Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 85

 

“З”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х-У дүүргийн ТХ-ийн ХШТ-ийн

туб Б.М, О.Б нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь                       

       Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

                                              Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, О.Б  нарын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014051, 230014052 дугаартай актуудыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0499 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 637 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У-ыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж Ж М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0499 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З”  ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 230014051, 230014052 тоот актуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 637 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 637 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг хууль зүйн талаас нь зөв дүгнээгүйгээс гадна хуулийг буруу хэрэглэсэн. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт “...Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” 1161 дүгээр тогтоолоор яллагдагч “Бг” ХХК-ийн захирал Б.Б-Э нь нэхэмжлэгч “З” ХХК-д 12291049, 12291050 тоот падаанд хий бичилт хийн хуурамч баримт бичиг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай” 464  дүгээр тогтоолоор сэжигтэн А.Э нь “З”  ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт бүхий падаан ашиглуулснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн “З”  ХХК-ийн захирал Д Н нь “А о” ХХК-иас хуурамч бичилттэй 9 падаан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэжээ.

5. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв шударгаар санхүү татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж шинээр тайлагнасан гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

6. Маргаан бүхий хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж худалдан авалтаа тайланд тусгасан мэтээр тайланд тусгаж мэдүүлсний дараа төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн, “хувь хүн хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх шаардлагыг хангаагүй тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь зөв гэж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

7. Тодруулбал, Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” 1161 дүгээр тогтоол, мөн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 03 дугаар сарын 04-ний  өдрийн “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай” 464 дүгээр тогтоол нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш гарсан байна. Иймд эдгээр прокурорын тогтоолууд нь манай компанийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар олгогдсон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх харилцааг зохицуулах үндэслэл болохгүй.

 8. Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” 1161 дүгээр тогтоолоор яллагдагч “Бг” ХХК-ийн захирал Б.Б-Э, Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох” тухай 464 дүгээр тогтоолоор сэжигтэн А.Э нь “А о” ХХК-ийн тамга, тэмдэг ашигласан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, “Бг” ХХК-ийн захирал яллагдагч Б.Б-Э, “А о” ХХК-ийн тамга, тэмдэг ашигласан сэжигтэн А.Э нар нь татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

9. Эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад дээрх тогтоолд нэр дурдагдсан манай компанид эрүүгийн хэргийг хамаатуулж, прокурорын 1161, 464 дүгээр тогтоолуудыг шүүхийн магадлалын үндэслэл болгож буруутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг ноцтойгоор зөрчсөн. Өөрөөр хэлбэл, сэжигтэн, яллагдагч нар улсад учруулсан хохирлоо нөхөн төлөх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байтал манай компанийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэж шийдвэрээ гаргасан байна.

10. Хавтаст хэргийн материал болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “З”  ХХК-ийн үүсгэн байгуулагч болон ТУЗ, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд Д Н гэдэг нэр байхгүй болохыг улсын бүртгэлийн лавлагаа, компанийн тодорхойлолтоор тодорхойлсоор байтал эдгээр нотлох баримтыг үнэлж дүгнээгүй.

11. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар олгогдсон эрх үүргийн талаар: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг, мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д  “татвар төлөгчөөр зөвшөөрөлтэй эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах татварын албанд мэдүүлэх” гэж заасан.

12. 230014051, 230014052 дугаартай актуудаар илэрсэн зөрчил нь ил тодын тайланд мэдээлэхээс өмнө аливаа төрийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдоогүй юм. Өөрөөр хэлбэл, “З”  ХХК-д холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө татварын албанаас татварын улсын байцаагчийн акт, татварын улсын байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоол гараагүй байна. Энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч үнэлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэж чадаагүй болно.  Мөн ил тодын тайлан буюу шинээр нэмж мэдүүлсэн тайланг тайлан буруу гаргасан, тайлан гаргаагүй, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй гэсэн 3 үндэслэлээр гаргахаар заасан бөгөөд “З”  ХХК нь тайлан буруу гаргасан гэсэн үндэслэлээр аж, ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, санхүүгийн тайланг шинээр нэмж мэдүүлсэн болно.

13. Магадлалын үндэслэх хэсэгт:  “хувь хүн, хуулийн этгээдээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэжээ. Тус компани нь сайн дураараа “буруу тайлагнасан” гэсэн үндэслэлээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу тайлан гаргаж /iltod.mta.mn/ сайтад тайлангаа илгээж, санхүүгийн тайлангаа Хан-Уул дүүргийн санхүү бүртгэлийн тасагт хүргүүлсэн. Хэн нэгний шаардлагаар ил тодын тайлан өгөөгүй болно. Мөн магадлалын үндэслэх хэсэгт, “өөрөөр хэлбэл, татвар төлөгч сайн дурын үндсэн дээр ил болгож тайлагнах гэдэг нь татварын хяналт шалгалтаар тогтоогдоогүй, хэн нэгэн этгээд илрүүлээгүй байхад нуусан татвараа сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлэхийг ойлгоно” гэж дүгнэжээ. Манай компанитай холбоотой хий бичилттэй падаанаар хийсэн гэж аливаа татварын хяналт шалгалтаар тогтоогдоогүй, хэн нэгэн этгээд илрүүлээгүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

14. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т тус тус заасны дагуу 230014051, 230014052 дугаартай татварын улсын байцаагчийн актын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

16. Нэхэмжлэгч “З”  ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, О.Б  нарын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014051, 230014052 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Татварын улсын байцаагчид шинээр мэдүүлсэн тайланд тусгасан худалдан авалтыг зөрчил гэж үзэн, татварын улсын байцаагчийн акт үйлдэж байгаа нь хууль бус, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан тайлагнах, мэдүүлэх, бүртгүүлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн, маргаан бүхий актуудаар тогтоосон төлбөр нь энэхүү хуульд хамрагдах ёстой...” гэж анхнаасаа маргасан, хяналтын журмаар гаргасан гомдолдоо ч энэ үндэслэлийг заажээ.

17. Анхан шатны шүүхийн дүгнэлтээр маргаан бүхий 230014051 дүгээр актаар нэхэмжлэгч компанийг нэмэгдсэн өртгийн албан татварын “хий бичилт”-тэй, “Бг” ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 12291049 тоот падаанаар 160,194,818.0 төгрөгийн, мөн оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12291050 тоот падаанаар 139,454,545.0 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр татварын тайланд тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын татвар ногдох орлогыг бууруулсан, “А о” ХХК-ийн 2012 оны 11, 12 дугаар сарын 2 ширхэг хий бичилттэй падаанаар бараа худалдан авсан мэтээр тайланд тусгаж нийт 2,135,440,273.0 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж нийт 213,544,027.3 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар тогтоосон байх бөгөөд эдгээр хий бичилттэй падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт бодитой хийгээгүй гэдэг нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тоот тогтоолоор тогтоогдсон гэж;

18. Маргаан бүхий 230014052 дугаар актаар нэхэмжлэгч компанийг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, “А о” ХХК-ийн 2013 оны 6, 9 дүгээр саруудын нийт 7 ширхэг падаанаар барааг худалдан авсан мэтээр тайланд тусгаж худалдан авалтын хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж 226,622,150.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү актад заасан зөрчлийг Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр Прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж хариуцагч нар тайлбарласан, маргаан бүхий актуудад ч заасан байна.

19. Мөн шүүхийн дүгнэсэнчлэн, “...нэхэмжлэгч компаниас өмнөх онуудын тайланг “буруу гаргасан” гэх үндэслэлээр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр огноолон шинээр тайлан гаргаж хүргүүлсэн байх боловч энэ нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна... ” гэжээ.

 20. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий актууд нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамаарахгүй гэж үзсэн үндэслэлээ “...нэхэмжлэгч компанийн тухайд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн мэтээр татварын тайланд тусгаж татварын албанд нэгэнт мэдүүлсэн, ийнхүү мэдүүлсний дараа нэхэмжлэгч компаниас “А о” ХХК болон “Б г” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг үндэслэн татвар ногдох орлогоо бууруулсан болох нь эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн 2015 оны 1161 болон 2016 оны 464 дүгээр Прокурорын тогтоолуудаар тогтоогдсон тул татвар төлөгч сайн дурын үндсэн дээр ил болгож тайлагнасан гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн байна.

 21. Гэтэл дээр дурдсан шүүхүүдийн дүгнэлтүүдээс үзвэл, нэхэмжлэгч нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хүрээнд татварын тайлангаа 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр огноолон шинээр гаргасан, харин маргаан бүхий 230014052 дугаар актад заасан хий бичилттэй падааныг үндэслэн татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчил нь нэхэмжлэгчээс шинээр тайлангаа мэдүүлснээс хойш буюу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр Прокурорын дүгнэлтээр тогтоогдсон байхаар байна.

22. Иймээс энэхүү 230014052 дугаар актаар тогтоосон албан татвар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлд хамаарах эсэхийг дүгнэх шаардлагатай.

23. Түүнчлэн, маргаан бүхий 230014051 дүгээр актаар нийт 2,135,440,273.0 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж нийт 213,544,027.3 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар тогтоосон байх бөгөөд энэхүү зөрчлийг тогтоосон гэх Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тоот Прокурорын тогтоолоор “....яллагдагч Б.Б-Э нь ... “З”  ХХК-д /“Б г” ХХК-ийн/ 12291049, 12291050 тоот падаанаар 299,649.4 мянган төгрөгийн хуурамч борлуулалт хийсэн...” гэдэг нь тогтоогдсон байна. Харин үлдсэн “А о” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг үндэслэн татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчил нь хэзээ, яаж тогтоогдсон нь тодорхойгүй байна.

24. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаан дээр анхан шатны шүүхийн шийдвэр дэх “... “З”  ХХК-ийн 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Л.Н, Г.Л нар шалгалт хийж 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 7,356,316,600.0 төгрөгийн зөрчил татварын улсын байцаагчийн 230017 тоот дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэсэн дүгнэлтийг “ ...энэ нь тусдаа асуудал, шүүхээр шийдэгдээд дууссан, маргаан бүхий актуудад заасан хий бичилттэй падаантай холбоогүй...” гэсэн тайлбар өгснийг тодруулж, уг хэрэгт хамааралтай эсэхийг дахин шалгах нь зүйтэй.

25. Эдгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шийдвэрлэх /хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох/ боломжгүй байгаа тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0499 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 637 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ