Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00354

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00354

 

 

 

 

Д.Одгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24ий өдрийн 184/ШШ2017/02667 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Одгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Я.Ариунболд, С.Уянга нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7 830 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч: Я.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Одгэрэл нь Я.Ариунболд, С.Уянга нарт 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 6 000 000 төгрөгийг өдрийн 30 000 төгрөгийн хүүтэйгээр 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн боловч хариуцагч нар нь одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа болно. Хүүгийн талаар талууд тохиролцсон Хариуцагч нарын тайлбараас үзэхэд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Д.Эрдэнэбаярын Хаан банк ХХК дахь 5741003773 тоот дансанд шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг Д.Одгэрэлээс авсан зээлийн төлбөрт шилжүүлсэн гэсэн байна. Энэхүү төлбөр төлсөн гэх баримт нь тус шүүхээр шийдвэрлэгдсэн Э.Барсболдын нэхэмжлэлтэй, Я.Ариунболдод холбогдох 184/ШШ2016/01213 дугаар шийдвэртэй хэрэгт үнэлэгдсэн хариуцагчийн төлбөрт тооцогдсон юм. Мөн бэлнээр Э.Барсболдод мөнгө өгч байсан гэдэг боловч тогтоогдохгүй, худал тайлбар болно. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 1 830 000 төгрөг, нийт 7 830 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Ариунболд, С.Уянга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 06 дугаар сарын 29-нд 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Одгэрэл болон түүний нөхөр Д.Эрдэнэбаяр гуйж зээлсэн. Харин зээлсэн мөнгөнөөс 4 000 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Д.Эрдэнэбаярын Хаан банк ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Харин үлдсэн мөнгийг болох 3 830 000 төгрөгийг түүний хүү болох Э.Барсболдын гэрт нь өөрийн биеэр цувуулж өгөөд дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Ариунболд, С.Уянга нараас 7 830 000 /долоон сая найман зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Одгэрэлд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Ариунболд, С.Уянга нар давж заалдах гомдолдоо: 2015 оны 06-р сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Д.Одгэрэл, түүний нөхөр Д.Эрдэнэбаяраас бид 6 000 000 төгрөгийг гуйж зээлдэж авсан үнэн. Зээлсэн мөнгөнөөс 4 000 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Д.Эрдэнэбаярын Хаан банк ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Энэ нь хэргийн материалаас тодорхой харагддаг. Нэхэмжлэгч өөрөө ч дансанд хүлээн авсан талаар хүлээн зөвшөөрдөг. Харин үлдэгдэл мөнгө болох 3 830 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Одгэрэлийн хүү Э.Барсболдын СХД-ийн 5-р хороонд байрлах гэрт Я.Ариунболд миний бие өөрийн биеэр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, үлдсэн 1 830 000 төгрөгийг Э.Барсболд нь өөрийн биеэр ирж миний ээж Г.Янжинлхамаас авч байсан. Ингээд бидний хоорондын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл Д.Одгэрэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл нь хариуцагч Я.Ариунболд, С.Уянга нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 830 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2015 оны 06 дугаар 29-ний өдөр 6 000 000 төгрөгийг өдрийн 30 000 төгрөгийн /нэг сарын 15 хувь/ хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлэх агуулгатай баримт үйлдэж, гарын үсэг зурсан нь тогтоогдсон байна /Х.х-ийн 3 дугаар тал/

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагч Я.Ариунболд, С.Уянга нар нэхэмжлэгч Д.Одгэрэлтэй 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй боловч зээлсэн мөнгийг буцаан төлсөн учраас нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэжээ. /Х.х-ийн 12-13 дугаар тал/

Хариуцагч нар зээлийг буцаан төлснөө нотлохоор 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч Д.Одгэрэлийн нөхөр Д.Эрдэнэбаярын Хаан банк ХХК дахь 5741 003773 тоот дансанд 4 000 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /дансны хуулга/ гаргаж өгсөн боловч уг шилжүүлсэн мөнгө нь Э.Барсболдын нэхэмжлэлтэй, Я.Ариунболдод холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан хэргийг шийдвэрлэхэд хариуцагч энэхүү баримтыг гарган өгч, тухайн хэрэгт үнэлэгдэн, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцогдсон нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1213 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 287 дугаар тогтоол, уг хэргийн материалаас хуулбарлан ирүүлсэн Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байна. /Х.х-ийн 18-22, 41-45, 48, 60 дугаар тал/

Түүнчлэн хариуцагч Я.Ариунболд нь нэхэмжлэгчийн Баянхошуунд байдаг гэрт нь хүү Э.Барсболд, нөхөр Д.Эрдэнэбаяр нарт 3 удаагийн үйлдлээр зээлийн үлдэгдэл 3 830 000 төгрөгийг аваачиж өгсөн гэж тайлбарласан ч уг тайлбар, татгалзалаа баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. /Х.х-ийн 12, 53-54 дүгээр тал/

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу буцаан төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Хариуцагч нар нь зээлийн хүүгийн хэмжээний тухайд маргаагүй, зээлийг эргүүлэн төлөх хугацаа дууссанаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, зээлийн гэрээний дагуу мөнгийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 7 830 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24ий өдрийн 184/ШШ2017/02667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Я.Ариунболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ

 

.