцаалт аваад хариуцагч талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Хариуцагч ХХХХ нь дээрх сууц, автозогсоолыг “ХХХХХ” XXК-д барилгын зураг төсөл хийж,барилга баригдах явцад өдөр дутмын хяналт тавьж бариулж улсын комисст хүлээлгэн өгсөн ажлын хөлсөндөө авч, тухайн компани нь 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж өгөөд “...та үл хөдлөхийн гэрчилгээ гартал эзэмшиж бай” гэсний дагуу иргэний үнэмлэхийн хаягаа шилжүүлэн очиж, 6 жил гаруй хугацаанд байрны болон СӨХ-ны мөнгииг төлж, дээрх орон сууц, автозогсоолыг хууль ёсоор эзэмшин амьдарч байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тус компанийн иргэдэд орон сууц худалдан борлуулсан гэрээний хуулбар болон шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан гэрч нарын мэдүүлгээр ХХХХ-д хийж өгсөн 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дугаар давхардсан нь тогтоогдсон. Энэ нь ХХХХ ажлын хөлсөнд авсан орон сууц, автозогсоолын үл хөдлөхийн гэрчилгээ, бичиг баримтыг гаргаж өгөхийг компаниас шаардахад түүнийг хуурч, хуурамч гэрээ хийж өгсөн болох нь нотлогдсон юм.

Архитектор ХХХХ хийсэн “ХХХХ" барилгын зураг төсөл, барилга угсралтын явцад хийсэн ажил, улсын комисст хүлээлгэн өгсөн тухай материал нь Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна. “ХХХХ” XXК-ийн захирал ХХХ нь архитектор ХХХХ энэ барилгын зураг төсөл, барилгын ажилд оролцсоныг үгүйсгэдэггүй, харин удаа дараа нэхэмжлэл, тайлбар гаргахдаа тухайн үед цалин хөлс өгч байсан гэдэг боловч цалин, хөлс тавьж олгосон баримт гаргаагүй.

Тэдний амаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч архитектор ХХХХ захиалсан ажлыг нь чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. “ХХХХ” XXК, түүний захирал ХХХ ажлын хөлсөнд орон сууц, зогсоол өгсөн үйл явдал болоод өнгөрсөн. Гэтэл тус компанийн захирал ХХХ өөрийн албан тушаалаа ашиглан хуурамч 2013.06.29-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хийж, хуурамч план зураг хавсарган, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч, хууль ёсны эзэмшигчийг орон сууцнаас нь албадан гаргуулах шийдвэр гаргуулаад байна. Компанийн захирал ХХХ нь ХХХХг залилан мэхэлсэн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар батлагдаж байна.

Шүүх “ХХХ нь иргэн ХХХХ-ийн хууль ёсоор эзэмшиж буй орон сууц, автозогсоолыг залилан мэхэлж авсан” талаар Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шалгуулахаар гаргасан өргөдлийн шийдвэрлэлтийг хүлээлгүй, ХХХХ-д иргэний эрхээ эдэлж “ХХХХ” XXК-ийн эсрэг нэхэмжлэл гаргах боломж олголгүйгээр яаран шүүхийн шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж болох заалтыг зөрчсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХ нь өөрийн өмчлөлийн орон сууц, автозогсоолыг хариуцагч ХХХХ-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ХХХХ нь манай орон сууцанд амьдрах санал тавьж, амьдарч эхэлснээс нь хойш хэсэг хугацааны дараа орон сууц болон автозогсоолыг чөлөөлж өгөхийг мэдэгдэхэд татгалзсан тул албадан чөлөөлүүлнэ гэснийг хариуцагч ХХХХ эс зөвшөөрч марган, уг орон сууц, автозогсоолыг нэхэмжлэгч ХХХтой тохиролцсоны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө авсан тул чөлөөлөх үндэслэлгүй гэсэн татгалзлыг гаргасан байна.

            Маргаан бүхий орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг 2015 оны 12 дугаар сарын 18, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нэхэмжлэгч ХХХ-ын өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан тул тэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч болохын хувьд өмчлөлийн эд хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. /хх 3-4/

            Хариуцагч ХХХХ маргаан бүхий орон сууц, автозогсоолыг нэхэмжлэгч ХХХтой тохиролцсоны үндсэн дээр ажлын хөлсөнд авсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлж, баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар орон сууц, автозогсоолыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар хариуцагчид эзэмшил үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, эзэмших эрхтэй болохоо нотлоогүй тул уг орон сууцанд 2010 оны 4 дүгээр сарын 15-наас одоог хүртэл амьдарч, эзэмшиж байгаа гэх ХХХХ-ийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд өмчлөгчийн бусдын хууль бус эзэмшлээс орон сууц болон автозогсоолыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хангасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасанд нийцэх ба анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хийсэн дүгнэлт зөв байна.    

Гэрч асуулгах, шинжилгээ хийлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг шүүх зөрчсөн гэх  хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй  гэж үзэв.

Хариуцагчаас Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн албан тоот зэрэг нь захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг нотлохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.  /хх 210, 214-216/

Мөн ХХХ, ХХХ нарыг гэрчээр асуулгах, орон сууцны план зургийг жинхэнэ зурагтай харьцуулан шинжилгээ хийлгэх хүсэлт нь маргааны үйл баримт болон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай гэж үзэхээргүй байна. /хх 217-218/

Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх хүсэлтүүдийг хуулиар олгосон эрх хэмжээндээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн  105.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэв.

Хариуцагчаас улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаар ХХХыг тодорхойлсон нь буруу байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч ХХХод гардуулж, тайлбар гаргуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил боловч хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсан, уг асуудлыг шүүх шийдвэрлээгүй тул шийдвэрт нөлөөлөөгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь улсын бүртгэлтэй холбоотой болон ажлын хөлс олгох гэрээний үүрэгтэй холбоотойгоор эрхээ зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ