Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/03015

 

  

 

 

 

        

 

2017 оны 11 сарын 27 өдөр     Дугаар 181/ШШ2017/03015         Улаанбаатар хот      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Б Э /РД: /-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: “МТЗ” ТӨХК /РД: /-д холбогдох, 

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэ, нарийн бичгийн даргаар Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.Э нь “МТЗ” ТӨХК-д дэд захирал албан тушаалд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр томилогдсон болно. “МТЗ” ТӨХК нь Б.Этай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй явсаар 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17/01 тоот дэд захирал албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно.

Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан тухай

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Гүйцэтгэх захирал Х.Х Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Этай 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 17/01 тоот хөдөлмөрийн гэрээ 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгосныг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг танилцуулж, улмаар тэр өдрөө “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэсэн байсан.

Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б/142 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг дахин гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан болно. Б.Эын хөдөлмөрийн гэрээг ийнхүү 2 өөр үндэслэлээр 2 удаа цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

“МТЗ” ТӨХК-ийн дүрмийн 8.7-д зааснаар гүйцэтгэх захирал нь тус компанийн дэд захирлыг томилж, чөлөөлөхдөө ТУЗ-тэй зөвшилцөх ёстой. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 18, 19, 26-ны өдрүүдэд 2 удаа чөлөөлж, 1 удаа түр хугацаагаар томилсон тушаал гаргахдаа огт зөвшилцөөгүй тул дээрх тушаалуудыг үндэслэлгүй гэж маргаж байгаа.

Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний түр хугацаагаар дэд захирлаар томилсон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчиж гарсан үндэслэлгүй тушаал гэж үзэж байгаа тул тэр тушаалаар томилогдсон дэд захирлаас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр чөлөөлсөн байдлыг ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй байгаа. Харин 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дэд захирлын албан тушаалаас Б.Эыг чөлөөлөхдөө ТУЗ-тэй зөвшилцөөгүй тул уг тушаалыг үндэслэлгүй гэж маргаж байна. Тэгээд ч өмнөх дэд захирал П.Б ажилдаа эргэж ороогүй үйл баримт байгаа.

Б.Эын хувьд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ямар нэг ажлаар хангахыг хүссэн хүсэлтийг төөрөгдлийн улмаас бичсэн, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн өөрийн сайн дураар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар түрээр томилогдсон албан тушаалд холбогдуулан бичсэн бөгөөд уг хүсэлтдээ хүсэлтийг минь хүлээн авч, зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж дурдсан нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны ажлаас чөлөөлсөн тушаалыг хуульд нийцээгүй тул хянан үзэх агуулгаар бичсэн юм. Үүнийг хариуцагч гуйвуулан ойлгосон.

Иймд Б.Эыг дэд захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,015,116 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

“МТЗ” ТӨХК нь дэд захирал П.Бд 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй чөлөө олгосон бөгөөд Төрийн өмчийн хорооны удирдамж болон ТУЗ-ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолд үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Эыг дэд захирлаар томилсон.

ТУЗ-ийн тогтоолд П.Б нь суралцахаар чөлөө авсан тул чөлөөтэй байх хугацаанд нь дэд захирлын үүрэгт ажилд Б.Эыг томилохыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн байдаг бөгөөд чөлөөний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. Энэ өдөр амралтын өдөр таарсан тул 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл өгч, мөн өдрөө түүнийг ажлаас чөлөөлсөн.

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр П.Б ажилдаа ирэх байсан боловч ирээгүй бөгөөд компани ажлаа явуулах зүй ёсны шаардлага тулгарсан тул Б.Эыг түр хугацаагаар дэд захирлаар томилсон. Түүнийг жинхлэн томилуулах асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдүүлэх санаатай хурлын материал бэлтгэж байх хугацаанд Б.Э нь өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байсан. Ингээд бид энэ хүсэлтийг хангаж, түүнийг түр хугацаагаар томилогдсон албан тушаалаас нь чөлөөлсөн.  

Түүний хүсэлтийг л хангаж шийдвэрлэсэн болохоос ажил олгогч санаачилга гаргаагүй. Хэрэв хүсэлтийг нь хангаагүй бол 30 хоног дуусмагц ажлаа хаяад явах үр дагавар үүссэн байсан байх.

Б.Эыг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөхөд ТУЗ-ийн тогтоол, шийдвэр, зөвшөөрөл гүйцэтгэх захиралд шаардлагагүй байсан. Учир нь өмнөх тогтоолоор ажилд томилох хугацааг тодорхой зааж өгсөн байсан тул уг хугацаа дуусахад чөлөөлөх асуудал яригдах нь тодорхой юм. Харин сүүлд түр хугацаагаар томиолоход ТУЗ-ийн ямар нэг шийдвэр гараагүй нь үнэн. Компани чөлөө авсан П.Бийг чөлөөнийхөө хугацааг дуусгаад ирнэ гэж хүлээж байсан боловч ирээгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дотоод журамд заасан ажил тасалсан ноцтой зөрчлөөр түүнийг ажлаас чөлөөлсөн. Ийм учраас ТУЗ-ийг хуралдуулах боломж гараагүй юм.

Харин энэ хугацаанд компанийн ажлыг хэвийн явуулах шаардлага байсан тул түр хугацаагаар тушаал гаргаж зохицуулаад ТУЗ-ийг яаралтай хуралдуулах арга хэмжээ авч байсан юм. Гэвч нэхэмжлэгч өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн тул түүний хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Болсон процесс ердөө л энэ, миний бодлоор дэд захирал Б.Э жаахан түргэдсэн байх.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “МТЗ” ТӨХК-д холбогдуулан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,015,116 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Төрийн өмчийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/2547 тоот удирдамж, “МТЗ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэнэ/ ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэгт үндэслэн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/96 тоот тушаалаар Б.Эыг “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалд түр томилсон бөгөөд “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/132 тоот тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 16 дугаар тогтоолуудыг үндэслэн Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр түүнийг “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлын ажлаас чөлөөлсөн байна.

 

Энэ өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.Э нь тус компанид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтойгоо илэрхийлэн ямар нэг ажилд томилохыг хүссэн өргөдөл гаргасны дагуу “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/133 дугаар тушаал гарч түүнийг 3 сарын хугацаанд дэд захирлын албан тушаалд түр томилсон байна.

 

Гэтэл үүнээс 2 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Э “компанийн гүйцэтгэх удирдлагын хэмжээнд ажил үүргийн асуудлаар ойлголцож чадахгүй байгаа тул өөрийн сайн дураар чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэх агуулга бүхий өргөдлийг гаргаснаар “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/142 тоот тушаал гарч түүнийг дэд захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот тушаалыг “МТЗ” ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасныг зөрчсөн хууль бус үндэслэлээр, 2017 оны 9 дүгээр сарын 19, 26-ны өдрийн тушаалуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, “МТЗ” ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасныг зөрчсөн үндэслэлээр тус тус үндэслэлгүй гарсан гэж маргаж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан.

 

Хариуцагч тал ТУЗ-ийн 16 тоот тогтоолд “...өмнөх дэд захирлын чөлөөтэй байх хугацаанд Б.Эыг дэд захирлаар түр томилсон...” тул уг чөлөөний хугацаа дууссан өдөр Б.Эыг дэд захирлын албан тушаалаас гүйцэтгэх захирал чөлөөлөхөд ТУЗ-тэй зөвшилцөх шаардахгүй гэж маргаж байна.

 

Төрийн өмчийн хорооны 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 273 тоот тогтоолоор батлагдсан “МТЗ” ТӨХК-ийн дүрмийн 8.7-д “Гүйцэтгэх захирал нь компанийн дэд захирал, санхүү эрхэлсэн орлогч захирал, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч, салбар, төлөөлөгчийн газрын захирлыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөнө” гэж заажээ.

 

“МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 тоот “Дэд захирал томилох тухай” тогтоолоор ““МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Б суралцахаар чөлөө авсан тул чөлөөтэй байх хугацаанд нь дэд захирлын үүрэгт ажилд суурь бүтцийн албаны менежер Б.Эыг томилохыг гүйцэтгэх захирал Д.Гд зөвшөөрсүгэй” гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/96 тоот тушаалаар Б.Эийг “Хөгжлийн хэлтэст суурь бүтцийн албаны менежер”-ийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дэд захирлын албан тушаалд түр томилсон бөгөөд түүнтэй 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.7-д гэрээний хугацааг П.Бийг ажил, албан тушаалдаа эргэн орох хүртэл гэж заажээ.

 

“МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал цалингүй чөлөө авсан нь гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/86 тоот тушаалаар тогтоогджээ.

 

Дээр дурдсан “МТЗ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 16 тоот тогтоол болон дэд захирал П.Бд чөлөө олгосон “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/86 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээний 2.7 дахь заалт зэргээс үзэхэд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Эыг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд дэд захирлаар ажиллуулахаар томилсон гэж үзэхээр байна.

 

Нэгэнт ТУЗ-ийн 2015 оны 16 дугаар тогтоолд Б.Эыг дэд захирлаар ажиллах хугацааг дэд захирал П.Бат-Эрдэнийг чөлөөтэй байх хугацаанд гэж тодорхой заасан байх тул энэ хугацааны эцэст буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дэд захирал Б.Эыг хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дууссан үндэслэлээр тухайн албан тушаалаас чөлөөлөхөд ТУЗ-тэй зөвшилцөх шаардлага гүйцэтгэх захиралд байхгүй бөгөөд ийнхүү дангаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь “МТЗ” ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал, анхнаасаа дэд захирлаар ямар хугацаанд Б.Эыг томилж ажиллуулахыг “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-өөс шийдвэрлэсэн байх тул “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дангаар тушаал гаргаж чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр төлөөлнө” гэсэн заалт болон “МТЗ” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12.9 “ТУЗ-өөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх” эрхтэй гэсэн заалтуудад нийцсэн гэж үзнэ.

 

Харин гүйцэтгэх захирал 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б.Эыг 3 сарын хугацаатайгаар дэд захирлын албан тушаалд томилохдоо ТУЗ-тэй зөвшилцөөгүй нь “МТЗ” ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй ч нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээр түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дахин чөлөөлсөн тушаал гаргаснаар уг тушаалын эрх зүйн үр дагавар дуусгавар болжээ.

 

Дэд захирлыг томилох, чөлөөлөх эсэх асуудлыг ТУЗ-тэй зөвшилцөөгүй шийдвэрлэсэн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/133, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/142 дугаар тушаалууд нь талуудын тохиролцоогоор нэгэнт үр дагавар дуусгавар болсон бөгөөд “МТЗ” ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасныг зөрчсөн эдгээр шийдвэрүүд нь маргааны гол үндэслэл биш тул шүүх эдгээртэй холбоотой дүгнэлтийг цаашид хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хариуцагчийн гол маргаж буй маргааны зүйл болсон гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/132 дугаар тушаал нь хуульд нийцсэн тул шүүх энэ тушаалаар Б.Эыг “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

 

Иймд дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,015,116 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тус тус баримтлан “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,015,116 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыгбүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА