Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00355

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00355

 

 

 

Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03015 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монголын төмөр зам ТӨХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбаяр нь Монголын төмөр зам ТӨХК-д дэд захирал албан тушаалд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр томилогдсон, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17/01 тоот дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар Б.Эрдэнэбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгосныг мэдэгдэж, тэр өдрөө Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргаж, үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан заалтыг үндэслэсэн байсан. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б/142 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг дахин гаргаж, үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай заасан. Б.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээг ийнхүү 2 өөр үндэслэлээр 2 удаа цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн болно. Монголын төмөр зам ТӨХК-ийн дүрмийн 8.7-д зааснаар гүйцэтгэх захирал нь тус компанийн дэд захирлыг томилж, чөлөөлөхдөө ТУЗ-тэй зөвшилцөх ёстой. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 18, 19, 26-ны өдрүүдэд 2 удаа чөлөөлж, 1 удаа түр хугацаагаар томилсон тушаал гаргахдаа огт зөвшилцөөгүй тул дээрх тушаалуудыг үндэслэлгүй гэж маргаж байна. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний түр хугацаагаар дэд захирлаар томилсон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчиж гарсан, тэр тушаалаар томилогдсон дэд захирлаас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр чөлөөлсөн байдлыг ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй. Харин 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дэд захирлын албан тушаалаас Б.Эрдэнэбаярыг чөлөөлөхдөө ТУЗ-тэй зөвшилцөөгүй тул уг тушаал үндэслэлгүй. Тэгээд ч өмнөх дэд захирал П.Бат-Эрдэнэ ажилдаа эргэж ороогүй. Б.Эрдэнэбаярын хувьд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ямар нэг ажлаар хангахыг хүссэн хүсэлтийг төөрөгдлийн улмаас бичсэн, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өөрийн сайн дураар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар түрээр томилогдсон албан тушаалд холбогдуулан бичсэн бөгөөд уг хүсэлтдээ хүсэлтийг минь хүлээн авч, зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж дурдсан нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны ажлаас чөлөөлсөн тушаалыг хуульд нийцээгүй тул хянан үзэх агуулгаар бичсэн юм. Иймд Б.Эрдэнэбаярыг дэд захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 015 116 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын төмөр зам ТӨХК нь дэд захирал П.Бат-Эрдэнэд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй чөлөө олгосон бөгөөд Төрийн өмчийн хорооны удирдамж болон ТУЗ-ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолд үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Эрдэнэбаярыг дэд захирлаар томилсон. ТУЗ-ийн тогтоолд П.Бат-Эрдэнэ нь суралцахаар чөлөө авсан тул чөлөөтэй байх хугацаанд нь дэд захирлын үүрэгт ажилд Б.Эрдэнэбаярыг томилохыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн бөгөөд чөлөөний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. Энэ өдөр амралтын өдөр таарсан тул 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл өгч, мөн өдрөө түүнийг ажлаас чөлөөлсөн. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр П.Бат-Эрдэнэ ажилдаа ирэх байсан боловч ирээгүй бөгөөд компани ажлаа явуулах зүй ёсны шаардлага тулгарсан тул Б.Эрдэнэбаярыг түр хугацаагаар дэд захирлаар томилсон. Түүнийг бүр томилуулах асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдүүлэхээр хурлын материал бэлтгэж байх хугацаанд Б.Эрдэнэбаяр нь өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ хүсэлтийг хангаж, түүнийг түр хугацаагаар томилогдсон албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болохоос ажил олгогч санаачилга гаргаагүй. Б.Эрдэнэбаярыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөхөд ТУЗ-ийн тогтоол, шийдвэр, зөвшөөрөл гүйцэтгэх захиралд шаардлагагүй байсан. Учир нь өмнөх тогтоолоор ажилд томилох хугацааг тодорхой зааж өгсөн байсан тул уг хугацаа дуусахад чөлөөлөх асуудал яригдах нь тодорхой юм. Харин сүүлд түр хугацаагаар томилоход ТУЗ-ийн ямар нэг шийдвэр гараагүй нь үнэн. Дэд захирал чөлөөний хугацаа дуусахад ажилдаа ирээгүйгээс компанийн ажлыг хэвийн явуулах шаардлага байсан тул түр хугацаагаар тушаал гаргаж зохицуулаад ТУЗ-ийг яаралтай хуралдуулах арга хэмжээ авсан юм. Гэвч нэхэмжлэгч өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн, түүний хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тус тус баримтлан Монголын төмөр зам ТӨХК-ийн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 015 116 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 19, 26-ны өдрийн тушаалуудыг хууль бус гэж тогтоосон атлаа маргааны гол үндэслэл биш гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Дэд захирлыг томилох, чөлөөлөх эсэх асуудлыг ТУЗ-тэй зөвшилцөөгүй шийдвэрлэсэн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр 19-ний өдрийн Б/133, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/142 дугаар тушаалууд нь талуудын тохиролцоогоор нэгэнт үр дагавар дуусгавар болсон бөгөөд Монголын Төмөр Зам ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасныг зөрчсөн эдгээр шийдвэрүүд нь маргааны гол үндэслэл биш тул шүүх эдгээртэй холбоотой дүгнэлтийг цаашид хийх шаардлагагүй гэж үзлээ. гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 18, 19, 26-ний өдрүүдийн тушаал нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа бөгөөд дээрх тушаалуудыг гаргахдаа Гүйцэтгэх захирал нь Монголын Төмөр Зам ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасны дагуу дэд захирлыг томилох чөлөөлөх асуудлуудыг Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулахгүйгээр ажлаас 2 удаа чөлөөлсөн, эдгээр үйл баримтуудыг нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралд тус бүрт нь эрх зүйн үр дагавар болон хууль зүйн үндэслэлүүдийг гарган маргалдсан атал шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Б/133, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/142 дугаар тушаалууд нь Монголын Төмөр Зам ТӨХК-ийн дүрмийн 8.7-д зөрчсөн гэж дүгнэсэн атлаа зөвхөн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/132 дугаар тушаалыг дүгнэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ." гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл өгсөн нь Дүрмийн 8.7-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой болон ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн бөгөөд тус өргөдлийн гол зорилго нь томилж чөлөөлөхтэй холбогдуулан ТУЗ-ийн хурлаар оруулах гэсэн зорилго байсан эсэх, гүйцэтгэх захирал дангаар томилох, чөлөөлөх эрх байгаа эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй байна. Дээрх үйл баримтаас харвал гүйцэтгэх захирал нь Б.Эрдэнэбаярын ажлын үнэлгээг бодитой дүгнээгүй, ТУЗ-ийн хурлаар оруулахгүйгээр шууд 3 сарын хугацаатай дэд захирлын ажилд түр томилож чөлөөлсөн, мөн Монголын төмөр зам ТӨХК-ийн үйл ажиллагаа, гэрээ хэлцлийн зарим үйлдэлд гүйцэтгэх захиралтай зөрчилдсөн бөгөөд ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх зорилгоор өргөдөл өгсөн болохыг анхан шатны шүүх хуралд болсон мэтгэлцээний үеэр нэхэмжлэгч болон хариуцагч талын аль аль нь хэлсэн.

Маргааны зүйлийг зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тодорхойлсон. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ..Хариуцагчийн гол маргаж буй маргааны зүйл болсон гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/132 дугаар тушаал нь хуульд нийцсэн тул шүүх энэ тушаалаар Б.Эрдэнэбаярыг Монголын төмөр зам ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. гэж үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үйл баримт болон тайлбаруудыг маргааны гол зүйл биш хэмээн үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 19, 26-ны өдрүүдийн үйл баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. Компанийн дүрмийн 8.7 дахь заалтыг шийдвэртээ буруу тайлбарлан дүгнэжээ.

Дэд захирал П.Бат-Эрдэнийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд Монголын Төмөр Зам ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасны дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлд хугацаа сунгах эсэх, ажлаас чөлөөлөх эсэх, оронд нь ажиллаж буй Б.Эрдэнэбаярыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх, чөлөөлөх эсэх асуудлыг ТУЗ-ийн хурлаар оруулалгүйгээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, П.Бат-Эрдэнэ-ийн асуудлыг шийдвэрлэх \ чөлөөний хугацааг дуусах, сунгах, ажлаас чөлөөлөх гэх мэт \ -ээс өмнө Б.Эрдэнэбаярыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь компанийн дүрмийн 8.7-д заасныг зөрчсөн байна. П.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн, эсхүл ажилд эгүүлэн томилж байж Б.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох эсэх асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй нь хуульд нийцэхгүй юм.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Б.Эрдэнэбаярыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр жинхлэх асуудлыг оруулах гэж байсан нь тогтоогдож байна. Компанийн гүйцэтгэх захирал нь П.Бат-Эрдэнэ болон Б.Эрдэнэбаярын асуудлаар дангаар шийдвэр гаргах эрхгүй бөгөөд Дүрмийн 8.7-д заасны дагуу чөлөөний хугацаа дуусгавар болмогц Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цаашид сунгах эсэх, хугацаагүй гэрээ байгуулах эсэх асуудлаар Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй зөвшилцөх шаардлагатай байсан. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон мэдэгдлийг гардан авсан. Ингээд гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяраар ноцтой төөрөгдүүлж өргөдөл бичүүлж авсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тохиролцсон тохиролцоо, төөрөгдүүлсэн байхыг үгүйсгэхгүй гэж тайлбарласан тайлбараас тодорхой харагдана. Гэтэл шүүхээс өргөдөл бичих болсон шалтгаан үндэслэлийг бодитой тогтоогоогүй бегөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүхээс бодитой үнэлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг хэрэглээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Дээр дурдсан Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 16 тоот тогтоол болон дэд захирал П.Бат-Эрдэнэд чөлөө олгосон Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын Б/86 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээний 2.7 дахь заалт зэргээс үзэхэд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярыг 2015 оны ... дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд дэд захирлаар ажиллуулахаар томилсон гэж үзэхээр байна " гэжээ.

Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан бөгөөд Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлээр дуусгавар болох мэдэгдэл өгсөн болохыг шүүх дүгнэж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дах хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд хугацаа дуусмагц цуцлах санал тавигдаагүй байна. Тиймээс 23.3 дахь хэсэгт заасны дагуу анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэх бөгөөд хугацаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Нэгэнт ТУЗ-ийн 2015 оны 16 дугаар тогтоолд Б.Эрдэнэбаярыг дэд захирлаар ажиллах хугацааг П.Бат-Эрдэнийг чөлөөтэй байх хугацаанд гэж тодорхой заасан байх тул энэ хугацааны эцэст буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дэд захирал Б.Эрдэнэбаярыг хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дууссан үндэслэлээр тухайн албан тушаалаас чөлөөлөхөд ТУЗ-тэй зөвшилцөх шаардлага гүйцэтгэх захиралд байхгүй бөгөөд ийнхүү дангаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Монголын төмөр зам ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасныг зөрчөөгүй байна." гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны явцад өгсөн тайлбартаа "... Дэд захирал Б.Эрдэнэбаярыг бид хугацааг нь сунгах гэж байсан бөгөөд ТУЗ-ийн хуралдааныг хуралдуулж амжаагүй учраас 3 сараар сунгасан" гэсэн тайлбар нь Б.Эрдэнэбаярыг чөлөөлөх асуудал нь ТУЗ-ийн хурлаар оруулах ёстой байсныг тогтоож байгаа юм.

Зохигчийн эрхийг хязгаарлаж нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс дээрх нотлох баримтууд хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хангаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрхийг хязгаарласан, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэхээр байна. Тус шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд дэд захирал П.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн тушаал, ТУЗ-ийн тогтоол, Б.Эрдэнэбаярын 2017 оны 09 дүгээр сарын 19, 26-ны өдрүүдэд томилох, чөлөөлөхтэй холбогдуулан ТУЗ-ийн тогтоол, шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг гаргуулах хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн болно.

Хөдөлмөрийн дотоод журмын 4.6 дахь заалтыг хэрэглээгүй. Монголын төмөр зам ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.6 дах заалтад түр шилжүүлэн ажилласан ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц өмнө нь эрхэлж байсан ажилд нь томилно гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбаяр нь Хөгжлийн хэлтэст суурь бүтцийн албаны менежерээр ажиллаж байсан бөгөөд Дэд захирлын ажилд түр томилогдон ажилласан гэж үзсэн атал Компанийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу өмнө нь ажиллаж байсан Суурь бүтцийн албаны менежерээр эргүүлэн томилоогүй нь Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин шийдвэрлэсэн зэргийг шүүх үнэлж, дүгнээгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр нь хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Б.Эрдэнэбаяр нь Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 сарын 09-ний өдрийн Б/96 дугаар Ажилд түр томилох тухай тушаалаар дэд захирлын албан тушаалд түр томилогдон ажилласан, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17/01 дугаар хөдөлмөрийн гэрээг Монголын төмөр зам ТӨХК-тай байгуулсан байна. /хх-ийн 5, 25/

Хариуцагч Монголын төмөр зам ТӨХК нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/132 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөр Б.Эрдэнэбаярыг дэд захирлын албан тушаалаас чөлөөлж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлажээ. /хх-ийн 27/

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн бөгөөд хариуцагч ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, дэд захирал П.Бат-Эрдэнийн чөлөөтэй байх хугацаанд түр томилогдон ажиллаж байсан хугацаа дууссан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан Монголын төмөр зөм ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 сарын 15-ны өдрийн Б/86 дугаар тушаал, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол зэргээс үзэхэд дэд захирал П.Бат-Эрдэнэ нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд чөлөөтэй байсан, уг хугацаанд Б.Эрдэнэбаяр нь дэд захирлын албан тушаалд түр томилогджээ./хх-22, 24/ Ажилтан Б.Эрдэнэбаярын дэд захирлаар ажиллах хугацаа нь П.Бат-Эрдэнийн чөлөөтэй байх хугацаагаар тодорхойлогдохоор байна.

Монголын төмөр зам ТӨХК-ийн дүрмийн 8.7-д Гүйцэтгэх захирал нь компанийн дэд захирал, санхүү эрхэлсэн орлогч захирал, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч, салбар, төлөөлөгчийн газрын захирлыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төлөөлөн удирдах Зөвлөлтэй зөвшилцөнө. гэж заасны дагуу Б.Эрдэнэбаярыг дэд захирлаар дээрх байдлаар томилох, чөлөөлөх асуудлыг буюу түүнийг ямар хугацаагаар уг албан тушаалд ажиллуулахыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэсэн байх тул гүйцэтгэх захирал 2017 оны 09 дүгээр сарын 18ы өдөр түүнийг чөлөөлөх асуудлаар ТУЗ-тэй дахин зөвшилцөх шаардлагагүй юм. Иймээс Монголын төмөр зөм ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дугээр сарын 18ы өдрийн Б/132 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Компанийн дүрмийн 8.7 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй.

Ажил олгогч ийнхүү хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажилтан Б.Эрдэнэбаярыг дэд захирлын албан тушаалаас чөлөөлсний дараа Б.Эрдэнэбаяр 2017 оны 09 сарын 18-ны өдөр тус компанид үргэлжлүүлэн ажиллах хүсэлт бүхий өргөдөл гаргаснаар Монголын төмөр зөм ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар түүнийг 3 сарын хугацаанд дэд захирлын албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг үндэслэн түр томилж, 2 хоногийн дараа өөрийн сайн дураар чөлөөлөгдөх өргөдөл гаргаснаар 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б/142 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт заасныг үндэслэн дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн./хх-28, 29, 74,75/ Б.Эрдэнэбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 18-нд тус компанид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой, ямар нэгэн ажилд томилохыг хүссэн өргөдлийг ноцтой төөрөгдүүлж бичүүлсэн, төөрөгдсэн гэж тайлбарласан боловч уг тайлбараа эргэлзээгүй баримтаар нотлоогүй болно.

Монголын төмөр зөм ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлснөөс хойш Б. Эрдэнэбаярыг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/133, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар тус компанийн дүрмийн 8.7-д заасны дагуу ТУЗ-тэй зөвшилцөлгүйгээр дэд захирлын албан тушаалд томилж, чөлөөлсөн байх боловч ажилтны санаачилга, талуудын тохиролцоогоор 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр түүнийг ажлаас чөлөөлснөөр эдгээр тушаалуудын эрх зүйн үр дагавар нэгэнт арилсан тул Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй зөвшилцөөгүй болон эдгээр Б/133, Б/142 тушаалууд, ажилтны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захиралд хандан гаргасан өргөдөл зэрэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсгийн заалтыг шүүх хэрэглээгүй гэх тайлбар, гомдол гаргасан боловч Б.Эрдэнэбаярын дэд захирлын албан тушаалд томилогдсон гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. Энэ өдөр ажлын бус өдөр байсан тул 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл өгч, мөн өдрөө түүнийг ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах санал тавих өдөр ажлын бус өдөр байсан тул түүний дараагийн ажлын өдөр мэдэгдэл буюу гэрээг цуцлах санал тавьсан гэж үзэхээр байгаа ба энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт нийцсэн. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг сунгагдсан гэж үзэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргах хүсэлтийг шүүх хуульд заасан эрхийнхээ хүрээнд 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 15451 дугаар захирамж гарган шийдвэрлэсэн, зохигч уг захирамжид гомдол гаргаагүй, 2017 оны 11 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр энэ хүсэлтээсээ татгалзсан байх тул зохигчийн эрхийг хязгаарласан, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 25 дугаар 25.1, 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно./хх-ийн 86, 95, 108/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ