Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2017/02667

 

 

 

 

 

      2017 оны 11 сарын 24 өдөр

            Дугаар 184/ШШ2017/02667

                  Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Я.А

Хариуцагч: С.У

Зээлийн гэрээний үүрэгт 7 830 000 /долоон сая найман зуун гуч/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Я.А, С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганцэцэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Я.А, С.У нарын гуйлтын дагуу 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 6 000 000 төгрөгийг өдрийн 30 000 төгрөгийн хүүтэйгээр 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн боловч хариуцагч нар нь одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа болно. Хариуцагч нарын тайлбараас үзэхэд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Д.Э-ын Хаан банк дахь 5741003773 тоот дансанд шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг Д.О-ээс авсан зээлийн төлбөрт шилжүүлсэн гэсэн байна. Энэхүү төлбөр төлсөн гэх баримт нь тус шүүхээр шийдвэрлэгдсэн Э.Б-ын нэхэмжлэлтэй, Я.А-од холбогдох 184/ШШ2016/01213 дугаар шийдвэртэй хэрэгт үнэлэгдсэн хариуцагчийн төлбөрт тооцогдсон юм. Мөн бэлнээр Э.Б-од мөнгө  өгч байсан гэдэг боловч тогтоогдохгүй, худал тайлбар бөгөөд хүүгийн талаар талууд тохиролцсон болно.  Иймд хариуцагч нараас үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 1 830 000 төгрөг, нийт 7 830 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 6 дугаар сарын 29-нд 6 000 000 төгрөгийг  нэхэмжлэгч Д.О болон түүний нөхөр Д.Э гуйж зээлсэн. Харин зээлсэн мөнгөнөөс 4 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Д.Э-ын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Харин үлдсэн мөнгийг болох 3 830 000 төгрөгийг түүний хүү болох Э.Б-ын гэрт нь өөрийн биеээр цувуулж өгөөд дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 13.30 цагт товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Я.А, С.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 830 000  төгрөг гаргуулахыг хүсчээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тухайгаа бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн  болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь гэрээ байгуулсан, нэхэмжлэгчээс 6 000 000 төгрөгийг гэрээнд заасан нөхцлийн дагуу авсан тухайд маргахгүй боловч буцаан төлсөн тул хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Я.А, С.У нар  2015 оны 6 дугаар 29-ний өдөр 6 000 000 төгрөгийг өдрийн 30 000 төгрөгийн /сарын 15 хувь/ хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлэх агуулгатай баримт үйлдэн гарын үсгээр зуржээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1, 282.3, 282.4 дэх хэсгүүдэд бичгээр хийх хэлцлийн тухайд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан бол хийгдсэн гэж үзэх, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдах,  мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус зохицуулсан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу буцаан төлөх үүрэгтэй байна. 

Хариуцагч нар зээлийг буцаан төлснөө нотлохоор 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч Д.О-ийн нөхөр Д.Э-ын Хаан банк дахь 5741 003773 тоот дансанд 4 000 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /дансны хуулга/ гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас энэхүү шилжүүлсэн мөнгө нь нэхэмжлэгч Д.Оийн хүү Э.Б-оос зээлсэн мөнгийг эргүүлэн төлсөн баримт, Э.Б-ын нэхэмжлэлтэй, Я.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан хэргийг шийдвэрлэхэд хариуцагч энэхүү баримтыг гарган өгч, тухайн хэрэгт үнэлэгдэн, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцогдсон гэж тайлбарласан.

Тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01213 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлалтай, Улсын дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00287 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн  Э.Б-ын нэхэмжлэлтэй, Я.А-д холбогдох хэргээс хариуцагчийн татгалзлаа нотлохоор өгсөн зээлийг буцаан төлсөн гэх баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Ариунболдын 5920028923 тоот данснаас Д.Э-ын Хаан банк дахь 5741003773 тоот дансанд 4 000 000 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг хариуцагч тухайн хэрэгт гаргаж өгсөн, шүүх уг баримтыг үнэлэн, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсон нь тогтоогдож байна.  

Хариуцагч Я.А  нь нэхэмжлэгчийн Баянхошуунд байдаг гэрт нь хүү Э.Б, нөхөр Д.Э нарт 3 удаагийн үйлдлээр зээлийн үлдэгдэл 3 830 000 төгрөгийг аваачиж өгсөн гэж тайлбарлан түүнийгээ нотлохоор асуулгасан  гэрчүүд эсрэг мэдүүлэг өгсөн ба мөнгийг хүлээлгэн өгөхдөө бичгээр ямар нэг баримт үйлдээгүй гэсэн нь эргэлзээтэй байгаа болно.

Учир нь талууд өмнө нь зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаантай, мөн зээлийг өгөх болон төлөхдөө харилцан дансаар шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байдаг.

Хариуцагч нар нь зээлийн хүүгийн хэмжээний тухайд маргаагүй, зээлийг эргүүлэн төлөх хугацаа дууссанаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, зээлийн гэрээний дагуу мөнгийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 7 830 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.   

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан Я.А, С.У нарыг хамтад нь хариуцагчаар татан шаардлагаа гаргасан нь үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1  дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.А, С.У нараас 7 830 000 /долоон сая найман зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгосугай.

2 . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 140 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 500  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ