Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0841

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэл гаргагч: “Х” ХХК.

         Хариуцагч:  “БОАЖЯ” ХХК.

     Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Б.М, гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Засаг дарга Л.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “Х”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Х” XXК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогтын 2 дугаар багийн “Цагаан гозгор” гэдэг нэртэй газар ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаагаа 1996 оноос хойш тогтвортойгоор явуулж байна. Гэтэл 2013 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь манай компанийг элдэв аргаар дарамтлан, хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулах болсон ба компанийн эзэмшлийн хайгуулын *******Х, *******Х, ашиглалтын 201А, *******А тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй, тодорхойлолт гаргаж өгөхгүй, хугацааг сунгаж өгөхгүй зэргээр удаа дараа хууль бус шийдвэр гаргасаар өнөөдрийг хүрсэн.

         Ийнхүү БОАЖЯ руу лицензүүдийг цуцлуулахаар удаа дараа “Санал хүргүүлэх тухай” тогтоолыг явуулж, Байгаль орчны яамаар 2015/01 болон маргаан бүхий 2018/01 дүгээр дүгнэлтүүдийг гаргуулсан.

         БОАЖЯны 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дүгээр дүгнэлтийг “Х” ХХК-ийн зүгээс “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 579 дүгээр шийдвэр гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Ийнхүү “Х” ХХК-ийг дээрх лицензүүдтэй холбоотой асуудлаар шүүхэд маргаж, шүүхийн шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй, албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд  дахин орон нутгаас лицензийг цуцлуулах тухай тогтоол хүргүүлж, БОАЖЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр “Х” ХХК-ийн лицензүүдийг цуцлах тухай дүгнэлтийг гаргуулжээ.

         “Х” ХХК нь 2014 оноос хойш хайгуулын болон ашиглалтын лицензүүдтэй холбоотойгоор 6 нэхэмжлэлийг холбогдох шүүхүүдэд гаргаж, 6 захиргааны хэрэг үүсгүүлсэн бол захиргааны хэргийн шүүхүүдээс дээрх 6 нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэ нь “Х” ХХК нь 2014 оноос хойш тухайн талбай дээрээ хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн болохыг гэрчлэх бөгөөд БОАЖЯ нь лицензүүдийн талаар шүүх дээр маргаантай, шүүхийн шийдвэрүүдийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байхад мөн “Х” ХХК-ийн зүгээс эзэмшлийн талбай дээрээ 2014 оноос үйл ажиллагаа явуулаагүй байхад дахин үндэслэлгүйгээр "лицензүүдийг цуцлах тухай” дүгнэлтийг гаргасанд гомдолтой байна. Анх 2014 оноос манай компаний үйл ажиллагааг үндэслэлгүйгээр саатуулж, хууль ёсны эрх ашигт халдсан үйлдлээ 2018 оноос дахин явуулж эхэллээ. Учир нь 2014 оноос 2018 оныг хүртэлх хугацаанд лиценз цуцлуулах дүгнэлт, эс үйлдэхүй, хууль бус акт зэргийг төрийн захиргааны байгууллагаас удаа дараа гаргаж, энэ бүх шийдвэрийг нь шүүх шийдвэрлэж дуусч байх энэхүү хугацаанд дахин хууль бус үйлдлээ эхлүүлж 2 дахь удаагийн “Лицензийг цуцлуулах тухай” дүгнэлтийг гаргажээ.

            Манай компани нь 100 гаруй ажилтантай, найдвартай татвар төлөгч аж ахуй нэгж байсан бол орон нутгийн Засаг даргын үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхсэн, ямар ч аюулгүй ажиллагааны бэлтгэлгүй гар аргаар ашигт малтмал олборлогч нарыг талбайдаа оруулахыг шаардсан шаардлагыг хүлээн аваагүйгээс өнөөдөр 5 жил шахуу хугацаанд үйл ажиллагаа маань зогсож, Улсад ямар ч татвар төлөхгүй болсны сацуу эдийн засгийн эргэлтэд орж, улс орны эдийн засагт нэмэр болох уул уурхайн лицензүүдээ ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. “Х”ХХК нь тус лицензүүдийг 1996 оноос хойш судалгаа явуулж, Эрдэс баялагын зөвлөлөөр нөөцийг нь батлуулах зэргээр маш их хөрөнгө оруулалт хийсэн болно. Шүүхэд хандаж байсан хэргүүдийн тухай:

            1. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт холбогдох “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Х” ХХК-ийн Байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай” шаардлагад Захиргааны хэргийн 6 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамж гарч, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Энэхүү хэргийг хянан шийдвэрлээд:

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0258 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 240 дүгээр тогтоол зэрэг гарсан.

         Одоогоор тус шүүхийн шийдвэрүүдэд албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

         2.  “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдох “Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамаар “Ерөнхий үнэлгээний дүгнэлт” гаргуулахад шаардлагатай материалын жагсаалт дахь “Засаг даргын тодорхойлолтыг” Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тодорхойлолт гаргахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэлэлцээд:

         Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны; шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 02 дугаар шүүхийн шийдвэр,  Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 228 дугаар магадлал зэрэг гарсан.

         Одоогоор тус шүүхийн шийдвэрүүдэд албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

          3. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй БОАЖЯ-д холбогдох “Тус яамны 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд:

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 579 дүгээр шүүхийн шийдвэр гарсан.

         4. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/56 дугаартай “Цооног битүүмжлэх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцээд:

       Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан.

        5. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “”Х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *******Х, *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцээд:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0216 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0322 дугаар магадлал тус тус гарсан.

         6. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай захирамжийн “Р” ХХК-д холбогдох хэсгээс “Х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын *******Х, *******Х тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй хэсгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 дугаар “Захиргааны хэрэг үүсгэх” тухай захирамж гарган, хэргийг хянан хэлэлцээд:

        Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар шийдвэр гарсан.

        Ийнхүү 2014 оноос байнгын шүүхийн маргаантай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь эс үйлдэхүйгээр холбогдох баримт бичгийг батлаагүй, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “Х” ХХК-д тус дүгнэлтийг БОАЖЯ нь гаргахдаа газар дээр нь үзлэг хийх ажиллагаанд ч оролцуулалгүйгээр хууль бус 2018/01 дүгээр дүгнэлтийг дахин гаргасан байна.

        Мөн энэхүү дүгнэлт гарсан байх магадлалтай тухайг “Х ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, Газрын тосны газрын 2018 оны 07 дугаар 26-ны өдрийн 7/5219 дүгээр албан бичгээр мэдсэн бөгөөд “Х” ХХК-ийн зүгээс дараах албан бичгүүдээр “хэдэн сарын хэдний өдрийн, ямар дугаартай, ямар хууль зүйн үндэслэлтэй” дүгнэлт гарсан болохыг танилцуулна уу” гэх албан тоотуудыг хариуцагчид илгээсэн. Үүнд:

          1. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18/57 дугаар “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг,

       2.  2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18/66 дугаар “Хариу хүсэх тухай” албан бичгийг илгээхэд БОАЖЯнаас 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 06/7107 дугаар албан бичгийг илгээсэн боловч уг албан бичигт “дүгнэлт гарсан” гэх утгатай агуулга байх боловч хэдэн сарын хэдний өдрийн, ямар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гарсныг дурдаагүйн сацуу албан бичигтэйгээ хавсарган бидэнд танилцуулаагүй болно. Ийнхүү дахин маргаан бүхий актаа мэдэх зорилгоор:

        3.  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18/75 дугаар “Дүгнэлт шаардах тухай” албан бичгийг илгээсэн боловч хариу өгч, маргаан бүхий дүгнэлтийг танилцуулахгүй байсан тул аргагүйн эрхэнд Ашигт малтмал, газрын тосны газар руу албан бичиг илгээсэн.

          4.  2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18/77 дугаар албан бичгээр ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7/7846 дугаар албан бичгээр хариу өгч, тухайн албан бичгийн хавсралтаар маргаан бүхий 2018/01 дүгээр дүгнэлтийг “Х” ХХК-д хүргүүлсэн байдаг. Ийнхүү “Х” ХХК-ийн зүгээс маргаан бүхий акттай танилцаж, нэхэмжлэлээ шүүхэд гаргаж буй болно. Иймд БОАЖЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

             Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 2012 онд ашигт малтмалын нөөц бүрдүүлэлтийг хайх ажлыг компанийн хөрөнгөөр хийж Монгол улсад 1 сая 994 кг алтны нөөцийг олж бүртгүүлж баталгаажуулсан. 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, ашигт малтмалын техникийн эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөс техник эдийн засгийн баялгийг илрүүлэх хэлэлцүүлгийг хэлэлцүүлж энэхүү орд газар нь мэргэжлийн байгууллагаас нөөц бүртгэж үнэлэн авч эдийн засгийн хувьд үр ашигтай байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүний дараа 2014 оны 12 сараас эхлэн энэхүү маргаан үүсч бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Удаа дараа маргаж гурван шатны шүүхээр хайгуулын ашигт малтмалын лицензүүдээ Х компанийн мэдэлд буцаж ирсэн асуудал юм. Монгол Улсад хууль хяналтын байгууллага хүчтэй нөлөө үзүүлж биднийг зовоож байсан. Энэ ажиллагаануудаас болж эдийн засгийн хувьд өндөр хэмжээний алдагдалд хүрсэн. Хэрвээ Х компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан бол улс орны төсөвт 2.7 тэрбум төгрөгийг тушаах тухай төлөвлөгөө гаргасан. 5 жилийн хугацаанд маш хохиролтой, үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хугацаанд эрхээ хэрэгжүүлж чадаагүй ирсэн. Бид олборлолт явуулаагүй байхад дахин дахин дүгнэлт гаргаад байгаа нь ойлгомжгүй. Албан ёсны тодорхой олборлолт явуулаагүй гэх албан бичгүүдийг хэрэгт хавсаргасан” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2013 оноос хойш Х компани нь Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд нийтдээ 7 удаа нэхэмжлэл гаргаад өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд нийт 7 хэрэг шийдвэрлүүлсэн. Маргаад байгаа дүгнэлтийг 2017 оны 11 сард гаргаж үүнтэй холбоотойгоор шүүхэд маргаан үүсээд шүүхийн шийдвэр хүчингүй болж байсан. Хариуцагч нар шүүх дээр маргаантай байгаагаа мэдсээр байж давтан давтан дүгнэлт гаргаад байгаа юм. Х компанийн хувийн байдал ямар байсан эсэх, шүүх дээр маргаантай байсан талаар мэдсээр байж, 6 жилийн хугацаанд олборлолт хийгдээгүй, маргаад байгаа асуудлыг мэдэж байж давтан дүгнэлтүүд гаргасан. Энэ дүгнэлтийн хууль зүйн үндэслэл, нотлох баримт хавтас хэрэг дээрээ ч тодорхой бус байна. Яагаад гэвэл дүгнэлт гаргаж, шүүхээр нотлуулах байдлаар нотлох баримт гаргуулах үндэслэлээр шүүх хуралдаан удаа хойшилж байсан. Хэмжилт хийх үүрэг нь хариуцагч нарт өөрт нь байгаа. Хяналт шалгалт хийхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгалтын зорилго бүхий танилцуулж удирдамж хяналтын хуудсын нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зохицуулсан. Гэтэл энэ хуулийн хэрэгжилтийг нэг ч хэрэгжүүлээгүй. Яг хэмжилт хийсэн үү, ямар нөхөн сэргээлт хийхэд дутуу байсан нөхцөл байдлууд нэг ч тогтоогдоогүй. Бидэнд сонсгох болон мэдэгдэх зарчим нэг ч хэрэгжээгүй.

           Нийт 7 шүүхийн шийдвэр гарсан боловч хариуцагчийн зүгээс огт биелүүлдэггүй. Бид хоёр дахь удаагаа нотлох баримтуудыг хавсаргасан. 2 дугаар хавтаст хэргээс эхлээд авагдсан нотлох баримтууд нь нийт 7 удаагийн шүүх хуралдааны шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаатай холбоотой баримтууд байгаа юм.

           Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа нь одоо бидний нөхөн сэргээлт хийгдээгүй гээд байгаа А лицензүүдтэй холбоотой Байгаль орчны дүгнэлт гаргуулах бусад бүгд баримтууд дээр Засаг даргаас гарын үсэг зурах ажиллагаа зогссон. Үүнийг эс үйлдэхүй хууль бус болохыг Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн шүүхүүдээр тогтоосон. Одоо болтол шүүхээр албадан гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлж байгаа боловч энэ эс үйлдэхүй нь одоо болтол биелэгдээгүй байгаа юм. 

          Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөө ашиглалтын лицензийн төлөвлөгөөг батлуулахын тулд Засаг даргад гарын үсэг зуруулахаар өгсөн боловч зураагүй. Үүнийг хууль бус болохыг шүүх шийдсэн.

          Бичиг баримтын хүрээнд компанийн үйл ажиллагаа 6 жилийн хугацаанд бүрэн зогсоод байна.  Биднийг хууль бусаар алт олборлоод байгааг зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээр эрүүгийн хэрэг үүссэн эсэхийг тодруулсан. Харин “Х” ХХК-ийн эзэмшлийн талбай дээр гар аргаар хууль бусаар алт олборлогч нар алт олборлож “Х” ХХК нь хохирогчоор тогтоогдсон үйл баримт байна. Эдгээр хүмүүсийн эвдэлсэн газар гэж үзээд Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. Хууль бусаар алт олборлоод байгааг өнөөдөр нотлох ёстой. 

           “Х” ХХК хэрвээ хууль бусаар алт олборлосон байвал уурхай дээр тодорхой харагдана. Нийслэлээс Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү даалгавар бичүүлээд шүүхээс үзлэг хийсэн байдаг. Тухайн үзлэгт бүх зүйл тодорхой харагдсан. Тухайн газарт байрлаж байгаа тоног төхөөрөмжийг тойроод зэрлэг ургамал ургасан байдалтай байсан. Лац ломбо хөдлөөгүй. Машин техник ашиглаагүй. Бид алт олборлохоор бол тоног төхөөрөмжөөрөө олборлоно. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбарууд нь тодорхойгүй яах байдал нь мэдэгдэхгүй дүгнэлт гаргасан.

         Дүгнэлт нь аливаа зөвшөөрөл, баримт бичиггүйгээр явуулж байсан гэж гарсан байдаг. Тухайн газар дээр нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг яг юугаар нотолсон тухай баримт байхгүй. Хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 160-169 дүгээр хуудсанд 2010-2014 оныг хүртэл нөхөн сэргээлт хийсэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагуудын бүх албан бичгүүд байгаа юм. Манай маргаан 2013 онд эхэлсэн. 2014 оноос хойш үйл ажиллагаа олборлолт хийгээгүй байхад хийсэн гэх нотолгоог гаргаж ирэх хэрэгтэй. Энэ дүгнэлтийг харахад нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг ганц өгүүлбэр байгаа юм. Маргаан бүхий акт илт тодорхойгүй байна. Маргаан бүхий акт нь үндэслэл бүхий болоогүй. Бүтэн нэг жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн шүүх дээр хэлэлцэгдэж байсан 48 дугаар тогтоолтой хэргийг  түдгэлзүүлээд байгаль орчны дүгнэлт гарсан. “Х” ХХК нь нэрлээд байгаа голуудтай 10-15 километрийн зайтай байна. Шар усны гол гэдэг нь маш олон жилийн өмнө байгалийн голдирлоор буюу механик хүчин зүйлсээс болж үүсээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан.

         Шүүхээс хангалттай нотлох ажиллагаануудыг хийсэн. Лиценз ашиглаж байх хугацаанд маргаан үүсгээд Ашигт малтмалын газраас аливаа үйл ажиллагаа хийхийг зогсоон түдгэлзсэн байхад  судалгаа шинжилгээ хийж байхад бид ашиглаагүйгээ нөхөн сэргээсэн зүйл байхгүй. Тийм учраас дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү”гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэх, үр дагаврын асуудлын талаар хөндөгдөхөөр байна. Монголын төр захиргааны байгууллагууд ийм дүгнэлт гаргаад байгаа асуудал нь төрийн төлөө зүтгээд байна уу, эрх мэдэлтэн, баян чинээлэг хүмүүсийн төлөө зүтгээд байна уу гэдэг байдалд хүргэж байна. Монголчууд бид өөрөө өөрсдийгөө хорлож байна. 6 жилийн турш хорлолоо. Төрийн эрх баригчид нь дампуурсан байна. Хариуцлага тооцдоггүй шийдвэр гаргаж байгаа албан тушаалтнуудын халааснаас сохор зоос ч гарахгүй учраас ийм зүйл хэлээд байгаа юм. Чи алтныхаа хэмжээг гаргаад ирээ, бид нинжа нараар ухуулна гэсэн ийм зорилготой яваад байна. Худалч хүнд 10 гаруй удаа энэ шүүх хуралдааныг хойшлуулсан. 2013 оноос хойш өмгөөлөгчийн байр сууриар оролцоод явж байна удаа дараалан увиагүй үйлдлүүдийг хийдэг. Үе үеийн иргэдийн хурлын болон Засаг дарга нарын хийж байгаа хууль бус үйл ажиллагаа. Эцсийн зорилго нь тухай нутгийн сайн сайхны төлөө хийж байгаа ажил биш. Хэсэг бүлэг хүмүүсийн хууль зөрчсөн увиагүй ажиллагаанаас болж бидний эрх ашиг хохирч байгааг тусгайлан хэлмээр байна.

         Энэ дүгнэлтийг үндэслээд тодорхой үйл ажиллагаа явуулсан зардал гаргасан эдийн засгийн ийм ашиггүй байдлыг 6 жилийн турш гаргаж байна. Орон нутгийн Захиргааны байгууллага ямар хүчтэй гэдэг нь харагдаж байна. Ажилдаа хариуцлагатай өргөсөн тангарагтаа үнэнч байдаг бол энэ үйл баримтуудыг тодорхой тогтоох ёстой. Төрийн үйл ажиллагааны шударга ёс, хууль дээдлэх зарчмыг үндэслэх ажиллагаа хаана байна. Мэдэгдэх, сонсгох ажиллагааны бүх оролцоог хангаагүй. Зөвшөөрөл бүхий талбайд ажиллахад ашиглалт хийх зорилгоор ажил хийгдсэн гэж дүгнэсэн. Алтыг нь авсны дараа нөхөн сэргээлтийн ажил хийгдэнэ. Энэ процесс ажиллагаа явагдаагүй. Ашиглаагүй байхад нөхөн сэргээх асуудал яригдахгүй. Компанийн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллах боломжгүй байсан нь хэрэгт авагдсан холбогдох шүүхийн шийдвэр, нотлох баримтаар тогтоогдож байгаа юм. Маргаан бүхий захиргааны акт хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа юм. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг тодорхой цэгүүдээр бэхлэгдсэн зургуудыг авсан гэдгээр нотлох ёстой ч нотлосон баримт байхгүй байна. Хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар нь нотлогдохгүй зүйл яриад байгаа юм. Гүний усыг турбаагаар шилжүүлж үйл ажиллагаа явуулсан гэх ойлгомжгүй зүйл ярьдаг. Нэгэнт шийдсэн шар усны гол гэдгээ дахин дахин яриад байна. Туйлын эргэлзээтэй бөгөөд туйлын сэтгэл дундуур байна. Захиргааны актыг бичгээр гаргах шаардлагыг ерөөсөө хангаагүй. Таамаглалд үндэслэн дүгнэлт гаргасан. Тухайн газар дээр хэмжилт хийхэд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, ямар байдлаар хэмжилт хийж зураг авсан нь тодорхойгүй байна. Нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү”  гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “БОАЖЯны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ц баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 2018 оны 6 дугаар сарын 25-нд Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.С, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.М, Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.О Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Ч нар ажилласан.

      Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Засаг дарга П.Б, улсын байцаагч Ш.А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим гишүүдийг байлцуулан “Х” ХХК-ий ашигт малтмалын М\/-000201тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажилласан.

        “Х” ХХК-ийн Захирал Б.Б-т хэл хүрсэн гэх боловч ирээгүй М\/- 000201тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрх овоолго, ухмал, туслах байгууламж зэрэгтэй танилцаж дроноор зураг авсан.

         1. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1/30 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаар тогтоол гаргасан байгааг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын санал гэж үзэж байна.

         Орхонтуул сумын Засаг дарга П.Б, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим гишүүдийг байлцуулан “Х” ХХК-ий ашигт малтмалын М\/-000201 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажиллахад тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийх зорилгоор газар эвдсэн, овоолго байгуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй байгаа нь тогтоогдсон.

        Тус яамны ажлын хэсгийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гарсан дүгнэлтэд тогтоогдсон “МҮ 000201 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ баталж байгаагүй, ашиглалт хийх зорилгоор газар эвдээд нөхөн сэргээлт хийгээгүй нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Э-ын хянасан зураг, БОНХАЖЯ-ны ХБОБНУГ-ын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Б-ийн хээрийн хэмжилт, газар дээр нь хийсэн шалгалтаар батлагдаж байна.” гэсэн байсан.

         2. Иймд ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Х” ХХК-ий ашигт малтмалын М\/- 000201 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажиллахад тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийх зорилгоор газар эвдсэн, овоолго байгуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй байгаа нь тогтоогдсон. Иймд дахин дүгнэлт гарган АМГТГ-т хүргүүлсэн.

       Жич: Хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.М албан томилолтоор ажиллаж байгаа тул гарын үсэг зураагүй болно” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, М.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй БОАЖЯанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

          Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Э, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга П.Б нарын ирүүлсэн хүсэлт ирүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/174 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. БОАЖЯны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Төв аймгийн Заамар сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 3 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд “Э” ХХК, “Х” ХХК, “Н” ХХК-иудын үйл ажиллагаанд дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээг төлөвлөх ажлыг зохион байгуулсан.

      Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Засаг дарга П.Б, улсын байцаагч Ш.А сумын ИТХ-ын зарим гишүүдийг байлцуулан “Х” ХХК-ий ашигт малтмалын М\/-000201тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажилласан.

       “Х” ХХК-ний Захирал Б.Б-т хэл хүрсэн гэх боловч ирээгүй МV-000201 тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрхи овоолго, ухмал, туслах байгууламж зэрэгтэй танилцаж дроноор зураг авсан.

       Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1/30 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны 42 дугаар тогтоол гаргасан байгааг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын санал гэж үзэж байна.

       Орхонтуул сумын Засаг дарга П.Б, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим гишүүдийг байлцуулан “Х” ХХК-ий ашигт малтмалын М\/-000201 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажиллахад тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийх зорилгоор газар эвдсэн, овоолго байгуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй байгаа нь тогтоогдсон. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэсэн үндэслэлээр 56.1 “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гэж заасны дагуу 2018/01 дугаартай дүгнэлт гарган Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5093 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуульд заасанчлан сонсох ажиллагааг оролцогч талуудыг байлцуулан хийсэн.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс 2018 оны 2 сард орон нутгаас санал ирээд ажлын хэсэг ажиллаж байх үед 7 хэсэг овоолсон шороо илэрсэн. Тухайн үед газрын үзлэг хийгээд овоолсон шороог бүгдийг нь тогтоогоод өгсөн. Зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах бус байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгүүлж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг холбогдох бүх бичиг баримт батлагдаж байж, үйл ажиллагаа явуулахаар хуульд тусгасан. Энэ компанийн хувьд сүүлийн онуудад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тодотгол хийгдээгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийгдээгүй. Бичиг баримт батлагдаагүй байхад тухайн үед олборлолтод өртсөн талаар тогтоогдсон. Тухайн үед нийтдээ 5 га талбай орчим эвдэгдсэн гэх дүгнэлт гаргаад эвдэлсэн газрын хоёр хэсэг овоолго дээр нийтдээ 60 мянган м.куб орчим овоолсон шороо байгаа зургийг гаргасан. Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажиллагааг огт хийгээгүй. Туслах дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу ажлын хэсэг дүгнэлт гаргаж ажилласан” гэв.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны үед  гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн Монгол улсын их хурлын гишүүн н.Э-ын албан бичиг байдаг. Үүнд “Х” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж Орхонтуул суманд мал ундны ус хомсдож байгаагаас болж хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллана уу” гэх албан бичгийг 2018 оны 5 дугаар сард Байгаль  орчин, аялал жуучлалын сайдад уламжилсан. Энэ албан бичгийг шалгаад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга ажлын хэсэг  гаргах шаардлагатай байна гэж үзээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т төрийн захиргааны төв байгууллагын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар зохицуулсан. Тус хуулийн 56.1.5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан. Орон нутгийн санал ирсэн байсан. Манайх тухайн газар нутаг дээр ажлын хэсэг ажиллахад нэхэмжлэгч тал нөхөн сэргээлт хийгээгүй байсан учраас ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

            Гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №18-04-003/19 тоот удирдамжийн дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Ц, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А, Байгаль хамгаалагч Т.М, Хэсгийн төлөөлөгч Л.О, Хэсгийн цагдаа Б.Б нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус сумын Баянцогт 2-р багийн нутаг Цагаан гозгор гэх газарт МV-000201 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Х” ХХК-д хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтын явцад “Х” ХХК нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.1, 27.1.3, 35-р зүйлийн 35.1, 35.3.2, 35.3.3, 35.3.4, 35.3.7, 37-р зүйлийн 37.2, 39-р зүйлийн 39.1.6, 42-р зүйлийн 42.1, Газрын хэвлийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31-р зүйлийн 31.1, Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3.2, 45-р зүйлийн 45.1, 55-р зүйлийн 55.2, Усны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1, 27-р зүйлийн 27.2, 30-р зүйлийн 30.1.4, 30.1.5, 31-р зүйлийн 31.1 дахь заалтуудыг зөрчин зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглалт явуулж байсан зөрчил илэрсэн байна. Дээрх зөрчлийг газар дээр нь арилгаж Улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №18-04-332/05 тоот Акт үйлдэн үйл ажиллагааг зогсоосон байна. Улмаар тухайн талбайд МУ-ын Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас ажлын хэсэг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тухайн талбайд хяналт шалгалт хийж хууль бусаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан тухай дүгнэлтийг гарсан болно. Уг дүгнэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 сарын 18 -ны өдөр №579 тоот шийдвэр гарч хүчингүй болгосон.

         Дээрх шүүхээс гаргасан шийдвэрт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар гаргасан гэх дүгнэлт нь бичгийн хэлбэрээр гарсан боловч батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй, эрх бүхий этгээдийн гарын үсэг тамга тэмдгээр албажаагүй гэдгээр илт хууль бус хэмээн хүчингүй болгосон юм. Иймд БОАЖЯнаас 2018 оны 06 сарын 28 нд № 2018/01 тоот дүгнэлтийг дахин гаргаж Ашигт малтмал газрын тосны газарт 2018 оны 07 сарын 20-нд №03/5093 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч ямар нэгэн шийдвэртэй хариу гаргаагүй байна.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн утгадаа:  2013 оноос эхлэн тус сумын Засаг дарга нь манай компанийг элдэв аргаар дарамтлан хууль бус шаардлага тавьж үйл ажиллагаа явуулахад саад учруулах болсон гэж үндэслэлгүйгээр худал мэдүүлсэн байна. Дээрх байдлыг баримтаар нотолж харуулбал:

        1.Улсын байцаагчийн 2012 оны 05 сарын 25-ны өдрийн № 45/63/02 тоот үйл ажиллагааг зогсоох тухай Акт.

         2.МХЕГазрын 2012 оны 08 сарын 07-ны өдөр хийсэн хяналт шалгалтын хариу хүргүүлсэн “Х” ХХК-ны 2012 оны 08 сарын 25-ны өдрийн № 12/058 тоот Актад хариу өгөх тухай албан бичиг.

       3.Улсын байцаагчийн 2013 оны 05 сарын 16-ны өдрийн №18-04-332/01 тоот үйл ажиллагааг зогсоох  тухай Акт.

         4.Улсын байцаагчийн 2013 оны 06 сарын 14-ний өдрийн №18-04-332/02 тоот хууль бусаар олборлосон алтыг хурааж хохирол нөхөн төлүүлэх тухай Акт.

         5.Улсын байцаагчийн зүгээс хууль зөрчсөн үндэслэлээр “Х”ХХК-д Захиргааны арга хэмжээ авсан материал.

      6.Улсын байцаагчийн 2014 оны 10 сарын 05-ны өдрийн № 18-04-332/05 тоот үйл ажиллагааг зогсоох тухай Акт.

      Дээрх баримтуудаар удаа дараалан зөрчил гаргаж байсан нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэлд дурдахдаа 2014 оноос 2018 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байхад дахин дүгнэлт гаргасан байна гэжээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өмнөх дүгнэлтээ баталгаажуулан гаргасан л асуудал юм түүнээс биш дахин үйл ажиллагаа явуулсан эсэхэд дүгнэлт гаргаагүй болно” гэжээ.

           Гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Засаг дарга шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний бие Орхонтуул сумын Засаг даргаар 2014 оноос хойш ажиллаж байна. Нэхэмжлэгч талаас хоёр асуудлыг хооронд нь хольж яриад байна. Өнөөдрийн асуудал ашиглалтын лиценз дээр яригдаж байгаа асуудал. Хариуцагч талаас хэлж байгаагаар 1996 оноос өмнө “Шар усны гол” гэдэг нэртэй гол урсдаг байсан бөгөөд энэ компани үйл ажиллагаа явуулснаас хойш гол ширгэсэн байгаа. Голоос тэжээл өгдөг ундарга дээр турба татсан байсан. Тухайн орчны зуслангийн айлууд усны ундаргагүй болсон байсан. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

         “Х” ХХК-ийн захирал Б.Б БОАЖЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Шүүх дараахь үндэслэлээр хариуцагч маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч компанийн оролцоог хангаагүй, байгаль орчны  төлөв байдалд хохирол учруулсан талаар хянан шинжилж судлалгүй шийдвэр гаргасан нь хууль бус гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

             1.Хэргийн үйл баримтын талаар;

        Нэхэмжлэгч “Х” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг “Цагаан гозгор” нэртэй газарт 100 гектар талбайд 201А дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байжээ.                    

         Нэхэмжлэгч өмнө нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан 2014 оны 11дүгээр сарын.26-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, сумын Засаг даргад холбогдуулан байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах, сумын Засаг даргад холбогдуулан ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад шаардлагатай материалын жагсаалт, тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож даалгах, Байгаль орчин,аялал жуулчлалын яаманд холбогдуулж 2015/01 дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, сумын Засаг даргад холбогдуулж цооног битүүмжлэх тухай захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдуулан “Х” ХХК-ийн эзэмшлийн Ашигт малтмалын хайгуулын *******Х, *******Х тоот тусгай зөвшөөрлийн  хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан *******Х, *******Х тусгай зөвшөөрлийн талбайтай өөр компанийн талбай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэл гаргасныг шүүхээр хэлэлцэн дээрх шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн.

       Нэхэмжлэгч компанийн ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааг орон нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан гэж үздэг бол харин нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зүгээс Орхонтуул сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал байгаль орчны менежментийн  төлөвлөгөөг батлах, ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад шаардлагатай материалын жагсаалт, тодорхойлолт гаргаж өгөхөөс хууль бусаар татгалзаж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж 2013 оноос эхлэн сүүлийн 6 жил маргаж ирсэн байна.

        Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн олборлолтын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18-04-003/19 тоот удирдамжийн дагуу орон нутгийн байгууллагуудын удирдлагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгалт хийж *******А тоот тусгай зөвшөөрлийн талбайд хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэж тэмдэглэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18-04-332/05 дугаар актаар[1] угаах төхөөрөмж скруберийг МХЕГ-146849, МХЕГ-146853 тоот лацаар лацдаж олборлолтын үйл ажиллагааг түр зогсоосон;

        Орхонтуул сумын Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/322, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Дүгнэлт гаргуулах тухай” 1/30[2] дугаар албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хандан “Х” ХХК-ийн MV-000201, MV-00******* тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн;

       Дээрх тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг үндэслэн хариуцагчаас 2015 оны 05 дугаар сарын 12-   ны өдрийн “MV-000201 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай” 2015/01 дугаар дүгнэлт гаргасан хэдий ч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 579 дүгээр шийдвэрээр[3] уг дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоосон зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

          2.Маргааны хууль зүйн үндэслэлийн талаар;

          Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/174 дүгээр тушаалын хавсралтаар баталсан ажлын хэсэг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн дагуу “Х” ХХК-ийн ашиглалтын талбайд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үзлэг, шалгалт хийж 06 дугаар сарын 28-ны өдөр 2018/01 дугаар дүгнэлт[4] гаргажээ.

          Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/80 тоот албан бичгийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаарх нутгийн захиргааны байгууллагын санал гэж үзэж дүгнэлтдээ тусгасан боловч уг дүгнэлтийг хэрэгт ирүүлээгүй бөгөөд харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2018 оны 03 дугаар сарын 13[5], 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус тус ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/30 тоот албан бичиг, тус сумын ИТХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаар тогтоол гаргасан байгааг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын санал гэж үзэж байна.” гэж тус тус зөрүүтэй тайлбар нотлох баримтыг ирүүлжээ.

         Хариуцагч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаарх нутгийн захиргааны байгууллагын санал гэж үзсэн сумын Засаг даргын 1/80 дугаар албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж дүгнэв.

         Хариуцагч энэхүү 2018/01 тоот дүгнэлтийн салшгүй хэсэг нь дроноор авсан зураг[6], түүний боловсруулалт хийж баталгаажуулсан баримт болно гэж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч уг зурагт хэрхэн боловсруулалт хийсэн нь тодорхойгүй ойлгомжгүй бөгөөд маргаан бүхий талбайд 50652.5 м кв газар эвдэгдсэн, 227815 м куб овоолго хэрхэн үүссэн, үүнийг яаж тогтоосон талаар тайлбарлаагүй байна.

          Өөрөөр хэлбэл “Х” ХХК тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийх зорилгоор газар эвдсэн, овоолго байгуулсан гэх дүгнэлтийн агуулгаас харахад тус компани маргаан бүхий талбайд 2014 оноос хойш олборлолт явуулж, ашигт малтмал ашигласны дараа нөхөн сэргээлт хийгээгүй эсхүл үүнээс өмнөх нөхцөл байдлыг ялгаж нотлоогүй гэж үзэхээр байна.

          Зүй нь хариуцагч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал олборлолтын явцад тодорхой хэмжээний газрыг эвдэж үйл ажиллагаа явуулснаас  эвдэгдсэн газар, шороон овоолго үүссэн гэж үзэж байгаа бол, энэ нь цаг хугацааны хувьд хэдээс хэдэн онд бий болсон, захиргааны байгууллагаас компанийн үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг хэрэгжүүлээгүйгээс үүдэлтэй эсэх, эсвэл 2014 оны үйл ажиллагааг зогсоож, техник тоног төхөөрөмжийг лацадсанаас өмнөх үеийн нөхцөл байдал ямар байсныг ялган дүгнэлтийн үндэслэлээ тодорхойлох шаардлагатай байсан гэж үзнэ.

         Өөрөөр хэлбэл маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд 2018 оны 06 дугаар сард ажлын хэсгийн уг талбайд ажиллаад дүгнэлт гаргах үеийн нөхцөл байдал компанийн үйл ажиллагааг зогсоосон буюу 2014 оноос өмнөх үеийн нөхцөл байдалтай харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн, эсвэл байгаль орчны улсын байцаагчийн шийдвэрийг зөрчиж үйл ажиллагааг зогсоосноос хойш хууль бусаар олборлолт явуулж шинээр үүсгэсэн түүнийг нөхөн сэргээгээгүй зэрэг  нь тодорхойгүй хариуцагч энэ талаар хангалттай нотлоогүй байна.

         Нөгөө талаар нэхэмжлэгч ашигт малтмалын ашиглалтын 000201 тоот тусгай зөвшөөрлийн дагуу 2014 оны 10 сар хүртэл үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон бөгөөд талууд энэ үйл баримттай маргаагүй, харин нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор маргаан үүсгэж Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр хариуцагч Орхонтуул сумын Засаг даргын “Х” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 0258 дугаар магадлалаар уг эс үйлдэхүйтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Энэхүү үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий талбайн 2014 оны 10 сараас өмнөх нөхцөл байдал, үүнээс хойш уг талбайд олборлолт явуулж шинээр газар эвдсэн, ухаш, шороон овоолго үүсгэсэн эсэхийг ялгаж тогтоохгүйгээр нэхэмжлэгчийг  MV-000201 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт хийгээгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргах боломжгүй.

         Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан бүхий талбайд үзлэг хийлгэх хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн “Даалгавар гүйцэтгүүлэх тухай” захирамжийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үзлэгийг хийж тэмдэглэл[7] үйлдэн зургаар баталгаажуулан ирүүлжээ. 

           Энэхүү үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан зургуудаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18-04-332/05 дугаар актаар угаах төхөөрөмж скруберийг МХЕГ-146849, МХЕГ-146853 тоот лацаар лацдаж олборлолтын үйл ажиллагааг түр зогсоосон нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, үүнээс хойш хууль бусаар олборлолт явуулсан гэх баримт тогтоогдоогүй байна.

         Өөрөөр хэлбэл аймгийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 17-04-332/05 актаар үйл ажиллагааг зогсоосноос хойш нэхэмжлэгч компани олборлолт явуулах, талбайд нөхөн сэргээлт хийх талаар ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж дүгнэхээр бөгөөд ийм нөхцөл байдалд нөхөн сэргээлт хийгээгүй гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт хууль бус байна.

          Учир нь хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар байгаль орчны төлөв байдал, түүнд нөлөөлөх нөлөөллийг мэргэжлийн хувьд хянан үзэж, дүгнэлт гаргах эрхтэй хэдий ч мэргэжлийн байгууллагын хувьд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байгаль орчны төлөв байдлыг хянан, шинжилж судалсны үндсэн дээр дүгнэлт гаргах үүрэгтэй.

          Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт дүгнэлт хийхэд хариуцагч хуулиар олгогдсон дээрх эрхээ нотолгоонд тулгуурлаагүй, хянан шинжилж нягтлаагүй, шалтгаан нөхцөлийг судлаагүй, нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;”  гэсэн зарчмуудтай нийцээгүй.

         Учир нь хариуцагч байгууллагаас томилогдсон ажлын хэсэг маргаан бүхий талбайд үзлэг шалгалтыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр газар дээр нь очиж хийсэн атлаа нэхэмжлэгч компаний захиралд 06 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн, уг мэдэгдлийг хүлээж аваад захиргааны байгууллагад хандаж хүсэлт гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй зэргээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн баримтууд тогтоогдсон байна.

           Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан оролцогчийг сонсох,27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар сонсгох ажиллагааны үед гарсан саналыг шийдвэрт хэрхэн тусгасан талаар баримтжуулах, энэ зүйлийн 27.7-д зааснаар сонсох ажиллагааны үед гарсан саналыг шийдвэрт тусгаагүй шалтгаанаа тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

        Учир нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал 2018 оны 06 дугаар  сарын 26-ны өдөр маргаан бүхий талбайд үзлэг хийж байгаа тухай мэдмэгцээ хариуцагч БОАЖЯ-нд хандаж хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

           Түүнчлэн маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа орон нутгийн захиргааны байгууллагын саналыг хүлээн авч энэ талаар судалж нягтлан шалгаагүй, газар дээрх нөхцөл байдлыг үндэслэл бүхий дүгнээгүй, маргаан бүхий дүгнэлтийн салшгүй хэсэг болгон бэхжүүлсэн зургийг яаж боловсруулалт хийсэн талаар тодорхойлоогүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

         Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтээр 2014-2019 онуудад “Х” ХХК алт тушааж байсан талаар тодруулахад Монгол банкны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Н/239 дугаар нууцын зэрэглэлтэй албан бичгээр тус компани 2014 оноос хойш алт тушааж байгаагүй нь нотлогдсон байна.

          Ийнхүү хариуцагч 2015 онд ирүүлсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаарх нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн 2018 оны 06 дугаар сард дүгнэлт гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн оролцоог хангаагүй, захиргааны акт гаргахын өмнө нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгоогүй, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон шийдвэрлэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

       1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6, 27.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж БОАЖЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

         2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч БОАЖЯ-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.НАСАНДЭЛГЭР

 

 

 

           

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудас

[2] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1 дүгээр хавтас  102 дугаар хуудас

[3] Нотлох баримтаар авагдсан хэргийн 2 дугаар хавтас 95-107 дугаар хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 181-182 дугаар хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас

[7] 2 дугаар хавтаст хэргийн 49-70 дугаар хуудас