Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00565

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 170б байр, 85 тоотод оршин суух, Халх овогт Бат-Очирын Б/РД: ХГ65050378/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, Засгийн газрын 13 дугаар байрны өргөтгөлд байрлах, “АТ” ТӨҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б би 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн б/561 тоот тушаалаар АТд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэнээр туршилтын 6 сарын хугацаагаар томилогдож, хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж ажилд орсон. 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/61 тоот захирлын тушаалаар 02 дугаар сарын 15-ны өдрөөс үндсэн ажилтан болж хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан.

Нэхэмжлэгч Б.Б намайг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн б/456 тоот захирлын “Түр шилжүүлэн томилох тухай” тушаал гарсан бөгөөд уг тушаалын 1.-т “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, 57.1 дэх заалтыг тус тус баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргаар түр шилжүүлэн томилсон. Сэлэнгэ аймгийн Автотээврийн төв буюу салбарын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа би удирдлагаас өгсөн ажил сайжруулах үүргийн дагуу ажиллаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан салбарын хүмүүс бүгд мэднэ.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/567 тоот дугаартай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэр нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан гэх боловч тус төвийн Сэлэнгэ салбарын даргын орон тоо хасагдаагүй. Мөн АТд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэний ажлын байр хэвээрээ байгаа болно.

АТийн захирал асан Н.Пунцагийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн б/456 тоот “Түр шилжүүлэн томилох тухай” тушаал нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг баримтлан миний бие өөр ажил албан тушаалд түр шилжин томилогдсоор байтал хариуцагч нь намайг үндсэн ажлын байрнаас чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгоогүй өнөөдрийг хүрсэн болно.

Харилцан тохиролцсон зүйл байхгүй бөгөөд миний бие ажлаас чөлөөлүүлэх өргөдөл өгөөгүй болно.

Иймд өмнө нь эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны /2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл 11 сарын/ цалин болох 9 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Миний бие цалинг тооцохдоо АТийн захирлын 2016 оны б/61 дүгээр “Үндсэн ажилтнаар томилох тухай” тушаалын 2-т заасны дагуу батлагдсан цалингийн сүлжээний дагуу 900 000 төгрөгөөр тогтоосон тушаалыг үндэслэл болгосон болно.” гэв. 

 

Хариуцагч “АТ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одончимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 170б байрны 85 тоотод оршин суугч Баточирын Бын зүгээс “АТ” ТӨҮГ-ын захирлын 2016 оны Б/456 тоот “Түр шилжүүлэн томилох тухай” тушаал нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг баримтлан өөр ажил албан тушаалд түр шилжин томилогдсоор байтал хариуцагч нь үндсэн ажлын байрнаас чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгоогүй өнөөдрийг хүрсэн болно.

Иймд өмнө нь эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг АТөөс тооцуулан холбогдох цалинг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Б.Быг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Энэ өдрөөс хойш хөдөлмөрийн хуулийн 129.1-д заасны дагуу гурван сарын хугацаа өнгөрсөн. Б.Б нь 11 сарын хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Мөн Б.Бод Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу гурван сарын тэтгэмжийг олгосон.

Иймд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын албан тушаалд түр томилогдсон. Бүтцийн өөрчлөлт орж ажлаас халсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан 1, 3 сарын хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “АТ” ТӨҮГ-т холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 9 900 000/есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “АТ” ТӨҮГ нь нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Үндсэн ажилтнаар томилох тухай б/61 тушаалын болон 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, № А000076946 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд шилжүүлсэн болох нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн б/456 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар мараагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/567 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

            Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/567 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулсан болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ажил хүлээлцсэн хурлын протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлоо буюу нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14104 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас халсан буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/567 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын болон 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ажил хүлээлцсэн хурлын протоколын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 9 900 000/есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АТ” ТӨҮГ-с 9 900 000/есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АТ” ТӨҮГ-с 9 900 000/есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ