Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2018/01233

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09ий өдрийн 181/ШШ2018/00565 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Уранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батболд би 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн б/561 тоот тушаалаар Автотээврийн үндэсний төвд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэнээр туршилтын 6 сарын хугацаагаар томилогдож, хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж ажилд орсон. Захирлын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/61 тоот тушаалаар 02 дугаар сарын 15-ны өдрөөс үндсэн ажилтан болж хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан.

Нэхэмжлэгч Б.Батболд намайг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн б/456 тоот захирлын түр шилжүүлэн томилох тухай тушаал гарсан бөгөөд уг тушаалын 1.-т Хөдөлмөрийн тухай хууль-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, 57.1 дэх заалтыг тус тус баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргаар түр шилжүүлэн томилсон. Сэлэнгэ аймгийн Автотээврийн төв буюу салбарын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа би удирдлагаас өгсөн ажил сайжруулах үүргийн дагуу ажиллаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан салбарын хүмүүс бүгд мэднэ.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/567 тоот дугаартай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэр нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан гэх боловч тус төвийн Сэлэнгэ салбарын даргын орон тоо хасагдаагүй. Мөн Автотээврийн үндэсний төвд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэний ажлын байр хэвээрээ байгаа болно.

Автотээврийн үндэсний төвийн захирал асан Н.Пунцагийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийнб/456 тоот Түр шилжүүлэн томилох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг баримтлан миний бие өөр ажил албан тушаалд түр шилжин томилогдсоор байтал хариуцагч нь намайг үндсэн ажлын байрнаас чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгоогүй өнөөдрийг хүрсэн болно.

Харилцан тохиролцсон зүйл байхгүй бөгөөд миний бие ажлаас чөлөөлүүлэх өргөдөл өгөөгүй болно. Иймд өмнө нь эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны /2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл 11 сарын/ цалин болох 9 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Миний бие цалинг тооцохдоо Автотээврийн үндэсний төвийн захирлын 2016 оны б/61 дүгээр Үндсэн ажилтнаар томилох тухай тушаалын 2-т заасны дагуу батлагдсан цалингийн сүлжээний дагуу 900 000 төгрөгөөр тогтоосон тушаалыг үндэслэл болгосон болно. гэв.

 

Хариуцагч Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одончимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 170б байрны 85 тоотод оршин суугч Б.Батболдын зүгээс Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны Б/456 тоот Түр шилжүүлэн томилох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг баримтлан өөр ажил албан тушаалд түр шилжүүлэн томилогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Б.Батболдыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Энэ өдрөөс хойш хөдөлмөрийн хуулийн 129.1-д заасны дагуу гурван сарын хугацаа өнгөрсөн. Б.Батболд нь 11 сарын хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн Б.Батболдод Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу гурван сарын тэтгэмжийг олгосон. Иймд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас 9 900 000 төгрөгийг гаргуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч Б.Батболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Батболдын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батболд давж заалдах гомдолдоо: ...2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын зөвлөлийн шуурхай хуралдаанаар захирал /асан/ Н.Пунцаг нь Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн хэвийн ажиллагаа алдагдсан тул тусгай шийдвэр гаргаж, яаралтай албан томилолтоор явж тухайн салбарт үүссэн асуудлыг үүрэг өгсөн. Н.Пунцаг захирал хэлэхдээ таны ажлын байр хэвээрээ байна, зөвхөн ажил сайжруулахтай холбоотой орон нутагт түр л ажиллах тушаал гарна, хөдөлмөрийн гэрээ өөрчлөгдөхгүй гэж хэлсэн бөгөөд үүний дагуу томилолтоор ажилласан. Миний бие Н.Пунцагийг гэрчээр асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаагүй орхисон. ...Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвд түр шилжүүлэн томилон ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ дахин шинээр байгуулаагүй байхад шүүх гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/61 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/456 дугаар захирлын тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд шилжин ажилласан болох нь дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх 3-13/

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/567 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн дарга Б.Батболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 14/

 

Хариуцагч байгууллага нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/567 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулсан болох нь 2016 оны оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ажил хүлээлцсэн хурлын протокол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 34/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар маргаан таслах комиссын шийдвэрлэх эсэх асуудал дотор ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргааны төрөл хамаарахгүй, харин цалин хөлсний зөрүүтэй холбоотой гарсан маргааныг шийдвэрлэхээр заасан байна. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол шүүх уг хугацааг сэргээж болно, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахаар заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14104 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тогтоогдсон, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/567 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авсанаас хойш эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан, мөн 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл, хүндэтгэн үзэх шаалтгаантай байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09ий өдрийн 181/ШШ2018/00565 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН